Хуульч Mэри Луйз Вителлитэй Энержи Инсайтын Н.Ариунтуяа ярилцлаа. Тэрбээр шилжиж буй эдийн засагтай улс орнуудад цахилгаан, эрчим хүч, уул уурхай болон холбогдох нөөцийн менежментийн чиглэлээр 30 гаруй жил зөвлөж буй туршлагатай хуульч юм. Тэр дундаа цахилгаан, эрчим хүч, нүүрс, газрын тос, байгалийн хий, газрын гүний дулаантай холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр дагнан ажиллаж, эрчим хүч үйлдвэрлэхээс дамжуулах, түгээх үе шат болон байгалийн баялгийг олж илрүүлэхээс ашиглах хүртэлх харилцааны хүрээг хамарч мэргэжлийн зөвлөгөө өгдөг байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, эрчим хүчний салбар хоорондын харилцаан дээр илүү төвлөрч ажиллаж буй хатагтай Вителли нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн бодлого, хууль эрх зүйн зөвлөхөөр ажиллаж байна. Монгол Улс эрчим хүчний салбартаа реформ хийнэ, либералчилна хэмээн зарлаад буй энэ цаг үед 50 гаруй улсад ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай хуульчийн Монголын талаарх дүгнэлт, зөвлөмжтэй танилцах нь үнэ цэнтэй юм.
Та эрчим хүчний реформын асуудлаар мэргэшсэн туршлагатай хуульч. Энэ чиглэлээр бусад улс оронд ажилласан болон Монгол Улстай холбоотой туршлагаасаа манай уншигчдад танилцуулна уу?
Би АНУ-ын иргэн. 30 гаруй жилийн турш шилжилтийн эдийн засаг бүхий 50 гаруй улс оронд хууль, институц, засаглалыг боловсронгуй болгох замаар эрчим хүчний хүртээмж, үнийн бодлогыг сайжруулах, эрчим хүчний шилжилтийг дэмжих чиглэлээр төрийн болон хувийн салбарын мэргэжилтнүүдтэй ажиллаж байгаа хуульч хүн. Ажлын хувьд бодлого, стратеги тодорхойлох, хууль тогтоомж боловсруулах, тусгай зөвшөөрөл олгох, гэрээ байгуулахаас эхлээд засаглал болон институцийн реформын асуудлыг хамардаг.
Монгол Улсад анх 11 жилийн өмнө ирж байсан. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг боловсруулж байсан үе. Тэрхүү үйл явцад оролцсон. Монгол Улсад уул уурхайн салбарын хөгжил эрчимжиж, уул уурхайгаас олох орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор баялгийн орлогыг зүй бусаар зарцуулах, санхүүгийн буруу менежмент хийх, үр дүнгүй хөрөнгө оруулалт хийгдэх зэрэг хүндрэлүүд учирч, орлогыг зохистой удирдах сорилттой тулгараад байсан Засгийн газарт бодлогын болон эрх зүйн туслалцаа үзүүлж байлаа. Голчлон татварын тогтолцоо, тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлага, эрчим хүчний хүртээмж, экспортын бодлого, байгаль орчны тайлагнал, цахилгаан болон тээвэр зэрэг дэд бүтцийн чиглэлийн асуудлыг хамарч ажилласан.
2023 оны нэгдүгээр сараас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн бодлого, хууль эрх зүйн зөвлөхөөр ажиллаж байна. Эрчим хүчний шилжилтийн тэргүүлэх чиглэлийг дэмжихийн тулд Монголын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран, эрчим хүчний салбарын үйл ажиллагааг бэхжүүлэх, өрсөлдөөнт зах зээл бий болгох, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг сайжруулах зорилгоор хууль эрх зүйн болон институцийн зөв тогтолцоо бүрдүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн үйл ажиллагааг оновчтой болгох асуудлыг тодорхойлон, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Таны хувьд Монголын эрчим хүчний салбарын нөхцөл байдлыг үнэлж үзээд ямар дүгнэлт хийсэн бэ? Манай эрчим хүчний одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?
Монгол Улсын цахилгаан, дулаан хангамжийг зохицуулах бодлого, хууль эрх зүйн суурийг 2001 оны Эрчим хүчний тухай хууль, 2007 оны Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, 2015 оны Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, мөн сэргээгдэх эрчим хүч (СЭХ)-ний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого зэрэг баримт бичгүүд бүрдүүлж байна.
Эрчим хүчний салбарт үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит 20 гаруй компани байна. Эрчим хүчний зохицуулах хороо нь хэдийгээр 2001 онд байгуулагдсан ч Эрчим хүчний яамнаас хараат бусаар хараахан ажиллаж чадахгүй байна. Иргэд, айл өрхийн хувьд тогтмол биш ч гэлээ цахилгаанаар бараг 100 хувь хангагдсан байна. Үйл ажиллагааны зардлыг нөхөх хэмжээний тарифын реформ хийгдээгүйтэй холбоотойгоор цахилгааны өртөг маш бага байна.
