E-Sight
Ярилцлага

Ц.Өнөрмаа: Үнэ тариф л эрчим хүчний салбарыг аварч, эрүүл болгоно

2024-09-26 11:27
Р.Оюунцэцэг
Зочин нийтлэлч

Ханан дахь залгуурын цаана тог, цахилгаан очих хүртлээ таны төсөөлөөгүй олон үе шат, нарийн зохицуулалтыг шаарддаг. Тэрхүү цахилгааныг зохистой хэлбэлзлээр, найдвартай хүргэх гол зохицуулалт хийдэг байгууллага нь Диспетчерийн үндэсний төв (ДҮТ) компани. Үүнийг мэргэжлийнхний хэллэгээр диспетчерийн зохицуулалт хийх гэдэг. Энэ тухай "Диспетчерийн Үндсэний төв" ТӨХХК-ийн Зах зээлийн зохицуулалтын албаны дарга, доктор, дэд профессор Ц.Өнөрмаатай "Энержи Инсайт"-ын Р.Оюунцэцэг ярилцлаа. 

Эрчим хүчний нэгдсэн системийн горим тооцооны инженерээр 10 гаруй жил, зах зээлийн чиглэлээр таван жил ажилласан туршлагатай тэрбээр энэ салбарт өнөөгийн нөхцөлд хийх хамгийн эхний чухал алхам нь үнийг чөлөөлөх, зах зээлийн үнэ тариф мөрдүүлэх гэдгийг онцолсон юм. 

Диспетчерийн үндэсний төв бол эрчим хүчний системийн горимын тохируулга хийдэг гол газар. Горимын тохируулгыг манай улс хэрхэн хийж байна вэ? 

Хүний биед мэдрэл, цусны урсгал, хийн урсгал зэрэг маш чухал үүрэгтэй системүүд байдаг шүү дээ. Яг үүнтэй адил эрчим хүчний хамгийн чухал зүйл бол горим ажиллагаа. Горим ажиллагааг тодорхойлдог горимын тооцоо, статик болон динамик горимын тооцоонууд, автоматикийн тооцоо, цахилгаан дулааны горим төлөвлөлтүүд гээд олон чухал хүчин зүйл бий. 

Эрчим хүчний системийн амин чухал, гол шалгуур үзүүлэлт бол “Хэрэглээ, үйлдвэрлэлийн балансыг хугацааны эгшин бүрд тэнцвэртэй барих ёстой” гэсэн зарчим. Тэнцвэртэй барих гэдэг нь системд ажиллаж байгаа бүх генераторууд 50 герцийн давтамжтай яг жигд ажиллаж, систем нь ч хэвийн ажиллагаатай байх нөхцөл юм. ДҮТ энэ хэвийн ажиллагааг хангах гол зохицуулалтыг хийж, системээ техник технологийн горим ажиллагаа болон зах зээлийн зохицуулалтын хувьд удирддаг. Өөрөөр хэлбэл, нэг талд нь Улаанбаатар, Эрдэнэт-Булган, Дархан-Сэлэнгэ, Багануур зүүн өмнөд бүс, өмнөд болон Дорнод бүс, Алтай-Улиастай зэргээр төвийн бүсэд хамаарч болох 25 түгээх компани, тэдгээрээс уламжилсан хэрэглэгчдийн бүх нийлбэр хэрэглээг тооцоолж гаргана. 

Нөгөө талд нь эх үүсвэрүүд буюу ДЦС-4, ДЦС 3, ДЦС-2, Дархан ДЦС, Эрдэнэт ДЦС, Эрдэнэт үйлдвэрийн ДЦС, Ухаахудагийн цахилгаан станц, Даланзадгад, Чойбалсангийн ДЦС-уудаас гадна нарны долоо, салхины гурван станцын боломжит үйлдвэрлэлийг тооцож, хэрэглээг үйлдвэрлэлтэй тэнцүүлж бодно. Хэн нь яаж үйлдвэрлэх, ямар үндсэн тоноглолоор буюу зуух, турбиныг яаж ажиллуулаад ямар хэмжээний хүчин чадал үйлдвэрлэхээр болж байгааг нарийн тооцоолж, дутууг нь ОХУ-аас авна. 

