ХБНГУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд тохиож байна. Түүхэн ойн жилээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа эрчим хүчний шинэчлэл, шилжилтийн асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Хэльмут Кулитцтай "Энержи Инсайт"-ын Э.Оджаргал ярилцлаа. Герман Улсын хувьд хамгийн чухал либералчлал нь тус улсын цахилгаан эрчим хүчний зах зээлийг Европын бусад орнуудын ханган нийлүүлэгчдэд нээлттэй болгосон явдал гэдгийг ноён Элчин сайд ярилцлагадаа онцолсон юм.
Эрхэм Элчин сайд Танд манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч, ярилцахыг зөвшөөр сөнд талархлаа илэрхийлье. Ярилцлагын эхэнд Элчин сайд Та өөрийн ажил мэргэжил, дипломат албаны замналынхаа талаар манай уншигчдад танилцуулна уу.
Баярлалаа. Дипломат албаны замналаа танилцуулах боломж олгосонд гүнээ талархъя. Миний бие Гадаад харилцааны яаманд ажилласан он жилүүдийнхээ дийлэнхийг Африк тивийн орнуудтай харилцахад зориулсан. Мөн Болгар, Австри улсад томилогдож байлаа. Саяхныг хүртэл Катарт ажиллахдаа Афганистаны Кабул дахь ЭСЯ-ыг хамаарсан. Өөрөөр хэлбэл Вена дахь Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага болон НҮБ-д ажилласан маань хоёр болоод олон талт хамтын ажиллагааг хослуулсан он жилүүд байлаа. Мөн Европын Холбооны Элчин сайдаар дөрвөн жил гаруй хугацаанд ажилласан нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Ийм өргөн цар хүрээтэй, олон талыг хамарсан, сонирхолтой алба хашиж байгаадаа сэтгэл өндөр байдаг.
Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ой энэ онд тохиож байна. Энэ нь хоёр орны харилцааны талаар эргэцүүлэн бодох сайхан мөч юм. Ийм үе цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад (2024.02.7-8) төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалаар манай хоёр орны хагас зууны түүхт харилцаа шат ахисан төдийгүй стратегийн түвшинд хүрсэн нь цаашдын хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн харилцаанд ямар нөлөө үзүүлнэ гэж Та үзэж байна вэ?
Тийм ээ, өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилсан явдал хоёр улсын харилцаанд үнэхээр онцгой үйл явдал боллоо. Ташрамд дурдахад энэ нь Герман Улсын Төрийн тэргүүн 4 дэх удаагаа Монгол Улсад айлчилсан тохиолдол юм. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж чадсан нь бахархалтай хэрэг. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж, ийм том үр дүнд хүрсэн нь ирээдүйн түншлэл, хамтын ажиллагааны замын зургийг тодорхойллоо.
Эдийн засгийн хамтын ажиллагааны тухайд, саяхан Берлин хотноо болж өнгөрсөн Герман-Монголын Засгийн газар хоорондын бизнесийн Ажлын хэсгийн хуралдаанд Шадар сайд Л.Гантөмөр Монголын төлөөлөгчдийг ахалж оролцлоо. Тус хуралдааны гол зорилго нь өдгөө явуулж буй харилцаа, хамтын ажиллагаа болон цаашид өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэн, санал бодлоо солилцоход чиглэгдсэн. Энэ утгаараа хуралдааны үеэр авч хэлэлцсэн гол сэдэв нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөр, тэр дундаа эдийн засаг, бизнес, дэд бүтцийг хөгжүүлэх 14 мега төсөлтэй холбоотой байлаа. Бидний хамтын ажиллагааны ирээдүйн хэтийн төлөв, чиг хандлага нь юун түрүүнд уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц болон тээвэр логистикийн салбар бөгөөд худалдаа, бусад салбар ч хамаарна. Бидэнд асар их боломж байна. Харин энэ их боломжийг хэрхэн ашиглах нь хоёр орны түнш компани, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаанаас шууд шалтгаална.
Монголд улс төрийн нээлттэй, ардчилсан, эрх зүйт, иргэний нийгмийн чөлөөт тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэхэд Герман Улс ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн. Өнөөдрийн нөхцөлд Монгол Улсад хамтарсан Засгийн газар байгуулагдаад байна. Герман Улс нь энэ талаар ихээхэн туршлагатай. Тэрхүү туршлагаас хуваалцвал ийм үе цагт ихээхэн сонирхолтой байх болов уу?
