ESight - Эрчим хүч экспортлох Монголын амбиц
E-Sight
Эрчим хүч экспортлох Монголын амбиц
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Эрчим хүч экспортлох Монголын амбиц

Сорилт, зорилтын дунд …

Дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтийн өрнөл Монгол Улсад сорилт, бас боломжийг бий болгож байна. 

Дотоодын эрчим хүчний эрэлт, хэрэглээгээ хангаж хүчрэхгүй байгаа манай улс сүүлийн жилд суурь горимын томоохон чадлын эх үүсвэрүүдийг бүтээн байгуулж, шинэ төслүүдийг шуурхайлахаар төлөвлөсөн. Энэ нь эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх утгаараа чухал ач холбогдолтой. Нөгөө талаасаа, үндэсний хувийн хэвшлүүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа, дотоодоос санхүүжилт татах эдгээр хүрэн төсөл нь манай улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтод хугацааг “хойш татах” талтай. 

Ердөө таван жилийн дараа хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахдаа сэргээгдэх эрчим хүчийг нийт үйлдвэрлэлийн 30 хувьд хүргэх үүрэг амлалт бий. Харин тэнцвэртэй байдлыг хадгалахад сэргээгдэх эрчим хүчний экспортын чиг баримжаатай ногоон төслүүдэд дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татаж хүрэн төслүүдтэй зэрэгцүүлэн хэрэгжүүлэх боломж байна. Монголын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчин, экспортын боломж шийдлийн талаарх сэдвийг “Энержи Инсайт” сэтгүүл энэ удаагийн дугаартаа онцоллоо. 

Шинэ оны гараанд Монголын Засгийн газар Францын талтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн нь гуравдагч хөршийн ашиг сонирхлыг татаж чадсан мега төсөл төдийгүй геополитикийн том тоглолт, эрчим хүчний гэж хэлж болохуйц чухал гараа хэмээн ШУТИС-ийн профессор Д.Мягмарсүрэн ярилцлагадаа тодотгосон юм. “Монгол Улсын эрчим хүчний геополитикт нөлөөлөх хүчин зүйлс” сэдвээр докторын зэрэг хамгаалсан тэрээр, салбарт олон тоглогчдыг татан оролцуулах нь Монголын геополитикийн тоглолтын хувьд ач холбогдолтой хувилбар бөгөөд аюулгүй байдлын том стратеги болно гэж үзэж байна. 

Азийн хөгжиж буй орнууд асар их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, эрчим хүчний экспортлогч улс болно гэсэн зорилтоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлжээ. Монгол өөрийн үлэмж нөөцөд тулгуурлан сэргээгдэх эрчим хүчийг экспортлох боломжтой “Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ” санаачилгын судалгааны ажлууд сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдээд явж байгааг ШСБХТ-ийн Ахлах шинжээч О.Бадрал ярьсан юм. 

..Эрчим хүчний шилжилт үү, аюулгүй байдал уу гэсэн сорилттой улс орнууд тулгарч байна. Нэгэнт өрнөөд буй шилжилтийг зогсоох боломжгүй учир хамтын ажиллагаа, санхүүжилтийг өргөжүүлэхэд анхаарах шаардлагатайг олон улсын судлаачид анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, ногоон хөрөнгө оруулалтын боломж нэмэгдэнэ гэсэн үг. 2024 онд дэлхий дахины эрчим хүчний шилжилтийн хөрөнгө оруулалт 2.1 их наяд ам.долларт хүрч дээд амжилт тогтоолоо.