Өөрсдөө дотооддоо горим тохируулга хийгээд илүүдэл ачааллаа дарж чадахгүй тохиолдолд буцаагаад ОХУ руу гаргана. Энэ бүх тохируулгыг хийхийн тулд манай ДҮТ горим төлөвлөлт хийдэг. Маш олон үе шаттай тэр төлөвлөлтийг хэдийчинээ бодит байдалд ойртуулж хийнэ, төдийчинээ аваар сааталгүй, систем маань хэвийн ажиллах боломжтой болдог. 

Төлөвлөлтийн шатанд ингэж тохируулдаг бол бодит цаг хугацаанд шуурхай ажиллагаагаар хангаж, горимоор удирдаж ажилладаг. Хэрэглээ дээшээ, доошоо байнга өөрчлөгдөж байдаг. Нөгөө талд зарим шугам дээр тоноглол тасарна, зарим нь үйлдвэрлэнэ гэсэн хэмжээгээрээ эрчим хүчээ үйлдвэрлэхээ болино. Гэтэл зарим нь гэнэт үйлдвэрлээд ороод ирнэ. Өөрөөр хэлбэл, хэчнээн төлөвлөсөн байсан ч математик талаасаа олон гишүүнт полином бодох ба тодорхой бусын олонлогийн тогтворгүй шийдүүд гарч ирж байдаг. Үүнийг бодит амьдралд шуурхай ажиллагааны шугамаар тохируулаад явдаг гэж тайлбарлаж болно. 

Ингэхдээ дотоодын бүх эх үүсвэр, мөн ОХУ аас импорт авч байгаа гэдгээрээ Буриад РДҮ (региональное диспетчерское управление) болон бусад холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана. Энэ горим тохируулгыг хийхийн тулд Төвийн бүсийн эрчим хүчний систем, түүнтэй зэрэгцээ ажиллаж байгаа Алтай-Улиастайн эрчим хүчний системийг цогцоор нь тэр дундаа систем дотор ажиллаж байгаа бүх хэрэглэгчээс авхуулаад түгээх, дамжуулах, үйлдвэрлэх түвшний бүх нэгж компани зэрэг удирдлагад орж ажиллана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тасралтгүй удирдаж, чиглүүлж авч явна гэж ойлгож болно. Харин Баруун бүсийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем тусдаа өөрийн диспетчерийн зохицуулалтаар ажилладаг. Тухайлбал Дорнод бүсийн эрчим хүчний системд 50МВт-ын шинэ станц зэрэгцээ ажиллагаанд орж, зүгшрүүлэг, тохируулга хийх явц үргэлжилж байна. 

ДҮТ эрчим хүчний горим тохируулах гээд маш олон түвшний, нарийн үйл ажиллагааг зохицуулдаг байх нь?

Энэ бол инженерийн түвшинд, судалгааны түвшинд, онол болон практик дээр суурилан өнгөрсөн болон ирээдүйд ямар байхыг бүхэлд нь харж, ерөнхий дүр зургийг гаргаж байж, олон платформ дээрх процессыг нэгтгэн харж, удирддаг газар гэж ойлгож болно. Горим тохируулга болон шуурхай ажиллагааг зангиддаг гол цэг бол Диспетчерийн үндэсний төв ТӨХХК. 

Эрчим хүчний систем дараах долоон шалгуур үзүүлэлтийг хангах ёстой байдаг. Үүнд.

  • Найдвартай ажиллагаа 
  • Тогтвортой ажиллагаа 
  • Аюулгүй байдал 
  • Аваар осолгүй 
  • Эдийн засгийн хувьд үр ашигтай байх нөхцөлийг хангах 
  • Байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй байх 
  • Эрчим хүчний систем өөрөө өөрийгөө өдөөдөг, нөхдөг, хасдаг, өөрөө өөрийгөө тогтвортой ханган ажиллах, амьд байх чадамжтай байх ёстой гэж үздэг.