Тийм шүү. ХБНГУ-ын хувьд эвслийн засгийн газар байгуулж хамтран ажиллах талаар нэлээд туршлага хуримтлуулсан уламжлалтай улс. Эвслийн засгийн газар ажиллах нь бидний хувьд онцгойлох тохиолдол гэхээсээ илүү жишиг, хэм хэмжээ болж тогтжээ. Одоогийн 3 намын эвслийн засгийн газар байгуулагдаад 3 жилийн дараа огцорсон ч энэ тогтолцооноос Герман улс багагүй хожиж байгаа. Ерөнхийдөө манай сонгуулийн тогтолцоо нь хоёр эсхүл гурван ч нам нийтлэг үнэт зүйлээр нэгдэж тогтвортой, өргөн хүрээтэй, төвлөрсөн засгийн газрыг бүрдүүлж бүрэн эрхийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллах боломжийг бүрдүүлдэг гэж хэлж болно.
Гэхдээ эвсэл нь түншүүдийн хооронд асуудлуудаа байнга хэлэлцэх, харилцан тохирч зөвшилцөлд хүрэхэд чиглэдэг амаргүй, ярвигтай процесс байдаг. Энэ нь хамтын шийдэл хайх туйлбартай хүсэл эрмэлзэлтэй байхыг эвслийн түншүүдээс шаарддаг. Нэгэнт зөвшилцөлд хүрсэн бол хэрэгжүүлэхийн төлөө бүхий л нөөц, бололцоогоо дайчлан ажиллах ёстой. Улс төрийн хүрээний хэлэлцүүлэг хэзээ ч амар байдаггүйг та бүхэн мэднэ шүү дээ (инээв). Энэ бүхний дараа эвслийн түншүүд улс төрийн намууд өөрсдийн ижилсэл, үзэл суртлын ондоошлоо хадгалж үлддэг нь гайхалтай. Эвсэл байгуулах нь аль нэг нам, хэн нэгэн албан тушаалтны төлөө бус нийтийн сайн сайхан, эх орны хөгжлийн төлөө бололцоотой бүхнээ зориулах гэсэн чин хүсэл эрмэлзэл гэдгийг энд онцолмоор байна.
Мэдээж хэрэг ардчиллыг хөгжүүлсэн төгс тогтолцоо, эсхүл “ид шид” гэж үгүй. Эцсийн дүндээ оролцогч талуудын ардчиллын хэм хэмжээ, хүмүүсийн эрхэм дээд ашиг сонирхлыг дээдэлж, нийгмийн сайн сайхны төлөө хэрхэн шударга, ил тод, хүртээмжтэй байдлаар бодитойгоор ажиллахаас л шалтгаална. Тиймээс олон намын төлөөллөөс бүрдсэн эвслийн Засгийн газар нь улс төрийн хүрээ, сонгогчдын хүсэл эрмэлзлийг өргөн хүрээтэйгээр хамруулж байдгаараа давуу талтай юм.
Герман Улс нь Монгол Улсад үзүүлсэн хөгжлийн тусламжаараа тэргүүлдэг орны нэг. 2020 онд 30 гаруй жил үргэлжилсэн Монгол-Германы албан ёсны хөгжлийн хамтын ажиллагаа өндөрлөхөөр шийдвэрлэгдэж байсан ч үргэлжлүүлэхээр болсон. Энэхүү хөгжлийн туслалцаа хэр хугацаанд үргэлжлэх бол?
Бид 30 жилийн нягт, үр өгөөжтэй хамтын ажиллагааны түүхийг бүтээж, энэ хугацаанд хамтдаа багагүй амжилтад хүрсэн нь бахархалтай. Монгол орон тогтолцооны шилжилт хийх гэж нэлээд урт зам туулсан, одоо ч үргэлжилж байна. Дэлхийн банкны тодорхойлсон ангиллаар “Дундаас дээш орлоготой орон”-ы эгнээнд орсон нь саяхан мэт. Иймээс бидний хамтын ажиллагаа нь Монгол Улсын хэрэгцээ шаардлага болон Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу үргэлжлэхийн сацуу шинэчлэлт өөрчлөлтийг ч дагуулах болно.
