E-Sight
Ярилцлага

Б.Ерэн-Өлзий: Манай улсын ДНБ-ийн өсөлт, эрчим хүчний хэрэглээ хоёр шууд хамааралтай

2024-09-25 16:48
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Монгол Улсын эрчим хүчний салбарын бодлого, сэргээгдэх эрчим хүчийг аукционы зарчмаар өрсөлдөөн үүсгэж хөгжүүлэх, ногоон эрчим хүчний шилжилт хийх боломжийн талаар Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзийтэй "Энержи Инсайт"-ын Э.Оджаргал ярилцлаа.

... Манайд тохируулгын буюу түргэн маневрладаг эрчим хүчний эх үүсвэрүүд шаардлагатай.

Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдлаас ярилцлагаа эхэлье. 

Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг ярихаас өмнө манай орны өөрийн онцлогийг ярих ёстой байх. Өргөн уудам газар нутагтай. Улаанбаатар хотыг эс тооцвол хүн амын нягтрал багатай. Далайн түвшнээс харьцангуй өндөрт, хүйтэн сэрүүн бүс нутагт оршдог. Жилийн есөн сард нь дулаан хангамж буюу Монгол гэрээр тооцоход гал түлэх шаардлагатай. Нөгөөтэйгүүр нүүрс газрын тос тодорхой хэмжээнд байна. Байгалийн хий алга. Нүүрсний давхаргын метан хийн талаар идэвхтэй ярьж байгаа ч олборлох, ашиглах хэмжээнд хараахан хүрээгүй. Газрын тосны орд газар дагасан байгалийн хий байхгүй. Томоохон голууд бол нутгийн хойд хэсгээр байршдаг ба Сэлэнгэ нуурын цутгал болоод дэлхийн цэнгэг усны нөөцийн 14 орчим хувийг бүрдүүлэгч Байгаль нуурт цутгадаг. Бидэнд эрчим хүч болгон хувиргах боломжтой зүйлс нь энд байгаа. Хүйтэн болохоор дулаан хангамжийн асуудал чухлаар тавигддаг учраас Монгол Улсад нүүрс шатааж цахилгаан дулаан үйлдвэрлэх технологийн дулааны цахилгаан станц (ДЦС)-ууд өнгөрсөн 80 жилийн хугацаанд хөгжиж ирсэн. Үүнд түшиглээд манай систем ОХУ-ын Буриадын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажилладаг. Тэндээс тохируулга хийдэг. Ийм байдалтай явсаар зах зээлийн нийгэмд шилжсэн. Энэ хугацаанд ОХУ-ын зэрэгцээ системтэй холбогдож давтамж, тохируулгаа хийдэг байдал хэвээр байна. 

Манай улс өөрөө тохируулгаа хийдэг болж байж эрчим хүчний импортын хараат байдал буурах нь, тийм үү? 

Аливаа улсын эрчим хүчний салбар өөрөө өөрийгөө тохируулж чаддаг цогц системтэй байх ёстой. Эрчим хүчний систем гэдгийг бид нийтээрээ сайн ойлгох хэрэгтэй. Олон төрлийн хүчин зүйлс нэгдэж байж нэг цогц системээр ажилладаг. Гэтэл манай улсад яг систем гэдэг утгаараа эрчим хүчний цогц ажиллагаа учир дутагдалтай явж ирсэн. Цогц утгаараа ажиллахад бидэнд тохируулгын буюу түргэн маневрладаг эрчим хүчний эх үүсвэрүүд шаардлагатай. Хийгээр ажилладаг станцууд Монголд хөгжөөгүй. Социализмын үед ч, өнгөрсөн 30 жилд ч хий байгаагүй учир тэр. Хийгүй тул дараагийн тохируулгын эх үүсвэр болгож усан станц барья гээд Эгийн голоос авхуулаад төлөвлөлтүүд явсан. Харамсалтай нь Байгаль нуурын экосистемд үзүүлэх нөлөөллөөс болоод хөрш оронтойгоо ойлголцох хэрэгцээ шаардлага үүсэж том чадлын усан станцуудын хэрэгжилт удаашралтай байгаа юм. Хэдий ийм нөхцөл байдалтай ч манай эрчим хүчний цахилгаан, дулааны эх үүсвэр нэмэгдэж байна. Энэ жил ашиглалтад орох Бөөрөлжүүтийн эхний блок, Чойбалсангийн 50МВт станцыг тооцвол бараг 800 МВт эрчим хүчний үйлдвэрлэл 2016 оноос хойш Монгол Улсад нэмэгдсэн. Энэ бол маш том тоо. 

