BETD-2025: Өөрчлөлтийг боломж гэж харахуй
Тархмал эх үүсвэрийг онцлох нь
Монгол орон сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөцтэй, тархан суурьшдаг цөөн хүн амтай. Ийм нөхцөлд манай улс эрчим хүчний хэрэглээгээ хангах, импортын хамаарлыг багасгах, мөн утаанаасаа салах шийдлийн нэг нь сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн тархмал эх үүсвэр. Энэ нь олон улсад эрчимтэй хөгжиж байгаа чиг хандлага юм. Хэрэглэгч эрчим хүчний хэрэглээгээ хангаад зогсохгүй үйлдвэрлэгч болох боломж, шийдлийг “Энержи Инсайт” энэ удаагийн дугаартаа онцоллоо. Манай эрчим хүчний салбарт бодитой хэрэгжиж байгаа, цаашдаа реформын хүрээнд дэмжиж хөгжүүлэх, хамгийн гол нь өндөр хөрөнгө шаардагдахгүй эх үүсвэр энэ.
...Эрчим хүчний реформын хурдац сүүлийн үед саарч байгааг салбарын сайд хүлээн зөвшөөрч байна. Тэрээр “Гэхдээ энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ учир 2028 онд бүрэн эрхийн хугацаа дуусахад хэрэгжсэн байх болно. Эрчим хүчний салбар манлайлан ажиллана” гэдгийг УИХ-ын хаврын ээлжит (2025.03.27) чуулган дээр мэдэгдэв. Реформыг эхлүүлж өнгөрсөн арваннэгдүгээр сард цахилгааны үнийг нэмэгдүүлснээр өнгөрсөн хугацаанд салбар 560 тэрбум төгрөгийн орлого олжээ. Ойрын үед олон нийтэд ил тод тайлагнах аж. Одоо реформын хүрээнд ирэх тавдугаар сард дулааны үнийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Төрөөс эрчим хүчний тарифыг хүчээр барьж ирснээс зах зээлийн зарчим алдагдаж, бодит өрсөлдөөн бий болох нөхцөл бүрдээгүй. Үүнийг шинэчлэн өөрчлөх нь эрчим хүчний реформын үндсэн зорилтуудын нэг. Тэгвэл, төрийн өмчит “Эрчист Монгол”-ыг байгуулж, эрчим хүчний компаниудыг нэг малгай дор нэгтгэвэл реформын зорилтоос ухарсан хэрэг болно хэмээн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний реформын үндэсний хорооны гишүүн М.Энхцэцэг үзэж байна. Реформоор цаашид анхаарах асуудлууд, эрх зүйн орчныг шинэчлэх судалгаа, салбар дахь төрийн оролцооны талаар хөндсөн түүний ярилцлагыг энэ удаагийн дугаартаа нийтэллээ.
Монгол Улсын хэтийн хөгжил хамаарах эрчим хүчний салбарт өргөн цар хүрээтэй реформ өрнөж буй энэ чухал цаг үед дэлхийн чиг хандлага, улс орнуудын шилжилтийн алдаа оноо болон амжилттай туршлагуудын мэдээ, мэдээллийг уншигчдадаа хүргэхийг “Энержи Инсайт” сэтгүүл зорьдог билээ. Манай редакцийн баг хоёр дахь жилдээ олон улсын “Berlin Energy Transition Dialogue 2025” хуралд амжилттай оролцлоо. Уламжлал ёсоор гуравдугаар сарын 19-21-нд нэгддэг хурлын энэ өдрүүдэд Германы парламент уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээнд чиглэгдэх 100 тэрбум еврог тусгай санд баталсан түүхэн үйл явдал тохиосон юм. Энэ сард тус улс чулуужсан нүүрс галладаг хамгийн дэвшилтэд технологийн ДЦС аа нурааж, уур амьсгалын зорилгодоо хүрэхийн тулд цэвэр эрчим хүч рүү шилжиж буйгаа мэдээлэв. Хамгийн гол нь улс орнууд өөрийн онцлогтоо тохирсон эрчим хүчний шилжилт хийснээр тэгш, шударга байдлыг хангана гэдэгтэй энэ жилийн “Berlin Energy Transition Dialogue” хурлын оролцогчид санал нэгтэй байна.