Манай улсын нөхцөлд тохирсон эрчим хүчний хөгжлийн загвар бол тархмал эх үүсвэрүүд
Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, техникийн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын зөвлөх инженер П.Товуудоржтой “Энержи Инсайт”-ын Б.Баянжавзан ярилцлаа.
Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) нь эрчим хүч хэмнэлтийн төрийн бодлогын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд энэ чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль 2015 онд батлагдсанаас хойш олон нийтийг соён гэгээрүүлэх, эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгч нарыг тодорхойлох, тэдгээрийн босгыг Засгийн газрын хуралдаанаар тогтоох ажлыг хийж байна. Үүрэг хүлээсэн хэрэглэгч гэж Засгийн газраас тогтоосон хэмжээнээс давсан эрчим хүчний хэрэглээтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хэлдэг. Монгол Улсад эрчим хүчний үүрэг хүлээсэн 216 аж ахуйн нэгж нийт эрчим хүчний 60 орчим хувийг хэрэглэж байна. Үүнтэй уялдуулан эрчим хүчний хэмнэлтийн 300 гаруй менежерийг ЭХЗХ-ноос сургасан. Мөн эрчим хүчний аудит гэж шинээр бий болгож 110 гаруй мэргэжилтнийг бэлтгэлээ. Тухайн хэрэглэгч, ялангуяа үүрэг хүлээсэн хэрэглэгч нь эрчим хүчний үр ашгийн дүгнэлт аудитаар гаргуулах, түүнийгээ сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллана.
Эдүгээ олон улсын хандлага ч тодорхой нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хамгийн бага эрчим хүч зарцуулахад чиглэж байна. Энэ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтоос үүдэн гарч буй асуудал. Дэлхийн эрчим хүчний анхдагч нөөц хязгаарлагдмал, гэтэл хэрэглээ хязгааргүй. Тиймээс хязгаарлагдмал нөөцийг ариг гамтай хэрэглэж, дараа үедээ үлдээх нь тогтвортой хөгжлийн нэг зорилт. Нөгөөтэйгүүр Монгол Улсын адил шахмал түлш, CO2 ялгаруулагч орнууд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг хязгаарлахыг эрмэлзэж байна. Эдгээр шалтгаануудаас дэлхий дахинд эрчим хүчний хэмнэлт нь чухал байр суурь эзэлж буй юм.
Манай улсын Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль хөрсөнд бодитой бууж чадаж байна уу?
Энэ хууль төгс төгөлдөр болсон уу гэвэл эргэлзээтэй. Гэхдээ ийм хуультай болж чадсан нь сайн хэрэг. Эрчим хүчний хэмнэлт бол дан ганц салбарын биш олон салбар хоорондын асуудал юм. Тиймээс салбаруудын уялдаа холбоог хангах, хэмнэлт дагасан олон улсын стандартуудыг нутагшуулах, албадлага болон урамшуулал зэрэг зохицуулалтын шаардлага бий. Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд тодорхой хэмжээгээр албадлагын зохицуулалтыг хуулийн дагуу ЭХЗХ хэрэгжүүлж байна. Тухайлбал үүрэг хүлээсэн хэрэглэгчид тодорхой хугацаанд заавал эрчим хүчний аудит хийлгэх, хэрэглээн дээрээ үр дүн гаргасан байх. Нөгөө талдаа урамшууллыг хэрхэн нэвтрүүлэх гэдэг асуудал тулгарч байгаа. Эдгээрээс үүдэн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ бий гэж үзэн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулан, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) хамтран хуулийн үзэл баримтлалыг боловсруулж байна. Хууль тогтоомж өргөн барих процедурыг хангахын тулд 1-2 жил шаардагдах байх. Энэ хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг хийнэ, эдийн засгийн тооцоолол гаргана гэх мэт шат дараатай арга хэмжээ авч ажиллана.
Эрчим хүчээ хэмнэхэд оргил ачааллын тарифыг ашиглах нь үр дүнтэй юу? Манай улсын нөхцөлд тохиромжтой арга мөн үү?
