Реформын аялал: Алсын хараанаас хэрэгжүүлэлт
Эрсдэлээс сэргийлэх нь
Эрчим хүчний хямрал бол реформын хамгийн том эрсдэл. Монгол Улсын хувьд эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хангалтгүй байдал хямралд хүргэж болзошгүй. Дамжуулах шугамын хүчин чадал дээд хязгаартаа тулсан эрсдэлтэй нөхцөлд салбар үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн реформ хийх улс төрийн эрмэлзлийн тууштай байдал, үргэлжлэх хугацаа, нийт санхүүжилтийн оновчгүй тооцоолол зэрэг нь эрчим хүчний реформын томоохон эрсдэлт хүчин зүйлс болохыг хатагтай Мэри Луйз Вителли ярьсан юм.
Эрчим хүчний реформоор мэргэшсэн хуульч Вителли манай улсын эрчим хүчний салбарын хууль эрх зүй болон институцийн тогтолцоог бүрдүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн үйл ажиллагааг оновчлох чиглэлд зөвлөж байгаа юм. Тэрээр Монголын эрчим хүчний нөхцөл байдлыг үнэлж үзсэний үндсэн дээр гаргасан дүгнэлт, зөвлөмжөө салбарынхантай хуваалцсан. Аравдугаар сард болсон уг семинарын гол агуулгыг “Энержи Инсайт” тэргүүн нийтлэлдээ онцлохын сацуу Мэри Луйз Вителлитэй ярилцсанаа хүргэж байна.
Түүний зөвлөмж шилжилтийн эдийн засаг бүхий 50 гаруй улс оронд эрчим хүчтэй холбогдох өргөн хүрээний асуудлаар зөвлөж ажилласан олон жилийн судалгаа ба дүгнэлтэд тулгуурлажээ. Тэрхүү туршлагадаа тулгуурлан, Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдалд ул суурьтай шинжилгээ хийсэн нь дүгнэлтийг нь далайцтай, бодитой болгож байна.
Эрчим хүч суурь салбар тул хямрах эрхгүй, хямруулах ч ёсгүй юм. Тиймээс тооцоо судалгаа бага, сэтгэлийн хөөрөл ихтэйгээр суурь салбартаа хандаж болохгүй билээ. Тэр тусмаа дамжуулах шугамын хүчин чадал чинээндээ тулж, тэсрэх шахсан өнөөгийн нөхцөлд хямарчихгүйхэн шиг эрчим хүчний салбараа шинэтгэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд нухацтай бэлтгэл хэрэгтэй.
Үүний тулд Реформ хийх үзэл баримтлалаа гаргаж, зорилгоо яв цав тодорхойлсны үндсэн дээр хөтөлбөрийн төлөвлөлтийг хийсэн, тов тодорхой замын зураглал боловсруулах нь бэлтгэл шатны гол ажил юм. Тодруулбал нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, Реформын гол зорилго, Монгол Улсын реформын тулгуур баганууд, Реформоос гарах эрсдэлүүд, Реформын оролцогч талуудын оруулах хувь нэмэр, Реформ хийхэд шаардагдах цаг хугацаа зэргийг зөв тодорхойлж, Реформын замын зураглал хийх ажил эн тэргүүнд хүлээгдэж байна. Энэ бүхнийг хөндсөн шинэ дугаараа Энержи Инсайт уншигч танд өргөн барьж байна.