E-Sight
Ярилцлага

Себастиан Сүрүн: Ураны түлш ашиглана гэдэг нь хариуцлага давхар үүрнэ гэсэн үг

2024-09-26 13:27
Э.Мишээл
Сэтгүүлч

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүнтэй "Энержи Инсайт"-ын сэтгүүлч Э.Мишээл ярилцлаа. Элчин сайдтай хоёр улсын хамтын ажиллагаа болон ураны хамтарсан төслийн явц, эрчим хүчний шилжилт, ирэх долоо, наймдугаар сард болох Парисын олимп зэрэг өргөн сэдвээр ярилцлаа. 

Эрхэмсэг Элчин сайд Себастиан Сүрүн таныг Энержи Инсайт сэтгүүлд ярилцлага өгч буйд талархаж байна. Таныг Элчин сайд байх хугацаанд хоёр улсын харилцаанд хэрэгжүүлэхээр зорьсон ажлуудаас ярилцлагаа эхэлье. Мөн Та БНФУ, Монгол Улсын өнөөгийн харилцаа, тухайлбал эдийн засаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хэрхэн үнэлж дүгнэж байгаа вэ? Таныг албан үүргээ авснаас хойших хугацаанд хоёр улсын харилцаанд ямар ахиц дэвшил гарсан бэ? 

Манай хоёр улс аль аль талдаа чухал ач холбогдолтой бодит асуудлуудыг хөндсөн олон салбарт хамтран ажилладаг тул маш бат бэх хоёр талт харилцааг бэхжүүлж чадсан гэж би хувьдаа боддог. Хоёр улсын төрийн айлчлалууд үүний тод илрэл. Хоёр орны төрийн тэргүүн нар өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар хотод, аравдугаар сард Парис хотноо уулзацгаасан. Ийм ойрхон хугацаанд уулзсан шалтгаан нь өргөн хүрээнд хэлэлцэх зүйлс байгаа болохоор тэр. 

Нөгөө талаараа айлчлалыг дагаад хоёр орны харилцаа ч улам гүнзгийрч байна. Эдийн засгийн ач холбогдолтой салбаруудын хувьд хэмжигдэхүүн нь өөр. Тэдгээрийн нэг бол худалдаа. 2022-2023 онд хоёр орны худалдаа хоёр дахин нэмэгдсэн нь хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, цаашлаад эдийн засгийн хүрээнд хоёр орны харилцааг сайжруулах сонирхол байгааг харуулж байна. Салбараар нь харвал хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа сайн хөгжсөн. 

Монгол хүн бүр өөрсдийгөө хаанаас гаралтай, нутаг усныхаа хаана юу байдгийг сайн мэддэг. Францчууд ч мөн адил. Тийм болохоор харилцан ойлголцоход илүү хялбар байх шиг санагддаг. Францын Хөдөө аж ахуй, хүнсний бие даасан байдлыг хариуцсан сайд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Монголд айлчлах үеэр хоёр орны компаниуд, ард иргэд олон зүйлээр төсөөтэйг олж харсан. Аж үйлдвэр, тэр дундаа үйлчилгээний салбарт Францын хувийн хэвшлийнхэн олон ажил идэвхтэй хийж байна. Засгийн газруудаас гадна хувийн хэвшлийнхэн үүнийг өрнүүлж байгааг онцлох хэрэгтэй.

... Францад ч ялгаагүй том төслүүд хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн иргэдээс санал хүсэлтийг нь сонсож, асуудлуудыг нь ойлгож, шийдлийг эрж хайдаг...

Хоёр улс хамтран хөрөнгө оруулсан хамтын ажиллагааны олон салбарууд бий. Жишээ нь, иргэний хамгааллын салбарт анхны хэлэлцүүлэг Парист 2020 онд эхэлсэн. Харин 2024 онд Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т агаарын десантын аврах ангийг байгууллаа. Нисгэгч, техникчдийг сургаж, ОБЕГ-ын үйл ажиллагаанд бүрэн нэгтгэхэд дахиад хэдэн жил шаардлагатай. Ямартай ч хүний амь аврах бодит төслийг хэрэгжүүлснээр ардчилал үнэхээр үр дүнтэйг, улс төрийн сайн харилцаа бодит ажил болдгийг багахан хугацаанд харуулж чадлаа. Энэ бол бидний хамтын ажиллагааны ердөө нэг жишээ.

Уул уурхайн салбар ирээдүйд Монголын эдийн засагт маш чухал ач холбогдолтойг ойлгож байгаа ч бид мэдээлэл технологийн чиглэлд олон зүйл хийж байна. Шинээр бий болгож буй ажлын байр тийм их биш ч гэсэн ДНБ, экспорт, татварын томоохон хувийг бүрдүүлж эхлээд байгаа. Одоо харин цаашид хэрхэх, юу хийхээ тодорхойлох хэрэгтэй. Энэ өнцгөөс харвал мэдээлэл технологи, мэдлэг боловсролд суурилсан эдийн засаг нэлээд дээгүүр эрэмбэлэгдэх болов уу. 

Харилцаа холбооны хиймэл дагуулын чиглэлд хамтарч эхэлсэн нь үүний нэг шалтгаан. Зарим талаараа засаглал тааруу байгаа ч үүнийг хийх хүсэлтэй, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах сонирхолтой хувийн хэвшлийн компаниуд байгаа гэсэн үг. Кино үйлдвэрлэл, цаашлаад археологийн салбарыг аваад үзэхэд та бүхэн өнгөрсөн оны аравдугаар сард Францын Нант хотноо нээгдсэн Чингис хааны томоохон үзэсгэлэнг санаж байгаа байх. Тухайн музейн хамгийн том үзэсгэлэн болсон төдийгүй 200 мянга гаруй зочид цугласан. Хамтарч буй өөр олон салбар байгаагийн нэг нь боловсрол. Энэ чиглэлд хоёр талаас сонирхлоо ихээхэн илэрхийлж буйг иргэд, бизнесүүд, төрийн өндөрлөгүүдийн санал, хүсэлтээс харж болно.