Эрчим хүчний хэмнэлт ярихаар нэг хүндрэл бий. Учир нь эрчим хүч бол үнэ цэнтэй бүтээгдэхүүн юм. Үнэ цэн нь тодорхой өртөгтэй байж хэмнэх эрмэлзэл төрнө. Гэтэл өнөөдөр манай улсад эрчим хүч маш хямд. Ялангуяа ахуйн хэрэглээний цахилгааны дундаж үнэ 140 төгрөг бол эрчим хүчний өөрийн өртөг 256 төгрөг байгаа юм. Тэгэхээр эрчим хүчний үнийг бодит өртөгт хүргэхийг ЭХЗХ нэн тэргүүнд зорьж байна. Аж ахуйн нэгж дээр оргил ачааллын тарифтай. Харин ойрын үед ахуйн хэрэглээн дээр оргил ачааллын тарифыг бий болгохоор ЭХЗХ саналаа боловсруулан танилцуулаад явж байна. Ахуйн хэрэглээ оргил ачааллын тарифтай болсноор тодорхой хэмжээний хөшүүрэг бий болно.
Монгол Улс өвлийн улиралдаа 11-2 дугаар саруудад 17:00-22:00 цагт эрчим хүчний дутагдалд ордог. Өнгөрсөн жил нийт эрчим хүчний хэрэглээ 1636 МВт хүрлээ, оргил ачаалал жилд дунджаар 10-11 хувь өсөж байна. Тиймээс АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Эрчим хүчний засаглал хөтөлбөртэй хамтран 2023 оны арваннэгдүгээр сараас эхлэн оргил ачааллын үед “Тогоо тохируулъя 17-22” нөлөөллийн аяныг зохион байгууллаа. Аяны үр дүнг хөндлөнгийн судалгааны байгууллагууд тодорхойлохоор ажиллаж байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад орох хүртэл нөлөөллийн аяныг үе шаттайгаар үргэлжлүүлж явуулна. Оргил ачааллын үед иргэдийн амьдралын хэв маягийг шууд өөрчлөхөөс илүүтэй үр ашиггүй хэрэглээг багасгахыг уриалсан ажил юм. Жишээ нь, эрчим хүчний бага зарцуулалттай тоног төхөөрөмж ашиглах. Оройны 21:00 цагаас хойш айл өрхүүд хувцас угаалга, индүүдлэгт цахилгаан зарцуулах. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд эрчим хүч хэмнэх дадлыг бий болгох, сэдэл төрүүлэх, хэвшүүлэх арга аргачлалыг таниулах байдлаар үр дүнд хүрнэ гэж үзэж байна.
Ковидын үеэр төрөөс эрчим хүчний төлбөрийг 1.5 жилийн хугацаанд тэглэх шийдвэр гарахад хэрэглээ 100 МВт-аар огцом өссөн. Хоёр хоногийн дараа шийдвэрийг өөрчилж өмнөх жилийн мөн үетэй харьцуулан илүү гарсан төлбөрийг хэрэглэгч өөрөө төлдөг болгосноор эрчим хүчний хэрэглээ 60-70 МВт-аар эргээд буурсан. Тэгэхээр иргэдэд эрчим хүчний хэмнэлтийн ач холбогдол, хэмнэх арга замыг таниулж, хэвшүүлэх юм бол манай улс эрчим хүчээ хязгаарлах нөхцөл байдал үүсэхгүй гэсэн үг. Ер нь өвлийн саруудад шөнийн тарифыг тэглэдэг нь буруу юм. Харин хоёр тарифтай тоолуур дээр шөнийн 112 төгрөгийн тарифыг бага зэрэг бууруулаад, ингэхдээ оргил ачааллын тарифыг өндөр байлгах нь зүйтэй.
Оргил ачааллын үеийн хэрэглээг төлбөрийн баримт дээр ангилж харуулах боломжтой юу?
