E-Sight
Ярилцлага

Нүүрс экспортлохын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх нь монгол улсад хамгийн үр өгөөжтэй шийдэл

2024-09-25 18:26
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

"Энержи Инсайт"-ын сэтгүүлчид Бремен хотод байрлах Achim-Bollen салхин цахилгаан станцад зочлох үеэр салхин турбины технологийн хурдацтай хөгжлийн гэрч болсон юм. Achim-Bollen салхин цахилгаан станц нь Vestas V150- маркийн 3 салхин сэнснээс бүрддэг бөгөөд нийт 12.65 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. 2021 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Доод Саксон мужид ашиглалтад орсон. Салхин сэнсийг ганц улсад үйлдвэрлэдэггүй. Далбаа, үндсэн цамхаг зэрэг салангид эд ангиудыг өөр өөр улсад үйлдвэрлэх нь түгээмэл аж. Энэ салбарт Хятадын үйлдвэрлэгчийн байр суурь ихээхэн өсөж байна. “wpd Asia solutions GmbH” компанийн Захирал ноён Ханс-Кристоф Брумберг “Том турбинууд дуу чимээ их гаргадаг тул хот, суурин газруудад төдийлөн тохиромжгүй ч Монголын тал нутагт хамгийн тохиромжтой” гэдгийг онцолсон. Герман, Европ, Ази, Хойд болон Өмнөд Америкийг хамарсан сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн бие даасан үйлдвэрлэгч, ХБНГУ-ын Бремен хотод төвтэй wpd нь Монголд салхин цахилгаан станц барих ажилд ханцуй шамлан ороод байгаа юм. Өмнөговь аймагт хэрэгжиж буй "Ханбогд салхин цахилгаан станц" төсөл болон хоёр орны сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, үнэ тарифын талаарх бидний ярилцлага wpd компанийн Төв оффист үргэлжлэв.

wpd компани өнөөдөр хэдэн улсад сэргээгдэх эрчим хүчний төсөл, үйлдвэрлэлтэй байна вэ? 

wpd нь дэлхийн 31 улсад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлж, ажиллуулж байна. Эдгээр төслүүдэд бид нийт 6670 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий 2750 салхин сэнс суурилуулсан. Одоо 19320 МВт хуурай газрын салхины, 5015 МВт нарны цахилгаан станцын төслүүд хөгжүүлэлтийн шатандаа явж байна. ХБНГУ бол манай үндсэн зах зээл. Манай групп компани үндсэн гурван хэсгээс бүрддэг. Үүнд, wpd GmbH нь 1210 ажилтантай, шинэ төсөл хэрэгжүүлэх боломжийг судалж, төслөө хөгжүүлээд ашиглалтад оруулж, дараа нь төслөө эзэмшээд явдаг төсөл хөгжүүлэгч бөгөөд сэргээгдэх эрчим хүчний бие даасан үйлдвэрлэгч компани юм. Ази тивээс Тайван улсын сэргээгдэх эрчим хүчний зах зээлд нийт суурилагдсан хуурай газрын салхин сэнсний хүчин чадлын 50-иас дээш хувийг эзэлснээрээ тэргүүлж, гол нийлүүлэгч нь болсон. Япон, Өмнөд Солонгос, Тайван, Вьетнам, Филиппин, Индонези зэрэг оронд нийт 1980 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. wpd Windmanager нь 579 ажилтантай, үйл ажиллагаа явуулж буй салхин цахилгаан станцуудын арилжааны болон техникийн менежментийн үйл ажиллагаа явуулдаг. Ер нь салхин сэнс нь салхитай л байвал эрчим хүч үйлдвэрлэж байх ёстой, тиймдээ ч техникийн боломж аль болох өндөр байх хэрэгтэй. Ийм гүйцэтгэлийг хангахын тулд Deutsche Windtechnik AG нийт 2183 ажилтантайгаар салхин сэнсний засвар үйлчилгээг хариуцаж байна. Түүгээр ч зогсохгүй тус компани нь зөвхөн нэг салхин сэнс үйлдвэрлэгч төдийгүй янз бүрийн үйлдвэрлэгчдийн (OEMs) турбинуудад засвар үйлчилгээ хийх боломжтой талаараа бусад компаниудаас ялгаатай. 

