E-Sight
Ярилцлага

Б.Баатармөнх: Хятад руу эрчим хүч нийлүүлэх нь эдийн засгийг томруулах нэг гарц

2024-09-25 14:43
Н.Ариунтуяа
Үүсгэн байгуулагч

Дэлхий нийтээр өрнөж буй эрчим хүчний шилжилтийг дагаад Монголын эрчим хүчний салбарт томоохон шилжилт, өөрчлөлт, шинэчлэл шаардагдаж байна. Энэхүү гараанд манай улсын эрчим хүчний систем нэг талаас хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, нөгөө талаас эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах сорилттой тулгараад байгаа билээ. Хэрэглээгээ үйлдвэрлэл нь хангаж дийлэхгүйн улмаас хөгжлийн томоохон төслүүд хэрэгжих боломжгүйд хүрч, улмаар эрчим хүч Монголын хөгжлийг хязгаарлагч томоохон хүчин зүйл болж хувираад байна. Энэ талаар, тэр дундаа Монгол Улс эрчим хүчний шилжилтийг хэрхэн хийх гарц, шийдлийн талаар “Ньюком” группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнхтэй Energy Insight-ийн Н.Ариунтуяа ярилцлаа.

“Ньюком” групп нь Dii Desert Energy олон улсын сүлжээнд нэгдэж, жилийн уулзалтад нь оролцоод иржээ. Энэ нь ямар зорилго, чиглэлтэй түншлэл болох талаар манай уншигчдад эхлээд танилцуулахгүй юу? 

Dii гэдэг нь Desertec Industrial Initiative гэсэн үгсийн товчлол. Анх Германы хувийн хэвшлийн томоохон үйлдвэрүүд сэргээгдэх эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаа явуулахаар нэгдэж, сэргээгдэх эрчим хүчний нөөц элбэгтэй хойд Африк буюу Мароккогаас импортоор авахаар төлөвлөн ажлаа эхлүүлсэн юм билээ. Гэхдээ бодсоноор бүтээгүй тул явцын дунд тухайн бүс нутагт сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжиж ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзсэний үндсэн дээр MENA буюу Хойд Африк Дундад Ази дахь сэргээгдэх эрчим хүчийг дэмжих олон улсын сүлжээг байгуулсан. Анхны зорилго ийм байсан бол одоогийн шинэ зорилт нь “Our Mission:No Emissions!” буюу хүлэмжийн хий ялгаруулахгүй ирээдүйг авчрах. Нэг ёсондоо хүлэмжийн хий ялгаруулахгүй үйлдвэрлэл явуулж, эдийн засгийг хөгжүүлэх зорилго бүхий эрчим хүчний чиглэлийн компаниудын нэгдэл юм. 

Эдийн засгийг хөдөлгөгч олон улсын гол компаниуд энэ түншлэлд нэгдэж, эрчим хүчний шилжилтийг хэрхэн хурдасгах чиглэлд санаа оноогоо цуглуулж, хамтран ажилладаг. Эдгээр компани бүрийн цаана маш өргөн сүлжээ байгаа. Тэр бүхий л сүлжээг нэгтгэснээр бие биенийхээ зорилгыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж, мэдээлэл судалгаагаа хуваалцдаг. Одоо энэ сүлжээнд олон улсын 115 томоохон компани гишүүнээр элсээд байгаа.

Сүлжээнд нэгдсэн дэлхийд тэргүүлэгч компаниудын заримаас дурдвал, Германы хамгийн том төмрийн үйлдвэр Thyssenkrupp, Хятадын эрчим хүчний State Grid, Энэтхэгийн Algihaz Holding, Саудын Арабын ACWA Power байна. Эдгээр компанийн хувьд олон улсын зах зээлийн судалгааг маш сайн хийдэг. Монгол шиг шинэ зах зээлийг хараад, манайд ямар боломж байгаа эсэх, хэрхэн оролцох боломжтойг судалж, мэдээлэл солилцохын тулд “Ньюком”-ыг урьсан байх. 20 жил Монголд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж, эхний 2 томхон станцыг барьсан болохоор сонгосон болов уу. Бид энэ сүлжээнд 100 дахь гишүүн нь болж элссэн.