Тэгэхээр бидний хэрэглээ гүйцэгдэхгүй байна? 

Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал жилд дунджаар 5-6 хувиар нэмэгдэж байхад хэрэглээ маань 7-8 хувиар өссөөр ирсэн. Хэрэглээгээ гүйцэж чадахгүй байна. Ялангуяа эдийн засаг идэвхжсэн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ маш их нэмэгддэг. 2023 онд л гэхэд нүүрсний экспорт, зэсийн үнийн өсөлт гэх мэт таатай байдал манай эдийн засаг дахь мөнгөний урсгалыг ихээр нэмсэн. Энэ нь цаанаа тэр чигтээ эрчим хүчний хэрэглээг нэмж байдаг. Манай улсын ДНБ-ийн өсөлт, эрчим хүчний хэрэглээ хоёр шууд хамааралтай гэж хэлж болно. Хэрэглээ гүйцэгдэхгүй байгаа болохоор өвлийн саруудад эрчим хүчний хомсдол, дутагдалтай байдал үүсэж байгаа хэрэг. Тэгэхээр эдийн засаг тэлэхийн хэрээр зөвхөн цахилгаан, дулаан үйлдвэрлэхээс гадна бүтээгдэхүүнээ дамжуулах, түгээх дэд бүтцүүд бас хөгжиж байх ёстой. Гэвч улсын төсвийн болон Монгол Улсын өрийн тааз тулсантай холбоотойгоор дагалдах дэд бүтцүүдийн хөрөнгө оруулалт хангалттай хийгдэж төдийлөн чадахгүй байна. Улмаар дагалдах дэд бүтцүүдийн дутагдалтай байдлаас шалтгаалаад аж ахуйн нэгж, албан газрууд цахилгаан, дулааны техникийн нөхцөл авахад хүндрэл үүсэж байгаа. Ялангуяа Улаанбаатар хотод энэ байдал түгээмэл болж байна. Ийм байдлаар өнөөгийн эрчим хүчний салбарыг дүгнэж болохоор байна. 

Тавантолгойн цахилгаан станцын төсөл урагштай байна уу?

Мэдээж говийн бүсэд нар, салхины эрчим хүчний эх үүсвэр, төслүүдийг олноор хөгжүүлнэ. Дан нар салхиар говийн бүсийн цахилгаан хангамжийг найдвартай хангаж чадахгүй. Тогтвортой эрчим хүчний эх үүсвэр байх шаардлагатай. Тиймээс Тавантолгойн цахилгаан станцыг барих зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Одоо төвийн бүс маань ОХУ-ын импортын шугамаар тохируулгаа хийдэг. Тэгвэл өмнөд говийн бүсийн эрчим хүчний систем БНХАУ-ын импортын шугамаар тохируулгаа хийдэг болж хувирна гэсэн үг. Энэ бол манай эрчим хүчний салбарын бодлого биш гэж би ойлгож байна. Тухайн бүс нутгаа тогтвортой, найдвартай эрчим хүчээр хангахын тулд хувьсамтгай бус суурь горим бүхий нүүрсээр ажилладаг станц барьж байгуулах зайлшгүй шаардлага энэ. Ер нь эрчим хүчний системийн төлөвлөлт гэдэг нь ирээдүйд бий болох хэрэглээг хэрхэн найдвартай, эдийн засгийн үр ашигтайгаар, ногоон байдлаар хангах вэ гэсэн бодлого юм. Нар, салхины эрчим хүч мэдээж ногоон эх үүсвэр мөн. Хамгийн гол зүйл бол найдвартай байдлыг алдагдуулж болохгүй. Хэтэрхий өндөр өртөгтэй, үнэтэй эрчим хүчний системийг бий болгож болохгүй. Хэрэв манай цахилгаан, дулаан хэтэрхий өндөр үнэтэй болох юм бол тэр хэмжээгээр эдийн засгийн өрсөлдөх чадвар л буурна. Дотоодод үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүний үнэ, өртөг нэмэгдэнэ гэсэн үг. 