Өдгөө бид эрчим хүчний салбар ялангуяа эрчим хүчний шилжилт, эрчим хүчний үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамгаалалттай бүсийг оролцуулан ой, биологийн олон янз байдал түүнчлэн хувийн сектор болон мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх талаар хамтран ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд голлон анхаарч байна. Налайхад Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийг байгуулахад түншилж байгаадаа бид баяртай байна. Тус сургууль нь Монголын авьяаслаг залуусыг сургаж дадлагажуулах, ингэснээрээ Монгол Улсад бүтээмжийг дээшлүүлэхэд туслах зорилготой боловсролын байгууллага юм.
Герман Улс нь цэвэр эрчим хүч рүү чиглэсэн олон улсын шилжилтэд идэвхтэй байр суурьтай, үүрэг оролцоотой байдгийн хувьд эрчим хүчний шилжилтийн үйл явцыг хэрхэн удирдан чиглүүлж байна вэ?
Баярлалаа. Герман Улс эрчим хүчийг аж үйлдвэр, зам тээвэр, амины орон сууцны барилгажилт зэрэг бусад салбарын хамт нүүрстөрөгчөөс ангижруулах арга замыг эртнээс эхэлсэн. Эдүгээ боломжийн үр дүнд хүрээд байна. Нийт цахилгаан үйлдвэрлэлд нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эзлэх жин 2024 оны байдлаар 62 хувьд хүрсэн. Аж үйлдвэр өндөр хөгжсөн орны хувьд энэ нь тун боломжийн амжилт юм. Салхин паркуудын заримыг Атлантын эрэг дагуу шинээр байгуулснаар сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өсөх хандлагатай байна. Үүний зэрэгцээ нүүрсхүчлийн хийн хаягдлын тэнцвэрийг сайжруулах үүднээс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас үе шаттайгаар татгалзах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Өдгөө нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын нийт эрчим хүчинд эзлэх хувь өнгөрсөн оноос 26-20 хувь болж буурсан бөгөөд ирэх жилүүдэд энэ хувь хэмжээ үргэлжлэн буурна.
Эрчим хүчний хэрэглээ өндөр салбар, тухайлбал химийн үйлдвэр гэхэд эрчим хүчийг хэмнэх, өөр эх үүсвэр хайх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь их байгаагийн ачаар тэдгээрийн суурилагдсан хүчин чадал өндөр байгаа тул үйлдвэрлэлийн процессийг бүрэн интегралчлах боломжтой гэж харж байна. Үүний нэг тод жишээ бол манай автомашин үйлдвэрлэл юм. Германы бүхий л машин үйлдвэрлэгчид нар, салхины сэргээгдэх эрчим хүчний парк байгуулахад маш том хөрөнгө оруулалт хийсэн, хийсээр байгаа. Ингэснээр цахилгаан машины үйлдвэрлэлд шилжих, өөрсдийн үйлдвэрлэлийн процессоо сайжруулж тэтгэх боломжтой болсон.
Өмнө нь ХБНГУ хийн хэрэглээнийхээ 40 хувийг ОХУ-аас импортолж байсан бол үүнийгээ одоо тэглээд байгаа. Энэ талаар тодруулж ярина уу?
Бид хийн импортыг 2022 оны гуравдугаар сараас 2023 оны арваннэгдүгээр сарын хооронд 45 хувь хүртэл бууруулаад байна. Өдгөө манай гол нийлүүлэгч орнууд Норвег, Нидерланд, Бельги бөгөөд дээр нь багахан хэмжээний байгалийн шингэрүүлсэн хий авч байгаа. Оросоос Германд байгалийн хий нийлүүлэх гол шугам “Хойд урсгал-1” хоолойгоор 2022 оны наймдугаар сараас буюу Украйны эсрэг түрэмгий дайн өдөөснөөс хойш нийлүүлэлт огт хийгдээгүй. Ерөнхийдөө 2022 оны намрын оргил үеэс хойш байгалийн хийн үнэ огцом буурсан. Энэ жилийн аравдугаар сарын байдлаар хэрэглэгчдэд тогтоосон үнэ 2021 оны арваннэгдүгээр сарынхтай ижил түвшинд байна.
Одоо байгаа хийн станцуудыг шинэчилж, устөрөгчөөр ажиллах горимд хэзээ мөдгүй шилжүүлэх болно.
Устөрөгчийг ашиглах талаар Герман Улсын байр суурьт гарч буй өөрчлөлт, бодлого, стратегийн талаар танилцуулна уу?
