Эрчим хүчний шинэчлэл
Хамтарсан Засгийн газар эрчим хүчний салбарт реформ хийхээ зарлалаа. Эрчим хүчний реформ бол улс төрийн шийдвэр. Тийм ч учраас дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй гурван намын төлөөллийг оролцуулсан Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хороог байгуулаад байна. Шадар сайд Т.Доржхандын тэргүүлж буй Дэд хорооны хамгийн гол үүрэг УИХ болон Засгийн газрын уялдааг хангаж ажиллах.
Эрчим хүчний шинэчлэлийг 6 иж бүрдэл ажлын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнийг дагаад салбарын цаашдын хөгжлийг тодорхойлох үзэл баримтлалаас авхуулаад засаглалын тогтолцоо, хууль эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчин, төрийн өмчит компаниудын засаглал, үнэ тариф гээд цогц өөрчлөлт хийгдэнэ гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна.
Ийм цаг мөчид Энержи Инсайт сэтгүүл шинэ дугаараа эрчим хүчний салбарын реформ тойрсон асуудалд зориулж байна. “Эрчим хүчний салбар шинэчлэлийн өмнө” нийтлэлдээ салбарын нөхцөл байдлыг хөндлөө. Түүнчлэн эрчим хүчний шинэчлэлийн цар хүрээ, бодлого зохицуулалт тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний Дэд хорооны гишүүн С.Цэнгүүний ярилцлагыг хүргэж байна.
Шинэчлэлийн хүрээнд эн тэргүүнд эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөгт хүргэх, салбарыг алдагдалгүй болгох зорилт тавьсан бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нээс үнэ тариф нэмэгдэх нь байна. Энэ талаар “2025 оны циклийн өмнөх тарифын өөрчлөлт” нийтлэлээс дэлгэрүүлэн уншина уу.
Мөн Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний ажиллагааг удирдан, арилжааны зохицуулалт хийдэг гол байгууллага болох “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжиннямын ярилцлагыг шинэ дугаартаа нийтэллээ. Салбартаа 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа мэргэжилтний эрчим хүчний реформ хийгээд салбарын хөгжлийн талаарх үзэл бодол уншигч танд сонирхолтой байна хэмээн найдаж байна.