... Монголд сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг 4-5 цент болгох боломж бий. 

Манай улс өөрсдөө горимын тохируулгаа хийхийн тулд маневрлах чадвартай эх үүсвэрүүдийг яаж нэмэгдүүлэх вэ? Улсын хил, хөрш оронтой холбоогүйгээр дотоодын бусад байршлууддаа УЦС барих боломжтой санагддаг? 

Зөвхөн Сэлэнгэ мөрний ай савд УЦС барина гээд нэг зүйлд баригдаад суугаад байж болохгүй нь үнэн. Өөр хувилбаруудтай байх хэрэгтэй. Энэ агуулгаараа бид бага, дунд чадлын УЦС-ыг илүү олноор хөгжүүлэхээр зорьж байна. Манай улсад Завхан, Тайшир, Ховдод, мөн 12 МВт-ын Дөргөний гэх зэрэг УЦС ажиллаж байна. Ийм бага, дунд чадлын УЦС-уудыг хөрш орнуудтай үл ойлголцол үүсгэхгүй байршлуудад олноор байгуулъя гэж байгаа. Ингээд ирэхээр Эгийн голын УЦС шиг чухал нөлөөллийг манай улсын эрчим хүчний системд үзүүлнэ. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг энэ хавар эхлүүлэх гэж байна. Байдрагийн 30МВт эрчим хүчний УЦС-ын ТЭЗҮ-ийг хийгээд санхүүжилтийг олон улсын байгууллагуудтай ярьж байна. УЦС-аас гадна ус хуримтлуурын цахилгаан станцын төслүүдийг барихаар төлөвлөж буй. Эрчим хүчний яам бодлогоор дэмжиж ус хуримтлуурын цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг олон хувийн хэвшилд олгосон. Харамсалтай нь хувийн хэвшлийн эдгээр төслүүд амжилттай явж өгөхгүй байна. Хувийн хэвшил хангалттай тусгай зөвшөөрөл авсан гээд төр хойш суугаад байхаар эрчим хүчний хэрэглээ биднийг хүлээхгүй байгаа учраас яалт ч үгүй төр оролцох шаардлага үүсэж байна. Тэр утгаараа төрөөс Байдрагийн УЦС-ыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төвийн бүсэд ус хуримтлуурын цахилгаан станц байгуулахаар өнгөрсөн хоёр жилд Эрчим хүчний яам ажиллалаа. Энэ хүрээнд төвийн бүсэд ус хуримтлуурын станц барьж байгуулах боломжтой 30 гаруй байршлыг тогтоож, тэдгээрээс шигшээд 2 байршилд нарийвчилсан судалгаа хийсэн. Ингээд хамгийн эцсийн байршил буюу Сэлэнгэ аймгийн Ерөө голын дэргэд ус хуримтлуурын 100МВт станц барих ТЭЗҮ-ийг хийж дууссан. Одоо санхүүжилтээ Азийн хөгжлийн банктай ярилцаж байна. Ус хуримтлуурын бага, дунд шатлалын цахилгаан станцыг эрчим хүчний системийн тохируулгын эх үүсвэрийн нэг төрөл болгож олноор барьж байгуулъя гэсэн бодлого барьж, энэ чиглэлээр хувийн хэвшлийн оролцоог бүрэн дэмжиж байгаа. 

