E-Sight
Ярилцлага

Фатих Бирол: Нүүрсний экспортод тулгуурладаг Монгол Улс эрчим хүч, эдийн засгийн стратегиа хоёр дахин бодох нь зүйтэй

2024-09-25 18:13
Р.Оюунцэцэг
Зочин нийтлэлч

Берлин хотноо “Berlin Energy Transition Dialogue 2024” олон улсын хуралд (2024.03.19) дэлхийн 75 орны эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид чууллаа. Олон улсын эрчим хүчний агентлаг(IEA)-ийн Гүйцэтгэх захирал Фатих Бирол “Berlin Energy Transition Dialogue 2024”-ын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа олон улсад нүүрсний эрэлт хэрэгцээ буурсаар байгааг онцлоод дан ганц газрын тос, байгалийн хийн салбарт эдийн засгаа даатгах нь эрсдэлтэйг тодотгож байв. Мөн нүүрсний экспортод тулгуурласан эдийн засагтай Монгол Улс эрчим хүчний шилжилтийг хэрхэн хийх нь зохистой талаарх "Энержи Инсайт"-ын сэтгүүлч Р.Оюунцэцэгийн асуултад хариулт өгсөн юм.

Эрчим хүчний шилжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг Та хэрхэн дүгнэж байна вэ? 

Аль улс байхаас үл хамаараад бүх хэрэгцээгээ нэг улсад даатгаж болохгүйг бид өнөөдөр харж байна. Яг л ийм нөхцөл байдал ОХУ-тай холбоотойгоор үүссэн. Өнөөдөр дэлхийд цэвэр эрчим хүчээрээ БНХАУ яах аргагүй цойлж байна. Дэлхийн нарны эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 82 орчим хувь нь Хятадад, 75 хувь Энэтхэгт хамаарч байна. Тэгэхээр цэвэр эрчим хүчинд шилжихийн зэрэгцээ түгээлтийг хурдасгах шаардлагатай. Хэдийгээр цэвэр эрчим хүчинд бүрэн шилжих зөв замдаа ороогүй байгаа ч эерэг мэдээ, ахиц дэвшил олон улсад гарсаар байгааг хэлэх нь зүйтэй. 

Эрчим хүчний шилжилтийг хурдасгахын тулд одоо хийх хамгийн чухал алхам юу вэ? 

Европ, Хойд Америк, Япон зэрэг хөгжингүй эдийн засагтай орнуудад эрчим хүчний шилжилт маш хурдацтай явагдаж байна. Дээр дурдсанчлан Хятад өнөөдөр дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтийн түүчээлэгч болоод байгаа. Тус улс нар, салхины эрчим хүчээр нэгдүгээрт эрэмбэлэгдэж, цахилгаан машины үйлдвэрлэлээр ч тэргүүлж байна. Харин хөгжиж буй, Ази, Африк, Латин Америкийн бусад улс оронд цэвэр эрчим хүчний шилжилтийг хэрхэн хурдасгах вэ гэдэг нь асуудал хэвээр байна. Тулгарч байгаа гол тээг нь хөгжиж буй орнууд цэвэр эрчим хүч рүү шилжихэд хангалттай санхүүжилт дутмаг явдал. Тэдгээр улс оронд санхүүжилтийг хөнгөвчлөх механизмыг хэрхэн бий болгох нь бидний хувьд гол асуудал. Тийм ч учраас Бакуд болох COP29, Бразилын COP-30 уулзалтаар энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Дубайд болсон COP-28 уулзалтаар бид улс орнуудтай санал нэгдэх шаардлагатай таван үндсэн асуудлыг авч хэлэлцээд дөрөв дээр нь тохиролцсон. Тодруулбал, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх, мөн эрчим хүчний хэмнэлтийг хоёр дахин өсгөх, метан хийн ялгаруулалтыг мэдэгдэхүйц хэмжээнд дорвитой бууруулахаар тохиролцсон. Түүнчлэн Засгийн газрууд шатмал түлшнээс татгалзах талаар тодорхой мессеж өгөх ёстой гэж үзсэн. Үүнийг их бага хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн. Харин тав дахь асуудал нь хөгжиж буй орнуудад туслах санхүүгийн механизмыг бий болгох явдал байв. Хараахан хийгдээгүй энэ асуудлыг Бакуд, дараа нь Бразилд хэлэлцэнэ гэж найдаж байна. 

Улс орнууд шинэчлэл хийж буй талаараа мэдээлсээр байгаа. Шатмал түлшний компаниуд ч мөн энэ хүрээнд хүчин чармайлт гаргаж байна. Тэднийг хэрхэн дэмжих вэ?

Шатмал түлшний компаниуд бүгд адил биш. Зарим нь бусдаасаа хамаагүй дэвшилттэй байгаа. Гэхдээ хэлж, хийж байгаа зүйлс асар их зөрүүтэй байх нь бий. Шатмал түлшний олон компанийн удирдагчид илтгэлдээ цэвэр эрчим хүчний тогтвортой байдлын талаар их ярьдаг. Гэхдээ IEA-ийн дата мэдээллийг харахад цэвэр эрчим хүч рүү орох хөрөнгө оруулалтын хэмжээ ердөө 2.5-2.7 хувь байна. Үлдсэн 97.5 хувь нь уламжлалт үйл ажиллагаанд зарцуулагдсаар байна. Тэгэхээр тэдний олонхын хэлж байгаа зүйл болон хөрөнгө оруулалтын багц зөрүүтэй байгаа биз. Энэ бүхэн өөрчлөгдөнө гэж найдаж байна. 