Эрчим хүчний систем нь 220 В (вольт), 380 В, 660 В, 6 кВ, 10 кВ, 15 кВ, 22 кВ, 35 кВ, 110 кВ, 220 кВ гээд хүчдэлийн 10 түвшинд ажиллаж байна. Хамгийн гайхалтай нь энэ бүх ялгаатай түвшинд ажиллаж байгаа тоноглолууд өөр хоорондоо цахилгаан соронзон холбоосоор холбогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, металл ч юм уу, нүдэнд харагдахуйц ямар нэгэн зүйлгүй, гагцхүү тэр цахилгаан соронзон орны нөлөөгөөр үүсэж буй гүйдэл, хүчдэлийг янз бүрийн байдлаар хувиргаад хэрэглээд байна гэж ойлгож болно. Цахилгаан эрчим хүчний гайхамшиг нь үүндээ байдаг. Дээрх үндсэн шалгуур үзүүлэлтийг хангаж хүчдэлийн 10 түвшинд ажиллаж байгаа аварга том байгууламжийг ажиллуулахын тулд ДҮТ босоо түвшинд удирдлага явуулдаг. Команд өгөхөд бүгд зэрэг биелүүлэх, зэрэг хөдлөхөөс өөрөөр чиглүүлэх боломжгүй, тийм удирдлагатай байхаас аргагүй онцгой систем юм. 

Удирдлага буюу шуурхай ажиллагааны зохицуулалтын үндсэн платформд хэрэглэгч, түгээх, дамжуулах сүлжээ, эх үүсвэрүүд орно. Нэг талдаа зах зээл нь, нөгөө талдаа диспетчерийн зохицуулалт гэсэн ийм өргөн хүрээгээр бодлогыг зангидаж, дүрэм журам, стандарт, норм норматив, хууль эрх зүйн хүрээгээр зохицуулагдаж байдаг. 

Өнгөрсөн өвөл эрчим хүчний хэрэглээний оргил ачаалал суурилагдсан хүчин чадлаасаа давсан. Ирэх өвөл ямар байдалтай байх бол?

Эрчим хүч гэдэг үнэхээр амин чухал хэрэгцээ гэдгийг ямар ч байсан өөр өөрийнхөө хэр хэмжээнд ойлгодог болсон торгон цаг мөч тохиогоод байна. Уг нь эрчим хүчний суурилагдсан боломжит чадал тодорхой хэмжээний нөөцтэй байх ёстой. Зарим улс үүнийг суурилагдсан эх үүсвэрийн 15 хувь гэдэг бөгөөд зарим нь хамгийн том агрегатын хүчин чадлаар тооцдог. Ингэж тооцвол манайх 123 МВт болох нь байна. 15 хувиар нь тооцвол 240 МВт байх нь. Зарим нь ОХУ-аас авч байгаа шугамын дамжуулах чадлаар хязгаарлагдах ёстой гэдэг. Хэрэв тэгж тооцвол 310МВт-ын нөөцтэй байх шаардлагатай. Нөөцийг тогтоохдоо хэрэглэгчдийн онцлог, түгээх болон дамжуулах сүлжээний хүчин чадал, эх үүсвэрүүдийн боломж, нөөц зэрэг олон функцийг хамааруулан тооцох ёстой. Ихэнх улс оронд нөөц дунджаар эх үүсвэрийн 15 хувьд байдаг. Хөгжингүй орнуудад бол 30 хувь хүртэл байна. Хөгжингүй орнуудад ашиглагдахгүй байгаа нөөцийг тарифаар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, шаардлагатай үед орж ирэхээр нь өндөр тарифаар ашигладаг. Эдийн засгийн хөшүүргээр зохицуулж байна гэсэн үг. Харин Монголд байгаа бүх эх үүсвэрээ тултал нь ажиллуулж байгаа учраас одоохондоо манайд нөөц гэсэн ойлголт байхгүй.

