Өвлийн шалгалт 1,956 МВт
Өвөл бүр давтагддаг сорилт
Диспетчерийн үндэсний төвийн тооцоогоор энэ өвөл Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1,956 МВт хүрнэ. Энэ нь өмнөх өвлийн оргил ачааллаас 153 МВт-аар их. Өнгөрсөн өвөл оргил ачаалал 1,803 МВт хүрэхэд дотоодын үйлдвэрлэл 1,482 МВт-ыг хангаж, үлдсэн зөрүүг импорт, бусад эх үүсвэрийн зохицуулалт болон хэрэглээний хязгаарлалтаар нөхсөн. Хэрэглээ жил бүр 11-15 хувиар өсөж буй үед энэ зөрүүг нэмэгдүүлэхгүй байх нь салбарын гол сорилт болж байна.
Энержи Инсайт энэ дугаартаа өвлийн цахилгаан хангамжийн эрсдэлийг хөндлөө. “Тог тасрах уу” гэсэн асуултын цаадах эх үүсвэр, импорт, сүлжээ, төсөв, шинэ технологи, хөрөнгө оруулалтын уялдааг авч үзэхийг зорив.
Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл жил бүрийн оргил ачааллын үеэр шалгагддаг. Энэ нь станцын хүчин чадал, импортын боломж, дамжуулах сүлжээний найдвартай байдал төдийгүй өмнөх жилүүдийн хөрөнгө оруулалтын шийдвэрт тавьдаг дүн юм.
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнууд өвлийг эрсдэл багатай давахын тулд засварын богино хугацааг ашиглан, хуучирсан тоног төхөөрөмжөө тордож, ачаалал өсөх бүрт системээ аргацаан барьж ирсэн. Гэвч тэдний өдөр тутмын хичээл зүтгэл бодлогын түвшинд олон жил хойшилсон шийдвэр, хүрэлцээгүй хөрөнгө оруулалтыг орлож чадахгүй. Өнөөдрийн хүндрэл нэг өвөл, нэг Засгийн газрын асуудал биш. Шинэ эх үүсвэр, дамжуулах сүлжээ, дэд станц, хуримтлуурын хөрөнгө оруулалтыг хэрэглээний өсөлттэй уялдуулан цаг тухайд нь хийх ёстой байсан ч олон шийдвэр хойшилж, салбар “дараагийн өвлийг л давчихъя” гэсэн богино мөчлөгөөр явсаар ирсэн.
Ямартай ч энэ өвлийн оргил ачааллыг зохицуулж, эрсдэл багатай давах тооцоо бий. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 70 МВт-ын дулааны цахилгаан станц, БНХАУ-аас авах 80 МВт-ын импорт хангамжид нэмэр болно. Мөн аукционы төслүүд, батарей хуримтлуурууд оргил цагийн ачааллыг бууруулахад тусалж мэднэ. Гэхдээ төлөвлөсөн хүчин чадлыг бодит хангамж болгохын тулд төслүүд хугацаандаа хэрэгжих ёстой.
Гэвч энэ өвлийг давлаа гэхэд дараагийн өвлүүд бас ийм аргацаасан байдлаар үргэлжлэх үү гэдэг гол асуулт хэвээр. Салбарын яам 2027 оны Улсын төсөвт урьд байгаагүй өндөр хөрөнгө оруулалт төлөвлөсөн ч дэмжлэг аваагүйгээс санхүүжилт, хэрэгжилт нь тодорхойгүй байна. Хойшилсон хөрөнгө оруулалтын хэрэгцээ дараагийн өвөл алга болохгүй, харин өсөн нэмэгдэх хэрэглээтэй давхцаж системийн ачааллыг улам хүндрүүлнэ.
Эрчим хүчний салбарт өнтэй өвөл гэдэг нь хэрэглэгчдээ цахилгаан, дулаанаар тасалдалгүй хангахыг хэлнэ. Үүний үндэс нь олон жилийн тууштай бодлого, хугацаандаа хэрэгжсэн хөрөнгө оруулалт. Өвөл бүр давтагддаг сорилтыг даван туулахын тулд шийдвэрээ хойшлуулдаг мөчлөгөөс гарах хэрэгтэй. Дараагийн өвлийн найдвартай хангамж өнөөдрийн хөрөнгө оруулалтын шийдвэрээс эхэлнэ. Гэвч шийдвэр өнөөдөр тодорхойгүй хэвээр байна.