2023 онд болсон манай хоёр улсын Төрийн тэргүүн нарын өндөр дээд хэмжээний айлчлалаар хамтын ажиллагаа хөгжүүлэхээр тохиролцсон хэд хэдэн асуудлын нэг нь цөмийн эрчим хүчний салбар буюу Монголд хамтран хэрэгжүүлэх ураны “Зөөвч-Овоо” төсөл. Энэ чиглэлээр талууд санамж бичигт гарын үсэг зурах хүртэл үйл явц маш эрчимтэй байснаа гарын үсэг зурснаас хойш хүлээлтийн байдалд орчихлоо. Шалтгаан нь юутай холбоотой вэ?

Энэ талаар жил гаруйн өмнөөс ярилцаж эхэлсэн. Таны хэлснээр аравдугаар сард гарын үсэг зурж, тэнцвэртэй гэрээ байгуулах нөхцөл бүрдсэн нь онцлох үйл явдал байлаа. Тэр хүсэл эрмэлзэл өөрчлөгдөөгүй. Аравдугаар сараас хойш илүү нарийн хэлэлцэж, боловсронгуй болгож байгаа гэж болно. Хэлэлцэхэд тийм ч ярвигтай зүйлс биш ээ. Ихэнх нь тохиролцсон, тохиролцож болох асуудал байгаа. Сургалтуудаа ийм хэмжээнд хийх үү, ийм хуваарьтай байх уу гэх мэт зүйлийг хоёр тал буюу Францын “Орано” компани болон Монгол Улсын Засгийн газар тохиролцож байна. Эдгээр хэлэлцүүлэгт бэлдэж, монголчуудад нийцүүлэхэд ихээхэн эрч хүч зарцуулж буйг харсан. Гурван жил хүрэхгүй хугацаанд маш их ахиц гарсан. Төслийн талаарх мэдээлэл улам зузаарч, төслийн талбайд очих хүний урсгал ч нэмэгдэж байна. Талбайд очсон хүмүүс ихэнхдээ гайхширдаг. Хүмүүс зүгээр нэг том талбай, ихэнх уурхайн үйл ажиллагаанд ажиглагддаг овоолго төсөөлж очдог. Гэтэл ашигладаг технологи нь тэс өөр. Байгаль орчны маш өндөр стандарт мөрддөгөөс гадна ландшафт, ан амьтан, тэр дундаа бэлчээр хамгаалах олон шийдэл хийгдсэн. 

Асуултад тань хариулахад, удаж буй шалтгаан нь миний ойлгосноор Монгол Улсын Засгийн газар дотооддоо хэлэлцэж, тохиролцох шаардлагатай. Бид ч үүнийг ойлгож, хүндлэн хүлээн авч байна. Энэ төрлийн чухал шийдвэрүүд өөрөө ардчиллыг улам бэхжүүлж байдагт би итгэдэг. Хүн бүр санал нэгдэх хүртэл хугацаа шаардана. Францад ч мөн ялгаагүй том төслүүд хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн иргэдээс санал хүсэлтийг нь сонсож, асуудлуудыг нь ойлгож, шийдлүүдийг нь эрж хайдаг. Гэхдээ Францын түншүүдээ мартаж болохгүй. Францын тал 1997 оноос хойш Монгол Улсад хөрөнгө оруулж, цаашид Монголын хоёр дахь том гадаадын шууд хөрөнгө оруулалтын төсөлд хөрөнгө оруулахад бэлэн байгаа ч цаг хугацаа маш чухал. Сонгууль болох гэж буйтай холбогдуулан УИХ-аас ямар нэг шийдвэр гаргана гэж хэн ч бодохгүй нь мэдээж. Тиймээс гэрээгээ байгуулахдаа хэлэлцээрийн явц, харилцан тохиролцоо болон хоёр талын төрийн тэргүүн, Засгийн газар энэ талаар удаан хугацаанд нээлттэй хэлэлцэж буйг давхар бодолцох хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн томоохон асуудал байхгүй тул амархан байгуулчих боломжтой. Хэлэлцээрийн явц л үргэлжилж байна. Ярилцсан зүйлсээ Монголын талд буюу гэрээний төслийн монгол орчуулгад бичгээр оруулж тохиролцоод, Францын хөрөнгө оруулагч талдаа хүлээлгэн өгснөөр цааш үргэлжлүүлэх боломжтой. Тиймээс процессын хувьд арай болоогүй, ойрын хэдэн долоо хоногт ямар нэг хариу ирнэ гэж бодохгүй байна.

“Орано”-гийн хувьд 1997 онд Монгол Улсад анх хайгуул хийж эхэлсэн. Хайгуулаар ирээдүйтэй илэрц олдсон байдаг. Гэхдээ Казахстанд бараг ижил хугацаанд хайгуул хийсэн. Олборлолт хүртэлх эхэн үеийн үйл ажиллагаа Казахстанд хамаагүй хурдан байсан тул өнөөдөр үр дүнд хүрснийг харж байна. Цаг хугацааны машин шиг гэж хэлж болох юм. Казахстан дахь үйл ажиллагаанаас ирээдүйн Монгол Улсыг харж болно. Казахстанд in-situ leaching (ISL) буюу газар дор уусгах технологи ашигладаг тул хүнд даацын автомашин зөрөлдсөн овоолго, том нүх үүсэхгүй. Үүний зураг нь Элчин сайдын яамны гадаа ч бас бий. Газрын гадаргуугаас бага зэрэг өндөрт хоолой татаж, хүчиллэг уусмал шахдаг. Уусмал нь цэвэр хүчил биш, таны ходоодны хүчилтэй ижил бага зэргийн хүчиллэг шинжтэй. Үүнийгээ татан гаргаж авах бөгөөд хаягдлыг дахин боловсруулна. Ингэснээр байгалийн ураныг ялгаж, уусмалыг буцаана. Удаан ч гэсэн байгальд ээлтэй шийдэл. Энэ аргыг ашиглах болсон нэг шалтгаан нь тухайн газар байгалийн уран нь шаварлаг хоёр давхаргын голд байрладаг тул гүний ус, гадаргын ус, гадаргуун хөрс зэргээс ялгаж гаргадаг болохоор тэр юм. 