Ер нь бид тохируулгын эх үүсвэртэй л болъё гээд яриад байна, тийм үү? Энэ нь ганцхан технологид суурилж болохгүй. Усан станц, ус хуримтлуурын станц, батарей хуримтлуур, хийн станц ч байж болно. Эдгээр технологи нь бүгд давуу болон сул талтай. Нэгнийх нь сул талыг нөгөөх нь нөхдөг байх хэрэгтэй. Тэгэхээр бид Монгол Улсад зөвхөн усан станц, эсвэл зөвхөн батарей хуримтлуурыг л тохируулгын эх үүсвэр болгон хөгжүүлнэ гэж болохгүй. Аль болох эрчим хүчний системээ солонгоруулсан, бие биеийнх нь давуу, сул талыг нөхсөн байдлаар хослуулж хөгжүүлнэ. Батарей хуримтлуурын хамгийн эхний төсөл болох 80МВт эрчим хүчний станц ашиглалтад орж үйл ажиллагаа нь эхэлчихсэн явж байна. Дараагийн ээлжинд Дэлхийн банктай хамтраад 200МВт чадалтай батарей хуримтлуурыг 100, 100-гаар нь салгаад Чойр болон Мандалговийн дэд станцын орчим барьж байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа. Эдгээр төсөл нь Монгол Улсын системийн тохируулгын дараа дараагийн гол эх үүсвэрүүд болж хөгжинө. 

Монгол Улсын эрчим хүчний системд ногоон эх үүсвэрийн эзлэх хувь хэмжээний тодорхой тооцоолол бий юу? 

Дэлхийн хөгжил ногоон эдийн засаг, ногоон эрчим хүчний эх үүсвэр рүү шилжиж байна. Монгол Улс ч хөл нийлүүлээд явна. Гэхдээ түрүүн ярьсанчлан Монгол Улсад өөрийн онцлогууд байна. Эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралдаа маш хүйтэрдэг орны хувьд цахилгаан, дулаан хангамж нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Бид ногоон эрчим хүч буюу нар, салхийг хөгжүүлж байна, нүүрс “муухай” гээд эрсдэлтэй эрчим хүчний системийг бий болгох эрхгүй. Улаанбаатар хотын дулаан хангамж ойрын ирээдүйд ч гэсэн найдвартай ажиллаж байх ёстой. Иймд эрчим хүчний системээ эрсдэлтэй бус, найдвартай систем болгохын төлөө төрийн, хөгжлийн бодлого чиглэх ёстой. Мэдээж эдийн засгийн үр ашгаа харгалзана. Тэгэхээр нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг манай улсын эрчим хүчний системийн хэд орчим хувьд байлгах тэнцвэрийг зөв тааруулах шаардлагатай. 2015 онд Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлагдсан. Тухайн бодлогод сэргээгдэх эрчим хүчийг 2020 оны түвшинд суурилагдсан хүчин чадлын 20 хувь, 2030 онд суурилагдсан хүчин чадлын 30 хувьд хүргэнэ гэж тусгасан. Ийм харьцаанд сэргээгдэх эрчим хүчний оролцоог барихад манай улсын эрчим хүчний систем хэврэг бус, найдвартай байдлаа хангаад хөгжинө гэж тухайн үед тооцож байсан. 

Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого хүчингүй болсон. “Эрчим хүчний сэргэлт”- ийн бодлогыг 2030 он гэхэд манай улсын эдийн засгийг эрчим хүчний хэрэглээтэйгээ уялдуулж тооцоолсон зорилт гэж ойлгож болох уу? 

Ер нь тийм. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль 2020 онд батлагдаад, хуулийн хүрээнд салбарууд дээр байгаа бодлогын баримт бичгүүдийг цэгцлэх ажлуудыг хийсэн. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого мөн яг энэ хууль батлагдсаны дараа гарсан УИХ болон Засгийн газрын тогтоолуудаар хүчингүй болсон байгаа. Гэсэн хэдий ч салбарын дүр зургийг харуулсан агуулга нь хэвээрээ л мөрдөгдөж буй. Харин манай салбарын гол гол хэрэгжүүлэх бодлого Шинэ сэргэлтийн бодлого, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн холбогдох зорилтот хөтөлбөрүүдэд тусаад хэрэгжиж байна. “Эрчим хүчний сэргэлт”-ийн бодлогод салбарын төлөвлөсөн төслүүд хангалттай туссан гэж ойлгож болно. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдтэй холбоотой хөрөнгө оруулалтын маргаан Засгийн газрын

Сэргээгдэх эрчим хүчний төслүүдтэй холбоотой хөрөнгө оруулалтын маргаан Засгийн газрын гэлтгүй, улс хоорондын түвшинд яригдаж байна. Тус асуудлыг цэгцлэх чиглэлд ямар ажлууд хийж байгаа бол? 