Ажлын байр нэмэгдүүлэх талаар таны байр суурийг сонсмоор байна. Энэ чиглэлд Хятад тэргүүлж байгаа талаар яригдаж байна. Энэ нь тус улсад нарны эрчим хүчний үйлдвэрлэл зонхилж байгаатай холбоотой. Үйлдвэрлэл, цэвэр эрчим хүчний шилжилт, мөн ашиглалтыг хэрхэн тэнцвэртэйгээр хурдасгах вэ?

Герман нь Европын олон орны нэгэн адил чухал салбараа нэг орны гарт хэт даатгаж, стратегийн алдаа гаргасан талаар би ярьсан. Энэ талаар өмнө нь хэд хэдэн удаа анхааруулж байсан ч өнөөдөр бид энд зогсож байна. Ямартай ч дэлхий нийтээрээ цэвэр эрчим хүч рүү шилжиж байгаа бөгөөд Хятад улс үүнд томоохон байр суурь эзэлж байгааг мөн дурдсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн нарны нийт үйлдвэрлэлийн 82 орчим хувь, салхины үйлдвэрлэлийн 75 хувь нь Хятадад хамаарч байна. Хятад цахилгаан машины үйлдвэрлэлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь ч зүйн хэрэг. Миний бодлоор энэ нь бусад улс орон Хятадтай өрсөлдөх чухал хөшүүрэг юм. Энэ бол үйлдвэрлэлийн технологийн дараагийн үе, цэвэр эрчим хүчний технологийн үйлдвэрлэлд хамаарна. Хэрэв Европ, АНУ, Хятад, Энэтхэг, Япон зэрэг орон гангийн үйлдвэрлэлээрээ өрсөлдөх чадвартай болохыг хүсэж байгаа бол тэд цэвэр эрчим хүчний технологид хөрөнгө оруулалт хийх л ёстой. Тиймээс би АНУ-ын Инфляцыг бууруулах тухай хуулийг маш их сайшааж байгаа. Европт Netsure Green Industry Act, Японд GX гэж байдаг. Энэтхэг улс үйлдвэрлэлийг дэмжих өөрийн төлөвлөгөөг боловсруулж байна. Хэрэв цэвэр эрчим хүчний технологи үйлдвэрлэхэд улс орнуудын хооронд өрсөлдөөн нэмэгдэж эхэлбэл үнэ буурч, дэлхий даяар бидэнд хэрэгтэй олон талт байдал бий болно. Үгүй бол бид үүнийг хийж чадахгүй. Тиймээс ирээдүй цэвэр эрчим хүчний технологид хамаарах нь гарцаагүй учраас өрсөлдөөн, хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт ч үүнтэй холбогдож таарах нь. 

Эрчим хүчний ядуурлын талаар Танаас асуумаар байна. Энэ асуудлыг Та хэрхэн харж байна вэ? 

Эрчим хүчний ядуурлын асуудал Африкт илүүтэй зонхилж байна. Хэдэн жилийн өмнө Хятад, Энэтхэг, Африкт цахилгааны хүртээмжийн асуудал тулгарч байсан бол өдгөө Хятад улс асуудлаа засаж, Энэтхэг шийдэж байна. Харин Африкт томоохон асуудал хэвээр байгаа. IEA-ийн тоо баримтаас үзвэл, Сахарын цөлөөс урагш Африкт 600 сая хүн цахилгаан эрчим хүчгүй амьдарч байгаа нь бид бүхний хувьд ичгэвтэр хэрэг юм. Энэ асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна. Олон улс, тэр дундаа Европын орнууд энэ асуудлыг шийдвэрлэхэд тусалж, Африкийн орнуудыг дэмжих нь маш чухал арга зам.

Хөгжиж буй орнуудад Та бодлогын ямар зөвлөмж өгөх вэ? 

дийн засаг нь газрын тос, байгалийн хийн салбараас өндөр хамааралтай олон улс байдаг. Хэрэв би тэдний оронд байсан бол цэвэр эрчим хүчний шилжилт хурдацтай явагдаж байгаа энэ үед эдийн засгаа төрөлжүүлж эхэлнэ. Эрчим хүчний салбарын энэ эрчимтэй шилжилтийн нөлөөгөөр маш богино хугацаанд буюу 5-10 жилд газрын тос, байгалийн хийн хэрэгцээ өнөөдрийнх шиг өндөр байхаа болихыг бид тун удахгүй харах болно. Улмаар газрын тос, байгалийн хийн эрэлт хэрэгцээ багасаад зогсохгүй үнэ буурах нөхцөл ч бий болно. Тиймээс төсвийн орлого нь буурах тул эдгээр улс орон газрын тос, байгалийн хийд эдийн засгаа даатгах нь маш эрсдэлтэй болохыг хэлмээр байна. 

Тэгвэл Монгол Улсын тухайд юу хэлэх вэ? Манай улс нүүрснээс хамааралгүй болоход хугацаа их шаардаж таарна шүү дээ. 

Та маш тодорхой асуулт асуулаа. Монгол бол шатмал түлш, тэр дундаа нүүрсний нөөцөд түшиглэдэг улс. Тиймээс би танд тийм ч сайн мэдээ дуулгахгүй нь. Дэлхийд нүүрсний салбар уруудаж байна. Зарим улс оронд зөвхөн цахилгаан эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүднээс л үйлдвэрүүдэд шаардлагатай үед нь ашиглах болно гэж харж байгаа ч ерөнхийдөө сонирхол буурч байна. Мэдээж хэдэн өдрөөр яригдах асуудал биш. Гэхдээ энэ 10 жил чулуужсан түлшний хэрэглээний дээд цэг байх болов уу. Тэгэхээр нүүрсний олборлолт, экспортод тулгуурладаг Монгол Улс болон бусад улс орнууд эрчим хүч, эдийн засгийн стратегиа хоёр дахин бодох нь зүйтэй болов уу.