Тодорхой хугацааны дараа бүгдийг нь салгаад, цааш зөөн ашигладаг тул ландшафтын нөлөө маш бага. Дахин ашиглахын аргагүй хоосон том талбай үлдэхгүй гэсэн үг. “Бадрах Энержи”, “Орано” компаниудын ойлгосон гол зүйл бол Монгол Улс хэн ч хэрэглэдэггүй цэлийсэн цагаан тал нутагтай биш. Мал бэлчдэг, байгаль, экосистем нь тогтмол тэр тал нутгаа ашигладаг тул зохицож ажиллах шаардлагатай. Төслийн талбайд тэмээн сүрэг бэлчиж явахыг тэнд очихдоо харсан. Одоогийн технологи үүнийг боломжтой болгосон. Тэр ч бүү хэл, яг хажууханд буй хамгийн олон тэмээн сүрэгтэй айл улсынхаа өндөр шагналыг хүртэж байна. Байгальд ямар нэг сөрөг нөлөөгүй болохыг үүнээс харж болно. 

ХоГ-ний төсөлд ямар нэг өөрчлөлт орж байгаа юу? Өөрчлөгдсөн бол ямар учир шалтгааны улмаас вэ? 

Ямар ч томоохон хөрөнгө оруулалтад сургууль, зам, ажлын байр гээд дэд бүтцийг дотоодод нь хангах илүү үр ашигтай байдаг гэж би боддог. “Бадрах Энержи” компанийн ажилчдын 98 хувь нь аль хэдийн монголчууд болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатартай хамт талбайд зочлохдоо ихэд гайхсан нэг зүйл бол тэнд асуулт тавих бүрд монгол техникч, монгол инженерүүд хариулж байсан. Зарим нь “Орано” группт карьераа дээшлүүлээд эхэлсэн байна. Жил өнгөрөх тусам тэр хүмүүс өөр өөр улс, газруудад илүү өндөр түвшний хариуцлагатай албан тушаалд хүрсэн байхыг харах байх. Тиймээс үйлдвэр барих шинэ ажлыг эхлүүлж, техникийн тодорхой түвшинд үйл ажиллагааг нь хариуцаж, сургаж мэргэшүүлэх нь орон нутгийн хөгжилд үзүүлж буй эхний нөлөө. Мөн улс оронд янз бүрийн хэлбэрээр өгөөж нь эргэж ирэх болно. 

Монгол Улс Үндсэн хуульдаа ашигт малтмалын ордыг ашиглахдаа өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байхаар заасныг би сайн ойлгож байна. Гэрээний нөхцөлд ч үүнийг тусгасан. Бүтээгдэхүүний үнэ ханш ямар байхаас үл шалтгаалан “Орано” гийн талаас Монгол Улсын Засгийн газар, туслан гүйцэтгэгч, ажилтнууд гээд Монголд өгөөжийн зохих хувийг хүртээнэ. Хэлэлцээрт үүнийг хамгийн түрүүнд тохиролцсон тул энэ заалтыг дахиж тохиролцох шаардлага үүсээгүй, тэнцвэрийг хадгалж байгаа. Геополитикийн хувьд нэг их өөрчлөгдөнө гэж бодохгүй байна. Учир нь олон улсын ураны зах зээлд Монгол Улс нэг оролцогч болж байгаа ч танай хоёр хөрш энэ салбарт өөрсдийн гэсэн байр суурийг бий болгосон, зохих үнээр илүү их уран худалдан авах, найдвартай нөөц бүрдүүлэх сонирхолтой. Хятадыг аваад үзье л дээ. Франц улс олон тооны цөмийн реактор, цахилгаан станцуудтай. Хятад улс нь Францын одоо ашиглаж буй нийт цөмийн цахилгаан станцын тоотой тэнцүү тооны реакторууд ашигладаг. Дээр нь олныг шинээр барьж байна. Иймээс ураны найдвартай эх үүсвэр эрэлхийлэх нь мэдээж. Цаашлаад дэлхийн зах зээлд худалдах тул Канад, Америк зэрэг хэн нэгэнд уран хэрэгтэй боллоо гэхэд захиалаад хүргүүлж авах боломжтой. 

... Эрчим хүчний үнэ эрс нэмэгдлээ гэхэд тодорхой түвшинд төр хөндлөнгөөс оролцож шахалт үзүүлэх боломжтой...

Франц улсын төрийн өмчит “Орано” групп нь Монголоос гадна Канад, Казахстан, Нижер зэрэг улсад амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Францын Засгийн газраас “Орано” группт ямар эрх, давуу талыг олгодог вэ? Хөрөнгө оруулах боломжийг нь хэрхэн бүрдүүлж өгдөг вэ? Тодруулбал төрийн компанийг хэрхэн хөгжүүлэх нь оновчтой гэж үздэг вэ? Ингэж асуухын учир нь Монгол Улсын уул уурхайн салбар дахь төрийн өмчийн менежментийг хэрэгжүүлдэг “Эрдэнэс Монгол” группийг амжилттай хөгжүүлэх ямар сайн туршлага байж болох вэ гэснийх юм?

“Орано”-гийн дийлэнх хувь эзэмшигч нь Францын Засгийн газар. Компаниудад Францын Засгийн газрын эзэмшлийг удирдан зохицуулдаг агентлаг гэж бий. Тодорхой хэмжээнд инновац нэвтрүүлснээс гадна хувийн хэвшлийн салбарт хөрөнгийн эргэх урсгал илүү хялбар болсоор байгаатай холбоотойгоор жил ирэх бүр хувьцаа эзэмших нь улам буурсаар байна. Харин зарим салбарын зарим компанид Засгийн газар оролцоотой байх нь илүү зохистой байдаг. Засгийн газрын оролцоотой энэ төрлийн хоёр компани бий. Нэг нь “Орано”, газрын тос, уран олборлож, цөмийн түлш үйлдвэрлэдэг. Нөгөөх нь “Фраматом”. Энэ компани цөмийн цахилгаан станцын инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний зорьж буй зүйл бол эдгээр компанийн үйл ажиллагаанд баталгаа олгох, эдийн засгийн үр ашигтай байдлыг хангуулах, бизнесийн зөв загвараар ажиллаж, баттай санхүүгийн эх үүсвэртэй байлгах замаар Засгийн газар, татвар төлөгчид, иргэдийн ашиг сонирхлын тэнцвэртэй байдлыг хангах юм. 