2023 онд оргил ачаалал 1636 МВт хүрсэн. Иймд хязгаарлалт хийж, зарим үед 100 МВт давсан хязгаарлалт хийхээс аргагүй байдалд орсон. Ирэх өвлийн хувьд энэ хэвээрээ үргэлжлэхээр байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна. Сайхан бүтээн байгуулалт хийгдэж байна. Энэ станц орж ирснээр бага ч гэсэн нэмэр болно. Энэ жилийн өсөлт 100 МВт байсан гэж үзвэл ядаж гурван жилийн хэрэглээний өсөлтийг хангах станц ашиглалтад орно гэсэн үг.

Хэрэв ашиглалтад орохгүй бол улам л хүндэрнэ. Яагаад гэвэл хэрэглээ жил болгон өснө. Хүн амын өсөлтийг дагаад илүү тав тухтай амьдрах хүсэл шаардлага нэмэгдэнэ. Улс хөгжихийн хэрээр эдийн засгийн хэрэглээ нэмэгдэж байдаг. Эдийн засаг тэлэх тусам үйлдвэрлэл үйлчилгээ гээд бүх бизнес хөгждөг. Төдийчинээгээр илүү их эрчим хүч шаардлагатай болно. Энэ хэрэглээгээ тооцож болдог. 

Гагцхүү үүнийг урьдчилж хараад ч хангаж чадахгүй хэмжээнд байгаа нь магадгүй эрчим хүчний системийг том дүр зургаар харах ойлголтууд зөрснөөс, эсвэл ач холбогдлоор нь эрэмбэлээгүй, нөгөө талдаа энэ системийг жинхэнэ утгаар нь ойлгож хараагүйтэй холбоотой байна уу гэж боддог. Хэдийчинээ хэрэглээгээ бодитой судалж тогтооно, төдийчинээ өвлийг давах зүй зохистой төлөвлөлт хийх, хэрэглээ бий болоход эх үүсвэрээ бэлдэх гэсэн хоёр асуудлыг тэнцвэржүүлэх боломжтой. Мөн эрчим хүчний нөөцтэй байх зэргээр бүх асуудлыг сууриар нь харах ёстой. 

Түүнээс биш нэг станц ашиглалтад оруулчихаад болно гээд санаа амарч болохгүй. Энэ бол өөрөө том өвөрмөц онолтой салбар. Онолоо дагаад саяын ярьсан олон платформыг нэгэн ижил хэмжээнд авч үзэх ёстой юм. Тиймээс энэ өвөл Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орлоо ч дахиад хязгаарлалтууд хийгдэх болов уу. Яагаад гэвэл энэ станцыг зүгшрүүлэх шаардлагатай. Өвөл ашиглалтад ороод станц зүгширнэ гэдэг нь техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм талаасаа сөрөг. Мэдээж манай салбарын инженерүүд хичээх байх. Гэхдээ ирэх өвөл амаргүй байх нь тодорхой. Яагаад гэхээр тасралтгүй өсөж байгаа хэрэглээг хангах шаардлагатай байгаа.

Ийм ачаалалтай хүнд үед горимын тохируулга хийхэд ямар бэрхшээл үүсэх талтай вэ?