Өнгөрсөн зун Dii сүлжээг үүсгэн байгуулсан, Ерөнхийлөгч Пол ван Сон (Paul van Son) ирж, Монголын нөхцөл байдалтай танилцаад, сэтгэл өндөр буцсан. Бидний хувьд COP 28-ын өмнөхөн арваннэгдүгээр сард Dii-ийн жилийн эцсийн чуулганд оролцож, Монголын сэргээгдэх эрчим хүчний боломжийг танилцууллаа. Манай танилцуулга компаниудын анхаарлыг нэлээд татсан. Зарим компанитай нь мэдээлэл солилцон, хамтран ажиллахаар ярилцаж байна. Ирэх жилээс албан ёсны гэрээ хэлэлцээрүүд эхэлнэ.

COP 28-ын өмнөхөн болсон Dii Desert Energy түншлэлийн ээлжит уулзалтаар ямар асуудалд илүү их ач холбогдол өгч ярилцсан бэ? Эрчим хүчний шилжилтийг хурдасгах хэтийн төлөвийг Dii-ийн Дээд хэмжээний уулзалт хэрхэн үзэж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

Dii Desert Energy нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гадна эрчим хүчний шилжилтийг хүчтэй ярьдаг. Станц барих асуудлаасаа илүүтэй үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг систем рүү хэрхэн нийлүүлэх вэ зэрэг технологийн гарц шийдэлд гол анхаарлаа хандуулдаг.

Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх нь асуудал биш болсон тул түүнийгээ давтан яриад байхгүй, харин дараагийн асуудал буюу хэрхэн хуримтлуулах вэ гэдэгт илүү анхаарч байна. Сэргээгдэх эрчим хүчний хувьд маш том давуу талын зэрэгцээ том сул талтай. Тэр сул тал нь эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой бус байдал. Тиймээс тогтворгүй, хэлбэлздэг эрчим хүчинд системийг яаж тааруулах гэдэг нь анхаарлын төвд байна. Хоёрт, цэвэр эрчим хүч үйлдвэрлээд, түүнийгээ хуримтлуулах асуудлыг чухалчлан ярилцлаа. Үүнтэй уялдаатайгаар устөрөгчид ихээхэн анхаарал хандуулж байна. Устөрөгч нь сэргээгдэх эрчим хүчээр хийж болдог, сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулдаг механизм тул ирээдүйд маш их үүрэгтэй салбар болж хөгжихөөр харагдаж байна. Ялангуяа тээвэр, хүнд үйлдвэрт устөрөгч чухал түлш болохоор байна. Цаашлаад устөрөгчөөс химийн янз бүрийн үйлдвэрлэл явуулж, төрөл бүрийн материал үйлдвэрлэх боломж байна. Үүнийгээ дагаад устөрөгч, батарей хуримтлуурын технологи хурдацтай хөгжиж байна.

Устөрөгчийн үйлдвэрлэл нь манай улсын хувьд ч гэсэн анхаарал татаж, потенциалтай гэж үзэж буй эрчим хүчний эх үүсвэрийн нэг. Dii дээр яригдсан устөрөгчтэй холбоотой туршлага, боломж, хэтийн төлөвтэй уялдаатайгаар манай улсын боломж ба эрсдэлийг хэрхэн харж байна вэ?

Монголд устөрөгчийн маш их потенциал байгааг мэргэжлийн хүмүүс ярьдаг. Өнгөрсөн зун МАК Японы “Unico International” компанитай хамтран устөрөгчийн туршилтын үйлдвэрлэлийн төсөл эхлүүлсэн нь чухал алхам юм.

Сэргээгдэх эрчим хүчийг хувиргасан “ногоон устөрөгч” зардал өндөртэй тул одоогоор зах зээлд өрсөлдөхүйц байж чадахгүй байна. Яваандаа Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний нөөц нь арвин учраас ногоон устөрөгч сонирхолтой болох байх. 

