ESight - Эрчим хүчний зохицуулалт
E-Sight
Эрчим хүчний зохицуулалт
Н.Ариунтуяа
Үүсгэн байгуулагч

Эрчим хүчний зохицуулалт

Шинэчлэлийн 25 жил 

Монгол Улсын эрчим хүчний салбар зах зээлийн шинэчлэлийн замд хөл тавиад 25 жил болжээ. Энэ хугацаанд салбарын бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчин төдийгүй зах зээл, төр, хувийн хэвшил, хэрэглэгчдийн харилцаанд томоохон өөрчлөлтүүд өрнөсөн байна. Энэхүү өөрчлөлтийн төвд үргэлж Эрчим хүчний зохицуулах хороо байсаар ирэв. 

Тиймээс Энержи Инсайт сэтгүүл энэ удаагийн тусгай дугаараа Эрчим хүчний зохицуулах хорооны 25 жилийн ойд зориулж байна. 

2001 онд эрчим хүчний салбарын бүтцийг шинэчилж, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн өөрчлөхийн зэрэгцээ бие даасан зохицуулагч байгууллага байгуулсан нь тухайн үеийн хамгийн том институцийн шинэчлэл байв. Энэ нь үнэ тарифыг эдийн засгийн үндэслэлтэй тогтоох, хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх, хэрэглэгч болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх шинэ тогтолцооны эхлэл болжээ. 

Гэвч 25 жилийн дараах өндөрлөгөөс харахад шийдлээ хүлээсэн асуудлууд цөөнгүй. Эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өссөн ч шинэ эх үүсвэрүүд төлөвлөсний дагуу хөгжсөнгүй. Үнэ тарифын бодлого улс төрийн хамгийн эмзэг сэдэв болж, тэр хэрээр салбарын санхүүгийн тогтвортой байдал үргэлжийн сорилтод байсаар ирлээ. 

Чухам ийм учраас бид энэ дугаартаа зөвхөн байгууллагын түүхэн замналыг өгүүлэхийг зорьсонгүй. ЭХЗХ-г удирдаж ирсэн үе үеийн дарга нарын дурсамж, байр суурийг нэг дор цуглуулж, өнгөрсний сургамжийг өнөөдрийн бодит байдал, ирээдүйн чиг хандлагатай холбохыг эрмэлзлээ. Үнэ тарифын бодлого, шинэ эх үүсвэрийн дутагдал, хөрөнгө оруулалтын орчин, зохицуулагч байгууллагын хараат бус байдал зэрэг нь 10, 20 жилийн өмнө ч яригдаж байсныг эдгээр ярилцлага харуулж байна. Сонирхолтой нь, өөр өөр цаг үед ажилласан удирдлагуудын байр суурь олон зүйл дээр огтлолцож байв. Тэд бараг бүгдээрээ эрчим хүчний салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийн үндэс нь мэргэжлийн, хараат бус зохицуулалт болохыг онцолжээ. 

Учир нь эрчим хүчний зах зээл хөгжихийн хэрээр зохицуулалтын бие даасан байдал улам бүр үнэ цэнтэй болдог. Үүнийг олон улсын туршлага ч нотлон харуулж байна. Эрчим хүчний зах зээл өндөр хөгжсөн орнууд зохицуулагч байгууллагын эрх мэдэл, санхүүжилт, томилгооны тогтолцоог хуулиар хамгаалж, улс төрийн богино мөчлөгөөс аль болох ангид байлгахыг зорьдог байна. 

Ирэх 25 жилд Монгол Улсын эрчим хүчний салбар нүүрстөрөгч багатай хөгжил, ухаалаг сүлжээ, өрсөлдөөнт зах зээл рүү шилжих сорилттой нүүр тулна. Энэхүү өөрчлөлтийн замд хэрэглэгч, хөрөнгө оруулагч, төрийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлж чадах хүчирхэг, хараат бус зохицуулагчийн шаардлага улам бүр нэмэгдэх нь гарцаагүй. 

Өнгөрсөн 25 жилийн түүх бол Монгол Улсын эрчим хүчний шинэчлэлийн түүх юм. Харин дараагийн 25 жил ямар байхыг өнөөдөр гаргах шийдвэрүүд тодорхойлно. Тиймээс энэхүү тусгай дугаараа өнгөрснөөсөө сургамж авч, өнөөдрийн сорилтоо цэгнэж, ирээдүйн хөгжлөө эргэцүүлээсэй хэмээн өргөн барьж байна.