Цөмийн салбарт биш ч гэсэн эдгээрийн компанийн удирдлагын талаар бид Монгол Улсын Засгийн газартай илүү өргөн хүрээнд ярилцсан. Эдийн засгийн хувьд бидний туулсан замнал арай өөр ч эцсийн дүндээ цөөн хэдэн стратегийн хөрөнгө оруулалтыг тодорхойлох хэрэгтэй гэж би боддог. Стратегийн ач холбогдолтой салбар гэдэг нь төр ганцаар хариуцаж ажиллана гэсэн үг биш. Тухайн компанийг төр заавал ганцаараа эзэмшдэг байх шаардлагагүй. Хуулийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой. Хувийн өмчит харилцаа холбооны компани, эсвэл эрчим хүчний станц байлаа гэхэд Засгийн газартай тохиролцсон үнэ, нөхцөлөөр олон нийтэд үйлчилгээ үзүүлж болно. Энэ бол харьцангуй тэнцвэртэй харилцаа. Эрчим хүчний үнэ эрс нэмэгдлээ гэхэд тодорхой түвшинд төр хөндлөнгөөс оролцож шахалт үзүүлэх боломжтой. Бидний дуртайяа хуваалцах нэг туршлага бол энэ төрлийн хяналтыг асуудал үүссэний дараа бус үүсэхээс нь өмнө зохицуулж хянаж байх явдал. Бүх нөхцөлд таарах нэг загвар гэж үгүй. Ихээхэн маргаан дагуулдаг салбар байхад зарим нь тийм биш. Жишээ нь, бид авто замыг хувьчлаад удаж байна. Гэхдээ энэ нь тухайн үед ашигласан арга барилыг одоо давтана гэсэн үг биш. Олон нийтийг хамарсан маргаан өрнөсөн ч эргээд төрийн мэдэлд аваагүй. Төр, хувийн хэвшлийн сонирхолд аль алинд нь нийцүүлэх илүү ухаалаг аргууд бий.

Монгол Улсын хувьд ураны олборлолт, АЦС ыг нэгэн зэрэг хөгжүүлэх нөхцөл, боломжийн талаар Та өөрийн байр суурийг илэрхийлнэ үү? Нөгөөтээгүүр манай улс Франц улстай зөвхөн уран олборлох, харин АЦС-ыг хөгжүүлэх чиглэлээр Францаас өөр улстай хамтрах боломж нөхцөлийг Та хэрхэн харж байна вэ?

Би илүү техникийн талаас нь хариулъя. Саяхныг хүртэл бидэнд АЦС-уудыг улам томруулж, олноор барих сонирхол их байсан. Энэ төрлийн эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт их байсан болохоор тэр. Эрэлт өсөж буурдаг ч Франц улсын хувьд АЦС-д ихээр хөрөнгө оруулсан гол шалтгаан нь эдийн засаг, эрчим хүчний хараат бус бие даасан байдал. 1973 онд газрын тосны шок болоход бид 6 реактортай байсан бол одоо 57 байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АЦС-д нэмүү өртөг шингээх боломжийг бид олж нээсэн. Энэ нь үйл ажиллагаанаасаа нүүрстөрөгчийн давхар исэл бараг ялгаруулдаггүй чанар юм. Барих болон нураах явцад шууд бус байдлаар ялгардаг ч Францын хувьд эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг цөмийн эх үүсвэрээс хангах боломж бүрдсэн. Үр дүнд нь нэгж ДНБ-д ногдох нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал дэлхийн бусад улсын дунджаас 2.4 дахин илүү үр ашигтай болсон. Одоо харин эрчим хүчний шилжилтийн нэг чухал элемент нь цөмийн эрчим хүч болсон. CO2 ялгаруулалгүй эрчим хүчээр хангах нэг чухал эх үүсвэр тул жижиг реакторуудын хэрэгцээ нэмэгдэж байна. 

Технологийн хувьд дараагийн алхам бол SMR буюу жижиг модульчлагдсан реакторууд. Одоогоор судалгааны шатанд яваа. ОХУ-д нэг байгаа гэлцдэг. Баяжуулалтын түвшин нь энгийн АЦС-аас хамаагүй өндөр. Тиймээс Франц, Их Британи, АНУ, Канад, Япон зэрэг зарим улс илүү хямд, жижиг, найдвартай АЦС уудад хөрөнгө оруулж байна. Одоогоор энэ технологи хараахан бий болоогүй байна. Тав, арав магадгүй 15 жил шаардлагатай. Эдгээр өөр түвшний технологиуд нь реакторын төрлийн хувьд болон цөмийн цахилгаан станцын хэмжээний хувьд Монголд илүү тохиромжтой. Эрчим хүч, цахилгаан, уур, халуун усны хэрэгцээг мөн хангана. 

Дараагийн алхмуудын талаар албан бус яриа өрнөж байгаа. Монголчуудад сонголтыг нээлттэй байлгах тал дээр бид анхаарч байна. Сайнаар төсөөлөөд үзвэл ойрын ирээдүйд Монгол Улс уран үйлдвэрлэгч боллоо гэхэд энд үйлдвэрлэсэн ураныг түлш болгох хэрэгтэй болно. Үүнийг маш өндөр хяналт дор дэлхийн цөөн хэдэн газарт л боловсруулдаг. Боловсруулсан түлшийг нь реакторт ашигладаг. Францыг оруулаад цөөн улс дахин боловсруулдаг. Ураны түлш ашиглана гэдэг хариуцлага давхар үүрнэ гэсэн үг. Тиймээс ч Францад дахин боловсруулдаг юм. Бид гаргаж авсан цөмийн эрчим хүчээ зэргэлдээх олон хөршдөө экспортолдгоос гадна тэдгээрийг дахин боловсруулдаг. Тэр технологи нь бидэнд бий. Магадгүй 70 жилийн туршлагынх байх. Тиймээс монголчууд SMR технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой. Түрүүн хэлсэнчлэн хараахан бэлэн болоогүй байна. Технологи нь найдвартай байх хэрэгтэй. Цаашлаад эдийн засгийн хувьд үр ашигтай, хүчин чадлын хувьд дотоодын хэрэглээнд нийцсэн зохистой хэмжээнд байх нь зүйтэй.