Оргил ачааллын тарифыг батлаад хэрэгжүүлэхэд техникийн хувьд хүндрэл байна. Тодруулбал хоёр төрлийн тарифыг гурван тариф руу шилжүүлэх тоолуур хязгаарлагдмал. Манай улсын нөхцөлд ухаалаг тоолуурт шилжих энэ үйл явц 2-3 жилийн хугацаа шаардахаар байна. Одоогоор Дархан, Сэлэнгийн түгээх сүлжээний 90 гаруй хувь нь ухаалаг тоолууртай. Харин Улаанбаатар түгээх сүлжээнд ухаалаг тоолуур дөнгөж 15 мянга байгаа бөгөөд үлдсэн 400 мянган тоолуур нь хоёр тарифтай. Тэгэхээр гурван тарифт тоолуурт шилжихийн тулд зайлшгүй техникийн шинэчлэл хийнэ. Тэр тохиолдолд төлбөрийн баримт дээр оргил ачааллын үеийн хэрэглээг ангилаад харуулах боломжтой. Жишээ нь, тухайн айлын хэрэглэсэн цахилгааны төлбөр 100 мянган төгрөг гарсан байхад 70 мянга нь 17:00-22:00 цагийн өндөр үнэтэй эрчим хүч байвал тэр хугацаанд хэмнэхийг л бодно.
Эрчим хүчний үнийг чөлөөлөх талаар та ямар байр суурьтай байна вэ?
2022 онд аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний үнийг 38 хувиар нэмсэн. Гэтэл эрчим хүчний өөрийн өртгөөс дэндүү доогуур үнээр ахуйн хэрэглээнд борлуулж байна. Тэгэхээр зайлшгүй өртөгт нь хүргэх шаардлагатай. Эрчим хүчний үнэ чөлөөлөх гэдгийг үнээ өртөгт нь хүргэж, индексжүүлээд явах гэж би ойлгодог. Индексжих нь эрчим хүч үйлдвэрлэхэд гарч буй зардлын нөлөөллийг тодорхой хугацааны давтамжтай хэрэглэгчдэд борлуулах үнэд тусгаад явахыг хэлнэ. Валютын ханшийн өөрчлөлт, хэрэглээний үнийн индекс зэргийг тусгаад эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд алдагдалгүй ажиллах байдлаар жигдрүүлэх хэрэгтэй. Индексжүүлнэ гэхээр заавал эрчим хүчний үнэ өснө гэсэн үг биш. Инфляц буурч эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарвал эрчим хүчний үнэ буурах боломжтой юм. Харамсалтай нь манай улсад эрчим хүчний үнэ 2-3 жилд л нэг хөдөлж байна. Энэ хооронд зардал нь өсөж компаниуд сөхөрч унах эрсдэл үүсээд байна. Яваандаа улирал тутмаа биш юм гэхэд хагас жилд үнээ тогтоогоод явах ёстой.
Ямар нэгэн зохицуулалтгүй, хэрэглэгч болон нийлүүлэгч хоорондоо үнэ тохироод явдаг механизм дэлхий дээр тун цөөн. Европын хэдэн орныг эс тооцвол дэлхийн ихэнх улс эрчим хүчний үнэ тарифыг зохицуулдаг байгууллагатай байдаг. Эрчим хүч нь монопол салбар юм. Монопол зах зээлтэй, стратегийн чухал салбарт зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Зохицуулалт байна гээд салбарын аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллах учиргүй. Харин ч Эрчим хүчний тухай хуульд зааснаар үнэ тарифыг ЭХЗХ тогтоохдоо үйл ажиллагааны бодит өртөг зардалд тулгуурлах, үнийг инфляцтай уялдуулах, ашгийн зохих түвшнийг хангах ёстой. Гэвч өнөөдөр ашиг байтугай зардлаа ч нөхөж чадахгүй байна. Үүнийг засахгүй бол эрчим хүчний салбарын цаашдын үйл ажиллагаа алдагдахад эрсдэлтэй.
Тархмал эх үүсвэрийг хөгжүүлэхэд манай улс ямар бодлогоор дэмждэг вэ?
