E-Sight
Ярилцлага

Хог шатааж эрчим хүч тасралтгүй үйлдвэрлэнэ

2024-09-25 20:42
Р.Оюунцэцэг
Зочин нийтлэлч

ДЦС-уудаас гарч байгаа утаатай харьцуулбал 30-20 дахин цэвэр.

Монгол Улс эрчим хүчний хомсдолд ороод буй энэ үед 24 цаг тасралтгүй сэргээгдэх эрчим хүчээр хангах эх үүсвэр нэмэгдэж байгаа нь монголчууд бидний хувьд баярт мэдээ юм. Ялангуяа Улаанбаатар хотын хогийг шатаах замаар эрчим хүч үйлдвэрлэх цоо шинэ технологийг “Naanovo WTE Mongolia” компани нэвтрүүлэхээр зэхэж байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэмбилэгтэй "Энержи Инсайт"-ын Р.Оюунцэцэг ярилцлаа. “Naanovo WTE Mongolia” компани Эдийн засгийн форумын үеэр (2024.03.14) Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, албан ёсоор хамтран ажиллахаар болжээ.

“Naanovo WTE Mongolia” компани Улаанбаатар хотын хогийг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх ажлаа нийслэлтэй хамтран албан ёсоор хэрэгжүүлэхээр боллоо. Хэр хэмжээний хог эрчим хүчний үйлдвэрлэлд орох боломж бүрдэж байгаа вэ? Төслийн талаар ярилцлагаа эхлүүлье. 

Баярлалаа. Эхний ээлжинд бид жилд 300-400 мянган тонн хогноос эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх гэж байна. Нийслэлийн ИТХ-аар баталснаар үйл ажиллагаа маань албажих юм. Компанийн хувьд 2018 онд үүсгэн байгуулагдаад ТЭЗҮ-ээ 2019 онд Эрчим хүчний яамаар батлуулж, БОАЖЯ-аар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ батлуулсан. Тусгай зөвшөөрлөө 2020 оны эхээр Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ноос авах байтал КОВИД-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж нэг хэсэгтээ зогсонги байсан. Хогноос эрчим хүч үйлдвэрлэх төсөл Монгол Улсад урьд өмнө нь хэрэгжиж байгаагүй тул ямар хуулийн зохицуулалтаар, яаж явах вэ гэдгийг шийдэхийн тулд ЭХЗХ багагүй цаг авсан. Олон улсад ийм төсөл сэргээгдэх эрчим хүчинд багтдаг бол манай улсын Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд биомасс, нар, салхи, усан цахилгаан станц хамаардаг. Энэ мэтчилэн цоо шинэ технологи гэдэг утгаараа олон бэрхшээл тулгамдсан ч бид хууль эрх зүйн орчны чиглэлд хамтран ажилласаар 2022 оны эхээр тусгай зөвшөөрлөө авч, эрчим хүч худалдах тарифаа батлуулсан. Сүүлчийн шат буюу Деспетчерийн үндэсний төвөөс эрчим хүч худалдах, худалдан авах гэрээн дээр 2023 оны турш ажилласны үр дүнд шийдвэрлэх шатандаа явж байна. Тэгэхээр төсөл хэрэгжихэд тун ойртсон гэсэн үг. Манай төслийн онцлог нь нийслэлийн оролцоо маш өндөр. Бидэнд газар гаргаж өгөхөөс эхлээд гол түүхий эд болох хогийг нийслэлээс нийлүүлнэ. Ямар ч байсан бид төслөө санаачлаад 6 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хамт олон маань туршлагажиж, нэлээд чадавхжсан. Тууштай явсны үр дүнд цаана нь гарч байна. 

Нийслэлтэй хамтраад төслөө хэрэгжүүлэхээр хэдий хэмжээний талбай шаардагдах вэ? Нийслэлтэй ойр байснаар иргэдийн эрүүл мэндэд ямар нэгэн нөлөөлөл үүсэх тал бий юу? 

