Газар тариалан, нарны эрчим цахилгаан эрчим хүчийг хослуулан аж ахуй эрхэлдэг “Эвридей Ферм” ХХК-ийн Дэд захирал Э.Мөнхбаясгалантай “Build Mongolia 2024” олон улсын үзэсгэлэн худалдааны өмнө "Энержи Инсайт"-ын Э.Мишээл ярилцлаа.
Solar Farm (солар ферм) гэсэн ойлголтоос ярилцлагаа эхэлье?
Солар ферм нь Японы Farmdo компанийн нэр дээр Монгол, Япон, АНУ, Тайван зэрэг орнуудад патентлагдсан технологи юм. Нарны цахилгаан станц болон газар тариалангийн хосолмол хэлбэрээр эхнээс нь төлөвлөж, хүлэмжинд ашиглагдах нарны зайн дэлгэц нь гэрлийн 30-40 хувийг хүлэмж рүү нэвтрүүлэх боломжтой байхаар тусгай захиалгаар үйлдвэрлэдэг. Энэхүү технологи нь энгийнээр тайлбарлавал хүлэмж дотор ногоогоо тарьж, хүлэмж дээрээ эрчим хүч үйлдвэрлэж буй цогц шийдэл гэж ойлгож болно.
Дулаан бүсийн солар фермүүд жилийн дөрвөн улирал нарны хавтангийн сүүдэр, нарны хавтанг угаахад гарсан усыг ашиглаж газар тариалан эрхэлдэг гэж харагддаг. Харин сэрүүн бүсийн манай орны хувьд, “Эвридэй Ферм” ХХК-ийн солар ферм юугаараа онцлог вэ?
“Эвридэй Ферм” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Моннаран” төслийн хувьд Японд хэрэгжсэн төслийн загварыг ашигласан. Харин Монгол орны хүйтэн цаг уурт тохирсон хэлбэрийг хараахан олж чадаагүй байгаа ч тариалалтын хугацааг уртасгах гурван улирлын хүлэмжийг туршиж байна.
Нарны станцын талбайн хэд орчим хувийг хүлэмжийн аж ахуй эзэлж байна вэ? Цаашид хүлэмжийн аж ахуйн талбайг үе шаттайгаар нэмэх үү?
Манайх одоогоор нийт солар ферм технологи бүхий хүлэмж 4 ширхэг, энгийн хүлэмж 15 ширхэг, 16.8 га ил тариалалт хийх боломж бүхий талбайг төлөвлөсөн байна. Энэ нь нийт 1.8 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг гэсэн үг. Бид цаашдаа 14 ширхэг солар ферм хүлэмжийг ашиглалтад оруулахаар зорилго тавин ажиллаж байна. Тариалалтын технологийн хувьд харилцан адилгүй байна гэж төлөвлөж байгаа.
Толгой компани болох Farmdo нь Япон болон олон улсад хэр хэмжээний хүчин чадал бүхий солар фермийг суурилуулсан байгаа вэ? Яагаад Монгол Улсыг сонгож төслийг хэрэгжүүлэх болсон юм бэ?
Farmdo групп нь Япон улсад 70 орчим байршилд нийт 50 МВт хүчин чадал бүхий “Солар ферм” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Монгол Улсаас гадна Чили улсад хөрөнгө оруулж төслийн шатандаа явж байна. 2013 онд Farmdo групп нь анх хөрөнгө оруулахдаа зөвхөн хүлэмжийн аж ахуй байгуулсан. Манай компани нь monqueen нэртэй гүзээлзгэнийг тариалж зах зээлд нийлүүлж танигдчихсан байсан. 2015 оноос Монгол Улсын Засгийн газраас сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх чиглэлээр эрчимтэй бодлого явуулснаар Farmdo группын Японы бизнес моделийг иж бүрнээр манайд нэвтрүүлэх боломж бүрдсэн гэж хэлж болно. Бидний “Моннаран” төсөл нь манай улсад дутагдаад буй эрүүл ногоо, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэг зэрэг эрхэлж, бага боловч хувь нэмэр оруулах ховор боломж гэж харсан.