Тархмал эх үүсвэрээс эрчим хүч худалдаж авах, худалдах үнийг жил тутам тогтоохоор 2019 оны Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасан. Энэ дагуу оргил ачааллын үед тархмал эх үүсвэрээс нийлүүлэх үнийг тухайн үеийн аж ахуйн нэгжийн үнэ болох 220 төгрөг гэж ЭХЗХ-ноос 2021 онд баталсан. Үүнээс хойш энэ тарифыг шинэчилж батлаагүй. Одоо зайлшгүй шинэчлэх шаардлагатай.
Одоогийн журмаар, тархмал эх үүсвэрээс сүлжээнд худалдах, худалдан авах үнэ аль аль нь адил. Томоохон нарны эх үүсвэрээс худалдаж авах үнийг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасан байдаг. Бусад улс оронд тархмал эх үүсвэрийг тарифын бодлогоор дэмжиж, оргил ачааллын үед өндөр үнээр эрчим хүчээ сүлжээнд нийлүүлдэг. АНУ-д сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр тавьсан бол оруулсан хөрөнгө оруулалтынх нь 60-70 хувийг татвараас хөнгөлдөг. Жишээ нь тус улсын Вермонт жижиг муж хэр нь эрчим хүчний хамаарал өндөр. Энэ муж татварын бодлогоор тархмал эх үүсвэрүүдийг дэмжсэнээр айл бүр нарны хавтантай болсон. Тиймээс тархмал эх үүсвэрийг бага гэж голж болохгүй.
Манай улсад 10-100 мянган айл тархмал эх үүсвэртэй болоход л эрчим хүчний системд ихээхэн хувь нэмэр оруулж, сайн үр дүн гарна. Төрөөс “100 мянган нарны дээвэр” гэх мэт хөтөлбөр боловсруулж, татварын болон тарифын бодлогоор дэмжих юм бол эрчим хүч дутагдалтай энэ үед салбарт ч, тухайн иргэний тав тухтай амьдрах, эрчим хүчний найдвартай хангамж талаасаа хэрэгтэй байна.
Тэгвэл Монгол Улсын цахилгааны урт шугамуудыг үр ашигтай, найдвартай хангамжтай болгох нэг шийдэл нь тархмал эх үүсвэр байх нь?
Монгол орны онцлог бол өргөн уудам, том газар нутагтай, хүн ам цөөн. Нөгөөтэйгүүр дэлхийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлага нь хараат бус, бие даасан, найдвартай хангамжид чиглэж байна. Тэгвэл манай улсын нөхцөлд тохирсон эрчим хүчний хөгжлийн загвар бол тархмал эх үүсвэрүүд юм. Энэ нь 35 кВ-оос доош хүчдэлтэй түгээх сүлжээнд холбогдох эх үүсвэрүүд гэж ойлгож болно.
Манай улсын 331 сум эрчим хүчний нэгдсэн системд бүрэн холбогдсон. Гэвч ашигтай чадал дамжуулах радиусын хүрээнээс хэтэрчихсэн урт шугамууд ажиллаж байна. Тухайлбал 110 КВт шугам ойролцоогоор 200-300 км-ийн ашигтай радиустай байтал 800-900 км-т цахилгаан дамжуулж байгаа. Уг нь манай улсын стандартаар айл өрх, аж ахуйн нэгжүүд 220, 380 вольтын хүчдэлээр хангагдах ёстой. Гэтэл улсын хэмжээнд 200 вольтоос доош хүчдэлийн уналттай урт шугамуудын төгсгөлд холбогдсон 53 сум байна. Ачаалал нэмэгдэхээр урт шугамуудын төгсгөлд хүчдэл нам унадаг. Сумдад эрчим хүч байна уу гэвэл тийм, гэрэл асна, зурагт ажиллана. Тэгсэн хэр нь жижиг үйлдвэрлэл хөгжүүлье гэхээр хүчдэл хүрдэггүй. Тэгэхээр эрчим хүчээр хангаж байна гэж хэлэхэд хэцүү.