Бид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 5-6 га газарт төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ өмнө нь Улаанбаатар хотын Ерөнхий менежер Морингийн даваан дахь том хогийн цэгийн ойролцоо газар шийдэж өгөхийг санал болгосон. Манай хувьд түүхий эдтэйгээ ойр байх тусам сайн. СХД-ийн 32 дугаар хороонд анх байршил сонгосон шалтгаан нь саарал усны шугам ойр байсантай холбоотой. Хог шатааж, өндөр даралтын уураар турбинээ эргүүлэх замаар эрчим хүч үйлдвэрлэнэ. Тэгэхээр өнөөг хүртэл төв цэвэрлэх байгууламжаас Туул гол руу шууд цутгаж буй саарал усыг ашиглаад, цэвэршүүлж эргүүлэн нийлүүлэх зарчмаар ажиллахаар төлөвлөсөн хэрэг. Гэхдээ газрыг нийслэлийн Газрын алба шийдэх тул тухайн байршилдаа нийцүүлэн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ шинэчлээд явна. Хог цэвэрлэх утгаараа БОАЖЯ манай төслийг хамгийн их дэмжиж байгаа. Эрүүл мэндийн нөлөөллийн тухайд манай төсөл Европын Emission standard буюу ялгарлын стандартад бүрэн нийцэж ажиллана. Европ стандарт бол үйлдвэрлэлийн бүхий л циклийг аюулгүй, байгаль орчинд ээлтэй байлгах хамгийн өндөр шаардлага юм. Олон төрлийн хог шатаах учраас яндангаас аймшигтай зүйл гарч, хотынхныг хордуулчих юм биш биз гэсэн эргэлзээ, асуулт анх биднийг төслөө танилцуулж байхад хүмүүст байсан. Энэ бол манай технологийн компаниудын маш том хариуцлага бөгөөд бүх яндангаас гарах утаа 6-9 төрлийн шүүлтүүрээр дамжиж гарна. Тэр нь манай ДЦС-уудаас гарч буй утаатай харьцуулбал 20-30 дахин цэвэр байх юм. Утаанаас гадна хаягдал шатаагаад гарах үнсийг мөн өндөр түвшинд цэвэршүүлнэ. Өөрөөр хэлбэл, хог шатаагаад үнсээ бас хог болгож хаяхгүй. Өндөр нягтаршилтай, сайн чанарын барилгын материал гарч ирдэг юм билээ. Бид химийн агуулгыг нь цэвэршүүлээд барилгын материал, эсвэл замын хучилтад ашиглах боломжтой барилгын материал нийлүүлэх төсөөлөлтэй байна. 

Хогны бүтэц ямар байх нь анхаарал татаж байна. Ирсэн бүх хогийг шатаах уу, эсвэл ялгаж ангилах үе шат байх уу? 

Манайд хогны бүтцийн талаарх тодорхой, олон улсаас орж ирэх технологийн хэрэгцээнд нийцэх тайлан байдаггүй юм билээ. Тиймээс манай компани Япон, Нидерланд, Германы гурван компанитай хамтран Монголд тохирох технологийн тал дээр зөвшилцөж байгаа. Хамгийн сайн боловсруулж, хамгийн их үр ашигтай байх технологийг нэвтрүүлнэ. Тэр ч утгаараа манай хогны бүтцийн судалгаа хийх хэрэгцээ шаардлага бий. Манай компанийн хувьд хог ялгах зарчим баримтална. Нийслэлд жилд 1.5-1.6 сая тонн хог бий болдог. Үүний 30 орчим хувийг манай үйлдвэр шийдэх боломжтой. Олон улсад, Европын жишиг ч аль болох хогийг дахин боловсруулах чиглэлд явж байна. Монгол Улсад хог дахин боловсруулах 40 орчим компани байдгаас 20 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Энэ бүх үйлдвэр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй байна. Өдөр тутам булагдаж, хэнд ч хэрэггүй болсон тэр хогны 30 хувийг нь манай үйлдвэр ашиглана. Тэр хогоо ялгачих тул дахин боловсруулна. Хогоо ялгаж байгаа нь манай технологитой холбоотой бус, бидний зарчим л юм. Манай үйлдвэрийн шатаах зуух ямар ч хогийг голохгүй, бүгдийг шатаах боломжтой. 