Эрчим хүчний оролцогч, хэрэглэгч бүх түвшинд горимын тохируулга байгаа талаар дээр дурдсан. Эдгээрийн аль ч талд асуудал, хүндрэл гарч болно. Тухайлбал, өвөл 110 кВ (килоВольт)-ын шугамаар яг стандартаараа дамжих бодит чадал 30 МВт. Манайд өвөл нэг хэлхээгээр 60 МВт эрчим хүч дамжина. Гэтэл цаана нь 70 МВт өгчихмөөр байдаг. Ингээд дамжуулах сүлжээн дээр асуудал үүснэ. Эх үүсвэр талдаа сайхан жигдрээд ажиллаж байтал турбин техникийн шалтгаантай зогсдог ч юм уу, тос маслын шахуурга ажиллахаа болих асуудал гарч болно. Тэгтэл дулааны зуух дээр халах гадаргуугийн гэмтэл үүсээд ачаалж чадахаа байх жишээний. Энэ бүх шат дамжлагын хооронд арааг нь тохируулж байгаа мэт зохицуулж ажилладаг. Энэ тохируулгыг хийхэд нөгөө талд нь гэнэт шугам тасрах, аваараар энд тэнд салах асуудал үүсэж болно. Тэгж байтал ОХУ өөрсдөө засвартай байгаа гээд мөн л асуудал гарах талтай. Товчхондоо ДҮТ-ийн зохицуулалт хийнэ гэдэг нь энэ олон түвшинд байгаа асуудлыг бүгдийг нь асуудалгүй юм шиг авч явахыг хэлдэг. Алхам тутамдаа бэрхшээл, эрсдэлийг сөрдөг гэж ойлгож болно. 

... Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орлоо ч дахиад хязгаарлалтууд хийгдэх болов уу ...

Монгол Улс эрчим хүчний хувьд ОХУ-аас хамааралтай гэдэг ч асуудлын гол нь дотооддоо тохируулга хийх эх үүсвэргүйтэй холбоотой. Иймд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авч байж импортын хамаарлыг бууруулах боломжтой вэ?

Дээр дурдсанчлан хэрэглээ, үйлдвэрлэлийн баланс яг л тохирч байх агшинд системийн давтамж 50 герц байдаг. Тэгэхээр эрчим хүчний тохируулга хийж, энэ 50 герцийг барина. Хэрэглэгч бол дураараа залгаж, салгана. Шугам түүнээс хамааралтай, хамааралгүй унаад, тасраад ажиллана. Өөрөөр хэлбэл, янз бүрийн автоматикууд янз бүрийн хэрэглээ дураараа л ажиллана. Энэ бүхнийг хамгийн гол тохируулдаг хэсэг нь эх үүсвэр ба өөрийнх нь өдөөлтийн системээр хэсэгхэн бүсэд тохируулж өгч байгаа юм. Ямар нэгэн сул, жижигхэн савлалт үүсмэгц тэрийг яаж ийгээд давах гэж эрмэлздэг, тийм ухаалаг хийсэн тоноглол бол генератор. 

Гэтэл 50 герцийн баланс нь баригдахгүй, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээд генераторын өөрийнх нь нөөцийн диаграммаас даваад ирдэг. 50 герц гэж миний хэлээд байгаа тэр давтамж системийн бүх цэг дээр адилхан байдаг. Системийг илэрхийлж байдаг параметр бол давтамж. Энэхүү гол параметрийн тусламжтай системийн ажиллагааг шууд үнэлж болдог. Тиймээс давтамжийн анхдагч тохируулгын эх үүсвэр, давтамжийн хоёрдогч тохируулгын эх үүсвэр, давтамжийн гуравдагч тохируулгын үүсвэр нь байж байхад эрчим хүчний системийн дээр ярьсан долоон үндсэн шалгуурыг хангах нөхцөл бүрддэг. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний систем энэ гурван давтамжийн тохируулгын эх үүсвэртэй байх ёстой юм. Гэтэл манайд анхдагч, хоёрдогч тохируулгын эх үүсвэр байхгүй. Арайхийж гуравдагч нь л байна. Энэ нь ТЭЦ 4 рүү команд өгөнгүүт цаашаа нэг зуухны даралт болон горим өөрчилнө. Дараа нь генератор дээр командыг дамжуулах замаар тохиргоо хийнэ. Хурдан хариу үйлдэл үзүүлдэггүй гэсэн үг. Хугацааны хувьд минутаар яригдана. Импортын хамаарлыг бууруулъя гэвэл хугацааны хувьд хэдхэн доль, секундэд мэдэрч ажилладаг давтамжийн анхдагч, хоёрдогч тохируулгатай эх үүсвэрүүд хэрэгтэй.