Устөрөгчийг эрчим хүчний эх үүсвэр болгож ашиглах нь зарим салбар буюу зам тээвэр, аж үйлдвэр болон эрчим хүчний үйлдвэрлэлд маш ирээдүйтэй байх болно. Энэхүү технологийг янз бүрийн салбарт боломжийн үнээр ашиглах тал дээр бид анхдагч байхыг эрмэлзэж байна. 2023 онд шинэчлэн найруулж баталсан “Үндэсний устөрөгчийн хөтөлбөр”-т дэд бүтцийг хэрхэн байгуулах талаар нарийвчлан тусгасан бөгөөд устөрөгч ашиглах технологийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх юм. Уур амьсгалыг саармагжуулах чиглэлээр ажиллах шаардлагын үүднээс Герман Улс зөвхөн “ногоон устөрөгч” ашиглах болно. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эх үүсвэрээс устөрөгчийг гаргана гэсэн үг. Энэ хүрээнд бид уур амьсгалыг саармагжуулах үндэсний зорилтдоо 2045 он гэхэд хүрнэ гэж тодорхойлсон. Европын Холбооны 27 гишүүн орны өмнө тавьсан зорилтоос таван жилээр урьтаж бид зорилтдоо хүрэхийг зорьж байгаа юм.
Бидний байр суурь бол сэргээгдэх эрчим хүч нь аюулгүй бөгөөд найдвартай байдлаар ч тэр, эдийн засгийн үр өгөөжийн хувьд ч тэр цөмийн энергийн бүтээгдэхүүнээс хавьгүй илүү даваа талтай юм.
Эрчим хүчний салбарт Герман, Монгол улсуудын хооронд хамтын ажиллагааны ямар боломжууд байна гэж Та хардаг вэ?
Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний салбарт, тухайлбал сэргээгдэх эрчим хүчний технологийг хэрхэн нутагшуулах, хаана барих, хэрхэн үр дүнтэй авч явах гээд бодлогын болоод техникийн түвшинд хийх ажил нэлээд бий гэж харж байна. Герман бол сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнесийн түншийн хувиар үйлчилгээ үзүүлэх боломжтой хангалттай олон тооны компани, мэргэжилтнүүдтэй улс. Мөн дээр хэлсэнчлэн манай хөгжлийн хамтын ажиллагааны гурван тулгуурын нэг нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний үр ашгийг дээшлүүлэхэд гол анхаарал хандуулдаг.
Өнгөрсөн онд АНЭУ-д болсон COP-28 Бага хурлаар тохиролцож зөвшилцсөнөөр хатуу шатмал түлшнээс цэвэр эрчим хүч рүү шилжих улс төрийн нийтлэг зорилгод нийцүүлэн хувийн секторын давуу талыг шинэ технологийн ноу-хаутай амжилттай хослуулж чадваас бид хамтдаа том амжилтад хүрэх бүрэн боломжтой.
Монгол Улсын эрчим хүчний хараат байдлаа багас гахын төлөөх хүчин чармайлтыг Та хэрхэн дүгнэх вэ?
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь эрчим хүчний импортыг бууруулахад ихээхэн тус дэм болно гэж бодож байна. Үндэсний сүлжээг бүрэлдүүлж буй төвлөрсөн бус, жижиг, дунд оврын бие даасан шийдлүүд нь алслагдмал суурин газруудыг боломжийн үнээр эрчим хүчээр хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Сэргээгдэх эрчим хүчийг байгаль орчинд халгүйгээр, түргэн шуурхай суурилуулах бүрэн боломжтой. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг харьцангуй богино хугацаанд сайжруулах, түүнчлэн уур амьсгалын тэнцвэрийг хангах маш том боломж гэж харж байна. Стратеги талаас нь авч үзвэл, эрчим хүчний хараат бус байдлыг боломжит дээд зэргээр хангах нь аль ч улсын язгуур, дээд эрх ашигт бүрнээ нийцэх билээ.
Цөмийн эрчим хүчний талаар Герман Улс эдүгээ ямар бодлого барьж байна вэ?
Та бүхний мэдэж байгаачлан цөмийн эрчим хүчний тухайд Герман Улс нэлээд болгоомжлонгуй ханддаг. 2023 оны хавар манай улс цөмийн сүүлчийн 3 реактораа хаасан. 2011 онд Фукушима АЦС-ын сүйрлээс өмнө Германд цөмийн 17 реактор ажиллаж, оргил үедээ манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 25 хувийг хангадаг байсан. Тэр үеэс эхлэн үе шаттайгаар арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Зогсоохтой холбоотой ажлын зардлыг сэргээгдэх эрчим хүчний томоохон хөрөнгө оруулалтаар нөхсөн.