ТЭЗҮ-ийн талаар та тодруулж ярина уу? Үнснээс өөр төрлийн хаягдал гарах уу, хэдий хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх үү гээд олон асуулт байна л даа.

Бид 2018 онд Швед технологид үндэслэн ТЭЗҮээ боловсруулж байсан. Тэр үеийн хамгийн шилдэг технологиор бол цагт 13-14 МВт эрчим хүч үйлдвэрлэх тооцоо гарсан. Бидний анх ярьсанчлан төрийн холбогдох шаардлагууд хангаад явах зуур зургаан жилийн хугацаанд технологи улам хөгжиж илүү үр ашигтай нь гарч ирсэн. Төсөл хэрэгжихэд бэлэн боллоо гэтэл технологийн хүмүүстэй зөвшилцөхөөр “Ланд-300 гарчихаад байхад УАЗ-469 машины хэмжээний юм өнөөдөр барих гээд байна. Технологи илүү хөгжчихсөн шүү дээ” гэж байгаа. Өөрөөр хэлбэл, ашиглах хогны түвшин буурахгүй ч үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ өсөх хамгийн үр ашигтай технологийг бид оруулж ирнэ. ЭХЯ, ЭХЗХ таатай хүлээж авна гэж бодож байна. Дор хаяж 2018 оны ТЭЗҮ-ээс илүү буюу 20МВт болж нэмэгдэх урьдчилсан тооцоотой байна. Усны тухайд эхний ээлжинд манай хэрэгцээ 350 мянга орчим шоо метр байх юм. ТЭЗҮ болон технологио шинэчлэхээр энэ хэмжээ буурах бөгөөд бид саваа дүүргээд авбал түүнийгээ дахин ашиглахын зэрэгцээ цэвэршүүлэх боломжтой. Усаа бид хариуцлагатай ашиглана. Энэ бол байгальд ээлтэй төсөл болох ёстой. Тийм ч учраас бид бүх талаас нь шаардлагыг хангаад явж байгаа.

Цагт 20МВт эрчим хүч үйлдвэрлэнэ гэхээр хэдэн өрхийг эрчим хүчээр хангана гэж тооцож байгаа вэ?

Бид өрхөөр нь биш, хороогоор нь тооцож үзсэн. Хорооны хэмжээнээсээ шалтгаалаад 20МВт бол 10-20 хорооны хэрэгцээг хангана гэж Нийгэм, байгаль орчны нөлөөллийн судалгаагаар тооцоолсон. Энэ нь байгаль орчны хамгийн том асуудал болох гэр хорооллын хүрээнд тооцсон үзүүлэлт юм. Морингийн даваа, СХД-ийн 32 дугаар хорооны аль аль нь гэр хороолол маш ихтэй. Хотын төв дэх хороонууд эрчим хүчний хэрэглээ харьцангуй өндөртэй тул 4-5 хороог хангах хэмжээний эрчим хүч гэж болно. Буянт-Ухаагийн дэд станцад эрчим хүч нийлүүлж, цааш түгээх юм. Төслийн урьдчилан төлөвлөсөн талбайгаас 7-8 км зайтай тус дэд станц руу бид дамжуулах шугамаа өөрсдөө барьж Улаанбаатар цахилгаан дамжуулахад хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. 

Хог шатааж эрчим хүч боловсруулж байгаа сайн жишгийн талаар ярилцъя. Зарим хүмүүс энэ төрлийн үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээ больсон тухай ярьдаг. Өнөөдрийн байдлаар хэчнээн улс эл технологийг ашиглаж байна вэ?

