ESight - Урагшлах уу, ухрах уу?
E-Sight
Урагшлах уу, ухрах уу?
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Урагшлах уу, ухрах уу?

Эрчим хүчний салбар тодорхойгүй байдалд байна. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд огцорч, эрчим хүчийг тэргүүлэх бодлогоор тодорхойлон салбарт цогц реформыг зарласан хамтарсан Засгийн газар тарахад хүрлээ. Дараагийн Засаг эмхлэгдэн эрчим хүчний салбарыг хэн тэргүүлэх нь анхаарлын төвд байна.  

Ганхсан Засгийн асуудлыг хэлэлцсэн эгзэгтэй өдрүүдтэй давхцан III ДЦС-д томоохон аваар гарсны улмаас ажилтан амиа алдсан золгүй явдал болов. Манай улсын эрчим хүчний гол станцууд 80 гаруй жилийг элээж, эдүгээ тоног төхөөрөмж элэгдэж хуучирсны хор уршиг энэ. 2024 онд эрчим хүчний салбарт 12 удаагийн үйлдвэрлэлийн осол гарсан нь өмнөх жилтэй харьцуулахад 4 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, аваар ослоос урьдчилан сэргийлэх санхүүжилт хангалтгүйн илрэл. Салбарын өр 350 тэрбум төгрөг, алдагдал нь 270 гаруй тэрбумаар яригдаж байхад эх үүсвэрүүдийн тоноглол, шугам сүлжээг шинэчлэхэд “илүүчлэх” хөрөнгө мөнгө хомс байна. 

Төрийн өмчит эрчим хүчний компаниудыг нэгдсэн бүтцэд төвлөрүүлэн чиг үүргүүдийн давхардлыг арилгаж, данхайсан бүтэц, зардлыг бууруулан хэмнэж, ашигт ажиллагаанд хүргэх үүрэгтэй нэгдлийн зарчмаар ажиллах “Эрчист Монгол” компанийн байгуулагдаад байгаа билээ. Төрийн шинэ нэгдэл, энд төвлөрүүлэх компаниудыг “Энержи Инсайт” сэтгүүл энэ дугаартаа онцоллоо. “Эрчист Монгол-д нэгтгэх 44 компанийн борлуулалт, ашиг орлогыг харьцуулан нийтэллээ. 

Өнөөдөр салбар ЗГХЭГ, “Эрчист Монгол” ХХК, Эрчим хүчний яам, Эрчим хүчний реформын Үндэсний хороо гэсэн 4 том бүтцээс хамаарч байна. Салбарын нэгдсэн бодлого, чиглэл хаана зангидагдаж байна вэ? Ийм тодорхойгүй байдалд эрчим хүчний реформын ч эрч сулраад буй. Энэхүү шинэчлэлээр хэрэгжсэн бодит ажлууд, тэдгээрийн үр дүн, эрчим хүчний цогц реформыг хийх шийдлийн талаар ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулууны ярилцлагыг хүргэж байна. Тэгвэл хөрөнгө оруулагчид шинэ зах зээлд нэвтрэхдээ нэн түрүүнд улс төрийн тогтвортой байдлыг чухалдгийг ЕСБХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач онцолж байна. “Ялангуяа эвслийн дэмжлэгтэйгээр шинэчлэлийн бодлогыг урагшлуулах боломж бүрдсэн” хэмээн хамтарсан Засгийн газрын бодлогын талаар өгүүлснийг түүний ярилцлагаас уншина уу.