Бидний байр суурь бол сэргээгдэх эрчим хүч нь аюулгүй бөгөөд найдвартай байдлаар ч тэр, эдийн засгийн үр өгөөжийн хувьд ч тэр цөмийн энергийн бүтээгдэхүүнээс хавьгүй илүү давуу талтай юм. Математик тооцооллоор “томоохон” осол гарах магадлал бага байлаа ч бид атомын цахилгаан станцыг найдвар багатай гэж үздэг. Бидний ярьдгаар “ялимгүй багавтар асуудлууд”, тухайлбал цацраг идэвхт ус дусах, түлшний сав гэмтэх, аюулгүй байдлыг хангах бүтэц доголдох, эсвэл аюулгүй байдлыг хангаж чадахгүй болох зэрэг нь цацраг идэвхт бодис байгаль орчинд бага багаар тархахад хүргэдэг. Цөмийн хог хаягдал, ялангуяа ашигласан сав, цөмийн реактораас үүссэн өндөр агууламж бүхий хаягдлыг хэрхэн булшлах, түүнчлэн ашиглалтаас гарсан реакторуудыг татан буулгах зэрэг нь цөмийн энергийн менежментийн хувьд ихээхэн хүнд асуудлууд юм. Нөгөөтэйгүүр, тус салбарт уур амьсгалын өөрчлөлт ч нөлөөлж байна. Цөмийн реакторыг хөргөөдөг голын усны түвшин мэдэгдэм буурч, усны урсгал багассанаас 2022-2023 оны зун Европын хэд хэдэн реакторуудыг хаахын зэрэгцээ үйл ажиллагааг нь хязгаарласан.
Хэрэв та бүхэн цөмийн реакторын цочирдом үнэ, төлөвлөлт болон барьж байгуулахад шаардагдах цаг хугацааг (төлөвлөхөөс ашиглалтад оруулах хүртэл дор хаяж 10 жил болдог) авч үзэх юм бол уг технологи зорьж буй бүтээмжийн талаасаа түргэн шийдэл гаргаж чадахгүй нь илтэд ойлгомжтой болно. Дээрээс нь анхан шатны хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаардагддаг шүү дээ. Цөмийн эрчим хүчний аюулгүй байдалд тулгарч болох бүх аюул, байгаль орчны эрсдэлийг алгасаад сэргээгдэх эрчим хүчийг хэр амархан, хурдан гаргах боломжтой харьцуулж үзвэл сонголт, шийдэл үнэхээр ойлгомжтой гэж бид бодож байна.
Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарт эрс шинэчлэлт хийхээ мэдэгдсэн. Эрчим хүчний салбарыг либералчлах талаар Герман Улсын туршлага болон үүнийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар ярина уу?
Миний санаж байгаачлан хамгийн чухал либералчлал бол Германы цахилгаан эрчим хүчний зах зээлийг Европын бусад орнуудын ханган нийлүүлэгчдэд нээлттэй болгосон тэр үе юм даа. Энэ нь 1996 онд буюу Европын орнуудын өрсөлдөөнийг Европын Холбооны хуульд заавал нийцүүлэх эхлэлийг тавьсан Европын интеграцчлалын хүрээнд эхэлсэн. Европын зах зээлийг нээх, илүү шударга, ил тод өрсөлдөөнийг бий болгох үүднээс эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг хуваарилах нь энэхүү шинэчлэлийн чухал хэсэг байлаа. Өдгөө зохицуулалт хийх байгууллагууд ажиллаж, зах зээлийн зарчмаар үнэ тогтож байна. Өөрөөр хэлбэл зах зээлийн харилцаа нь холбогдох хяналт, зохицуулалтын болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудын хяналт дор эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж байна гэсэн үг.