Өнөөдрийн байдлаар хогноос эрчим хүч үйлдвэрлэх төслийг 60 орон хэрэгжүүлдэг юм билээ. Ихэнх станц нь Европт байдаг. Азид бол Япон, Хятад, Солонгос зэрэг орнууд ашигладаг. Токио бол бүр хотынхоо төвд, хотхон дунд хэрэгжүүлдэг юм билээ. Өндөр хөгжсөн орнуудын ашиглаж байгаа энэ технологийг сүүлд Вьетнам, Малайз, Филиппин хэрэгжүүлж эхэлсэн. Монголд нэвтрүүлэхээр бид зургаан жил ажиллаад өнөөдөр хэрэгжихэд тун ойрхон ирээд байна. Монголын хог дахин боловсруулах холбооны ТУЗ-д багтдаг талаараа дээр дурдсан. “Хогоо бид дахин боловсруулах хэрэгтэй байхад шатаах гэж байна, олон улсад хогноос эрчим хүч үйлдвэрлэх төслийг халж байна” гэхчлэн анх хүмүүс маш их эсэргүүцсэн. Ингээд бид судалж үзэхэд энэ технологийг 1960- аад оноос ашиглаж эхэлсэн бөгөөд манайхтай адил төсөл өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Хоёрт, энэ төслийг хөгжсөн орнууд хэрэгжүүлж байгаа юм. Ийм төслийг шинээр хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаан нь тухайн орнууд хогныхоо асуудлыг бүрэн шийдчихсэн, нэмж түүхий эд гарахааргүй болчихож. Одоо Азийн орнууд шинээр хэрэгжүүлж байна. Хятадууд бүх хогоо шийдчихсэн, хэдэн станц нь хогоо булаацалддаг байх жишээтэй. Монголын тухайд миний бодлоор бүс болгонд нэг үйлдвэр байх боломжтой гэж хардаг. Манай улс жилд 3.5 сая тонн хог гаргадаг. Гэхдээ энэ бол зөвхөн бүртгэсэн хэмжээ буюу манай хог тээвэр маш албан бус, тогтворжоогүй учраас илүү их хог гардаг гэж бодож байна. Тиймээс бүсчилсэн хөгжлийн бодлогыг дагаад бүс бүрд нэг станц байх боломжтой. Ямар ч байсан эхлэлээ Улаанбаатарт тавиад жишиг гаргаж өгмөөр байгаа юм. 

Эрчим хүчний тарифын талаар та ямар байр суурьтай байна вэ? Зохистой үнэ мөн гэж бодож байна уу?

Бид эхний ээлжинд 1КВт цаг эрчим хүчийг 10.95 центээр нийлүүлэхээр батлуулсан. Олон улсын судалгаагаар манай тариф бага. Уг нь анх 13 центээр саналаа өгсөн. Гэхдээ ЭХЗХ-ноос тодорхой хэмжээг нь хогны татаас болгон нийслэлээс өгөх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр нийслэлийн хогны менежментийн бодлого ямар гарахаас хамаарч, тарифаа өөрчлөх үү, өнөөдрийн батлуулснаараа цааш явах уу гэсэн дараагийн тооцооллоо хийнэ. Олон улсад хогны татаас өндөр өгдөг орнууд цахилгаан нийлүүлэх тарифаа бага тогтоодог бол татаас бага улс тариф өндөртэй байдаг юм билээ. Түүнчлэн төслийн өртгөөс бас хамаарна. Манай төсөл 100 сая ам.долларын өртөгтэй. Энэ нь гадаадын маш том хөрөнгө оруулалт болно. Гэхдээ зургаан жилийн өмнөх ТЭЗҮ дэх өртөг гэдгийг тодотгох хэрэгтэй болов уу. Хөрсөн дээр хэрхэн бууж орж ирэх вэ гэдэг дараагийн асуудал. Үүнд үндэслээд тариф дээр зөвшилцөх нь мөн шийдэгдэнэ. Сэргээгдэх эрчим хүчний бусад үүсвэрээс нэг давуу талтай нь бид 24 цагийн турш эрчим хүчээ нийлүүлэх боломжтой. Хог л байхад тасралтгүй, яг ДЦС-тай адил зарчмаар ажиллах горимтой. Ямар ч тохируулга хийхгүйгээр эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэх боломжтой нь маш том давуу тал.

