Уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн “Ололт Төв” НҮТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Б.Чулуунхүүтэй тус байгууллагын хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаа, Монгол Улсын нүүрстөрөгчийн зах зээл, уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийн талаар "Энержи Инсайт"-ын Э.Мишээл ярилцлаа.
Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх боломжтой юу?
Аливаа зах зээл эрэлт, нийлүүлэлт дээр тогтдог. Нүүрстөрөгчийн зах зээлийн хувьд хүлэмжийн хийн бууралт нь карбон кредитийг нийлүүлэгч болдог. Карбон кредит гэдэг нь сэргээгдэх эрчим хүч эсвэл ойжуулах төсөл хэрэгжүүлэгч талуудыг хэлдэг. Харин худалдан авагч талууд эрэлт, нийлүүлэлтийг бий болгоно. Үүний томоохон төлөөлөл бол хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилт тавьсан улс орнууд, эсвэл байгууллагууд юм. 2015 оны Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ ын суурь конвенцын “Парисын хэлэлцээр” батлагдаж, хэлэлцээрт нэгдэн орсон улс орон бүр хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилт тавьснаас үүдэн зах зээлийн эрэлт олон улсын түвшинд нэмэгдэж байна. Олон улсын нүүрстөрөгчийн зах зээлд Монгол Улс оролцох боломжтой. Үүний тулд “Парисын хэлэлцээр”-ийн нарийн зохицуулалт, дүрэм, аргачлалыг баримтлах, тэдгээрийг үндэсний хууль эрх зүй, бодлого, бүтцийн орчинд нийцүүлэн буулгах, холбогдох стандарт, дүрэм журмыг шинээр боловсруулж мөрдөн ажиллах шаардлагатай. Гэхдээ зөвхөн хууль, бодлого, журмаа өөрчлөөд зогсохгүй улс орнууд өөрийн улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах богино, дунд, урт хугацааны зорилт болон бусад асуудлыг нарийн судалж, олон улсын нүүрстөрөгчийн зах зээлд оролцох стратегиа боловсруулж буй нийтлэг жишиг бий.
Монгол Улсад зөвхөн үндэсний түвшинд нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлье гэвэл эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, цогц тогтолцоог бүрдүүлэх ёстой. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл ойжуулах төсөл, арга хэмжээг өргөжүүлснээр нийлүүлэлт бий болно. Харин эрэлтийг хэрхэн бий болгох вэ гэвэл хууль, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Тухайлбал албадан, эсвэл сайн дурын үндсэн дээр аажмаар бий болгох боломжтой. Манай улсад үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын компаниуд, үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах бодлого баримталж, уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн зорилтоо сайн дураараа тодорхойлж байгаа. Үүнийг бид сайн дурын нүүрстөрөгчийн зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх суурь тавигдаж байна гэж хардаг. Тэгэхээр Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн механизмыг хөгжүүлэх боломж бий.
Ололт Төв “Ойн нүүрстөрөгчийн хөтөлбөр” хэмээх сайн дурын нүүрстөрөгчийн зах зээлийн механизмыг үндэсний түвшинд нэвтрүүлэхээр ажиллаж байгааг мэднэ. Та бүхний хэрэгжүүлж буй ажил буюу ойн салбарт нүүрстөрөгчийн зах зээлийг нэвтрүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
Хэд хэдэн асуудлыг бид болзошгүй бэрхшээл эрсдэл гэж урьдчилан тодорхойлж, боломжит шийдлийг хөгжүүлэн хэрэгжүүлээд явж байна. Бид аль болох өөр өөр ашиг сонирхол бүхий талуудад харилцан үр өгөөжтэй, эрх тэгш оролцох боломжийг олгосон, ил тод загвараар нүүрстөрөгчийн зах зээлийн механизмыг ойн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цаашилбал “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг мониторинг, үнэлгээ хийхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Нүүрстөрөгчийн зах зээл нь шинжлэх ухаанд суурилдаг тул өндөр түвшний арга зүйг боловсруулж ашиглах, олон төрлийн өгөгдлүүдийг бүрдүүлж дүн шинжилгээ хийх шаардлага тавигддаг. Түүнчлэн шинжлэх ухааны ололт амжилтад суурилж арга зүй, өгөгдөл мэдээллийг тасралтгүй сайжруулах шаардлагатай. Үүнтэй холбоотой тулгамдсан бэрхшээл гэвэл өгөгдөл мэдээллийн бэлэн байдал, боловсон хүчний чадавх, зардал өндөр зэргийг дурдаж болно. Манай байгууллагын хувьд ойжуулалт, ой үржүүлэг, агро-ойн аж ахуйн үйл ажиллагааны үр дүн болох хүлэмжийн хийн шингээлтийг тооцох арга зүйг боловсруулах ажлыг Монгол Улсын ойн салбарын шилдэг эрдэмтэд, Их Британийн зөвлөх үйлчилгээний компанитай хамтран жил гаруй хугацаанд судалгааг амжилттай гүйцэтгэсэн. Энэхүү ажлыг маань АНУ-ын Засгийн газар дэмжин санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлсэн юм.