Энэ гурван тохируулгын эх үүсвэрээ юугаар нь ялгаж ангилдаг вэ? Манайд ТЭЦ-4 дээр асуудал үүсвэл юу болох вэ?

Энэ гурвыг хугацааны хувьд ялгаж байгаа юм. Хугацааны хувьд давтамж уналаа л бол маш хурдан чадал нийлүүлдэг, ихдээд байвал өөр дээрээ шингээгээд авчихдаг бол давтамжийн анхдагч тохируулгын эх үүсвэр. Хугацааны эгшин бүрд тохируулах гэдэг гол шалгуурыг энэ эх үүсвэр хангадаг. Гэтэл манайд энэ нь байхгүй учраас гол шалгуур үзүүлэлтээсээ хамааралтай хүндрэл үүсээд байгаа хэрэг. Давтамжийн анхдагч, хоёрдогч тохируулгыг хийн станц, ус хуримтлуур станц, усан цахилгаан станц, батарей хуримтлуурууд хийдэг. Манайд хий гаргаад, баяжуулаад хийх нь асар өндөр өртөгтэй, ойрын хэдэн жилдээ боломжгүй. Ус хуримтлуурын цахилгаан станцууд хийх боломжтой ч өвөл хөлдөнө. Үүнд давхар шийдэл хэрэгтэй болно. Усан цахилгаан станцууд үнэ өртөг өндөр. 

Тиймээс Монгол Улсдаа тохируулгаа хийе гэхээр тийм өндөр үнэ өртөгтэй станц барьж чадахгүй байна. Хувийн хэвшлийнхний барьж байгаа станцуудыг дэмжээд ажиллахад хүндрэлтэй нөхцөлд байна. Тэгэхээр импортоор авахаас өөр аргагүй байдалд байна. ОХУ-аас тусдаа ажиллавал бид аваарын нөхцөлд ажиллана гэсэн үг. Хэзээ л бол хэзээ тог, цахилгаангүй болох эрсдэлтэй. Аваарын байдалд хэрэв өвөл ажиллахаар бол цахилгаан мэдээж тасарна. Хамгийн том аюул нь цахилгаан дөрөв ба түүнээс илүү цаг тасрахад хүрвэл дулааны шугам сүлжээний ус хөлдөнө. Усыг эргүүлж л байхгүй бол гаднаасаа хөлдөнө. Нэг хөлдөөд барьчихвал шугам, магистрал хоолой задарна. Ингээд цахилгаан гэдгээсээ илүү дулаан хамаараад явчихдаг. Манай орон хүйтэн цаг ууртай учраас цахилгаан, дулаанаа хамт шийдээд явчихсан. Олон магистрал шугам зэрэг ажилладаг. 

Скандинавын орон, ОХУ-ын зарим газарт хамгийн тохиромжтой систем гээд энэ хувилбараар шийдсэн байдаг. Гол нь тохируулга байхгүй бол цаана нь ийм хүндрэл байгаа юм. Ер нь эрчим хүчний системүүд өөр хоорондоо холбогдож ажиллах нь олон давуу талтай. Иймд импортоор эрчим хүч авч байгааг буруутгах аргагүй, зохистой хэмжээнд байх ёстой. Нөгөө талаар байгаль орчинд нөлөөллөө үзүүлээд, үйлдвэрлэгдээд манайд ирж байгаа нэг ёсны цэвэр эрчим хүч гэсэн үг шүү дээ. Бодит энэ нөхцөлөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. 

Эрчим хүчний эх үүсвэрүүдээ эргэж харах зайлшгүй шаардлагатай юм байна. Таны хувьд эх үүсвэрүүдийн харьцааг ямар байх хэрэгтэй гэж үздэг вэ?

Манай эрчим хүчний 90 гаруй хувийг ДЦС-ууд үйлдвэрлэж байгаа. Үүнийг 100 хувь гэж үзвэл 60 орчим хувийг нь ДЦС-4 дангаараа үйлдвэрлэж байна. Нэг талын хүчтэй хамааралтай байдлыг тооцвол энэ станц дээр ямар нэгэн асуудал гарахад нийтээрээ өртөх өндөр эрсдэлтэй сууж байна.

