Өнөөдрийн шаардлага, өчигдрийн систем
Шинэ боломжуудын өмнө
Монголын эрчим хүчний салбар ээлжит нэгэн шийдвэрлэх мөчийн өмнө ирээд байна. Сайд солигдож, бодлогын шинэ мөчлөг эхэлж, олон жил яригдсан төслүүд дахин анхаарлын төвд орохын хэрээр “цаашид юуг, ямар дарааллаар, яаж хийх вэ?” гэсэн асуулт тавигдаж эхэллээ.
“Энержи Инсайт” шинэ дугаартаа яг энэ зангилааг онцолж байна. Нэг талаас шинэ сайд ямар өвтэй, ямар хүлээлттэй салбарыг хүлээж авах вэ гэдгийг сөхөж, нөгөө талаас өнөөдрийн хүндрэл зөвхөн нэг өвөл, нэг төсөл, нэг албан тушаалтны асуудал биш гэдгийг хөндөхийг зорилоо. Гэхдээ энэ дүр зургийг зөвхөн хямралаар хязгаарлаж болохгүй юм. Хүнд хэцүү сорилтуудтай нүүр тулж байгаа ч Монгол Улс эрчим хүчний шинэ боломжуудын өмнө мөн зогсож байна.
Усан цахилгаан станцууд, тархмал сэргээгдэх эх үүсвэр, хуримтлуур, эрчим хүчний шилжилт, хот суурингийн дэд бүтэц, ногоон шийдлүүд бол тус тусдаа салангид сэдвүүд биш. Харин манай улсын эрчим хүчний систем цаашид ямар байх вэ гэдэг нэг том асуултын өөр өөр хариултууд юм.
Энэ дугаарт онцолж буй чухал нэг сэдэв бол хий. Нийслэл хот агаарын бохирдлыг бууруулах хүрээнд айл өрх, нам даралтын болон уурын зуухнуудыг хийн түлш рүү үе шаттай шилжүүлж эхэлснээр Монгол Улсын хийн хэрэглээ цаашид өсөх нь тодорхой болж байна. Хийн хэрэгцээгээ бүхэлд нь импортоор хангаж байгаа ч үүний цаана илүү том асуулт тавигдаж байна. Өсөн нэмэгдэж буй хэрэглээг импортоор хангасаар байх уу, эсвэл дотоодын нөөцөөр орлох боломжийг эрэлхийлэх үү? Энэ асуулт өнөөдөр бодит хэлэлцүүлгийн түвшинд иржээ.
Нүүрсний давхаргын метан хий болон бусад уламжлалт бус хийн хайгуулын ажлууд идэвхжиж, 2026 оны эхний хагаст Монгол Улс анхны хийн нөөцөө албан ёсоор тогтоох боломжтой болж байна. Хэрэв энэ боломж бодит ажил хэрэг болбол хий нь зөвхөн ахуйн хэрэглээний түлш биш, харин эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжүүлэгч, утааг бууруулагч, импортыг орлох үйлдвэрлэл, цаашлаад эрчим хүчний шилжилтийн нэг тулгуур болж хувирах боломжтой. Энэ бол бидний онцлон тавьж буй шинэ сэдэв юм.
Өөрөөр хэлбэл, Монголын эрчим хүчний ирээдүйг “илүү их цахилгаан үйлдвэрлэх” гэсэн ганц хэмжүүрээр харах боломжгүй болжээ. Илүү ухаалаг, илүү төрөлжсөн, илүү уян хатан систем хэрэгтэй байна. Тэр системд нүүрс, ус, нар, салхи, батарей, магадгүй хий ч гэсэн өөр өөрийн оновчтой байр суурьтай байх ёстой. Иймээс бид бодлого тодорхойлогч, инженер, төслийн удирдлага, хувийн хэвшлийн оролцогчдын байр суурийг нэг дор авчирч, салбарыг зөвхөн “хомсдол” ын өнцгөөс бус, илүү өргөн хүрээнд харахыг зорилоо.
Эрчим хүч бол үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, хот төлөвлөлт, агаарын чанар, өрхийн амьжиргаа, эдийн засгийн бие даасан байдлын тухай сэдэв юм.
Бидний өмнө сонголт маш тодорхой байгаа нь хямралдаа шигдэн, жил бүрийн өвлийг давтсаар байх уу, эсвэл ирээдүйг тодорхойлох эрчим хүчний системийг одооноос барьж эхлэх үү? Энэ дугаарын нийтлэл, ярилцлага, сурвалжилга бүр энэ асуултад шийдэл хайсан хариулт өгөхийг зорилоо.
Энэ дугаар Уншигч таныг Монголын эрчим хүчний ирээдүйн тухай илүү өргөн хүрээнд бодоход хөтөлнө гэдэгт итгэж байна.