Нөгөөтээгүүр хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа. Иймд нөхцөлд тохируулан манай байгууллага “Ойн нүүрстөрөгчийн хөтөлбөр”-ийг сайн дурын зах зээл байдлаар туршин нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Монголын хувийн хэвшлийн байгууллагууд сайн дураараа тогтвортой санхүүжилт, ногоон санхүүжилтийг нэвтрүүлж, мөн сайн дураараа байгууллагын түвшний хүлэмжийн хийн ялгарлын тооллогоо хийж байгаатай адил ойн нүүрстөрөгчийн зах зээлд сайн дураараа оролцож эрэлтийг бий болгоно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.
Дараагийн нэг бэрхшээл бол боловсон хүчний чадавхын асуудал юм. Олон улсад төсөл хэрэгжүүлэгчид нь өөрсдөө ойн хүлэмжийн хийн шингээлтийг батлагдсан арга зүйн дагуу тооцох ёстой байдаг. Манай улсын хувьд мод тарих гэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүд шинжлэх ухааны нарийн арга зүйг ашиглан хүлэмжийн хийн шингээлтийн тооцооллыг хийх чадвар маш хомс, бараг байхгүй гэж хэлж болно. Иймд манай байгууллага үндэсний түвшний судлаачдаар аливаа төслийн хүлэмжийн хийн тооцооллыг хийлгэх зохицуулалтыг “Ойн нүүрстөрөгчийн хөтөлбөр”-т тусгасан. Бүх нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, туршлага, мэдээлэл түгээх, хуваалцах хүчин чармайлтаа улам эрчимжүүлэхээр зорьж байна.
Олон улсын томоохон компаниуд санхүүгийн тайландаа хүлэмжийн хийн ялгарлаа тайлагнаж байна. Мөн манай зарим уул уурхайн компаниуд тайлагнаж эхлээд байгаа. Гэхдээ хүлэмжийн хийн ялгарлаа хэрхэн тооцох тал дээр байгууллага болон боловсон хүчний чадавх дутагдалтай харагддаг. Цаашид салбар бүр хүлэмжийн хийн тайлангаа гаргах зайлшгүй шаардлагатай тулгарахыг үгүйсгэхгүй. Энэ чиглэлд хэрхэн чадавхаа бэхжүүлж, хүлэмжийн хийн ялгарлаа тоолох нэгдсэн стандартыг мөрдөн ажиллах боломжтой бол?
Зөвхөн уул уурхай биш бусад салбарын компаниуд ч мөн адил байгууллагын түвшний хүлэмжийн хийн тооллогоо хийгээд эхэлсэн. Хүлэмжийн хийн тооллого хийнэ гэдэг бол хялбар ажил биш. Байгууллагын ямар үйл ажиллагаа, үйлдвэрийн процессын яг аль хэсгээс хүлэмжийн хий ялгарлыг олж тогтоохоос эхлээд дата мэдээллээ цуглуулах, олон улсын арга зүй ашиглах, итгэл үнэмшлийн түвшинг тооцох гээд бүх үе шат нь ур чадвар шаардсан ажил байдаг. Тиймээс өнөөдрийн байдлаар бид хүлэмжийн хийн тооллогоо хийсэн байгууллагуудад баяр хүргэх нь зүйтэй.
Бидний хувьд байгууллагуудад хүлэмжийн хийн тооллогоо хийхэд нь зөвлөж, хамтран гүйцэтгэж, сургалт орж, боловсон хүчнийг чадавхжуулах зэргээр дэмжин ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах нь яах аргагүй өнөөгийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой шийдэл. Харин цаашид боловсон хүчин бэлтгэх асуудлыг улсын хэмжээнд харгалзан үзэж, их дээд сургуулиудын хөтөлбөрт багтаах, мэргэжлийн курсийг нээх зэргээр шийдвэрлэх шаардлагатай гэж үздэг. Мөн хүлэмжийн хийн тооллогын олон улсын стандарт, арга зүйг монгол хэл рүү хөрвүүлэх, таниулан түгээх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд төрөөс хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжин, хамтран ажиллах боломжтой гэж харж байна.
Монгол Улс олон улсаас хүлэмжийн ялгарлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт татаж байна уу? Тийм бол ямар салбарт түлхүү хөрөнгө оруулалтууд төвлөрч байгаа вэ?
Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсын уур амьсгалын тусгай сангууд, жишээ нь Уур амьсгалын ногоон сан, хөгжингүй улс орнууд, хөгжлийн банк, санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Олон улсын нүүрстөрөгчийн зах зээлийн механизмд хүртэл төсөл, хөтөлбөр бүртгүүлэн хэрэгжүүлсэн чамлахааргүй туршлагатай. Манай байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улсад 2016-2021 оны хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 1.9 тэрбум ам.доллар орж ирсний 69 хувь буюу 1.3 тэрбум ам.доллар нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн санхүүжилт байсан. Салбараар нь авч үзвэл эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтууд тэргүүлж байна. Жишээ нь Азийн хөгжлийн банкны 99 сая ам.долларын эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур төсөл, сэргээгдэх эрчим хүчний төслүүд болох Цэций, Сайншанд, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зэргийг дурдаж болно.
Ололт төвийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд ямар ажлыг хийж байгаа вэ?
Бид сэргээгдэх эрчим хүчийг дэмжих олон улсын санхүүгийн хөшүүргийн механизмыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, эрчим хүчний үр ашгийг дэмжих хөшүүргийн тогтолцоо хөгжүүлэхээр ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хөшүүргийн механизм нь олон улсын I-TRACK сангийн Сэргээгдэх эрчим хүч (СЭХ)-ийг гэрчилгээжүүлэх зах зээл гэдгээр олон улсад танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн. Дэлхийн 60 гаруй улсад хэрэгждэг. Манай байгууллага нь 2023 оны долоодугаар сард олон улсын I-TRACK сангийн итгэмжлэлийг авч, СЭХ гэрчилгээ олгох үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэхүү механизм нь СЭХ-ний тоног төхөөрөмж ашигласан талуудад тодорхой хэмжээний нэмэлт орлого олох боломж олгодог. Жишээ нь нарны хавтанг айл өрх, аж ахуйн нэгжүүд суурилуулж ашигласан бол үйлдвэрлэсэн СЭХ-ний хэмжээнээсээ хамаарч нэмэлт санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх боломжтой. Тодруулбал айл өрх, аж ахуйн нэгжийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг олон улсын стандартын дагуу манай байгууллагаас баталгаажуулж, 1 МВт сэргээгдэх эрчим хүч тутамд 1 СЭХ гэрчилгээ олгож, СЭХ гэрчилгээг олон улсын зах зээлд арилжаалахад нь дэмжин, хамтран ажиллаж байна.
СЭХ гэрчилгээг дэлхийн хамгийн том Apple, Google гэх мэт 400 гаруй корпорац уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилт тавьсан болон байгаль орчны ул мөрөө бууруулах хүсэл эрмэлзэлтэй хувь хүн, байгууллагууд худалдан авч байна. Монгол Улсын хувьд байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) ын тайлангаа гарган, зорилтоо баталж буй хувийн хэвшлийн байгууллагууд ихээхэн сонирхож оролцох хүсэлтэй байна. Эдгээд талуудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм төрлийн дүйцүүлэн хамгаалах боломж, нөгөө талаар тогтвортой хөгжлийн зорилтын хүрээндээ сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлсэн бол зах зээлд оролцох боломж өдийг болтол хязгаарлагдмал бараг байдаггүй байсан. СЭХ гэрчилгээний шинэ зах зээл нэвтэрснээр үндэсний түвшинд манлайлагч хувийн хэвшлийн байгууллагууд сэргээгдэх эрчим хүчний гэрчилгээг гаргуулж, худалдан авч сэргээгдэх эрчим хүчийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдэнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Энэхүү зах зээлийн хүрээнд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч, худалдан авагч талууд шууд өөр хоорондоо буюу дундын зуучлал болон брокерын компаниудаар дамжуулахгүйгээр СЭХ гэрчилгээг арилжаалах боломжтой. Өөрөөр хэлбэл талууд цаг алдахгүй, нэмэлт зардал гаргахгүйгээр зах зээлд оролцох боломжтой. Үүнээс гадна, манай байгууллага АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол Улсын эрчим хүчний засаглалыг хөгжүүлэх хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хүрээнд эрчим хүчний хэмнэлтийг гэрчилгээжүүлэх зах зээлийг хөгжүүлэх зорилгоор суурь судалгаа хийж байна. Хөшүүргийн механизм өргөжин тэлбэл бид хамтын хүчээр агаарын бохирдлыг шийдвэрлэх боломжтой. Дээр нь хүлэмжийн хийн ялгарлаа бууруулж уур амьсгалын өөрчлөлтийн зорилтоо хүртэл биелүүлж чадна гэж харж байгаа.
Ярилцсанд баярлалаа.