Тиймээс байгалийн хий, эсвэл нүүрснээс гарган авч, нүүрстөрөгчийг нь ялгасан “саарал”, “хөх” устөрөгч дээр ажиллах МАК-ийн бодлогыг Монголын нөхцөл дэх зөв аргын нэг гэж хардаг. Устөрөгчийн хувьд эцсийн хэрэглэгч хэн бэ, түүнтэй найдвартай гэрээ хийж чадах уу гэдэг нь үйлдвэрлэхээсээ дутахгүй чухал. Хэрэглээ бий болгохгүйгээр мянга үйлдвэрлээд нэмэргүй. Тиймээс хэрэглээ бий болгох нь шийдэх ёстой том асуудлын нэг болов уу. Техникийн хувьд эдийн засгийн үр өгөөжтэй процеслох нь мэдээж сорилттой. Гэхдээ технологийн хөгжлөөр үүнийг давах боломжтой болчих байх. Логистик бас нэлээд сорилттой. Дэлхий дээрх хамгийн хөнгөн элемент тул тээвэрлэх, хуримтлуулах нь бэрхшээл болдог ч сүүлийн үеийн технологийн ололтууд гарч байна. Япончууд устөрөгчийн чиглэлд нэлээд түрүүлж явж байна. Хятадад бас технологи их хөгжиж байна.

Бусад улс орнуудын хувьд цөмийн станцаас устөрөгч үйлдвэрлэх судалгааг эрчимтэй хийж байна. Өндөр температурт усыг электролиз хийгээд устөрөгчийг ялгасныг “ягаан” устөрөгч гэдэг. Манайд ураны асуудал нэлээд яригдаж байна. Хэтдээ цөмийн станцаас эх үүсвэртэй “ягаан” устөрөгч бас боломжтой болж магадгүй юм. Өөрсдөө устөрөгч үйлдвэрлэж чадвал эрчим хүчний бие даасан тогтвортой байдалд нэлээд нэмэртэй байх болов уу.

Арвин байгаа сэргээгдэх эрчим хүч болон ашигт малтмалын нөөцийн боломжийг нийлүүлбэл хүлэмжийн хийн ялгаралгүй үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх боломжтой.

Эргээд ярианы сэдвээ Dii Desert Energy рүү хандуулахад Монгол Улсаа төлөөлж “Ньюком” групп энэ түншлэлд нэгдсэнээр ямар боломж, давуу тал үүсэх вэ? Түншлэлийн хүрээнд танай группээс цаашид төлөвлөж буй ажлуудаас бидэнтэй хуваалцаж болох уу?

Манай улс дэлхийтэй олон чиглэлээр холбогдож ажиллах нь чухал байна. Экспортын хувьд дийлэнхдээ Хятад руу, тэр тусмаа түүхийгээр гарч байгаа. Экспортоо улам солонгоруулах, тэр тусмаа нэмүү өртөг шингэсэн экспортын боломж руу анхаарлаа илүү хандуулах шаардлагатай байгаа. Үүнд Dii сүлжээ давуу тал үүсгэх болов уу. Энэ сүлжээний хамгийн том давуу талыг дэлхийн зах зээлийн том тоглогчдыг Монголтой холбоход чухал үүрэгтэй гэж харж байна. Монголд арвин байгаа сэргээгдэх эрчим хүч болон ашигт малтмалын нөөцийн боломжийг нийлүүлбэл хүлэмжийн хийн ялгаралгүй үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх боломжтой гэж хардаг. Dii-ийн гишүүд ч гэсэн Монголын энэ боломжийг харж байна. Бид Монголоо төлөөлж байгаа компанийн хувьд Dii-ийн гишүүдтэй Монголынхоо уул уурхайн компаниудыг холбож уялдуулах ажил хийхийг зорьж байгаа.

