Бодлогогүйн дампуурал
Хязгаарлалт дундах шийдэл
Улаанбаатар хотод шөнөдөө хасах 40 хэм давсан огцом хүйтрэлт гурав хоног үргэлжлэхэд л эрчим хүчний систем бүхэлдээ сөхрөхөд хүрэв. Дулааны IV цахилгаан станц бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаад гэмтэл гарч, Бөөрөлжүүтийн цахилгаан станц доголдсоноор нийслэл хот цахилгаан, дулааны хязгаарлалтад орж, улмаар улс даяар эрчим хүчний хязгаарлалт үргэлжлэв. Азаар цаг агаар дулаарснаар үүссэн нөхцөл байдал намжаад байна. Монгол орныг дайрч, нийслэл хотыг хөлдүүс болгохоо дөхсөн хүйтэн агаарын урсгал хэдхэн хоногоор уртассан бол яах байсныг төсөөлөхөд ч бэрх.
-40 хэм давсан хүйтэн манай эрчим хүчний салбарын бодит байдлыг ямар ч тайлбаргүйгээр илчиллээ. Эрчим хүч хөгжлийн суурь гэж ярьдаг ч энэ сууриа бид бодлогын төвөөс системтэйгээр шахаж иржээ. 40 гаруй жил нийслэл хотын үндсэн ачааллыг үүрч яваа өвгөрч доголдсон станцыг хүчээр ачааллуулж ирсний үр дагавар огцом хүйтрэлээр “тэсрэв”.
Буруутан нь гэвч тоног төхөөрөмжийн насжилтад биш улсын төсөв, бодлогын эрэмбэд оршиж байна. Зарим салбарт их наядаар хөрөнгө цутгаж байхад эрчим хүчийг хойш тавигддаг дэд бүтэц болгож ирсэн доройтлын шалтгааныг бид сэтгүүлийн тэргүүн нүүртээ зураглалаа.
Гэхдээ бодлогын түвшинд зөв чиглэл бүрэн алга болоогүй байна. УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн онцолж буйгаар, эрчим хүчний салбарын шинэчлэлийн үндэс нь хууль эрх зүйн орчны өөрчлөлт юм. Дулаан, цахилгааны бие даасан хуультай болж, өнөөгийн нэг худалдан авагчийн загварыг халж, өрсөлдөөнт зах зээлд шилжихгүйгээр салбар тогтвортой хөгжих боломжгүй. Түүнчлэн эрчим хүчний дутагдлыг зөвхөн том эх үүсвэр, нэгдсэн сүлжээнд төвлөрүүлэхгүйгээр тархмал болон бие даасан шийдлээр давхар шийдэх ёстойг тэрээр онцолж байна. Айл өрх нарны систем суурилуулж, өрхийн хэрэглээгээ хангаад зогсохгүй илүүдлээ сүлжээнд нийлүүлэх боломж бүрдвэл хэдэн мянган айл өрх нийлээд өнөөгийн томоохон станцаас давсан чадлыг бий болгох боломжтой. Энэ нь эрчим хүчний эх үүсвэр нэмэхээс гадна өрхийн орлогыг өсгөж, агаарын бохирдлыг бууруулж, эдийн засгийн шинэ хуваарилалт бий болгох бодлогын шийдэл юм.
Энэхүү шийдлийг Чингэлтэй дүүрэг газар дээр нь туршин харуулж байна. Тус дүүрэг гэр хороололд эрчим хүчний “сэндбокс” бүс байгуулж, тархмал сэргээгдэх эх үүсвэрийг төрөл бүрээр туршин хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 90 гаруй айлыг нарны хавтантай болгож, төвийн сүлжээнд шууд холбосноор журам, гэрээ, техникийн нөхцөлийн гацаа бодит амьдрал дээр хаана үүсдэгийг илрүүлэн засах суурийг тавьж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн дулаан алдагдал багатай барилга, дулааны насос, хийжүүлэлтийн төслүүд хэрэгжүүлж, эрчим хүчний эх үүсвэр ба хэмнэлтийг хамтад нь шийдэх шинэ загварыг бодитоор хэрэгжүүлж байна.
Энэ бүхнээс эрчим хүчний шийдлийг заавал том станц, их хөрөнгө гэж хойш тавихгүйгээр хууль эрх зүйн шинэчлэл, газар дээрх бодит туршилттай зөв уялдуулж чадвал үр дүн гарах боломжтойг “Энержи Инсайт” шинэ оны эхний дугаартаа онцлон хүргэхийг хүслээ.