Өнөөдөр Монгол Улсад тархмал эх үүсвэр хөгжиж байгаа гэж үзэж болно. Олон улсын Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтээр Баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, дэлгэрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Засгийн газар энэхүү 30 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авахдаа баруун бүс нутгийг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах үүрэг авч, амлалт өгсөн. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас нэн хөнгөлөлттэй буюу 10 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж, 40 жилийн хугацаанд жилийн 0.7 хувийн хүүтэй зээлийг нэмж манай улсад олгосон. Ингээд Дэлхийн банкнаас Ховдын Мянгадын 10 МВт нарны станцыг, Азийн хөгжлийн банкнаас Говь-Алтайд Сэрвэнгийн 10 МВт нарны, Завханд Борхын 5 МВт нарны станцыг батарей хуримтлууртай, Мөрөнд 10 МВт нарны нийт 50МВт чадалтай эх үүсвэрээс Увсын Өмнөговьд 10 МВт, мөн Завханы Тэлмэнээс бусдыг нь байгуулаад дуусаж байна.
Бусад аймгуудад тодорхой хэмжээгээр тархмал эх үүсвэрүүд хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж том эх үүсвэр барьчихвал сайн ч санхүү, мөнгө их шаардана. Тиймээс 21 аймгийн төвүүдэд 30-100 МВт хүчин чадалтай нүүрс болон нар, салхины станцууд барих. Тэр дундаа хүчдэлийн уналттай 53 суманд бага чадлын 500 кВт, 1 МВт зэрэг нарны эх үүсвэр, заримд нь хүчдэл өсгөдөг SVG төхөөрөмж суурилуулах боломж байгаа юм.
Манай улсад одоо мөрдөгдөж буй дүрэм, журам зарим талаараа эрчим хүчний системүүдийн хөгжилд саад болж байна. Аюулгүй ажиллагааны дүрэм, Хөдөлмөрийн тухай хууль, бусад журмыг мөрдөхөд хүчин чадлаас үл хамааран нэг станцад 18-20 хүн ажиллах хэрэгтэй болдог. Ийм тооны хүн ажиллавал жижиг станцуудын эдийн засгийн үр ашиг ямар болох билээ. Гэтэл олон улсад ийм хүчин чадалтай сэргээгдэхийн станцуудыг алсаас удирддаг болсон. Тиймээс тархмал эх үүсвэрүүдийг бодлогоор дэмжих, хууль дүрэм, журам стандартуудаа шинэчлэх шаардлагатай.
Манай улсын горимын тохируулга импортын эрчим хүчнээс хараат байдаг. Дотооддоо тохируулдаг болох шийдэл, боломжийг та хэрхэн харж байна вэ?
Аливаа улсын эрчим хүчний нэгдсэн бүтцэд суурь горимд тохиромжтой нүүрсний станц, атомын цахилгаан станц, оргил ачааллаар маневрлах чадвар сайтай усан цахилгаан станц, мөн сэргээгдэх буюу нар, салхины эх үүсвэр бүгд ажиллаж ёстой. Бие биеэ нөхөж ажилласнаар эрчим хүчний аюулгүй, найдвартай байдлыг хангасан систем бүрддэг. Гэтэл Монгол Улсад эрчим хүчний бүтцэд нүүрсээр ажилладаг станц болон тогтворгүй горимын нар, салхины станцууд л байна. Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ бусад хүчин зүйлээс шалтгаалан ТЭЦ-4, Оросын импортын эрчим хүчээр горимын тохируулга хийж байна.
Маневрлах чадвар сайтай эх үүсвэр буюу хаалт нээнгүүт эрчим хүч үйлдвэрлэж, хаалт хаахад шууд үйлдвэрлэл зогсдог усан цахилгаан станц манайд тохиромжтой. Нүүрсээр ажилладаг станцуудын нэг сул тал нь маневрлах чадвар муутай. Хүйтэн зуухыг галлаад эрчим хүч үйлдвэрлэж эхэлтэл 4-5 цаг зарцуулдаг. Ийм хугацаанд манай эрчим хүчний системд доголдол, гэмтэл саатал үүсэх эрсдэлтэй тул импортын эрчим хүчээр горим тохируулдаг.