Энэ нь 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой. Тухайн үед Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд дэмжих тарифуудыг зориуд ам. доллароор баталсан. Үүний хүчинд хувийн хөрөнгө оруулалтаар нарны 7, салхины 3 станц баригдсан юм. Эдгээр нь Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 20 орчим хувийг бүрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна. Нэмээд нар, салхины 10 цахилгаан станц ашиглалтад ороход л манай системийн боломжит хэмжээ техникийн хувьд тулна. Ингэж давахуйц олон тусгай зөвшөөрлийг тухайн үед хувийн хэвшлүүд авч байжээ. Нийт авсан тусгай зөвшөөрлийг тооцож үзвэл эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын бараг 50 хувьд дөхөх тоо гарах байх. Хэрэгцээнээсээ давсан эх үүсвэр баригдах тусгай зөвшөөрөл олгогдчихсон гэсэн үг. Энэ асуудал одоо Монгол Улсад нар, салхины эх үүсвэрийг зохистойгоор хөгжүүлэхэд гол чөдөр тушаа болоод байна. Төрөөс, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон энэ олон тусгай зөвшөөрлүүдийн 10 орчим нь хүчин төгөлдөр хэвээрээ байна. Нэгэнт зөвшөөрөл олгосон учир Эрчим хүчний яамнаас тодорхой хэмжээний боломж олгож байгаа. Энэ нь шударга тарифаар, гэхдээ тохируулгыг станцууд өөрсдөө шийдвэрлэх, батарей хуримтлууртайгаар төслөө хэрэгжүүлэхээр Сайдын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж бодлогын чиглэл гарсан. Тус шийдлийг нар, салхины төсөл шинээр хэрэгжүүлэхээр тусгай зөвшөөрөл авсан компаниуд ойлгон, хүлээн авч, хамтран ажиллана гэж итгэж байгаа. 

Сайншандын салхин паркийн Германы хөрөнгө оруулагчтай холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэх бол? 

Манай улсад баригдчихсан 3 салхин цахилгаан станцын нэг нь Сайншандын салхин парк юм. Хоёр станцтай нь Монголын тал маргаантай байгаа. Энэ маргаан нь жилд үйлдвэрлэх хэмжээгээ гэрээнд хатуу тусгаагүйтэй холбоотой. Мэдээж үйлдвэрлэгчийн тал үйлдвэрлэсэн эрчим хүчээ худалдаж, үнэлэхийг хүсэж байна. Салхигүй үед үйлдвэрлэл байхгүй, мөнгө авахгүй. Гэтэл Монгол Улсын эрчим хүчний систем өөрийн гэсэн тохируулгын эх үүсвэргүйгээс шалтгаалаад үйлдвэрлэсэн болгоныг нь худалдаж авч чадахгүй байна. Заримдаа яг хэрэгцээтэй үед салхигүйгээс нөгөө станцууд маань эрчим хүчээ үйлдвэрлэж чадахгүй болчихдог. Нэг талаас үйлдвэрлэгчийн хүсэл бол ерөөсөө үйлдвэрлэсэн бүхнээ нийлүүлэх, нөгөө талаас Монголын төвийн бүсийн эрчим хүчний систем Диспетчерийн үндэсний төв техникийн боломждоо захирагдаад үйлдвэрлэсэн болгоныг худалдаж авч чадахгүй байна. Үүнээс болж маргаан үүссэн. Энэ маргаанаа шийдвэрлэе гээд одоо хоёр талаасаа ажиллаж байна. Юу шийдвэрлэх вэ гэхээр жилд үйлдвэрлэх болон жилд Диспетчерийн үндэсний төв худалдаж авах хэмжээгээ 2 тал хэлэлцэж хатуу тогтъё гэж байгаа юм. Тохиролцсон хэмжээндээ Диспетчерийн үндэсний төв худалдаж авч чадахгүй бол төлбөр төлнө. Тэгэхээр 2 талаасаа техникийн боломжоо яг бодитойгоор үнэлээд худалдах, худалдаж авах эрчим хүчний хэмжээгээ хатуу тогтоно гэсэн үг. Энэ төслүүд зээлээр хэрэгжсэн байгаа шүү дээ. Тиймээс зээлдэгчдийн талаас ч гэсэн төслийн эрсдэлүүд буурах тул хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээнд ноогдол ашиг авах боломжууд нь нээгдэнэ. Ингэж маргаан шийдэгдэх боломжтой байгаа юм. Жилд худалдаж авах хэмжээгээ 2 тал хатуу тогтъё гээд Ажлын хэсэг одоо хэлэлцээд явж байна. 