Монгол Улсад эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өсөж, тэр хэрээр дутагдалтай тулгарч байгааг та мэдэж байгаа байх. Манай улсын хувьд эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө, санхүүжилт хязгаарлагдмал байна. Нүүрсний баялаг нөөцтэй манай улс горимын тохируулга бүхий түргэн маневрлах чадамжтай нүүрсний станцуудыг байгуулах боломж одоогоор байна. Гэтэл дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлахаар олон улсад нүүрсний хэрэглээнээс татгалзах, цэвэр эрчим хүчийг хөгжүүлэх чиг хандлагатай байна. Монгол Улс нүүрсний станц шинээр байгуулснаар нүүрсхүчлийн хийг бууруулах зорилгоосоо ухрах вий гэсэн болгоомжлол бас бий. Ийм улс орнуудад эрчим хүчний дутагдлаа шийдвэрлэхийн зэрэгцээ цэвэр эрчим хүчийг хөгжүүлж байгаа Франц улсын туршлагаас сонирхуулна уу? 

Таны асуусан зарим зүйлийг эхлээд ярья. Эхнийх нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт санхүүжилт хязгаарлагдмал байгаа талаар. Ногоон санхүүжилт өмнө нь хэзээ ч ийм олдоцтой байгаагүй. Сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь хувийн хэвшлийн санхүүжилттэй. Тэдэнд тодорхой, ил тод хуулийн орчин хэрэгтэй. Бизнесийн орчин сайн байвал тэд өөрсдөө ирээд хөрөнгө оруулна. Эрсдэлээ ч үүрнэ. Гол нь бүгдээрээ дүрэм журмаа дагах хэрэгтэй. Миний бодлоор дутагдаж буй зүйл энэ. 2014-2016 онд хөрөнгө оруулж үзсэн хүмүүс бий. Эдгээр хөрөнгө оруулагчдад тохиолдсон зүйлсээс болж дараагийн хөрөнгө оруулагчид орж ирж, төслүүд санхүүжүүлж, үйл ажиллагааг нь удирдаж, илүү байгальд ээлтэй, хямд эрчим хүч бий болгохоор ирэхгүй байна. Бидэнд шийдэх ёстой зүйлс байна. Төрийн дээд хэмжээний хоёр уулзалтыг зохион байгуулж байхад Франц болон Европын эрчим хүчний компаниуд маш болгоомжтой хандаж байсан. Өмнө нь хөрөнгө оруулаад, гэрээгээ биелүүлэх гээд чадаагүй компаниудын талаар мэдэж байгаа болохоор тэр. Арга ядан арбитрт хандсаар л байна. Тогтвортой, ил тод, бизнест ээлтэй орчинд ажиллахыг тэд хүсдэг. Санхүүгийн нөөц бололцоо бол асуудал биш. Бизнесийн орчны тогтвортой, ил тод байдалд асуудал байна. Сайн мэдээ дуулгаж, сайн бизнесийн орчин бүрдүүлэхэд мөнгө бус цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг. Мөнгийг хаанаас ч татаж болно.

Хоёр дахь нь сэргээгдэх эрчим хүчний найдвартай байдал өдөр ирэх тусам сайжирсаар байна. Монголд л гэхэд цахилгаан хуримтлуурт Азийн хөгжлийн банк томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Улмаар сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг хуримтлуулж хэрэглээний оргил үед ашиглах боломжтой болсон. Энэ нь дэлхийн түвшинд цахилгаан хуримтлуурын хамгийн том төслүүдийн нэг болж магадгүй.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бололцоотой гэдгийг онцолмоор байна. Боломжит нөөц нь 2.6 ТВт. Илүү ойлгомжтой тайлбарлая гэвэл Хятадын эрчим хүчний одоогийн хэрэглээний дөрөвний нэгтэй дүйцнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд хурдацтай тэлж буй БНХАУ эрчим хүчний бүх хэрэгцээнийхээ дөрөвний нэгийг онолын хувьд Монголын сэргээгдэх эх үүсвэрээс хангах боломжтой. Тэр түвшинд экспортолж эхлэхээсээ өмнө Монгол Улс дотооддоо эрчим хүчний хэрэглээгээ хангадаг болох хэрэгтэй. Учир нь нар, салхины хангалттай их нөөц байгаагаас гадна суурилуулах газар нутагтай. Тиймээс гарцаагүй ирээдүйтэй. Технологи нь аль хэдийн бэлэн болсон. Өдөр ирэх тусам улам сайжирч, санхүүжилт нь ч бэлэн байна. Одоо байгаа хөрөнгө оруулагчдынхаа үнийг хэмжээд үзвэл энэ бүгд ойлгомжтой болно. Нөгөөтээгүүр, нүүрсээр ажиллаж байгаа одоогийн цахилгаан станцуудын ашиглалтын хугацаа хэтэрч, найдвартай байдал нь улам бүр багасаж байгаа.

Узбекистан улс саяхан сэргээгдэх эрчим хүчний төслүүдээ дуудлагаар худалдаад, маш хурдан барьж дууслаа. Ердөө 1-2 жилд. Нүүрсний шинэ цахилгаан станцыг 1-2 жилд барьж чадахгүй ч энэ хугацаанд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаа нэмж чадна. Үнийн хувьд 1 кВт.ц нь 2-4 ам.цент байх боломжтой. Монгол өрхүүдийн төлж буй үнээс даруй хоёр дахин бага. Бүр татаастай үнэтэй харьцуулахад шүү дээ. Тиймээс эрчим хүчний үнийг динамик байдлаар авч үзэх хэрэгтэй. Шинэ хөрөнгө оруулагчид маш хямд үнэ санал болгож байгаа бол одоогийн хөрөнгө оруулагчид 10 жилийн өмнөх технологи ашиглаж буй тул өндөр үнэтэй байх нь аргагүй. Гэхдээ тэдний санал болгож буй үнэ ОХУ-аас импортолсноос хямд. Миний санаж байгаагаар импортын үнэ 1 кВт.ц нь 11 ам.цент байгаа. Засгийн газарт ихээхэн алдагдалтай. Эдгээр хуучирсан нүүрсний цахилгаан станцууд хангалттай эрчим хүч үйлдвэрлэж байгаа юу гэвэл үгүй. Өвлийн улиралд эрчим хүчийг илүү өндөр үнээр импортлох шаардлагатай болно. Харин эрчим хүчний найдвартай байдал, нийлүүлэлтийн хэмжээ улам л буурна. Тиймээс арга хэмжээ авах цаг нь болсон гэж бодож байна. 2014 онд "ДЦС-5"-ын нэлээд дэвшилтэт төсөл яригдаж байсныг санаж байгаа байх. Олон шалтгааны улмаас төслийг зогсоосон. Тэр боломж дахиж ирэхгүй. Хөгжиж буй орнууд, хөгжлийн банкнууд ДЦС-ын төслийг санхүүжүүлэхээ больсон. 

