E-Sight
Ярилцлага

Б.Дөлгөөн: Үнэ тарифыг нэмэгдүүлэх нь ядууралд нөлөөлөхгүй

2024-09-25 15:48
Э.Мишээл
Сэтгүүлч

Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөнтэй Energy Insight-ийн Э.Мишээл ярилцлаа.

Монгол Улс 2030 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн зорилтыг олон улсад дэвшүүлсэн. Энэхүү зорилтод хүрэх боломж байна уу? 

Монгол Улс олон улсад сэргээгдэх эрчим хүчийг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр үүнээс илүүтэй нэн тулгамдсан зорилт бидний өмнө байна. Бид өнөөдөр тулгамдаж буй асуудлыг тэргүүн ээлжинд шийдэж байж, ирээдүйн зорилт руугаа явах ёстой. Монгол Улсын оргил ачааллын өсөлт өрхийн хувьд 6-7 хувь, аж ахуйн нэгж буюу үйлдвэрлэлийн хэрэглээ 8-10 хувиар жил бүр тогтмол өсөж байна. Эх үүсвэрийн дутагдалтай байгаа цагт аль болох шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдсанаас хойш Амгалангийн дулаан цахилгааны станцын өргөтгөлийг эс тооцвол Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд шинэ эх үүсвэр нэмэгдээгүй.

Танай байгууллага энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар ямар гарц шийдэл гаргаж байгаа вэ?

Бидний судалгаагаар 2030 он гэхэд Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд эрсдэл болон аюулгүй байдлын горимыг тооцож, суурилагдсан хүчин чадлыг 90 гаруй хувьтай ажилласан тохиолдолд одоо байгаа дээр нэмж 1200 МВт хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэж тооцоолсон. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сэргэлтийн нэгдүгээрт яагаад эрчим хүчийг гол сэргэлтээр тодорхойлсны учир нь эрчим хүчний чадлыг нэмэгдүүлж чадахгүй бол манай улсын эдийн засаг бодит боломжоороо өсөх нөхцөл байхгүй.

Судалгааны бусад дүгнэлтийн тухайд?

Эрчим хүчний салбарыг том зургаар харвал эрчим хүчний боломжгүйн гурвал гэсэн зүйл байна. Нэгд тогтвортой байдлаар эрчим хүчийг нийлүүлнэ, хоёрт эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангана, нөгөө талд эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Яагаад боломжгүйн гурвал гэдэг вэ гэхээр дунд хугацаандаа Монгол Улс эдгээр гурван зүйлийн аль нэг хоёрыг сонгох боломжтой. Гурвууланг зэрэг хангана гэж байхгүй. Бидэнд тийм нөөц бололцоо яг одоо алга байна. Үүнээс үзвэл урт хугацаандаа цахилгаан эрчим хүчний бие даасан байдлыг бий болгох, харин дунд болон богино хугацаанд санхүүгийн бие даасан болон эрчим хүчний тогтвортой байдлыг хангах чиглэлд явах нь зүйтэй.

...Эрчим хүчний салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийхэд шаардлагатай хамгийн гол хүчин зүйл бол улс төрийн дэмжлэг.

Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан эрчим хүчний төслүүдэд ямар бэрхшээлүүд тулгарч байна вэ?

Санхүүжилт, хэрэгжүүлэлтийн гүйцэтгэл, засаглал, үнэ тогтох механизм гээд хэд хэдэн бэрхшээл байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрчим хүчний хөгжлийн төслүүдэд дийлэнх нь нүүрс суурьтай буюу дулааны цахилгаан станцууд орсон. Дэлхийн дулаарал, нүүрсхүчлийн хийг бууруулахтай холбоотой нүүрс суурьтай станцуудад гадаадын хөрөнгө оруулалт хумигдсан цаг тул өөрсдийн эх үүсвэрээс өөр гарц алга. Хэрэв энэ замаар явна гэвэл эрчим хүчний үнэ тарифийг бодит өртөгт хүргэж өсгөх хэрэгтэй. Мөн цаашдаа цахилгаан үйлдвэрлэгчид бөөний зах зээл дээр өрсөлдөх тогтолцооны реформ хийх ёстой. Өрсөлдөх боломжийг нээж чадвал дотоодын хөрөнгө оруулалтаар аливаа төслүүдийг эхлүүлэх орон зай үүснэ. Нөгөө талд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний төслийг оруулж ирэхийн тулд оргил ачааллын цагт найдвартай нийлүүлэлтийг хийх, горимын тохиргоо хийхэд хүндрэлгүй зэргийг зайлшгүй харгалзан үзсэний үндсэн дээр зохих шийдвэрүүдийг гаргана. Ингэж байж салбарын хувьд чөлөөт зах зээлийн жамаар явах болов уу гэж харж байна.

Эрчим хүчний экспортын хувьд ямар байр суурьтай байна вэ?

Дотоодын зах зээл хоёр салж байж экспорт хөгжинө гэсэн дүгнэлтэд хүрсэн. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт нар, салхины эх үүсвэрийг ашиглаж сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн экспортлох боломжийн талаарх судалгааны ажлын хүрээнд БНХАУ-ын зарим бүс нутаг руу үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлэх боломжийн талаарх анхан шатны судалгаа хийсэн. Мөн олон улсын чиг хандлагыг харахад эрчим хүчний шилжилт хийж байна. Манай улсын хувьд үүнтэй зэрэгцэж алхах зайлшгүй шаардлагатай. 

Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. Өнгөрсөн жил дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний нэлээд хувийг аж үйлдвэрийн салбарын хэрэглээ эзэлсэн гэсэн судалгаа гарсан. Манай улсын хувьд ямар байна вэ?

