Баянхонгорын эрчим хүчний ирээдүй: Утаанаас ухаалаг шийдэл рүү
Эрчим хүчний төлөвлөлтийн сонсгол Баянхонгорт анх удаа
“Энержи Инсайт” сэтгүүл Баянхонгор аймагт анх удаа зохион байгуулагдах гэж буй Эрчим хүчний төлөвлөлтийн нийтийн сонсголд зориулан энэхүү тусгай дугаараа эрхлэн гаргалаа. Эрчим хүчний дутагдал болон агаарын бохирдлын давхар сорилттой нүүр тулж буй тус аймгийн хувьд бодит нөхцөл байдлаа олон талын оролцоотойгоор үнэлж, урт хугацааны тогтвортой шийдлээ тодорхойлох хэрэгцээ шаардлага тулгамдаад байгаа юм.
Баянхонгор аймаг нь Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хамгийн алслагдсан цэгүүдийн нэг. Урт шугамын төгсгөлд байрлах цахилгаан хангамжийн эмзэг бүтэц, өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь аймгийн хөгжлийн хурдыг хязгаарлаж, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлсөөр байна
Ийм нөхцөлд Баянхонгор аймагт Засаг дарга Э.Энхбатын санаачилгаар Эрчим хүчний төлөвлөлтийн нийтийн сонсгол зохион байгуулагдах гэж байна. Төлөвлөлтийн сонсгол нь дэд бүтэц, эрчим хүч, хот байгуулалт зэрэг нийтийн ашиг сонирхолд хамаарах төлөвлөгөө боловсруулах үед зохион байгуулдаг нийтийн сонсголын нэг төрөл юм. Төрийн байгууллагаас боловсруулж буй төлөвлөгөө, шийдвэрийг олон нийтэд танилцуулж, холбогдох талуудын санал, байр суурийг сонсох зорилготой үйл ажиллагаа болно. Гэвч Монгол Улсад энэ төрлийн сонсголын туршлага байхгүй бөгөөд Баянхонгор аймаг анх удаа зохион байгуулах гэж байна.
Төрийн байгууллага, албан тушаалтнуудын зүгээс бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, иргэд, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллага, холбоо, хөндлөнгийн шинжээчид өөрсдийн санал, байр суурийг нээлттэй илэрхийлэх боломж энэхүү сонсголоор бүрдэнэ. Ингэснээр асуудлыг ганц өнцгөөс биш олон талаас нь үнэлж, илүү оновчтой, хэрэгжих боломжит шийдлийг хамтдаа тодорхойлох үндэс суурь тавигдах юм. Энэхүү сонсгол нь мэдээлэл солилцох талбараас гадна бодлого боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл бүрдүүлэх чухал механизм болохоор байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулах төлөвлөлтийн нийтийн сонсголыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төслийн хүрээнд “Энержи Инсайт” сэтгүүл болон Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл дэмжин ажиллаж байгаа юм. Орон нутгийн түвшинд оролцоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих энэхүү ажил нь иргэдийн дуу хоолой бодлогын түвшинд тусгагдаж, шийдвэр гаргалт илүү ил тод, хариуцлагатай болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Тодруулбал, иргэдийн дуу хоолой зөвхөн сонсогдоод зогсохгүй, бодлогын баримт бичигт тусгагдах, төлөвлөлтийн суурь болно гэсэн үг.
Манай сэтгүүлийн редакц энэхүү тусгай дугаараараа Баянхонгор аймгийн эрчим хүчний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг олон талын эх сурвалж, бодит өгөгдөл мэдээлэлд тулгуурлан хүргэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний боломж, тархмал эх үүсвэрийн шийдэл, дэд бүтцийн шинэчлэл зэрэг бодит гарцуудыг онцлон хүргэж байна. Мөн орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн байр суурийг багтааж, уншигчдад илүү өргөн хүрээний ойлголт өгөхийг зорилоо.
Энэ бүх мэдээлэл Баянхонгор аймаг эрчим хүчний хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжих боломжийг бодитоор харуулах, цаашдын бодлого, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Баянхонгор аймгийн хувьд эрчим хүчний хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжих боломж бодитой байна. Харин тэр шилжилтийг хэн, хэзээ эхлүүлэх вэ? Хариулт нь тавдугаар сарын нэгэнд Баянхонгор аймгийн төвд болох Эрчим хүчний нийтийн сонсголоос эхэлнэ.