... 2014 онд "ДЦС-5"-ын нэлээд дэвшилтэт төсөл яригдаж байсныг та санаж байгаа байх. Олон шалтгааны улмаас төслийг зогсоосон. Тэр боломж дахиж ирэхгүй... 

Франц улсад 1960-1980-аад онд суурилагдсан сэргээгдэх эх үүсвэрийн ихэнх нь усан цахилгаан станцууд байсан. Гэхдээ Монголд илүү хэцүү гэдгийг ойлгож байгаа. Ялангуяа танай хөршүүдэд дуртай, дургүй төслүүд байгаа тохиолдолд бүр ч хэцүү. Тэр тухайд онцлоход, 1992 онд Финландын Хельсинки хотод байгуулсан олон улсын конвенцод гол, горхины урсацыг хэрхэн зохицуулах тухай, хил дамнасан урсгалтай гол дээр усан цахилгаан станц барих асуудлыг тусгайлан заасан байдаг. ОХУ тус конвенцын гишүүн улс тул энэ талаар ярьж болно.

Усан цахилгаан станцын зарим асуудалд гаргалгаа болж болох юм. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн бизнесийн орчныг сайжруулж, нээлттэй болгох замаар шинэ хөрөнгө оруулагч татах нь илүү хялбар. Учир нь тэд өөрсдөө боломжоо олж хараад, зах зээлээ мэдчихнэ. Францын хувьд арай хол жишээ байх. Өмнө хэлсэнчлэн манай эрчим хүчний 75 хувь нь цөмийн эх үүсвэрээс гаралтай. Европын бусад улс цөмийн эрчим хүчний салбарт тийм их хөрөнгө оруулалт хийгээгүй. Сэргээгдэх эх үүсвэр илүүтэй хэрэглэдэг. Жишээ нь, Швед, Норвег, Дани зэрэг умард хэсэгт салхи, нарны нөөц ихтэй. Тэр ч утгаараа энд байгаатай ижил эрчим хүчний хэрэглээ, сэргээгдэх эх үүсвэрийн үйлдвэрлэлийн зөрүүтэй асуудалд тэд шийдэл олсон. Зарим улс нь цөмийн эх үүсвэрээс холдож, зарим нь нэмэх зэргээр өөрсдийн шийдвэрээ гаргаад явж байна. Тиймээс та бүгдэд олон боломжит шийдэл бий. Гэхдээ Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоо их тул ирээдүйд илүү хялбар, хямд, эрүүл хувилбар нь байх болов уу. Монгол Улс элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоогоор хамгийн дээгүүрт эрэмбэлэгддэг орны нэг. Элэгний хорт хавдрын тохиолдлуудын 25 орчим хувь нь цахилгаан станц, шатамхай түлшнээс гаралтай агаарын бохирдол, нарийн ширхэгт тоосонцроос болсон талаар 20-иод эрдэмтэн, судлаачид баримтжуулсан байсан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмч. Эдийн засгийг нь яаж удирдахаас хамаарч эрчим хүчний сонголт зардалтай, эсвэл ашигтай байх болно. 

2024 оны тавдугаар сараас Европын Холбоо нь Критикал түүхий эдийн акт хэрэгжүүлж эхэллээ. Европын орнууд түүхий эдийн хэрэгцээгээ хангахын тулд гадаад улсад технологи хөгжүүлэх, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр барих боломж үнэхээр бодитой байх боломжтой юу? Тэр дундаа Монгол Улсад?

Критикал буюу чухал ач холбогдолтой эрдсийг ингэж нэрлэх болсон нь шалтгаантай. Улс орнууд, нийгмийн цаашдын хөгжлийн хандлагад эдгээр эрдэс түүхий эд өдөр ирэх бүр чухал хэрэгцээтэй болж байна. Гар утас гэх энэ төхөөрөмж л гэхэд өмнө нь бидний хэрэглэдэг байсан 10, 20 төхөөрөмжийг орлож байна. Гар утас сайн ажилладаг байхын тулд батарей зэрэг түүхий эд хэрэг болно. Тэдгээрт критикал гэгдэх эрдсүүд хэрэгтэй. Дахин боловсруулалтын хэмжээг нэмэх боломж бий. Тэгэх ч хэрэгтэй. Илүү үр ашигтай үйлдвэрлэх хувилбарыг эрэлхийлж болох ч критикал эрдсүүд зайлшгүй шаардлагатай. Эрчим хүчний шилжилтийг дагаад улам л их хэрэгтэй болно. Өдөр тутамдаа амьсгалж буй агаар дахь нүүрсний бохирдлыг багасгаж, газрын тосны хэрэглээг бууруулах арга замыг эрэлхийлж тэнцвэрийг хадгална. Европын Критикал түүхий эдийн акт буюу энэ төрлийн эрдэс, зах зээлийн бие даасан хараат бус байдлыг тодорхойлсон бодлогод ингэж заасан байгаа.

... Энэ төрлийн томоохон арга хэмжээнд нүүрстөрөгчийн давхар исэл хамгийн их ялгаруулдаг нь тээвэр...

Критикал эрдсийн хувьд боловсруулахаас гадна баяжуулах асуудал яригдана. Тэрнээс өмнө илрүүлж, зураглал гаргана. Франц, Монголын Геологийн албууд хамтран нөөцийн зураглал гаргах шинэ технологи ашиглах төслийг энэ зургаадугаар сарын 3-нд эхлүүллээ. Энэ нь нэг талаараа дата олборлолт, нөгөө талаараа хиймэл дагуулын хэрэглээ юм. Францын томоохон уул уурхайн компани болох Eramet-тэй хамтран газрын зурагт зориулсан зайнаас тандан судлах, өгөгдөл боловсруулах шинэ технологийг хөгжүүлж байгаа нь энэ. Юу хайж буйгаа мэдэхийн тулд хиймэл дагуул ашиглан ерөнхий зураг гаргах нь газар өрөмдөхөөс илүү хямд. Монголын ихэнх нөөцийг зураглаж гаргаагүй байгаа тул чухал ач холбогдолтой гэж би хувьдаа бодож байна. 1970 аад онд боловсруулсан газрын зурагт тухайн үед Монголд хэрэгтэй нөөцүүдийг л тодорхойлсон. Одоо бидний критикал гэж тодорхойлох болсон эрдсийн ихэнх нь шинэ учир тухайн үед зураглаагүй. Монгол Улсын хувьд Франц, Солонгос, АНУ зэрэг цөөн хэдэн түнштэй идэвхтэй хамтын ажиллагаатай. Боломжит нөөцийг илүү өргөн хүрээнд тодорхойлох тал дээр бид хоорондоо хамтран ажилладаг. Энэ бол эхний алхам нь. Хэрхэн олборлох нь дараагийн ажил. Ингэхийн тулд байгаль орчны хамгийн өндөр стандартыг баримталж, байгаль, хүн, мал амьтанд ээлтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Үүнийг онцолж буй шалтгаан нь хүн бүр ийм үзэл баримтлалтай байж чаддаггүй. Ураныг өмнө нь хамгийн болохгүй аргаар олборлож байсан тохиолдол бий. Монголын газар нутагт ч ийм зүйл болж байсан. Үүнээсээ суралцаж байж өөрөөр ажиллах боломжтой болно.