Dii жилдээ хэд хэдэн удаагийн томоохон уулзалт хийдэг. 11 дүгээр сарын уулзалтаар Монголд ээлжит уулзалтын аль нэгийг зохион байгуулах талаар хэд хэдэн гишүүн компаниас бидэнд санал тавьсан. Монгол Улсад ийм сайхан боломжууд байгаа бол дараа жилүүдийн аль нэг чуулганыг Монголд хамтдаа хийцгээе л дээ гэж санал болгосон. Энэ саналыг бид таатай хүлээж авсан. Эдгээр том группуудыг Монголдоо урьж уулзалт хийвэл манай боломжийг олж хараад Монголын бизнесүүдтэй хамтрах бололцоо гарах болов уу гэж харж байна. Амжвал 2024 онд, амжихгүй бол 2025 онд хийе гэсэн бодол, төлөвлөгөө байгаа.

“Ньюком” групп нь ногоон эрчим хүчний хувьд манай улсын анхдагч компаниудын нэг. Эрчим хүчний шилжилт дэлхий даяар эрчимтэй явж буй энэ үед дутагдаж буй эрчим хүчээ хүлэмжийн хийн ялгаруулалтгүй эх үүсвэрээр хэрхэн хангах, эрчим хүчний шилжилтийг хэрхэн хийх чиглэлд үндэсний тэргүүлэх компанийн байр суурь ямар байгааг олон нийт сонирхох нь лавтай.

Бидэнд нүүрсний эрчим хүчнээс салах боломж нь хараахан алга байна. Манайх шиг орны хэрэгцээг дан ганц сэргээгдэх эрчим хүч хангаж чадахгүй. Яагаад гэхээр Монгол шиг эрс тэс хүйтэн цаг ууртай газар сэргээгдэх эрчим хүч дулаан үйлдвэрлэж чадахгүй тул дулаан үйлдвэрлэдэг эрчим хүч байхаас аргагүй. Тиймээс нүүрсний станц барихаас өөр аргагүй байгаа. Одоо байгаа станцууд бүгд 30-40 жил болчихлоо. Энэ хэдэн станц маань нас дээр гарсан өвгөнд тариа хийчихээд бүжиглүүлж байгаагаас ялгаагүйд хүрээд байна. Гэхдээ шинээр нүүрсний станцууд барья гэхээр санхүүжилт босгож чадахгүй байна. Хамгийн сүүлийн шахуу боломж байсан Хятад улсын санхүүжилт боломжгүй болчихлоо.

Нөгөө талдаа дэлхий тэр чигээрээ хүлэмжийн хийнээс салах зорилгын дор нэгдэж, тэр нь бодит ажил, эдийн засгийн механизм болоод ороод ирлээ. Европын Холбооны CBAM (Carbon Border Adjustment Mechanism) хэмээх эдийн засгийн механизм 2026 оноос ажиллаж эхлэх гэж байна. Америкт мөн хүлэмжийн хийг бууруулах сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн арга хэрэгсэл бий болж байна.

Энэ бүхнээс өгч буй урт хугацааны зах зээлийн сигнал буюу дохио нь хүлэмжийн хий ялгаруулж үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс татгалзах сануулга юм. Үйлдвэрлэхээс аргагүй гэвэл түүнийг зарж борлуулахдаа нэмэлт татвар төлөх бодлого яваад эхэлчихлээ. Үүнээс үүдээд тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн цахилгаан нь цэвэр үү, үгүй юу гэдгийг асууж шаардах хэмжээнд хүрч байна. Аливаа бүтээгдэхүүний QR кодыг уншуулаад, ямар эрчим хүч хэрэглэж, яаж үйлдвэрлэснийг мэдэж болох нөхцөл бүрдэж байна. Ингэснээр уламжлалт эрчим хүчээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар муудах нь тодорхой боллоо. 

Улс орнууд энэ дохиог хэрхэн хүлээж авчбайгаагийн илрэл нь тухайлбал, манай өмнөд хөрш Хятад улс үүнд нийцүүлсэн урт хугацааны бодлогоо гаргаад, сэргээгдэх эрчим хүч элбэг байгаа Өвөр Монгол руу аж үйлдвэрүүдээ нүүлгэж байна. Гангийн үйлдвэрүүдийнхээ кокс шатаадаг зуухыг энэ жилээс цахилгаан зуух руу шилжүүлээд эхэлчихлээ. Бүгдийг цахилгаан болгочихоод яваандаа бүр устөрөгчөөр солихоор төлөвлөсөн байна.

