Esight - Кубын зовлон ба Монголын эрчим хүч
E-Sight
Кубын зовлон ба Монголын эрчим хүч
Та өөрийн бүртгэлээр нэвтэрнэ үү. Худалдаж авах 25000₮
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Кубын зовлон ба Монголын эрчим хүч

Кубаас авах сургамж 

Energy Insight сэтгүүл тэргүүн нүүрэндээ түнэр харанхуйд тэмтэчсэн Куба орны хүнд өдрүүдийн зургийг нийтэллээ. Айлган сүрдүүлэх бус сэрэмж болгох гэснийг Эрхэм уншигчид ойлгох бизээ. 

Эрчим хүчний салбар нь сэргэх эсэх, сэргэх бол хэзээ гэдгээс Кубын эдийн засгийн ирээдүй хамаарч байна. Эрчим хүчний хямралыг даван туулах онцгой арга хэмжээ авна хэмээн тус улсын эрх баригчид зарласны дараахан үндэсний эрчим хүчний сүлжээ нь тасалдсанаар өнөөгийн гамшигт байдал үүсжээ. Кубын эрчим хүчний уналтын шалтгаанд цахилгааны үнийг хүчээр олон жил өртгөөс нь бага барьснаас болж засвар үйлчилгээ ч олигтой хийж үзээгүй хуучирч муудсан дэд бүтэц, импортын түлшний хамаарал, хөрөнгө оруулалтгүй, үр ашиггүй салбарын муу менежмент, эрчим хүчний хязгаарлалт хийх байдлаар аргацааж ирсэн эрх баригчдын бодлогын алдаа зэргийг нэрлэж байна. 

Энэ бүхэн бидний хувьд сэтгэл сэрдхийм танил нөхцөл байдал бөгөөд томоохон дохио, сэрэмжлүүлэг юм. Бас эрчим хүчний шинэчлэлийг тооцоо судалгаатай, зөв эрэмбэ дарааллаар хийхгүй бол улсынхаа эдийн засгийг ч татан унагах аюултайг Кубын жишээ харуулж байна. Гэхдээ бусдын алдаанаас сургамж авснаар түүнийг давтахгүй, зайлсхийж чадахад ач холбогдол нь оршдог билээ.

Монгол Улсын Засгийн газар энэ намар эрчим хүчний шинэтгэл хийнэ хэмээн зарлаж, 5 цогц үйл ажиллагаа төлөвлөснөө танилцуулсан. Эн тэргүүнд үнэ, тарифыг өртөгт нийцүүлэн нэмэгдүүлэхээр болж байна. Гэхдээ үнэ, тариф нэг хүчин зүйл мөн ч муу менежментийг шинэчлэл, хөрөнгө оруулалт, сайн засаглалаар солихгүйгээр байдал өөрчлөгдөхгүйг салбар дахь татаасуудаас харж болохоор байна. Сүүлийн 5 жилд нэг ДЦС барьчих хэмжээний мөнгийг татааст зориулсан талаарх судалгааны үр дүн үүний илэрхийлэл юм. 

Эдгээрийн дэлгэрэнгүйг болон Баянгийн ДЦС-д анх удаа нэвтрүүлэх гэж буй суперкритикал технологиос эхлээд Монголд атомын цахилгаан станц барих зураглал, эрчим хүчний хууль эрх эрхзүйн орчны шинэчлэл зэрэг чухал зүйлсийг багтаасан шинэ дугаарт тавтай морилно уу.