... Манай улсад тусгай зөвшөөрөлтэй нар, салхины станц барих төслүүдийг өөртөө батарей хуримтлууртайгаар хамт хэрэгжүүл гэсэн шийдвэр гарсан.

Энэ маргаан амжилттай шийдэгдвэл Германы дараагийн хөрөнгө оруулагч “Ханбогд салхин цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх итгэл үнэмшилтэй болох байх? 

“Ханбогд салхин цахилгаан станц” төсөл нь мөн л Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө олгогдсон олон тусгай зөвшөөрлийн нэг. Энэхүү төслийн станц 250МВт хүчин чадалтай байх бөгөөд эхний ээлжинд 102 МВт хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулагч нь одоо шууд барилга угсралтын ажлаа хийж ирэх онд ашиглалтад оруулчихна гэхээр мөн л манай төвийн эрчим хүчний системийн тохируулгын эх үүсвэргүйгээс шалтгаалаад энэ компанийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг худалдаж авч чадахгүй. Дахиад 2 талын маргаанд орно. Сүүлийн жилүүдэд олон улсад баригдаж байгаа нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийн өртөг зардал маш хурдацтай буурч байна. Тийм болохоор манай улсад тусгай зөвшөөрөлтэй нар, салхины станц барих төслүүдийг өөртөө батарей хуримтлууртайгаар хамт хэрэгжүүл гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр нар, салхины станцууд өөрийн хашаан доторх батарей хуримтлуураар эрчим хүчний хэлбэлзлээ зохицуулах, аль болохоор хэлбэлзэл багатайгаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлнэ гэсэн үг. Ингэвэл харьцангуй 2 талын маргаан бага байна. Яг энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтийг Эрчим хүчний яамнаас “Ханбогд салхин цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэгч компанид хүргүүлсэн. 

Нар, салхины эрчим хүчний станцуудыг шинээр хөгжүүлэхэд цаашдаа ямар чиг баримжаатай ажиллах вэ? 

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь аукцион буюу дуудлага худалдааны зарчмаар үнийн өрсөлдөөн үүсгэж хөгжүүлнэ. Дэлхийд одоо жишиг болж төгөлдөржөөд байгаа аукционы зарчим байна. Олон улсад сэргээгдэх эрчим хүчийг дуудлага худалдааны зарчмаар, хооронд нь үнийн өрсөлдөөн үүсгэх замаар хэрэгжүүлэн нар, салхинаас үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг бууруулж байна. Жишээ нь Монгол Улстай адил төстэй Узбекистан гэхэд нар, салхинаас үйлдвэрлэж буй эрчим хүчний аукционы үнийг 2-3 цент хүргэж чадсан байгаа юм. Камбож мөн ийм түвшинд хүргэсэн. Цаг уурын нөхцөлийн хувьд манай улстай төстэй Казахстанд гэхэд сэргээгдэх эрчим хүчний анхны төслүүдийн сүлжээнд нийлүүлэх өртөг нь их өндөр үнэтэй хэрэгжсэн, өнөөдөр ч хэвээр. Одоо ашиглалтад орж буй төслүүд нь 2-3 цент болж буурсан. Яг энэ зөв жишгийн дагуу Монгол Улс явна. 

