ESight - Монголын цахилгаан хэрэглээний зураглал 2015-2025
E-Sight
Монголын цахилгаан хэрэглээний зураглал 2015-2025
Н.Ариунтуяа
Үүсгэн байгуулагч

Монголын цахилгаан хэрэглээний зураглал 2015-2025

Хэрэглээний цаадах хөгжил 

Энержи Инсайт сэтгүүл Уншигч танаа нэгэн чухал тоон үзүүлэлтийг дэлгэж байгаа нь Монгол Улсын сүүлийн 10 жилийн эрчим хүчний хэрэглээний үзүүлэлт. 

Шинэ станц барих, хүчин чадал нэмэх тухай мэдээллийн дэргэд хэрэглээний статистик төдийлөн анхаарал татахгүй байж магад. Гэвч эрчим хүчний асуудлыг зөвхөн нийлүүлэлт талаас харсаар байвал бид нэг чухал асуултыг орхигдуулж байна гэсэн үг. Энэ нь Монгол Улс эрчим хүчээ ямар эдийн засаг, ямар үйлдвэрлэл, ямар амьдралын төлөө зарцуулж байна вэ гэсэн асуулт. Эрчим хүчний хэрэглээний бүтэц энэ асуултын хариултыг хайх, улс орны хөгжлийн чигийг харах эхний баримжаа юм. 

Тиймээс хариултыг хайж Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан билээ. Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ бидний хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын 2015-2025 оны цахилгаан эрчим хүчний хэрэглээний үзүүлэлтийг үндсэн гурван том хэрэглээ буюу айл өрх, уул уурхай, бусад аж ахуйн нэгж гэсэн 3 түвшинд тооцоолон гаргаж өгсөнд талархлаа илэрхийлье. 

Өнгөрсөн 10 жилийн тоон нэгтгэлээс салбарын өсөлтөөс гадна эдийн засгийн хөдөлгөөнийг харж болохоор байна. Бидний хэрэглээ бараг хоёр дахин өсжээ. Энэ өсөлтийн цаана юу байв? Үйлдвэрлэл үү, үйлчилгээ юу, эсвэл өрхийн амьдралын өөрчлөлт үү? 

10 жилийн тоон үзүүлэлтэд суурилсан Б.Баянжавзангийн нийтлэлээс айл өрхийн хэрэглээ хамгийн хурдтай өссөнийг харж болно. Орон сууцны цахилгаан хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, ахуйн хэрэглээний нийт хэрэглээнд эзлэх хувь тэлжээ. Энэ нь өрхийн амьдрах орчин, өдөр тутмын хэрэгцээ өөрчлөгдөж буйн нэг илэрхийлэл юм. 

Харин үйлдвэрлэлийн хөгжил энэ өөрчлөлттэй хэр зэрэг хөл нийлүүлэв? Энэхүү гурван бүлгийн ангиллаар үйлдвэрлэл, үйлчилгээний өөрчлөлтийг тайлбарлах нь мэдээж хангалтгүй. Салбараар авч үзвэл хамгийн өндөр хэрэглээтэй уул уурхайн хэрэглээ өссөн ч нийт хэрэглээнд эзлэх хувь нь буурчээ. Үүнийг салбарын хөгжил саарсны нотолгоо гэж дүгнэхээс илүүтэй өөрийн эх үүсвэр, бие даасан импорт, сүлжээний хязгаарлалт гээд ялгаж харах зүйл олон, өөр нэг нийтлэлийн сэдэв юм. 

Импортын цахилгааны хэмжээ айл өрхийн нийт хэрэглээтэй дүйж байгаа нь бас л нэгийг өгүүлнэ. Хэрэглээтэй зэрэгцэн импорт өссөөр байвал шинэ бүтээн байгуулалтын үр өгөөж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа, өрхийн өдөр тутмын амьдралд хүртэл энэ хамаарал нөлөөлсөөр байх нь. 

Өөр нэг анхаарах үзүүлэлт нь цахилгаанд холбогдох хүсэлтийн нийт чадал 2,266 МВт хүрсэн явдал. Сүлжээнд холбогдоогүй ийм хэмжээний эрэлт хэрэгцээ байгаа нь хөгжлийн боломжийг илэрхийлэх чухал мэдээлэл мөн. 

Энэ бүхнээс эрчим хүчний бодлогын дараагийн асуулт урган гарч байгаа нь шинэ хүчин чадлыг хаана бий болгож, хэнд, ямар дарааллаар хүргэх вэ? Хэрэглээний энэ зураглалыг уншигч танд хүргэж буйн учир нь өнгөрсөн хугацааны хэрэглээний өсөлтөөс юуг бүтээснээ, хүлээгдэж буй эрэлтээс юуг бүтээж болохоо харахад оршиж байгаа юм. Хэн түрүүлж цахилгаанд холбогдохыг шийдэх нь Монгол Улс ямар үйлдвэрлэл, ямар бүтээн байгуулалт, ямар хөгжлийг тэргүүнд тавихаа сонгож буй хэрэг билээ.