Манай эдийн засагт энэ нь том цохилт өгч магадгүй. Экспортод томоохон байр суурьтай коксжих нүүрсээ гаргаж чадахаа болчихвол бид яах билээ гэдэг эрсдэл харагдаж байна. Гэхдээ нэг талдаа дарамт болж харагдах ч энэ нь Монгол улсад маш том боломжийг нээж байж болох юм. Монгол шиг сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй улс орон дэлхийд цөөхөн. 2600 ГВт сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бид хэзээ ч хэрэглэж дийлэхгүй. Манай оргил хэрэглээ 2 ГВт хүрэхгүй байгаа. Гэтэл бидэнд 1300 дахин батлагдсан нөөц байна.

Тиймээс манай улс эрчим хүчний шилжилт рүү зөв алхам хийж, сэргээгдэх эрчим хүчийг том хэмжээгээр үйлдвэрлэн, хуримтлуулах технологид анхаарах хэрэгтэй байна. Түүнийхээ зэрэгцээ системээ тогтворжуулах зорилгоор дулааны хэрэгцээг хангасан тодорхой хэмжээний нүүрсний станцыг хамт явуулахаас аргагүй. Сэргээгдэх эрчим хүчийг дотоодынхоо системд том хэмжээгээр нэвтрүүлье гэхээр манайд хуримтлуулах боломж үүсээгүй. Энэ жилээс туршилтаар хуримтлуурын станц ажиллаж эхэллээ. Туршилт амжилттай болвол дараагийн станцууд баригдаад эхлэх байх. Үүнд “Ньюком” компани хувь нэмрээ оруулж, энэ бизнесийг хөгжүүлэх бодлоготой байгаа. Усан хуримтлуурын станцыг мөн судалж байна. Энэ бүхний үр дүнд сэргээгдэх эрчим хүчийг системтэйгээр нэмэх бололцоо үүсэх байх. Гол нь цаг хугацаа шаардагдана. Хурдан том хийх боломжгүй.

...Хятадын сүлжээтэй ногоон эрчим хүчний интеграци зөв хийж чадвал дотоодынхоо хэрэгцээнд нийлүүлэх боломж үүснэ.

Хүлэмжийн хийн ялгаруулалтын эсрэг эдийн засгийн механизмууд ажиллаад эхлэхэд манай улсын экспорт, тэр дундаа гол жинг дардаг уул уурхайн түүхий эдийн өрсөлдөх чадварт хамгийн түрүүн нөлөө нь тусах талаар хөндлөө. Энэ чиглэлд тэгвэл богино хугацаандаа ямар гарц шийдлийг харж байна вэ?

Дэд бүтцийн том төсөл 2-3 жилдээ хэрэгжих боломжгүй тул хамгийн наад талын хугацааг 5-10 жилээр төсөөлж, шийдэх боломжийг ярих хэрэгтэй болох байх. 

Миний бодлоор Монголын эрчим хүчний зах зээлийг 2 хэсэгт ангилах хэрэгтэй санагддаг. Нэг нь дотоодын хэрэгцээ, нөгөө нь экспортын чиглэл рүү. Экспортын чиглэлээр сэргээгдэх эрчим хүчний том станцууд баривал Хятад улс руу гаргах бололцоо хангалттай байгаа. Хятад улс ч үүнийг нааштай хүлээж авч эхэлж байна. Өнгөрсөн долоодугаар сард манай Ерөнхий сайдын тус улсад хийсэн айлчлалаар энэ чиглэлд нэлээд дэвшилттэй хэлэлцээр хийж, ойлголцолд хүрсэн. Одоо энэ яриа хэлэлцээгээ улам идэвхжүүлээд, Хятадын хувийн хэвшилтэй урт хугацааны түншлэлийг маш найдвартайгаар бий болгоод станцууд бариад явах хэрэгтэй байна. Ингэж чадвал том хэмжээний сэргээгдэх эрчим хүчний станцууд бариад Хятадын сүлжээ рүү нийлүүлэх боломжтой. Ингэснээр өртөг багатай, найдвартай, том, цэвэр эрчим хүчний суурь Монгол Улсад бий болно. Хятад руу гаргахын хажуугаар буцаагаад Монголдоо аж үйлдвэрийн паркууд бий болгож, тэдгээр рүү холбож болно. Тэгснээр бид хүлэмжийн хий ялгаруулдаггүй цэвэр эрчим хүчээр ажилладаг аж үйлдвэрийн паркуудыг ажиллуулан, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж үүснэ. 