Компанийн төв оффисоос дэлхий даяарх бүх үйлдвэрлэлээ хянадаг болохыг сая үзэж танилцлаа? 

Тийм ээ. Манай Алсын зайнаас хянах төв 3 ээлжээр 24 цаг ажилладаг. Бид олон үйлдвэрлэгчийн, дэлхий даяар тархан байршсан салхин сэнсүүдийг нэгтгэж салхин паркаа удирдахдаа ижил программ хангамж ашигладаг. Салхин сэнсний байнгын үйл ажиллагааны байдал, эвдрэл гэмтэл үүссэн эсэх, цаг агаарын нөхцөл байдал, 1 салхин сэнс хэчнээн хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж байгаа гээд бүх мэдээллийг эндээс хянадаг гэсэн үг. Түүнчлэн бид программ хангамжаа эрчим хүчний биржийн программтай холбосон учир зах зээлийн үнийн өөрчлөлтийг бодит цагт хянаж, зах зээлийн үнийн өөрчлөлтөөс хамааран салхин турбинуудын үйлдвэрлэлийг удирдах боломжтой байдаг. Удахгүй Монгол дахь "Ханбогд салхин станц"- аа холбоод эндээс удирддаг болно гэж найдаж байна. 

Монгол Улсад хэзээнээс төсөл хэрэгжүүлж эхэлсэн бэ? Хэр хүчин чадалтай станц байгуулах вэ? 

Анх 2008 онд Монголын “Qleantech” компани Монгол Улсын Өмнөговь аймагт байршилтай “Ханбогд салхин цахилгаан станц” төслийн тусгай зөвшөөрлийг авсан. Улмаар 2020 оны есдүгээр сард Германы wpd компани өөрийн мэдлэг, туршлагадаа тулгуурлан төслийг урагшлуулах итгэлтэйгээр хувьцаа эзэмшигч болсон. Qleantech ХХК нь эрчим хүчний тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бол wpd Mongolia ХХК нь Монгол Улс дахь төслийн хөгжүүлэлтийг хариуцаж, багийг удирддаг. “Ханбогд салхин цахилгаан станц” нь 250 МВт хүчин чадалтай бөгөөд хоёр үе шаттайгаар баригдах юм. Салхин цахилгаан станцыг Монгол Улсын төвийн эрчим хүчний системд холбох цахилгаан дамжуулах агаарын шугам Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон, Жавхлант, Гавилууд гэсэн гурван багийг дайран өнгөрнө. “Ханбогд салхин цахилгаан станц” төслийн эхний шатанд 102 МВт хүчин чадал бүхий эрчим хүчийг Монгол Улсын төвлөрсөн эрчим хүчний системд нийлүүлэх бол дараагийн шатанд 148 МВт эрчим хүчийг БНХАУ-д экспортлохоор одоогоор төлөвлөж байна. Эхний ээлжинд зангилааны өндөр нь 105 метр бүхий 24 салхин турбин суурилуулна. 

Өнөөгийн байдлаар “Ханбогд салхин цахилгаан станц” төсөл ямар явцтай байна вэ? 

Одоогоор төслийн эхний үе шатны хөгжүүлэлт бараг дуусаж байна. Санхүүжилт, хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхийн тулд улс төр болон зохицуулалтаас хамаарах хэд хэдэн сорилтыг даван туулах шаардлага бий. Гэхдээ бид бүх оролцогч талуудын дэмжлэгтэйгээр Монголын эрчим хүчний сүлжээнд ногоон, цэвэр эрчим хүч нийлүүлэх зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

Төсөл хэрэгжвэл Монголд ямар өгөөжтэй гэж харж байгаа вэ? 

Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой хөгжил, ялангуяа өнөөгийн сорилтуудтай тулгарч буй болон улс орны цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа энэ үед чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Төслийг амжилттай хэрэгжүүлэх нь орон нутагт олон ажлын байр бий болгоод зогсохгүй хөрөнгө оруулагчдыг татаж, говийн бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бүс нутгийн хэмжээнд авчрах, тэр байтугай Хятадын зах зээлд экспортлох боломжийг нээх болно. 

Монголын сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифын талаарх өөрийн бодлыг хуваалцана уу? 

Ихэнх салбаруудын адилаар сэргээгдэх эрчим хүчний тогтвортой үйлдвэрлэлийг бий болгоход улс төрийн дэмжлэг, түлхэц зайлшгүй шаардлагатай. Цаашилбал, хөгжүүлэгчид болон хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтынхаа хүлээгдэж байгаа, эсвэл шаардагдах өгөөжийг тодорхойлохдоо техникийн эрсдэл, бүтээн байгуулалтад шаардагдах хугацаа гэх мэт олон талын нөхцөлөөс гадна улс төрийн тогтвортой байдал, улс орны эрсдэл зэрэг илүү өргөн хүрээг авч үздэг. Тиймдээ ч Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдлыг харгалзан үзэж, одоогийн тарифыг боломжийн гэж үзэж байна. Гэхдээ, цаашдаа зардал ба эцсийн дүндээ тарифыг бууруулах боломжтой гэж бид харж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний салбарын хувьд технологийн хөгжил, дэвшилтэт технологийг ашиглах замаар зардлыг бууруулах, тухайлбал ирээдүйд илүү том хүчин чадлын, илүү үр ашигтай салхин сэнс ашиглах явдал юм. Өөр нэг шаардлагатай зүйл бол сэргээгдэх эрчим хүчний томоохон зорилтуудын хамт тодорхой, тогтвортой улс төрийн амлалт. Энэ нь Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн нийт сүлжээнд урт хугацааны хэтийн төлөвийг бий болгож, эцсийн дүндээ зардлын бүтцийг сайжруулна. Эдгээр хүчин зүйлсийг авч үзвэл ирээдүйд Монголд сэргээгдэх эрчим хүчний тариф буурна гэж харж байна.  

Монголын хөрөнгө оруулалт тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарын орчныг та хэрхэн харж байна вэ? 

Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх салхи, нарны нөөц бололцоо маш их бий. Мөн бид “Ханбогд салхин цахилгаан станц” төслийн талаар олон улсын зээлдүүлэгчидтэй ярилцаж байхад тэд Монголын сэргээгдэх эрчим хүчний өсөлтийг дэмжих сонирхолтой нь харагддаг. Ийм байхад яагаад өөр олон тоглогч энэ салбарт идэвхтэйгээр орж ирэхгүй байна вэ гэж та гайхаж магадгүй. Өмнө дурдсанчлан, “Ханбогд салхин цахилгаан станц” шиг том төслийг боловсруулж, хөгжүүлэхийн тулд олон жилийн бүтээн байгуулалт шаардагддаг. Тиймээс Засгийн газрын зүгээс тодорхой харилцаа холбоо, тогтвортой бодлого, тууштай байдал маш чухал. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын аюулгүй байдал бөгөөд хөрөнгө оруулагч холбогдох бүх журам, шаардлагыг дагаж мөрдөхдөө төсөл цааш цаашдаа урагшилна гэдэгт итгэлтэй байх ёстой. Одоогоор Монголд маш цөөн тооны сэргээгдэх эрчим хүчний төслийн хөгжүүлэгчид ажиллаж байгааг харвал олон улсын хөрөнгө оруулагчид магадгүй энэ бүх шаардлагууд биелэгдэж чадахгүй байна хэмээн үзэж байгаад байх. 

Монгол Улс эрчим хүчний шилжилт хийх талаар өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?

