ХБНГУ-ын ENERTRAG компанийн Гадаад улс орнууд дахь шинэ зах зээлийг хариуцсан газрын дарга Асдин Хассентай Energy Insight-ийн О.Батболд ярилцлаа.
ENERTRAG компанийн талаар манай уншигчдад танилцуулна уу?
ENERTRAG компани анх 1998 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш 2000 гаруй мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станцууд байгуулаад байна. Бид гурван тивийн есөн улсад үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 1000 гаруй ажилтантай. Байгуулагдсан цагаасаа салхин сэнс суурилуулаад зогсохгүй гибрид цахилгаан станц байгуулахад анхаарч ажиллаж байна. Берлиний умард хэсэгт орших Дауэрталд манай төв салбар байрладаг. Бид ХБНГУ-ын анхны гибрид цахилгаан станцыг байгуулж байсан.
ENERTRAG-ийн үүсгэн байгуулагч анхандаа Москвад цөмийн шинжлэх ухаанаар суралцаж байгаад дэлхийн эрчим хүчний хэрэгцээг зөвхөн нар, салхины эх үүсвэрээр л зохих хугацаанд байгаль орчныг бохирдуулалгүйгээр бүрэн хангах боломжтойг ойлгож, ирээдүйд устөрөгч нэн хэрэгтэй болох юм байна гэдгийг олж харсан юм билээ. Харин өнөөдөр Германы хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэг болоод зогсохгүй ногоон устөрөгч үйлдвэрлэлийн чиглэлд бид анхдагч нь боллоо. Бид 2006 онд өөрсдийн гэсэн цахилгаан сүлжээтэй болж, 2011 онд электролизатор байгуулж, дэлхий даяар устөрөгчийн хэд хэдэн хамтарсан төсөл хэрэгжүүлж байна. Тэр дундаас онцлох нэг төсөл бол Намиби дахь HYPHEN төсөл.
Танай компанийн гибрид цахилгаан станц нь бусад цахилгаан станцтай харьцуулахад ямар асуудлыг шийдсэн бэ? Ямар давуу тал болон онцлогтой бол?
Цахилгаан станцууд цахилгаан үйлдвэрлэхээс өөр олон үүрэгтэйг онцлох нь зүйтэй болов уу. Эдгээр станцууд эрчим хүч, дулаан үйлдвэрлээд зогсохгүй цахилгаан сүлжээний тогтвортой байдлыг хангаж, реактив хүчин чадлыг бий болгодог. Нар, салхины уламжлалт станцууд цахилгаан эрчим хүч л үйлдвэрлэдэг байсан бөгөөд зөвхөн таатай нөхцөл бүрдсэн тохиолдолд л эрчим хүч нийлүүлдэг тул хувьсагч үйлдвэрлэгч гэж нэрлэх нь бий. Харин манай гибрид станц нь уламжлалт цахилгаан станцын адил олон үүрэгтэйгээс гадна нар, салхины эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэдгээрээ онцлог. Сэргээгдэх эрчим хүчний одоогийн стандарт станцууд зөвхөн цаг агаарын таатай нөхцөлд эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд цахилгаан сүлжээний тогтвортой байдлыг системийн операторууд зохицуулах шаардлагатай болдог. Энэ арга барил нь технологи хөгжүүлэлтэд хэрэгтэй ч нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээ нэмэгдэх тусам цахилгаан нийлүүлэлт дангаараа хангалтгүй болдог. Манай гибрид цахилгаан станц энэ асуудлыг шийдэж, дээр дурдсан чухал үүргүүдийг давхар гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, цэвэр эрчим хүчнээс гадна дулаан үйлдвэрлэж, цахилгаан сүлжээний тогтвортой байдлыг хангадаг. Үүний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь ногоон устөрөгч үйлдвэрлэхэд ашигладаг электролизатор юм. Уг систем нь илүүдэл цахилгаан эрчим хүчийг устөрөгч болгон хувиргадаг. Энэ мэтчилэн өөр өөр төрлийн эрчим хүчийг хадгалж, хувиргаснаар нар, салхины нөөц хангалтгүй үед цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг тогтворжуулдаг. Түүнчлэн устөрөгч нь петрохимийн салбарт чухал түүхий эд бөгөөд керосин, метанол, аммиак зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг.
Ер нь гибрид цахилгаан станц хэр их эрчим хүч үйлдвэрлэх боломжтой вэ? Анх үйлдвэрлэж эхэлснээс хойш нийт хүчин чадал нь нэмэгдсэн үү? Хэрэв тийм бол хэр их хэмжээгээр?