Өмнө хэлсэнчлэн энэ бүхэн ярьж байгаа шиг тийм амархан хийчих зүйл биш. Гэхдээ салбар бүрт адилхан тулгардаг нэг асуудал бол Монголын эдийн засгийн цар хүрээ жижиг байгаа явдал. Үүнээс үүдээд нэгжийн өртөг өндөр болчихдог. Энэ асуудлыг шийдэх ганц гарц нь том зах зээлүүдтэй аль болох интеграци хийх, холбогдох явдал. 

Эрчим хүч мөн адилхан. Дэлхийн хамгийн том эрчим хүч хэрэглэдэг Хятадын зах зээл рүү нийлүүлэх нь бидний хувьд эдийн засгаа томруулах гарц шийдэл. Бид Хятадын эрчим хүчний салбараас тусгаар, бие даасан байна гэхээсээ илүүтэй бие биеэсээ харилцан хамааралтай, өгөлцөж авалцдаг байх хэрэгтэй. Европт ч ийм байна. Мэдээж геополитик, улс төрийн асуудлууд хөндөгдөнө. Үүнийг ухаалгаар навигаци хийх нь бидэнд тулгарч буй том сорилт юм. Хятадын сүлжээтэй ногоон эрчим хүчний интеграци зөв хийж чадвал дотоодынхоо хэрэгцээнд нийлүүлэх боломж үүснэ. Тэгвэл дотоодын үйлдвэрлэл ногоон эрчим хүчээр хангагдах бололцоотой болох юм.

Эрчим хүчний экспортын боломжийн талаарх энэ үзэл бодол байр суурийг тань эрчим хүчний салбарынхан хэр боломжтой гэж хүлээж авдаг вэ?

Эрчим хүч экспортлох асуудал 2010-аад оны үеэс хойш хоёр орны хооронд яригдаж, бүр хэд хэдэн төслийн хэмжээнд хүрч байлаа. Харамсалтай нь аль нь ч бодитоор хэрэгжсэнгүй. Төслүүд урагшлаагүйд олон шалтгаан бий. Харин өнөөдөр бол нөхцөл байдал илүү нааштай болсон. Ногоон эрчим хүчний хэрэгцээ Хятад төдийгүй дэлхий даяар их байна. Хятад нь үйлдвэрлэлийн хувьд маш боломжтой ч Монголд үйлдвэрлэх нь давуу талтай байж болохоор харагдаж байна. Мөн хоёр орны хувийн хэвшлийнхний харилцаа, ойлголт ч илүү сайжирлаа. Манай компаниар жишээ авахад л 10 жилийн өмнө Япон түнштэй тул Хятадын компанитай харилцана гэдэг ой тойнд багтахааргүй зүйл байсан. Нөгөө талаар Хятадын төрийн бодлого, компаниуд нь ч хөгжиж дэвшээд олон улсын хамтын ажиллагаа нь их сайжирсан байна. Энэ бүхэн шинэ нөхцөл юм. Байдал арай өөр, илүү нааштай байна.

Манай улсын эрчим хүчний сэргэлтийн бодлогыг энэ салбарт бизнес хийдгийн хувьд хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

Өмнө яриандаа дурдсан зах зээлийн сигналыг бид бүрэн хүлээж аваагүй юм болов уу. Дэлхийн эдийн засаг урт хугацааны сигналаа ногоон хөгжил рүү чиглэнэ гэчихлээ. Харин манай эрчим хүчний бодлого үүнтэй уялдаа багатай байгаад байна. Эрчим хүчний бодлогоор тодорхойлсон төслүүд урагшаа явахгүй байгаа нь дэлхийн эдийн засгийн сигналтай уялдаагүйн илрэл юм. Тодорхой жишээ нь Тавантолгойн цахилгаан станцын тендэр яагаад одоо болтол бүтэлгүй байгаагаас харагдана. Бодлого маань дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагаас зөрж эхэлж байгаа тул засах хэрэгтэй байна. Энэ утгаараа Эрчим хүчний сэргэлтийн бодлогод шүүмжлэлтэй ханддаг.