Миний бодлоор эрчим хүчний шилжилт гэдэг нь зөвхөн нэг технологиор шаардлагатай нөөцийг хангана гэсэн үг биш. Өөрчлөлт шилжилтийг ч нэг өдрийн дотор хийх боломжгүй. Арав гаруй жилийн өмнө Монгол Улс салхи, нарны эрчим хүчний анхны төслүүдийг хэрэгжүүлэн эрчим хүчний шилжилтийн үйл явцыг амжилттай эхлүүлж чадсан гэж бодож байна. Би нүүрс ойрын 10 гаруй жилийн хугацаанд Монголын эрчим хүчний системд тодорхой үүрэг гүйцэтгэсээр байх болно гэдэгт итгэж байгаа. Гэсэн хэдий ч Монголд сэргээгдэх эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх асуудал бүрэн зогсонги байдалд орсон нь шилжилтийн үйл явц ямар нэгэн байдлаар зогсоосон төдийгүй зөвхөн улс оронд бус мөн хүрээлэн буй орчинд сэргээгдэх эрчим хүчний боломж ашиглагдахгүй болж байгааг харж байна. 

Герман улс нь эрчим хүчний салбараа хөгжүүлэх, ялангуяа Орос, Украины зэвсэгт мөргөлдөөний дараа хараат байдлаас ангижрахад анхаарч байна. Германы эрчим хүчний салбар дахь төрийн оролцоо ямар түвшинд байдаг вэ? 

Герман байгалийн хий импортлохдоо Оросоос ихээхэн хамааралтай байсан ч байгалийн хийг зөвхөн түр зуурын технологи гэж хардаг байсан. Герман улс цөмийн цахилгаан станцуудаа хааж, нүүрсийг эрчим хүчний үндсэн эх үүсвэр болгон ашиглахаас татгалзсан. Мөн хуурай газрын болон далайн нар, салхины эрчим хүч нь зөвхөн байгаль орчинд ээлтэй төдийгүй тогтвортой эрчим хүчний системд шилжих шилжилтийг бүрэн хийх түлхүүр хүчин зүйлийн нэг. Тиймээс импортоос хараат бус болоход ч мөн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. Энэхүү ерөнхий стратеги нь олон жилийн өмнөөс боловсруулагдсан бөгөөд ихэнх улс төрийн намууд тодорхой дэмжлэгийн схем, түлхэц, урт хугацааны төлөвлөлт, амлалтаар дамжуулан дэмжиж ирсэн. Өнөөгийн геополитикийн өөрчлөлт дээр үндэслэн Герман улсын одоогийн Засгийн газар энэ үйл явцыг хурдасгаж байна. 

Эрчим хүчний тарифыг Германд яаж зохицуулдаг бол? 

Өмнө дурдсанчлан дэмжих схемүүд нь аливаа салбарыг бий болгох, хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Герман улсын хувьд энэ салбарыг бий болгоход тус дөхөм болсон FiT (сүлжээнд нийлүүлэх тариф) схемийг хэрэгжүүлж, дэмжсэн анхны орнуудын нэг юм. Салбар хөл дээрээ тогтсоны дараа Герман улс илүү өрсөлдөөний шинжтэй систем рүү шилжсэн. Системийн нэг хэсэг нь дуудлага худалдаа байсан бөгөөд тарифыг бууруулах боломжийг бүрдүүлсэн. Гэхдээ энэ бол тодорхой зорилт, тогтвортой бодлогын үр дүнд бий болсон хөгжил гэдгийг анзаарах хэрэгтэй. Монголын хувьд бас сонирхолтой байж болох нэг зүйл Германд бас байдаг. Энэ нь аж ахуйн нэгжийн эрчим хүч худалдан авах гэрээ байгуулах боломж. Эрчим хүч үйлдвэрлэгч болон томоохон хэрэглэгч, тухайлбал үйлдвэр хоёрын хооронд байгуулах хоёр талт гэрээ юм. 

Ярилцсанд баярлалаа.