Мэргэжилтэнгүй бол эрчим "ХҮЧГҮЙ": Монголын эрчим хүчний салбарын хүний нөөцийн сорилт
Эрчим хүч “ХҮЧГҮЙ” байна
Манай улс эрчим хүчний чадлын төдийгүй хүний нөөцийн ноцтой дутагдалтай нүүр тулахад тун ойрхон байна. Ойрын таван жилд том чадлын хэд хэдэн эх үүсвэр ашиглалтад орох төлөвтэй. Үүний зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нийт үйлдвэрлэлийн 30 хувьд хүргэх олон улсын өмнө хүлээсэн үүрэг бий. Гэтэл өнөөдөр түгээх компаниудад сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн инженер бараг алга. Цаашлаад шинээр ашиглалтад орох станцуудад ажиллах инженер, техникийн болон нарийн мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй хэвээр байна. Салбарт туршлагатай инженер бэлтгэхэд дор хаяж 7–8 жил шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Харин энэ хугацаанд салбарын төрийн өмчит компаниудыг “Эрчист Монгол” компанид нэгтгэх, бүтцийн өөрчлөлт нэрийн дор цомхотгол хийх асуудал яригдаж буй нь хүний нөөцийн бодлого бүр ч тодорхойгүй, тогтворгүй байгааг харуулж байна. Үндсэндээ стратегийн ач холбогдолтой энэ салбарт хүний нөөцийн бодлого үгүйлэгдэж байна. Иймээс Energy Insight сэтгүүл энэ удаагийн дугаартаа эрчим хүчний салбарын хүний нөөцийн асуудлыг онцлон хөндлөө.
Эрчим хүчний салбар нь мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, үйлдвэрлэлийн ослоороо улсын хэмжээнд тэргүүлдэг гурван салбарын нэг. 2024 оны байдлаар 12 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж, 4 хүн амь насаа алдсан байна. Зөвхөн энэ жилд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 28 томоохон компаниас нийт 1,000 орчим ажилтан ажлаасаа гарчээ. Залуу мэргэжилтнүүдийн “хүч” мохож буй энэ салбарын бодит нөхцөл байдал, тэдний харж буй тулгамдсан асуудлуудыг та манай энэ дугаараас уншаарай. Мөн салбар дахь жендэрийн судалгааны онцлох баримтуудаас хүргэж байна.
Бодлого тодорхойлогчдын зүгээс эрчим хүчний салбарт өргөн хүрээтэй шинэчлэл хийх талаар мэдэгдэж, тодорхой зорилт, төслийн жагсаалтыг олон нийтэд танилцуулаад буй. Тухайлбал, ойрын таван жилд хэрэгжих төслүүдийн өртөг, хэрэгжилтийн явцыг Energy Insight энэ дугаарт дэлгэрэнгүй тоймлон хүргэлээ. Гэвч анзаарахад, улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон эрчим хүчний шинэчлэлийн зорилтод хүний нөөцийг бэхжүүлэх, тогтвортой хөгжүүлэх чиглэлийн заалт бараг тусгагдаагүй байна. Түүнчлэн салбарын цалин, урамшуулал зах зээлийн өрсөлдөх чадвараа алдсаныг судлаачийн эшлэлээс харж болно.
Аливаа шийдвэрийг сэтгэл хөдлөлөөр бус, мэргэжлийн хүмүүс, инженерүүдийн мэдлэг, туршлага, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан гаргах учиртай. Манай эрчим хүчний салбар өнгөрсөн зууны туршид судалгаанд суурилсан төлөвлөлт сайн хийдэг байсны үр дүнд 2020 он хүртэл харьцангуй тогтвортой явж ирсэн. Харин өнөөдөр ул суурьтай судалгаа хийх эрдэм шинжилгээний тогтолцоо сулран, бараг үгүй болсон талаар эрчим хүчний шинжээч О.Бавуудорж ярилцлагадаа онцолсон юм.
Чадлын төдийгүй хүний ХҮЧ-гүй болж, системийн түвшинд “тэг зогсох” эрсдэлд Монголын эрчим хүчний салбар ойртсоор байна.
