ESight - Агаарын бохирдлын шийдэл: Эрчим хүч
E-Sight
Агаарын бохирдлын шийдэл: Эрчим хүч
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Агаарын бохирдлын шийдэл: Эрчим хүч

Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хоттой эгнэж байна. Агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламжийн үзүүлэлт жилийн дунджаар ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 10 дахин их байгаа нь эрүүл мэндэд аюултай өндөр бохирдолтойг IQAir-ийн үзүүлэлт харуулна. 

Манай улсын эдийн засагт агаарын бохирдол зөвхөн нэг жилд дунджаар 10.8 их наяд төгрөгийн зардал бий болгож байгааг MICC-ийн судалгаанд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, ДЦС эх үүсвэрийг барих хэмжээний зардал жил бүр ил, далд хэлбэрээр улсын төсөв, зээл тусламж, өрхүүдээс гардаг гэсэн үг. 

Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулах шийдлийн нэг нь эрчим хүч. Үүний тулд Монгол Улс цахилгаан, дулааны хангамжийн ухаалаг сүлжээ, салбарууд хоорондын уялдаатай бодлогын зохицуулалт, цэвэр технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд эрчим хүчний реформ чиглэх учиртай. Энэ сэдвийг Энержи Инсайт сэтгүүл арванхоёрдугаар сарын дугаартаа тодотголоо.

Өнөөдөр чадлын дутагдалд орсон манай улс нэн тэргүүнд суурь эх үүсвэрүүдээ зайлшгүй нэмэгдүүлэх ёстой. Суурь горимд ажилладаг, хамгийн өндөр чадлын станцуудыг төр санхүүжүүлж барьснаар эрчим хүчний үнэ хямадрах боломжтой гэж Монгол Улсын Зөвлөх инженер Б.Батлхагва үзэж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор татаастай буюу хүү багатай байдлаар “ногоон” зээлийг олгож цэвэр технологиудыг масст нэвтрүүлэх зэрэг шийдлүүдийг тэрээр ярьсан юм. 

Цахилгаан, дулаан түгээх сүлжээний алдагдлыг CO2-оор илэрхийлбэл маш том үзүүлэлт гарна. Өнөөдөр барилгын нэгж дулаан хэрэглээ өндөр байгаа нь төвлөрсөн дулаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх боломжийг хязгаарлаж байна. Тиймээс эрчим хүчний үндсэн хэрэглэгч “барилга”-ын үр ашгийг дээшлүүлж, “хэрэглээнд суурилсан төлбөрийн систем”-ийг нэвтрүүлснээр салбарын ногоон шилжилтийн суурь тавигдана. Энэ асуудлыг шийдэх нь эрчим хүчний реформын нэг “цөм” нь гэдгийг Монгол Улсын Зөвлөх инженер С.Цэцгээ ярилцлагадаа онцолсон. 

Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй USAID-ийн санхүүжилттэй Монгол Улсын Эрчим Хүчний Засаглалын хөтөлбөрийн захиалгаар цахилгаан, дулаан түгээх, хангах төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны гүйцэтгэлийг менежмент, засаглал талаас нь сайжруулахад шаардлагатай тодорхойлох судалгааны ажил хийгдээд байна. Энэ нь эрчим хүчний реформын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийн суурь судалгаа болно.