Дараагийн шат нь боловсруулалт. Эдгээр эрдсийг боловсруулах арга барил нь харилцан адилгүй. Зарим критикал эрдэс томоохон үйл ажиллагааны дайвар бүтээгдэхүүн болж гардаг. Харин заримыг нь тусгайлан олборлох шаардлагатай. Боловсруулахад мөн л эрчим хүч, ус шаардана, хаягдал ялгарна. Тэгээд хаягдлыг нь яах вэ? Яаж дахин боловсруулах вэ? Хүлэмжийн хийн ялгарлаа яаж аль болох бага байлгах вэ гэх мэт олон сонголттой тулгарна. Гэхдээ бидний мэдэхээр литийн төслийн газрын зургийг шинэ технологи ашиглан хурдан, өндөр нарийвчлалтай гаргаж байна. Үр дүнд нь ямар хэмжээний нөөц хаана байгаа, боловсруулах ямар боломж байгаа талаар илүү тодорхой мэдэх байх. Дараагаар нь сая хэлсэнчлэн хаана боловсруулах вэ? Зарим тохиолдолд бага зайд тээвэрлэж, цуглуулаад боловсруулж болдог. Харин зарим тохиолдолд заавал ихээр олборлох шаардлагатай болдог тул тэр дор нь боловсруулах хэрэгтэй болдог.

Ирэх долоодугаар сард Парис хотноо 33 дахь удаагийн Зуны олимп болох гэж байна. Энэ үйл явдал 2015 оны Парисын хэлэлцээрээс хойш Франц улсад зохиогдох гэж буй томоохон арга хэмжээ. Энэ удаагийн Олимпын наадам хүлэмжийн хийг бууруулах чиглэлд ямар инновац хэрэгжүүлж байгаа бол?

Сонирхолтой асуулт байна. Энэ удаагийн Олимпыг өмнөх наадмуудаас өөрөөр зохион байгуулах гэж хичээж байгаа. Байгаль орчны нөлөөлөл талаасаа ямар үлгэр дуурайлал үлдээх вэ гэдэгт анхаарсан. Олимпын тоглолт болгонд үүнийг хөндөж байна. Шинэ зүйл бүтээж, урт хугацаанд ашиглах боломжтой байхад анхаарч байгаа юм. Эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүйсийн тэнцвэртэй оролцоог анх удаагаа хангаж, Паралимп болон Олимпыг нэгтгэж байгаа. Анх удаагаа ижил логотой зохион байгуулагдана. Мөн анх удаа хоёуланг нь нэг хороо зохион байгуулж байна. Энэ төрлийн томоохон арга хэмжээнд нүүрстөрөгчийн давхар исэл хамгийн их ялгаруулдаг нь тээвэр. Бид хүмүүсийг галт тэргээр яв гэж шаардах боломжгүй. Европын ихэнх тамирчид тэгж болох ч олон улсын арга хэмжээ тул дэлхийн бусад улс орнууд тэгж чадахгүй. Тиймээс Олимпын наадмаар ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээгээр нөхөж төлөх нэг хувилбар байна. Олон улсын олимпын хороо 2021 оноос хойш олимпын ой мод тарьж эхэлсэн. Өөр нэг боломж нь тэмцээнүүдийг зөв зохион байгуулж, сүүлийн Зуны олимптой харьцуулахад хүлэмжийн хийн ялгарлыг хоёр дахин бууруулах юм. Жишээ нь, шинэ байгууламж барихдаа стадион, буудал зэрэг одоо байгаа байгууламжуудыг зөв зохистой ашиглаж болно. Тэдгээрийг дагасан үйлчилгээ мэдээж бүрдэнэ. Мөн энэ үеэр Парис хот тамирчид, сэтгүүлчид, дасгалжуулагчид гээд арга хэмжээнд оролцохоор ирсэн хүмүүсээр дүүрнэ. 

Эрчим хүчний хэмнэлт, хэрэглээ, эдийн засгийн өөрчлөлт зэрэг янз бүрийн шалтгаанаар бид 1990 онтой харьцуулахад CO2 ялгаруулалтыг 30 хувиар бууруулж чадсан. Мөн дотоодын тээвэрт их хэмжээний хөрөнгө оруулаад байна. Нийтийн тээврийг хүртээмжтэй болгож, заавал хувийн унаагаар очиж, өдөржин хөдөлгүүр ажиллуулах шаардлагагүй болсон. Нээлтийн арга хэмжээг аль болох нээлттэй байлгаж, гол тойруулан хийхээр төлөвлөсөн. Логистикийн хувьд анхны удаагийнх гэдэг утгаараа яах аргагүй маш том сорилт болж байна. Нээлтийн арга хэмжээг өмнө нь дандаа стадионд хийдэг байсан. Үзэсгэлэнтэй гоё харагддаг ч ердөө нэг стадион шүү дээ. Тиймээс энэ удаагийн нээлтийг хотын төвд хийнэ. CO2 ялгаруулах талаасаа өвөрмөц сорилтууд байгаа ч 50 мянган хүнийг гэрлээр нүдсэн ганц газар хэдхэн цаг цуглуулснаас дээр. Аль хэдийн байгаа дэд бүтэц буюу хотоо ашиглан нээлтийн арга хэмжээг зохион байгуулах болно. Тиймээс өвөрмөц шинэлэг зүйлс бий. Мэдээж тэмцээнүүдийг зохион байгуулах, дэд бүтэц барих, байгаа дэд бүтцийг дараа нь хэрхэн дахин ашиглах зэрэг нарийн ажлуудыг төлөвлөсөн. CO2-ын ялгарлын хэмжээг үүгээр хэмжиж болно. 10, 20 жилийн өмнө энэ талаар бодох шаардлагагүй байсан байх. Одоо бол бодох зайлшгүй шаардлагатай. Парист зохион байгуулах болсон гол шалтгаан ч үүнтэй холбоотой. Түүнчлэн бид оршин суугчдын хэрэгцээнд нийцүүлэн шинээр хэд хэдэн байгууламж, дэд бүтэц байгуулж байна. Парис хотын зүүн умард захын бүсэд хүн ам бага суурьшсанаас гадна спортын байгууламж цөөн тул шинээр бүтээн байгуулалт хийж, ихэнх тэмцээнийг тэнд зохион байгуулахаар болсон. 