Та бүхэн хэзээнээс хог хүлээн авч эрчим хүчээ үйлдвэрлэж эхлэх вэ? 

Бидний төслийн одоогийн ажил төрийн системийн хурдаар явж байгаа шүү дээ. Төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчидтайгаа хэдийн тохирчихсон байсан. Гэхдээ санхүүжүүлэгчдийн хувьд манай төсөл орлого олно гэсэн баталгаа байх ёстой. Тэрийг нь бид Эрчим хүч худалдах гэрээгээ хийж байж батлан харуулна. Энэ үйл явц л маш их удаж, одоогоор Диспетчерийн үндэсний төвтэй эцэслэхээр явж байна. Ганц нэг асуудал үүсэх, маргаан гарахад хэрхэн шийдвэрлэх гэрээнд тусгагдах шаардлагатай хариуцлагын асуудлаа хэлэлцэж байгаа юм. Ингээд эцэслэгдвэл олон улсын байгууллагууд, корпорацууд, Хөгжлийн банк хөрөнгө оруулахаар хүлээгдэж байна. Төрийн зүгээс асуудлууд шийдэгдчихвэл Нидерланд, Герман, Японы технологи орж ирэхэд бэлэн. Тиймээс энэ жил бид ядаж газрынхаа ажлыг эхэлчихмээр байна. Тэр хооронд тоног төхөөрөмжийн захиалга хийгээд барилгын ажил эхлүүлбэл хоёр жилийн дараа гэхэд үйлдвэрлэлээ явуулахаар тооцоолж байна. Барилга улирлын чанартай учир бидний ажилд яаж нөлөөлөх вэ гэдэг нь том асуудал. Өмнө нь огт хэрэгжүүлж байгаагүй төсөл, цоо шинэ технологи учраас эхний ээлжинд хоёр жил гэсэн тоо байна. Бид хогоо ил хадгална гэж байхгүй тул Монголд байхгүй маш том бункер барих шаардлагатай. 

Мэдээж шинэ технологи учраас гадны мэргэжилтнүүд ирж ажиллах байх? 

Мэргэжилтнүүд ирж ажиллана. Яг барилгын явцад 300-400 хүний ажлын байр бий болно. Дараа нь үйл ажиллагаа хэвийн явагдахаар байнгын 70-80 хүн хэрэгтэй. Аль болох монгол мэргэжилтнүүдээ хөгжүүлэхийг бодно. Харин инженер, удирдах ажилтнууд нь технологийн нарийн мэдлэгтэй Герман, Япон, Голландын мэргэжилтнүүд байна. Яг гүйцэтгэлийн ихэнхийг нь Монголоос хангамаар байгаа. Эхний ээлжинд ийм төслийг хэрэгжүүлээд сурсан туршлагатай хүмүүс ажиллах шаардлага бий. Ялангуяа, Хятад компаниуд нэлээд сонирхлоо илэрхийлсэн Ийм зарчмаар эхний ажлуудаа маш чанартай гүйцэтгэж, дараагийн удаа бүсүүддээ хэрэгжүүлэхдээ Монголын компаниудаараа гүйцэтгүүлээд явна. Тэр үед туршлагатай болчихно гэж харж байна. 

Энэ төсөл 30 жил үргэлжилнэ гэж та цухас дурдсан? 

Манай тусгай зөвшөөрөл 30 жилээр олгогддог. Европын хэдэн үйлдвэр 1960-аад онд нээгдээд одоо болтол ажиллаж байна. Цагт нь засвар үйлчилгээ хийгээд явахад цаашаа хэдэн ч жил ажиллаж боломжтой. Хог байнга гарах учраас станц дээр цаг хугацааны хязгаарлалт тавихгүй. Харин энэ бүх цаг хугацаанд төрийн, ялангуяа нийслэлийн оролцоо үргэлж байх бөгөөд чухал байгаа. Тиймээс нэлээд нягт хамтарч ажиллана. 

Ярилцсанд баярлалаа.