Нарны станц өнөөг хүртэл хэр хэмжээний сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулсан бэ? Нүүрсхүчлийн хийг бууруулсан үзүүлэлт нь танай компанийн бизнесийн үйл ажиллагаанд, тэр дундаа газар тариалан эрхлэхэд ямар давуу тал болдог вэ?
“Моннаран” нарны цахилгаан станц нь 2017 оны наймдугаар сард ашиглалтад орсноос хойш 113.5 сая кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, 91 мянган тонн СО2-той дүйцэхүйц хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан. Энэ нь нийт 14 мянган тонн нүүрс, 81 мянган тонн усыг хэмнэсэн гэж тооцогддог. Манай компани нь Монгол Улсад байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмын хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Ногоон гэрчилгээ”-г авч Ногоон байгууллага болсон.
Хүлэмжийн аж ахуйн эрчим хүчний хэрэглээний хэдэн хувийг нарны станцаас хангадаг вэ? Илүүдэл эрчим хүчийг хааш нь нийлүүлж байна вэ?
Манай нарны станцын суурилагдсан хүчин чадал нь 12.7 МВт. Үүнээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний дөрвөн хувийг дотоод хэрэгцээнд зарцуулж, 96 хувийг Төвийн Бүсийн Нэгдсэн Сүлжээнд нийлүүлдэг. Одоогоор өөрийн дотоод хэрэгцээ бага байгаа ч ирээдүйд 14 хүлэмжээ ашиглалтад оруулахад хангалттай эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэх нөөц хүчин чадлыг бий болгосон.
Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчийг говийн бүсэд түлхүү хөгжүүлнэ гэж яригдаж байна. Дэлхийн өмнөд хэсэг, манайхаар бол хангайн бүсээс илүү говийн бүсэд илүү нарны эрчим хүчийг хуримтлуулдаг гэж ойлгож болох уу?
Тийм, тэгж ойлгож болно. Нарны тусгал нөөц баялгийг нэгж талбайд тусах нарны эрчмийн хэмжээгээр тооцдог. Энэ хэмжээгээрээ дэлхийн өмнөд хэсэг нарны нөөц баялаг ихтэй. Монгол орны хувьд дэлхийн хойд өргөргийн 41-51 дүгээр өргөрөгт оршдог хэдий ч нарны нөөц ихтэй орон. Хангайн бүсээс илүү говийн бүс нарны эрчим хүчийг илүү хуримтлуулдаг. Мөн нарны цахилгаан үүсгүүр нь температурын хувьд сэрүүн уур амьсгалтай нарны нөөц сайтай бүс нутагт хамгийн өндөр үр ашигтай ажилладаг. Иймд Монгол орон бол нарны цахилгаан эрчим хүчийг өргөнөөр хөгжүүлэн ажиллахад нэн тохиромжтой бүс нутаг болдог.
Өнгөрсөн хугацаанд танай компанийн туршлагыг нэвтрүүлсэн хувь хүмүүс, компаниуд байгаа юу? Танай солар фермтэй танилцахад нээлттэй байдаг уу?
Одоогийн байдлаар Монгол Улсад “Эвридэй Ферм” ХХК-ийн арга, туршлагыг нэвтрүүлсэн хувь хүмүүс, компаниуд байхгүй байна. Хэдийгээр “Моннаран” төслийн байгууламж нь цахилгаан байгууламж учраас нийтэд нээлттэй бус байдаг боловч компанийн удирдлагын зүгээс боловсролын байгууллага, оюутан, сурагчдад бол үргэлж нээлттэй байлгахыг зорьдог.
Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?
“Build тэргүүлэгч Mongolia 2024” үйлдвэрүүдийн үзэсгэлэнд нарны дэлхийд цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмж, системийн угсралтын үйлчилгээг танилцууллаа. Бид 2021 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөтгөн нарны цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр импортлон, айл өрх, ААН-үүдэд зориулан нарны зайн систем суурилуулж эхэлсэн. Тус үзэсгэлэнгийн үеэр манай инженерүүдээс зөвлөгөө авч, өөрийн хэрэглээнд тохирсон системийг тооцоолуулан авах боломжтой бөгөөд гэрээ байгуулсан хүн бүрд тодорхой хөнгөлөлт үзүүлнэ.
Ярилцсанд баярлалаа.