Манай улс тээврийн зардал өндөр, хэрэгжих төслийнх нь хүчин чадал бага учир үнэ тарифыг 2-3 цент биш юм гэхэд ядаж 4-5 цент болгох боломж бий. Уламжлалт хамтын ажиллагаатай АХБ, Дэлхийн банк, ЕСБХБ-наас сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг аукционоор явуулахад бүрэн дэмжлэг үзүүлэхээ Монгол Улсын Засгийн газарт мэдэгдсэн. Аукционд оролцогч компаниудын санхүүгийн зардлыг бууруулах чиглэлд Засгийн газарт дэмжлэг үзүүлж олгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, янз бүрийн зээлийн эргэн төлөлтийн баталгаа гаргаж болно. Дуудлага худалдаанд оролцогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгох дэмжлэг байх боломжтой. Хүлэмжийн хийг бууруулах, ногоон эдийн засгийг бүрдүүлэх нь дэлхий нийтийн зорилт учраас олон улсын байгууллагууд ч Монгол Улсад нар, салхинаас үйлдвэрлэх эрчим хүчний үнэ тарифыг буулгахад дэмжлэг үзүүлэх санал, санаачилгаа гаргаад явж байна. Тиймээс бид цаашид нар, салхины эрчим хүчний төслүүдийг аукционы зарчмаар хэрэгжүүлэх шат руу орж байгаа юм. Батарей хуримтлуурын төсөл мөн л аукционы зарчмаар тухайн хөрөнгө оруулагч хөрөнгө оруулаад, бариад, ашиглаад, өмчлөөд явна гэсэн үг. Энд төрийн ямар нэг оролцоо байхгүй. Төр зөвхөн батарей хуримтлуурын системээс эрчим хүч худалдаж авна, цэнэглэхэд нь цахилгаан худалдана. Ийм л харилцаа үүснэ, бусад асуудал руу төр орохгүй. Жишээлбэл, сүлжээнээс 2 центээр эрчим хүч худалдан авч батарей хуримтлуурыг цэнэглэсэн бол буцаад сүлжээнд хэдэн центээр нийлүүлэх вэ гэсэн өрсөлдөөн аукционд оролцогчдын хооронд үүсэх юм. Бүх эрсдэлийг хөрөнгө оруулагч, акционд оролцогчдод ногдуулаад хаях биш акционыг амжилттай явуулах үүднээс төр болон хамтын ажиллагаатай олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хэрхэн дэмжиж болох хувилбарууд дээр бид одоо Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байна. Сүлжээнд нийлүүлэх тарифыг бага байлгах тал дээр зөвшилцөж байгаа. Хэрэв өндөр эрсдэлтэй төсөл байх юм бол аукционд оролцож байгаа хөрөнгө оруулагч бага тариф санал болгож чадахгүй. Тиймээс бид эрсдэлийг хэрхэн бууруулах, төр яаж хуваалцах тал дээр ажиллаж байна.

Монгол Улс хэтдээ эрчим хүчний экспортлогч орон болох зорилт дэвшүүлсэн. Үүнийг хэр боломжтой, бодитой гэж та үздэг вэ? 

Эрчим хүчний дутагдалд орчихсон хэр нь экспортолно гэж яриад байхаар зарим хүмүүс ойлгохгүй байгаа байх. Манай улсын эрчим хүчний зах зээл маш бага, өөрөөр хэлбэл 3.6 сая хүн амтай улсын эдийн засаг жижиг байна. Экспортын томоохон төсөл хэрэгжих юм бол манай эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаас хэд дахин том төслүүд хэрэгжихээр байгаа юм. Одоо Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1569 МВт орчим. Гэтэл яригдаж буй экспортын төслүүд 5000-10000 МВт чадалтай. Тэгэхээр экспортын төслүүд нь манай эрчим хүчний системтэй холбоогүй, тусдаа байдлаар яригдаж байна. Эдгээр төсөл бодитой хэрэгжвэл хямд эрчим хүч авах боломжийг нээлттэй байхаар бид төлөвлөнө. 