Дэлхийн улс орнууд эрчим хүчнийхээ эх үүсвэрүүдийг холимог болгосон байдаг. Тухайлбал, бид эх үүсвэрийн бүтцээ анхаарах, зохицуулалттай сэргээгдэх эрчим хүчний үүсвэрүүдийг нэмж оруулах. Үүнийг дэмждэг хийн станц, батарейн станц, ус хуримтлуурын станц, усан цахилгаан станцаа боломжтой хэмжээгээр нэмж барих хэрэгтэй юм. Суурь болон хувьсах горимд ажиллах боломжтой эх үүсвэрүүдийг зохистой харьцаагаар хөгжүүлэх шаардлага тулгамдаж байна. Байгаль орчинд ээлтэй байх шаардлагаа давхар анхаарах нь чухал. Монгол Улс дэлхий нийтийн чиг хандлагаа дагах нь зүйтэй. Манай улс хүйтэн гээд аливааг хөгжүүлэхгүй, эсвэл боломжгүй, хөрөнгө оруулалт өндөр гээд зайлсхийгээд байж болохгүй. 

Энэ бүхнийг цогцоор шийдэх эхний алхам юу вэ? Ямар гарц шийдэл санал болгох вэ? 

Үнэ тарифыг бодитой болгоод ирвэл энэ асуудлууд шийдэгдэнэ. Тухайлахад, засвар үйлчилгээ хийнэ гээд бид зах зээлээс шаардлагатай зүйлсийг худалдан авч байна. Гэтэл өнгөрсөн жилийн үнэ өнөөдөр үйлчлэх үү гэвэл үгүй. Энэ зөрүү нь алдагдал болдог. Эрчим хүчний салбараа ингэж байнгын алдагдалтай байлгаад байвал чадамж улам л муудна. 

Нөгөө талаар, зах зээлийн зохицуулалт талаасаа энэ их ачааллыг тохируулахын тулд хөшүүрэг хэрэгтэй. Гэтэл манайд цахилгаан үнэгүй шахам. Үнэгүй шахам учраас иргэд гамгүй байна. Гэтэл нэг кВт/ц эрчим хүчийг айлд хүргэхийн тулд ойлгоход ч төвөгтэй олон үе шатыг туулж байна шүү дээ. Тиймээс ядаж бодит тарифтай болъё. Дөрвөн ам бүлтэй нэг өрхийн сард төлж байгаа цахилгааны төлбөр 30-50 мянган төгрөг. Дунджаар 40,000 гэж бодоход тэр айлын нэг хүнд сарын 10,000 төгрөг ногдоно. 30 өдөртөө хуваахаар нэг хүн өдөрт 300 төгрөгийн цахилгааны төлбөр төлөөд утсаа цэнэглээд, хоол хүнсээ болгоод, цэвэрлэгээ, үйлчилгээ авч байна. Гэтэл энэ нь сард гар утасныхаа төлбөрт өгдгөөс ч бага мөнгө. 

Иргэд хямд эрчим хүч ашиглаж байгаа нь давуу тал боловч бодит үнийг ойлгохгүй болохоор маш хайр гамгүй байна. Хайр гамгүй хэрэглээд байгаа учраас систем хүндрэхээс аргагүй. Тиймээс энэ салбарыг аврах, эрүүл болгох хамгийн чухал зүйл нь яг одоогийн нөхцөлд үнэ тариф. Эндээс л бүгдийг хөөж харах ёстой болов уу.

Зөвхөн салбарынхан биш, бүгдээрээ энэ асуудалд анхаарахгүй бол хүндрээд байна. Мөн шуурхай ажиллагааны удирдлага гэдэг нь өвөрмөц, олон шат дамжлагатай, бас хүндрэлтэй төвөгтэй байдгийг ойлгож, олон талаас нь хараасай гэж хүсэх байна. 

Ярилцсанд баярлалаа.