ESight - Хотуудын 15 жилийн хэрэглээний түүх-11 тэрбум кВт.цаг
E-Sight
Хотуудын 15 жилийн хэрэглээний түүх-11 тэрбум кВт.цаг
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Хотуудын 15 жилийн хэрэглээний түүх-11 тэрбум кВт.цаг

2025 он: Эрчим хүчний шилжилтийн мөчлөг

Монголын эрчим хүчний салбар шилжилтийн үеийг туулж байна. Одоогоос 30 гаруй жилийн өмнө манай улсад хоёр нийгэм солигдсон нэн эгзэгтэй цаг үетэй адил мөчлөг салбарт тохиогоод буй. Төрийн өмчийн компаниудын бүтцийн өөрчлөлт, эрх зүйн шинэчлэл, зах зээлийн зарчимд үнэ тарифыг нийцүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэл, гадаад хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологи нутагшуулах, “ногоон” шилжилт гээд эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлт өрнөж байна. 

2025 онд улсын хэмжээнд эрчим хүчний тодорхой чадал нэмж буй шинэ 5 эх үүсвэрийн 3 нь орон нутаг дахь сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр юм. Энэ оны онцлох том дэвшил бол тархмал эх үүсвэр юм. Энэ оны онцлох том дэвшил бол тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх бодлого бодитой ажил хэрэг болж эхэллээ. Сэргээгдэх эрчим хүчний нарны систем ахуйн хэрэглээнд, тэр тусмаа Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд түлхүү нэвтэрч байна. Энэ нь юуны түрүүнд Монгол дахь олон улсын байгууллага, гадаадын санхүү, хөрөнгө оруулалтын банкуудын төслүүдийн нөлөө юм. Ирэх 5 жилд Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд ногоон эдийн засгийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр зааж, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг батлахдаа ногоон эрчим хүчийг дэмжсэн төслүүдийг нэн тэргүүнд эрэмбэлнэ. Цаашдаа улсын бодлогоор айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ гэдгийг УИХ-ын дарна Н.Учрал мэдэгдлээ. Засгийн газраас хөтөлбөр боловсруулж байна. Өргөн уудам нутагтай Монгол орны хувьд хөдөө орон нутагт тархмал эх үүсвэрийг хөгжүүлснээр хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангахын зэрэгцээ улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах давуу талтай.  ESight сэтгүүл энэ оны отгон дугаартаа тархмал эх үүсвэрийн чухал бүрэлдэхүүн хэсэг сэргээгдэх эрчим хүчийг Монголд хөгжүүлэх боломж, шийдлийг тандан нийтэллээ. 

Улирч буй хоринтаван он эрчим хүчний салбарт сайд дарга нарын томилгоо, халаа сэлгээтэй, хүний ам эндсэн аваар осолтой, эх үүсвэрийн чадлын дутагдал хэвээр, хүний нөөц хомс, гадаадын хөрөнгө оруулалт үгүй, реформыг бодитой эхлүүлнэ гэсэн нийгмийн өндөр хүлээлттэй жил байв. Улсын хөгжлийн, төрийн бодлогын тэргүүлэх чиглэлд эрчим хүчийг тодорхойлж, салбарт өргөн цар хүрээтэй реформ зарласан Хамтарсан Засгийн газар огцорлоо. Шинэ Засаг бүрдмэгц Реформын Үндэсний хороо, оны сүүлчээр хууль эрх зүйн шинэчлэлийн Ажлын хэсэг тус тус татан буугдав. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг даргалсан Ажлын хэсгийнхэн Цахилгааны тухай хуулийн зэрэгцээ Дулааны тухай бие даасан анхны хуулийн төслийг боловсруулж, чуулганд өргөн барихаар бэлтгэж байлаа. Шинэ Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар эрчим хүчний салбарт баримтлах бодлогоо зарлахдаа эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн нэг чухал хэсэг нь “Эрчист Монгол” гэдгийг онцолсон. 2025 онд үүсэн байгуулагдсан “Эрчист Монгол” ТӨХХК-д эрчим хүчний салбарын 27 аж ахуйн нэгжийг нэгтгэж дуусаад байна. 

Цаашид эрчим хүчний шинэчлэлийг ямар улс төрч, аль байгууллага манлайлан хэрэгжүүлэх вэ?