Ер нь Франц улс уур амьсгалын өөрчлөлтөд хэр ач холбогдол өгч, ямар бодлого баримталж байна вэ?

Дэлхийн бусад улсуудын адилаар Францад уур амьсгалын өөрчлөлт сөргөөр нөлөөлж байгаа. Сүүлийн 12 сард түүхэн дэх хамгийн халуун өдрүүд бүртгэгдсэн. Эдгээр өөрчлөлт улам хурдтай өрнөж байна. Бид зүгээр хараад сууж болохгүй. Шулуухан хэлэхэд хүн төрөлхтөн асуудлаа ойлгож, шийдэлд чиглэсэн зорилтуудаа тодорхойлчихсон. Гэхдээ дэлхий дахинд ижил тогтоосон тэр зорилтуудад хүрэх хараахан болоогүй. Эрчим хүчний хэрэглээ, эх үүсвэр, хүлэмжийн хийн ялгарал бууруулах бодлого хэрэгтэй.

Миний санаж байгаагаар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 1990 онтой харьцуулахад 40 хувиар бууруулах зорилт тавьсан. Эргээд харахад эрчим хүчний үр ашигтай байдал, эх үүсвэрүүдийн нэгдэл, эдийн засгийн хувьсал гэх мэт олон шалтгааны ачаар бид 30 хувиар бууруулж чадсан. Европын Холбооны 450 сая оршин суугчид бүхэлдээ 2050 он гэхэд нүүрстөрөгчийн хийг саармагжуулахыг хүсэж байна. Гэхдээ шууд нөлөөлөл үүсээд буй бөгөөд далайн түвшин нэмэгдэхтэй зэрэгцэн бэлтгэлээ базааж байна. Өнгөрсөн өвлийн Монголын зудын адилаар далайн шуурга улам ойр ойрхон, хүчтэй болсоор байгаа. Зарим тохиолдолд эрс нэмэгдэж байна. Өмнө нь 50 жилд нэг удаа зуд болдог байсан бол хүйтний эрч нэмэгдэж, зуд болохгүй юм гэхэд байнга хатуу өвөл болдог боллоо. Үүнд ч дасан зохицох шаардлагатай болж байна. Нөгөөтээгүүр улам дордуулахгүйн тулд аль болох нөлөөллийг бууруулах боломжийг хүн бүрд бий болгох хэрэгтэй. Хүн бүр амьдралаа сайжруулж, боломжийг эрэлхийлж байгаа тул аль алийг нь дордуулахгүйгээр яаж хангах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тогтвортой хөгжлийн хамгийн чухал зүйл бол энэ.

1990-ээд оноос өмнө нэг бол хөгжил, аль эсвэл тогтвортой байдлыг сонгох шаардлагатай байв. Харин одоо аль алийг нь хослуулахын тулд хувь нэмрээ оруулах хэрэгтэйг ойлгодог болсон. Ингэх ч боломжтой. Европт гэхэд маш олон хөгжингүй орнууд аж үйлдвэрийн салбаруудаа шинэчилж, ажиллах арга барилаа өөрчилж, хэрэглээгээ ч эргэн харж, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулж байна. Уур амьсгалын өөрчлөлт мөн биологийн олон янз байдалд нөлөөлж байна. Биологийн олон янз байдлыг хэрхэн дахин бүтээх вэ? 

Бид энэ талаарх туршлагаа Монгол Улсын адил ойжуулалт явуулж буй орнуудад хуваалцаж байна. Францын нэгэн инженер Монгол Улсын Ойн газартай хамтран ажиллаж, ойжуулалт, мод тарих, ой хамгааллын ажилд зөвлөж байна. Хотын төвийн моддыг аварч хамгаалахаар ажлаа эхэлсэн.Ногоон байгууламжийг төлөвлөх, нүүрстөрөгч шингээх моддын нөөцтэй, хотын төвдөө модтой байх нь зүйтэй. Биологийн олон янз байдал бол эдгээр хүчин зүйлсийн нэг нь. 

Хот барьж байгуулах, тогтвортой хөгжилтэй уялдуулсан хот болгох, нийтийн тээврийг сайжруулахад эрчим хүч нэн чухал. Үүнд бидний оруулж буй хувь нэмэр бол дүүжин тээвэр. Ирэх оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Автобус, машинаар замд 45 минутаас 2 цаг түгжрэхийн оронд 11 минут л зорчино. Машинд сууж өнгөрүүлэх цагийг багасгах тутам өөр зүйлд цаг зарцуулах боломж бий болно. Сурч боловсорч, хувийн амьдрал, гэр бүлдээ цаг зарцуулж, үдэшлэгт явж, нэмэлт ажил эрхэлж болно шүү дээ. Автобусанд хоёр цаг түгжрэхийн оронд илүү олон сонголт танд бий болоод зогсохгүй байгальд ээлтэй, тав тухтай, найдвартай, аюулгүй, мөн хүйтэн, салхитай цаг агаарт тэсвэртэй, чимээ багатай нийтийн тээвэртэй болох юм. Их хотын чимээнд дасчихаар анзаардаггүй зүйлс их байдаг. Дүүжин тээврээр зорчиход та агаарт хөөрч, хотын дээгүүр жингүйдэн явна. Их гоё мэдрэмж шүү.

Ярилцсанд баярлалаа.