Мэдээж хэрэг дотооддоо бодлого, чиглэлээ өөрчлөх нь хүссэний зоргоор хийчих амархан зүйл биш. Тэглээ гээд хойш суулгүй дэлхий нийтийн чиг хандлагатай уялдаатай хөгжихийн тулд төр хувийн хэвшил хамтран ажиллаж, хүн хүчээ зарцуулан тооцоо судалгаа хийж, бодлогоо шинэчлэх хэрэгтэй байна. 

Нааштай зүйлс байгааг үгүйсгээгүй. Манай улс 2030 он хүртэл нийт хэрэгцээнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах бодлого, зорилт тавьсан. Усан цахилгаан станцын төсөл урагштай байна. Саяхан МХАҮҮТ дээр Эрчим хүчний зөвлөл байгууллаа. Мөн танхимын эрх мэдлийг нэмэгдүүлсэн хууль боловсруулагдаж байна. Энэ бүхнийг томоохон дэвшил болох болов уу гэж харж байна. Мөн Засгийн газраас хувийн хэвшлийг идэвх санаачилгатай байхыг уриалж буйгаараа нааштай байна. Тиймээс төр, хувийн хэвшил хамтраад, олон улсын жишиг туршлагаас хуваалцаад, суралцаад, бодитой алхам хийгээд явах хэрэгтэй байна. Үүнд Dii түншлэлийг чухал гэж харж байгаа. Удирдлагад нь Европын нэгдсэн цахилгааны сүлжээг удирддаг хүмүүс байдаг. Пол ван Сон тэрхүү сүлжээг үүсгэсэн анхны чухал хүмүүсийн хүн. Ийм мэдлэг туршлагыг бүрэн хэрэглэж чадвал саяын ярьсан ирээдүй рүү явах замыг зурахад бэлэн байна.

Бидэнд маш сайхан боломжууд байна. Суурь нь сайн бүрдэж байна гэж өөдрөгөөр хардаг. Мэдээж хэрэг дутуу дулимаг байгаа зүйлсээ тал талаасаа засаад, түшээд явах хэрэгтэй.

Эцэст нь “Ньюком” ногоон хөгжил, Монгол Улсын эрчим хүчний шилжилтэд ямар хувь нэмэртэй байх вэ? Энэ чиглэлд ямар шинэлэг мэдээлэл дуулгах бол?

Манай хоёр салхин парк хэлбэлздэг эрчим хүч үйлдвэрлэдэг тул шөнийн хэрэглээ бага үед илүү гарч байгаа цахилгаан хэрэглэгдэхгүй яваад байгаа. Үүнийгээ хуримтлуулж, хэрэгтэй үед нь буцаагаад нийлүүлдэг болох чиглэлд судалгаа хийгээд явж байна. Усан хуримтлуур, батарей хуримтлуур, дулааны хуримтлуур гэсэн 3 төрлийн шийдлийг судалж байна. Цахилгааныг дулаан болгож хувиргаад, тэр дулаанаа цахилгаан хэлбэрээр биш дулаан хэлбэрээр нийлүүлэх боломжийг судалж байна. Хэтдээ цахилгаан, дулаан хоёуланг хийж магадгүй. Төрийн холбогдох байгууллагууд, технологийн компаниуд, банкуудтай яриад анхан шатны судалгаа эхлүүлж байгаа. Эрчим хүчний шилжилтэд хувь нэмрээ оруулах, Хятад руу экспорт хийх нь бидний хийх ёстой ажил. Үүнд хувь нэмрээ оруулаад явна.

Ярилцсанд баярлалаа.