Манай улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний бүтцийг ангилан үзвэл, хөдөө аж ахуй 0.8 гаруй хувь, аж үйлдвэр 39 хувь, барилга, тээвэр бусад үйлчилгээний салбар нийт 20 орчим хувийг эзэлж байна. Аж үйлдвэрийн салбар дотроо уул уурхай, боловсруулах гэж хуваагддаг. Орон нутагт ажиллаж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүд зүүн, баруун болон өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй газруудад үйл ажиллагаа явуулдаг. Сүлжээнд холбогдож чадаагүй уул уурхайн олборлолтын аж ахуйн нэгжүүд дизель генератор ашиглаж хэрэглээгээ хангаж байна. Тухайн компаниуд эрчим хүчинд 5-6 дахин өндөр өртөг бүхий зардлыг гаргаж байгаа. 2023 оны 12 дугаар сарын байдлаар эрчим хүчний салбарын нөхцөл ямар түвшинд хүрснийг надаар хэлүүлэлгүй мэдэж байгаа байх.

Ер нь сэргээгдэх эрчим хүчинд дутагдалтай тал гэж бий юу?

Тухайлбал, нүүрс суурьтай цахилгаан станц бүтэн өдрийн турш 300 МВт тогтмол хангах боломжтой. Харин 60 МВт хүчин чадалтай нар, салхины станц бол өөр асуудал. Тухайн өдөр нар, салхины нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөлт гарсан тохиолдолд яах вэ гэдэг асуудал үүсдэг. Сэргээгдэх бол сул бас давуу ч талтай. Салхи нартай өдөр, ямар ч түлш ашиглахгүйгээр цахилгаан болон дулаан үйлдвэрлэж байна шүү дээ. Тиймээс дэлхий нийт энэ чиглэл рүү эргэлт буцалтгүй алхсан. Харин бидний хувьд дэлхийн эрчим хүчний салбар дахь шинэлэг технологи, ололтыг хэрхэн Монголд суурьшуулж нутагшуулах вэ гэдэг том асуудал. Жишээлбэл, би Финланд Улсад очиж “Polar Night Energy” компанийн үйл ажиллагаатай танилцаж байхад тэд цахилгаанаар элсийг халааж, хуримтлуулан дулааны асуудлаа шийдэж байна. Мөн сүүлд Испанид эхлүүлэх гэж буй төслийн менежертэй уулзалт хийхэд тэд нэг төрлийн давсыг ашиглаж цахилгаан, дулааны эрчим хүчийг хуримтлуулан ашиглах гэж байна.

Таны хэлж буй реформыг хэзээ, хэрхэн хийх вэ?

Реформ гэдэг нь бид гаргасан бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн үг. Манай хөгжлийн эдийн засагт бодлогын гурвал гэж нэршил байдаг. Бодлого амжилттай хэрэгжихэд гурван хүчин зүйл зайлшгүй. Нэгдүгээрт аливаа бодлого, төсөл нь асуудлаа онилоод шийддэг байх ёстой. Зүгээр шийдэл гаргачихаад хэрэгжүүлдэг, гэтэл асуудал хэвээр үлддэг. Хоёр дахь нь улс төрийн дэмжлэг авах ёстой. Улс төрийн дэмжлэг авснаар санхүүжилт болон бусад нөөц шийдэгдэх боломжтой. Гурав дахь хүчин зүйл бол төсөл, хөтөлбөрийг хариуцсан байгууллага нь тухайн бодлогыг хэрэгжүүлэх хэмжээний чадамжтай байх ёстой. Яагаад гэвэл бодлогууд хэрэгжүүлэх шатанд хүндрэлийн түвшин харилцан адилгүй байдаг. Тиймээс байгууллагын чадамж нь бодлогын хүндрэлийн түвшнээс дээгүүр байж төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжинэ. Хэчнээн сайн бодлого гаргаад улс төрийн дэмжлэг аваад амжилтгүй болдог жишээ дэлхий даяар бий. Үүний шалтгаан нь байгууллагын чадамжтай холбоотой. Энэ гурваас харахад эрчим хүчний салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийхэд шаардлагатай хамгийн гол хүчин зүйл бол улс төрийн дэмжлэг. Ингэж байж урт хугацааны реформын шинэчлэлт хийгдэнэ. 

Эрчим хүчний салбарт цахилгаан эрчим хүчнээс гадна дулааны эрчим хүчний асуудал бий?

Улаанбаатар хотын хувьд цахилгаанаас илүүтэй дулаан хангамжийн дутагдал нь их байна. Тиймээс ч IV ДЦС нь цахилгааны үйлдвэрлэлийг бууруулж, дулааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа. Дулааны хувьд бодит өртгөөсөө 2-4 дахин хямдаар хэрэглэгчдэд хүрдэг тул тус салбарын алдагдлыг цахилгааны үнэ тарифт хөндлөн татаас хэлбэрээр шингээх замаар шийдэж байна. Өөрөөр хэлбэл өндөр татаас дулаанд өгдөг. Нөгөө талаас эрчим хүчний үнэ тарифын реформыг хийх шаардлагатай боловч ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг асуудаг. Үнэ тарифыг бодит өртөг рүү ойртуулан нэмэгдүүлэхэд өрхийн хэрэглээ, амьжиргаанд яаж тусах вэ, ядууралд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн судалгааг хийсэн. Одоо мөрдөгдөж буй үнэ тарифаар тооцвол тухайн өрхийн орлогын 2.2 хувийг цахилгааны төлбөр эзэлж байна. Эдгээр судалгаанаас дүгнэхэд тарифыг бодит өртгийн түвшинд хүргэж нэмэгдүүлснээр өрхөд ирэх дарамт айхтар нэмэгдэхгүй, ядууралд үзүүлэх нөлөөгүй гэж гарсан.

Ярилцсанд баярлалаа.