Дэнлүүнээсээ хэрхэн салах вэ?
Эрчим хүчний шилжилт хийх нь
Уур амьсгалын өөрчлөлт нь өнөөгийн ертөнцийн хамгийн том сорилт төдийгүй эдийн засгийн харилцаанд суурь өөрчлөлтийг шаардаж байна. Эрчим хүчний шилжилт хийх замаар дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон шатах түлшний хэрэглээг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр орлуулах гэсэн хүн төрөлхтөний хүчин чармайлт нь үйлдвэрлэл, технологи төдийгүй хэрэглээ, дадал зуршилд хүртэл өөрчлөлт оруулах тийм үе цаг руу хөтлөн байна. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл эрчим хүчний хэд хэдэн удаагийн шилжилт хийжээ. Өдгөө бидний үеийн даван туулах энэ шилжилт байгаль орчны өөрчлөлтөөс үүдсэнээрээ юу юунаас илүү их сорилттой юм.
Хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх дэлхий нийтийн зорилгод хүрэх хамгийн гол арга замаар нэрлэгдсэн сэргээгдэх эрчим хүчний боломжууд технологийн хөгжлийн нөлөөгөөр хязгааргүй өргөн хувилбаруудаар тэлж, бидний мэддэг нар, салхи, усаар хэмжигдэхээргүй болж байна. Түүнийг дагаад үнэ тариф буурч, шатах түлштэй өрсөлдөхүйц хэмжээнд ирж буй нь золтой хэрэг юм. Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлагийн (International Renewable Energy Agency (IRENA) “Сэргээгдэх эрчим хүчний зардал 2022” тайланд дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барихын тулд эрчим хүчний шилжилтийг хурдасгах замаар өнөөгийн уур амьсгал, эрчим хүчний хямралыг даван туулахад хэмнэлттэй сэргээгдэх эрчим хүч чухал үүрэгтэйг дурджээ. Фотоволтайкийн цахилгаан эрчим хүчний дэлхийн жигнэсэн дундаж өртөг 89 хувиар буурч, 0.049 ам.доллар/кВт цаг болсон нь дэлхийн хамгийн хямд шатах түлшний зардлаас бараг гуравны нэгээр бага байна. Далайн салхины эрчим хүчний хувьд 2022 онд 69 хувь буурч 0,033 ам.доллар/кВт цаг болсон тухай дээрх тайланд дурджээ.
Дэлхий нийтээр өрнөн, хүчээ улам авч буй энэхүү давлагаа Монгол Улсад ч үр нөлөөгөө тусгаж, эрчим хүчний шилжилтийн төлөөх дорвитой өөрчлөлт, шинэчлэлийг шаардан байна. Манай улс дэлхий нийтийн өмнө хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үүрэг амлалт авсан. Үүний зэрэгцээ жил бүр 6-10 хувиар өсөж буй эрчим хүчний хэрэглээгээ жилд 5-6 хувиар нэмэгдэж буй үйлдвэрлэл нь хангаж дийлэхгүйд хүрч, сөхрөхөд бэлэн, хямралын харанга дэлдэн байна. Гэсэн хэдий ч эрчим хүчний асуудлууд шийдэлгүй, ирээдүйн хөгжлийн талаарх төсөөлөл тодорхой бус, түүнд хүрэх замын зураг ойлгомжгүй байна. Эрчим хүчний шилжилтийг хэрхэн хийх, дэлхий нийттэй хөл нийлэн алхах алсаа харсан бодлого, гарц гаргалгаа яригдахгүй шахам байна. Нийгэмд ул суурьтай мэдээлэл, дорвитой хэлэлцүүлгийн орон зай дутаж байна. Энэхүү дутагдаж буй мэдээллийн орон зайд ESight сэтгүүл мэндэлж, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилтээр дагнан бичих редакцийн бодлогоо зарлаж буйдаа таатай байна. Бид энэхүү агуулгын хүрээнд үндэсний хэмжээнд цэгцтэй мэдээлэл, нэгдсэн ойлголттой болоход хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно. Дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулан, Монголын эрчим хүчний тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, боломжийн талаар тогтмол хөндөх болно. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилтийн талаарх ул суурьтай мэдээллээр ойлголтын зөрүүг ойртуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоо чиглүүлэх болно.
ESight нь үйл ажиллагаагаа зөвхөн мэдлэг мэдээлэл түгээхээр хязгаарлахгүй. Эрчим хүчний шилжилтийн тухайд нийгэмд цэгцтэй ойлголт үгүй, төлөвшиж эхлээгүй энэ үед салбарын мэргэжилтнүүд болон энэ сэдвээр мэргэшин ажиллах сэтгүүлчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдний үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх индэр бий болгохыг зорьж буйгаа мөн дуулгая.
Бидэнтэй санаа зорилго нэгдэх мэргэжилтнүүд, байгууллага, хэн бүхний өмнө ESight үүдээ нээж байна. Үндэслэлтэй, баримт нотолгоотой байр суурь, учир шалтгааныг хэлдэг салбарын мэргэжилтнүүд, асуудалд шийдэл хайсан хэн бүхнийг бидэнтэй нэгдээрэй хэмээн урьж, сэтгүүлийнхээ эхний дугаарыг өргөн барьж буйг хүлээн авна уу.