Дэлхий дахинд өрнөж буй ногоон шилжилтийг улс орон болгон өөрийнхөө онцлогт тохируулан хийж байна. Монгол Улсын хувьд өөрийн онцлогт тохирсон ногоон шилжилтийг эрчим хүчний салбарт яаж хийх вэ? 

Нуулгүй хэлэхэд эрчим хүч гэдгийг зөвхөн цахилгаан гэж ойлгодог улс орон, олон улсын байгууллага, хувь хүмүүс маш их байдаг. Эрчим хүч нь цахилгаан болон дулаан хангамж аль аль нь хамтдаа юм. Энгийн жишээ бол манай улсын станцууд дулаан, цахилгааныг хамтад нь үйлдвэрлэж байна. Хэрэглэж буй цахилгаан, дулааныг нэг энергийн нэгжид шилжүүлээд харвал 3/2 нь дулаан, үлдсэн нь цахилгаан байгаа юм. Энэ харьцаанаас ямар их дулааны хэрэглээтэй орон болох нь харагдана. Дулааны өндөр хэрэгцээтэй, хүйтэн цаг уурын бүс нутгууд дахь улс орнуудын цэвэр эрчим хүчний шилжилтийн хугацаа нэлээд урт байх нь тодорхой. Энэ нь 5-10 жилийн асуудал биш. Манай улс цахилгаан үйлдвэрлэлийн хувьд ногоон болж болно. Эрчим хүчнийхээ хэрэглээний бараг 80 хувийг ногоон эх үүсвэрээр үйлдвэрлэдэг болох үе тодорхой хугацааны дараа ирнэ. Харин дулаан хангамжаа ногоон байдлаар шийдэх гэдэг маш хүнд байна. Нар, салхинаас үйлдвэрлэсэн эрчим хүчээр шууд олон барилга байгууламжийн дулаан хангамжийг шийднэ гэдэг өндөр өртөгтэй асуудал. Хэрэглэгчдийн худалдан авах чадавх хүрэхгүй. Тэгэхээр хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцэх “ногоон” эх үүсвэрийн дулаан хангамжийн шийдлүүдийг бий болгоход тодорхой хэмжээнд цаг хугацаа шаардагдана. Үүнийг түргэвчлэх хамгийн гол шийдэл бол барилгын дулаан алдагдлыг бууруулах, энэ чиглэлд стандарт, норм нормативыг сайжруулах хэрэгтэй байна. Дулааны алдагдал ихтэй барилга байгууламжуудтай байгаа нөхцөлд ногоон шийдэлд хүрэхэд маш хэцүү, бараг боломжгүй гэж хэлж болно. 

2024 онд манай улсын эрчим хүчний салбарт ямар асуудлууд, ажлууд тулгамдаж байгаа вэ?

Монголчууд бидэнд нэг араншин байх юм даа. Заавал яс, махан дээрээ мэдэрч байж шийдвэр гаргадаг. Таны асуултад ингэж л хариулъя даа.  

Өнгөрсөн жил Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний оргил ачаалал 1600 МВт хүрсэн, яг тэр үед 200 МВт хязгаарлалт хийж ачааллыг тэр хэмжээнд барьсан шүү дээ. Ирэх өвлийг яаж давах бол? 

Чойбалсангийн 50 МВт, Бөөрөлжүүтийн 150 МВт шинэ эх үүсвэрүүд сүлжээнд холбогдоно. Гэсэн ч манай эдийн засгийн идэвхжил өндөр байна. Тэр агуулгаараа хэрэглээ нэмэгдэх хүлээлт бий. Тийм болохоор ямар нэг хязгаарлалтгүйгээр өвлийг давна гэж одоогоор хэлэх аргагүй байна. Зохицуулалт хийгээд л явна. 

Ярилцсанд баярлалаа.