Хүчин чадлаа тогтмол нэмэх боломжтой байдал нь гибрид цахилгаан станцын нэг давуу тал. Уккермарк дахь манай байгууламжийг жишээ татаад үзье. Хүчин чадлаа тогтмол нэмсээр одоо 1 ГВт (1000 МВт) гаруй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Нар, салхины эх үүсвэрийг электролиз, цэнэг хураагуур, цахилгаанаас дулаанд шилжүүлэх систем зэрэг эрчим хүчний уян хатан хэрэглээний технологитой нэг сүлжээнд холбосон нь гол шийдэл гэж ойлгож болно. Ингэж холбосноор сүлжээнд нийлүүлж буй эрчим хүчний хэмжээг илүү тэнцвэржүүлж сайжруулах юм.
Уккермаркийн суурилагдсан хүчин чадал хэд вэ? Одоогоор хэр хэмжээний албан байгууллага, айл өрхийг гибрид эрчим хүчээр хангаж байна вэ?
Одоогоор 1 ГВт суурилагдсан хүчин чадлыг 560кВт электролизатороор холбосон бөгөөд 22 МВт цэнэг хураагуур болон эрчим хүчнээс дулаанд хөрвүүлэх системүүдтэй. Гэхдээ Уккермаркийн гибрид цахилгаан станц хараахан дуусаагүй байгаа. Бид цаашид суурилагдсан хүчин чадлыг тогтмол нэмж, нэмэлт бүрэлдэхүүн хэсгүүдтэй холбоно. Энэ мэтчилэн станцыг тогтмол хөгжүүлж, сайжруулснаар системийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй нэгдсэн цахилгаан станцын үйл ажиллагааны цаашдын төлөвийг зураглаж, үргэлжлүүлэн сайжруулж, инновац нэвтрүүлэх зэрэг мөнгөөр үнэлэх боломжгүй үнэ цэнийг бий болгож байгаа юм.
Салхи, устөрөгч, биогаз гэсэн гурван өөр төрлийн эх үүсвэрээс эрчим хүч гаргадаг юм байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэл том талбай эзлэх үү? Хэдэн га газрыг хамардаг бол?
Уккермаркийг сонгосон шалтгаан нь манай төслийн нийт талбай нэлээд том. Хүн амын нягтрал нь ХБНГУ дотроо хамгийн бага бөгөөд салхины нөөц хамгийн өндөр. Нарны илч хангалттай тусдаг, салхи ихтэй, талбай томтой газар сэргээгдэх эрчим хүчний систем байгуулахад хамгийн тохиромжтой. Тиймээс ч Уккермаркийн өвөрмөц тогтоц, байгалийн нөөц нь сэргээгдэх эрчим хүчийг үр ашигтайгаар ашиглахад таатай байдаг.
Үйлдвэрлэсэн дулаан, цахилгаанаа хэрхэн түгээж хэрэглэгчдэд хүрдэг вэ?
Цахилгаан эрчим хүчийг түгээх системд 400 кВт-аар шууд нийлүүлснээр системийг бүхэлд нь эрчим хүчээр хангах боломжтой. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг өөр олон компани цааш нь түгээж хуваарилдаг. Харин үйлдвэрлэсэн дулааныг халуун ус дамжуулах хоолойгоор төвлөрсөн халаалтын системд нийлүүлдэг. Энэ систем нь Улаанбаатар хотынхтой төстэй ч хамаагүй бага хэмжээгээр дулааныг хэрэгцээтэй газруудад үр ашигтайгаар хүргэдэгээрээ онцлог.
... Монгол Улс нүүрсний нөөц их ч гэсэн гибрид цахилгаан станцад нэн хэрэгтэй салхи, нар болон газрын нөөц нүүрснээс ч их бий.
Гибрид цахилгаан станц байгуулах нь өртөг зардлын хувьд хэр бол? Танай компанийн хувьд зардлаа нөхөж эхэлсэн үү? Нөхсөн бол хэр хугацаанд нөхсөн бэ?
Эрчим хүчийг худалдах үндсэн динамик нь эрчим хүчний салбарын үндэсний зохицуулалтаас ихээхэн хамааралтай. Германд хэрэглээний тариф, оффтейк гэрээ, цахилгаан эрчим хүчний спот зах зээл гэх мэт олон төрлийн татаас үйлчилдэг. Бидний төсөл нэг дор бүхэлдээ хийгдээгүй. Урт хугацаанд хувьсан өөрчлөгдөж, өргөжиж тэлсэн учир зардлыг ганц үзүүлэлтээр тодорхойлоход хүндрэлтэй.
Төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтаа зөвхөн нэн шаардлагатай генераторуудад зарцуулсан. Бага зардлаар өндөр үр ашигтай үйлдвэрлэх зорилгоор нар, салхины эх үүсвэрийг хослуулж, дамжуулах шугам, дэд станцууд зэрэг нэн хэрэгтэй сүлжээний дэд бүтцийг барьж байгуулсан. Ингэхдээ хамгийн тохиромжтой хадгалах системийг байгуулсан бөгөөд үүнд цэнэг хураагуур, устөрөгчийн үйлдвэрлэл, хадгалах байгууламж багтсан байгаа. Бидний хувьд цэвэр эрчим хүчийг бусад эх үүсвэртэй өрсөлдөхүйц хямд үнээр үйлдвэрлэж, ашигтай ажиллах боломжтойг нотлон харуулах нь гол зорилго. Тиймдээ ч уламжлалт цахилгаан станцын адилаар ашигтай ажиллагаандаа анхаарсан.
Компанийг анх үүсгэн байгуулахдаа үйлдвэрлэл, зорилтыг Герман улсын эрчим хүчний бодлоготой хэрхэн уялдуулсан бэ? Энэ нь одоогийн нөхцөл байдалд өөрчлөгдсөн үү?
Герман улс маш их хэмжээний эрчим хүч хэрэглэдэг. Анхандаа нар, салхины эрчим хүч байгалийн хий, эсвэл нүүрсний цахилгаан станцаас үнэтэй байсан бол одоо эрс өөрчлөгдөөд байна. Нартай өдөр цөөтэй Германд хүртэл нарны эх үүсвэр ашиг, өртгийн харьцаагаараа нүүрстэй өрсөлдөхүйц байна. Салхины эх үүсвэр ч мөн адил өрсөлдөх чадвар сайтай. Анх эхэлж байхдаа бид гибрид цахилгаан станцыг хөгжүүлэхээс гадна электролиз, ногоон устөрөгчийн салбарт туршлага хуримтлуулахад анхаарсан. Энэ нь ирээдүйд бүх төрлийн эрчим хүчний системд нэн хэрэгцээтэй бүрэлдэхүүн хэсэг болно гэдэгт итгэлтэй байсан болохоор тэр. 2022 оны хоёрдугаар сард манай Засгийн газар ч мөн үүнийг бодитоор хүлээн зөвшөөрсөн. Бидний алсын хараа өнөөдөр бодитоор биеллээ олсон гэж хэлж болно.
Танай компанийн үйлдвэрлэсэн дулаан, цахилгааны эрчим хүчний үнэ Германы дулаан, цахилгааны дундаж үнэтэй харьцуулахад үнэтэй юу, хямд уу?
Нар, салхины эрчим хүчний өрсөлдөх чадвар хангалттай сайжирсан. Гэхдээ гибрид цахилгаан станцыг шаардлагатай бүрэлдэхүүн хэсгүүдтэй холбоход эрчим хүчний зардал болон бусад зардлууд дагаад өснө. Манай үйл ажиллагаанд аливаа шатахуун шаардлагагүй тул бүтээн байгуулах үеийн анхны зардал нь эрчим хүчний үнийг тодорхойлох нэг том хүчин зүйл болдог. Германд газар эзэмших зардал болон хөдөлмөрийн өртөг өндөр. Гэсэн ч бид эрчим хүч, дулааныг өрсөлдөхүйц үнээр нийлүүлж байна. Түүнчлэн манай системийн нэг чухал давуу тал нь тэсвэртэй байдал. Салхи болон нарны эх үүсвэр өөрөө шавхагдашгүй. “Унтраах” боломжгүй тул эрчим хүчний тогтвортой бөгөөд найдвартай байдлыг хангадгаараа давуу талтай.
Гибрид цахилгаан станцыг бусад оронд байгуулах боломж бий юу? Олон улсын туршлага, шийдлээс хуваалцана уу? Ялангуяа хөгжиж буй манай улсад хэр боломжтой гэж харж байна вэ?
Монгол Улс бол байгалийн баялаг нөөцтэй орон. Хэдийгээр нүүрсний нөөц их ч гэсэн гибрид цахилгаан станцад нэн хэрэгтэй салхи, нар болон газрын нөөц нүүрснээс ч их бий. Монголын энэхүү өвөрмөц нөхцөлд нутагшуулах зайлшгүй шаардлагатай. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд ч тэр, дулааны үйлдвэрлэлд ч тэр. Энэ хоёр асуудлыг хамтад нь шийдсэнээр илүү түргэн хугацаанд нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчний системийг бий болгох боломжтой болно. Стратегийн чиглэл нь одоогийн цахилгаан станцуудыг солих бус харин орчин үеийн технологиор дамжуулан сайжруулах хувилбарт төвлөрөх хэрэгтэй болов уу. Тэр технологиуд нь нар, салхины эх үүсвэрүүдэд байна. Энэ шийдлээр хүн ам, бизнес, аж үйлдвэрийн өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой болох юм.
Ярилцсанд баярлалаа.