Энэ нь Европ даяар үйлдвэрлэлийн үр өгөөжийг дээшлүүлж, хэрэглэгчийн үнийг бууруулан, эрчим хүчний аюулгүй байдлыг хангасан Европын интеграчлалаас иргэд хэрхэн ашиг тусыг нь хүртэж буйн нэг тод жишээ юм. Мэдээж хэрэг үүнийг Монголын нөхцөлд шууд хэрэглэж болохгүй ч нийтлэг нэг зүйл бий. Монгол Улс эрчим хүчний үнийг цахилгаан үйлдвэрлэл, түгээлт, хуваарилалтын бодит өртөгт алгуурхан тохируулах шийдвэр гаргах шаардлагатай бөгөөд өдгөө зах зээлийн чиг баримжаатай, ижил төстэй алхмууд аль хэдийнээ хийгдэж байна. Хамгийн гол нь дээрх тооцооллыг хийхдээ зөвхөн урсгал болон ашиглалтын зардал төдийгүй анхны хөрөнгө оруулалт, тодорхой хугацаанд ажиллаад ашиглалтаас гарахтай холбоотой зардлыг багтаах ёстой.
Тийм их түгээмэл байдаггүй ч эрчим хүчний үнэ чөлөөлөх иймэрхүү либералчлалыг хийх нь зүйтэй гэж бид үздэг. Гэхдээ эцсийн дүндээ төсвийн татаасыг бууруулснаар боловсрол, эрүүл мэнд, эсхүл дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалт хийх замаар үр өгөөжтэй ашиглана гэх юм бол Монголд Улсад эргэлзээгүй ашигтай байна.
ХБНГУ-ын компаниуд эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр Монголд орж ирэх сонирхол хэр байдаг бол? Яг одоо шинээр Монголд орж ирэх хөрөнгө оруулагчдад тулгарч болзошгүй асуудал, бэрхшээлийг юу гэж харж байна вэ? Эрчим хүчний салбарт оруулсан өнөөгийн хөрөнгө оруулалт болон цаашид ямархуу чиглэлд боломж байж болох талаар Та байр сууриа хуваалцана уу?
Шинэ Засгийн газар болон 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй холбогдуулан зарим компанийн зүгээс Монгол Улсад эрчим хүчний динамик, зоримог шилжилтийг өмнөхөөсөө хавьгүй илүү нээлттэй хийх юм байна гэж үзэн ихээхэн анхааралтай ажиглаж, ач холбогдол өгч байгаа нь гарцаагүй.
Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл тийм ч сайн бүрдээгүй байлаа. 2023 оны зургаадугаар сард Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Эрчим хүчний шилжилтийн индекс”-ээр Монгол Улс төдийлөн сайн оноо авч чадаагүй. Тодруулбал 120 орноос 116-д жагссан нь энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтын идэвхжил маш сул байгааг харуулж байна. Цаашид энэ байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна. Хамгийн гол нь оролцогч бүхий л талууд нэг сувгаар ойлголцдог байх нь чухал.
Эрчим хүчний сэдвээс яльгүй хазайж сүүлийн асуултаа тавья. Монгол Улс нь уул уурхайд тулгуурласан эдийн засагтай орон. Харин Германы хувьд түүхий эдийн чиглэлээр олон улсын түншлэлээ төрөлжүүлэхэд анхаарч байгаа билээ. Хоёр улсын эрдэс баялгийн салбарт, тэр дундаа чухал ашигт малтмал (критикал минерал)-ын чиглэлээр хувийн хэвшлийн компаниудын хамтын өргөжүүлэх боломжтой юу?
Бидний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх орон зай хангалттай бий. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн 2011 онд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд эрдэс баялгийн түншлэлийн хүрээнд байгуулагдсан Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдаан саяхан Берлин хотноо болж, Шадар сайд Л.Гантөмөр хуралдааныг хамтран даргалсан. Уг арга хэмжээний өмнө хувийн секторынхон даргалж эдийн засгийн хамтарсан хороог хуралдуулсан. Мэдээж, хуралдааны гол сэдэв нь уул уурхайн асуудал байв. Бидний хувьд нийтлэг зорилт бол зөвхөн эрэл хайгуул, олборлолт төдийгүй боловсруулалтад анхаарах гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх аа.
Налайх дахь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль боловсруулалтад анхаарч, ач холбогдол өгч ажиллах биз ээ. Бидний хувьд үүнийг Монгол Улс уул уурхайн түүхий эдийн салбар дахь нэмүү өртгийн сүлжээгээ сайжруулж боловсронгуй болгох боломж гэж харж байгаа. Харин Герман улсын хувьд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан, аж үйлдвэрийн өргөн мэдлэг, туршлага хуримтлуулсан. Иймээс бид төгс хоршиж ажиллах боломжтой юм.
Ярилцсанд баярлалаа.
Энержи Инсайт сэтгүүл, 2024 №06 (007)