2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн үзүүлэлтээр хамгийн бага ачааллын 06:00 цагт ТЭЦ 4 станц 420 МВт, хамгийн их ачаалалтай 19:00 цагт тухайн станц 660 МВт эрчим хүч нийлүүлсэн гэхээр зөрүү нь 240 МВт байна. Жигд ажиллах ёстой станц хоногт 2-4 удаа хэлбэлзэхээр зуухны халах гадаргуу гэмтэх нөхцөлийг бид өөрсдөө бий болгоод байгаа юм. Тийм учраас манай нөхцөлд горим тохируулах эх үүсвэрүүд нэн хэрэгтэй.
Монгол Улсад зарим хүчин зүйлээс хамааран усан цахилгаан станц барих асуудал удааширч байгаа нөхцөлд оронд нь хуримтлуурын станц байж болно. Өөрөөр хэлбэл шөнө эрчим хүч илүүддэг үед хуримтлуулж, дутагдалтай үед нь нийлүүлэх юм. Дэлхий дахинд эрчим хүчний хуримтлуурын станцуудын 96 хувь нь усан цэнэгт цахилгаан станц, үлдсэн нь батарейнх байна. Усан цэнэгт цахилгаан станцын технологи 100 жилийн өмнө бий болсон бол батарей нь сүүлийн 20 жилд нэвтэрсэн шинэ технологи юм.
Манай улс 2015 онд тодорхойлсон “Эрчим хүчний салбарт баримтлах бодлого”-оор өнөөдөр эрчим хүчний 20 хувийн нөөцтэй байх ёстой. Гэтэл одоогоор нэг ч томоохон чадлын станц бариагүй байж байна. Хувийн хэвшил станц бариад өгчих юм шиг манайхан бодоод байгаа бололтой. Эрчим хүчний станц байгуулах нь хувийн хэвшлээс давсан эрсдэл. Хөгжиж буй улс оронд төр өөрөө эрсдэлээ хариуцаад хийдэг ажил юм. ТЭЦ-5 төсөл зогссон гол шалтгаан ч энэ. Төрөөс “Эрдэнэс Тавантолгой” компанийн орлогыг ногдол ашиг болгож, Эрдэнэт үйлдвэрийн мөнгийг эрчим хүчний хөнгөлөлт байдлаар тараах биш харин энэ мөнгөөр станц шуурхай бариад эрчим хүчнийхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Аюулгүй байдал судлаач хүний хувьд би “Сэргээгдэх эрчим хүчний төсөл юм уу, эсвэл багахан хөрөнгө оруулалт шаардах бусад станцыг хувийн хэвшлээрээ хийлгэе. Олон улсад хүрэн төслийн зээл хумигдчихсан өнөөгийн нөхцөлд нүүрсний том чадлын станцыг төр өөрөө барих хэрэгтэй” гэж хэлээд байгаа юм. Тиймээс шинэ Засгийн газар үүнд анхаарч, төр өөрөө станцаа барих учиртай. Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний системийн аюулгүй байдал маш ноцтой түвшинд хүрсэн.
Монгол Улсын эрчим хүчний салбарын цаашдын чиг хандлагыг та хэрхэн төсөөлж байна вэ? Өнөөдөртөө хэрэглээнийхээ хойноос “хөөгөөд” явж байна шүү дээ.
Миний үзэж буйгаар эрчим хүчний экспорт, импор тын зохистой харьцааг л хангах ёстой. Түүнээс биш эрчим хүч хараат бус, бие даана гээд хилээ хаачихаад авахгүй, өгөхгүй гэвэл утгагүй. Хятадаас импортолдог бол тус улс руу экспортолдог болъё. Сэргээгдэх эрчим хүчний экспортын чиг баримжаатай томоохон эх үүсвэр байгуулах төслүүдийг Монголын говьд хэрэгжүүлье. Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг бий. Байдал хэцүүдвэл дотоодынхоо хэрэгцээг ч хан гах техникийн нөхцөлийг бүрдүүлье гээд байгаа юм.
Ярилцсанд баярлалаа.