Одоогийн зах зээлийн энэхүү бүтцийг шинэчилж, цахилгаан үйлдвэрлэл, нийлүүлэлтийн шинэ арга хэлбэрүүдийг нэвтрүүлснээр улсын цахилгаан сүлжээний ачааллыг бууруулах боломжтой гэж харж байна.
Эрчим хүчний зах зээлийн бүтэц, төрийн өмчит компанийн үйл ажиллагаа, тарифын шинэчлэл, энэ алсын харааг бодит болгох Засгийн газрын стратегийг зайлшгүй тодорхойлох шаардлагатай.
Монгол Улс эдийн засгийн хөгжил, тэлэлтийг эрчим хүч хязгаарлаж байна хэмээн үзэж, эрчим хүчний реформ хийхээр зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний реформын замын зураглалыг “сонгодог” утгаар нь хэрхэн томьёолдог талаар мэдээлэл өгнө үү?
Эрчим хүчний реформын “сонгодог” замын зураглал гэж шууд хэлэхэд хэцүү. Ихэнх улс орнуудын хувьд нээлттэй, өрсөлдөөнт эрчим хүчний зах зээл рүү шилжихдээ үндсэн хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Тэдгээрийг дараах байдлаар томьёолон хэлж болох юм.
Институцийн реформ хийж, эрх, үүргийг маш тодорхой болгон, шийдвэр гаргах далд үйл явцыг багасгаж, ил тод болгох. Үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийг тус тусад нь салгах. Арилжааны болон техникийн алдагдлыг бууруулах, үнийн реформ хийх, тайлагнал, ил тод байдлыг сайжруулах. Хууль тогтоомжийг тодорхой, тогтвортой болгон бэхжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах. Төрийн өмчит компаниудыг хувийн хэвшилтэй адилхан ажиллахыг шаардах.
Түүнчлэн өнөөгийн дэлхий ертөнцөд хүлэмжийн хийг бууруулж, эрчим хүчний хүртээмжийг сайжруулах нь реформын салшгүй нэг хэсэг болоод байгааг анхаарахгүй орхиж болохгүй.
Тэгвэл реформыг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө манай улс ямар бэлтгэлийг хангах хэрэгтэй вэ? Бэлтгэл үе шатанд зайлшгүй хийх алхмууд юу вэ?
Эрчим хүчний салбарын реформ хийх УИХ-ын хүсэл сонирхол болон саяхан Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулсан зэрэг нь Эрчим хүчний яамны реформд чиглэсэн бэлтгэлтэй нийцэж байна.
Бэлтгэлийн үе шатанд зайлшгүй анхаарах зүйл бол эрчим хүчний зах зээлийн бүтэц, төрийн өмчит компанийн үйл ажиллагаа, тарифын шинэчлэлтэй холбоотой алсын харааг бодит болгох Засгийн газрын стратегийг тодорхойлох шаардлагатай. Энэ нь мэдээж амаргүй үйл явц. Үүнд санхүүжилт, байгууллагын эрх мэдэл, өмчийн бүтэц, техникийн шаардлага, эрчим хүчний шилжилт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй болдог.
Реформын үед ямар эрсдэлүүд гарч болох вэ? Түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Эрчим хүчний хямрал бол реформын хамгийн том эрсдэл. Монгол Улсын хувьд эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хангалтгүй байдал нь хямралд хүргэж болзошгүй. Өнөөдөр дамжуулах шугамын хүчин чадал бараг л дээд хэмжээндээ тулчихаад байна. Ийм эрсдэлтэй нөхцөл байдалд салбар үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс дамжуулалт, түгээлтийг өргөтгөх ажлууд хийгдэж байх шиг байна.
Хоёр дахь сорилт бол улс төрийн эрмэлзэл тогтвортой байх, эсэх явдал. Эрчим хүчний реформ нь урт хугацааны бодлого, төлөвлөлт, санхүүгийн тогтвортой бөгөөд тууштай байдлыг шаарддаг. Тиймээс улс төр, геополитикийн нөлөөнд өртөх эрсдэл өндөр гэсэн үг.
Мөн реформыг хэтэрхий хурдан, эсвэл хэт удаан хийх нь бас л эрсдэл дагуулна. Реформын үргэлжлэх цаг хугацааг төлөвлөхдөө санхүүжилт, техникийн чадавх, нийгмийн ойлголт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй болдог.
Эцэст нь, реформын санхүүжилтийн нийт хэмжээ өндөр байх магадлалтай. Түүнээс зайлсхийхийн тулд одоогийн нөхцөл байдлаа дахин үнэлэх, төсвийн хөрөнгийг оновчтой зарцуулахад чиглүүлэх, өмчийн ашиггүй байдлыг бууруулах, шинэ хөрөнгө оруулалтууд татах, тарифын шинэчлэл хийх зэрэг алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Монгол Улсын эрчим хүчний реформын оролцогч талуудыг Таны хувьд хэрхэн тодорхойлох вэ? Тэдгээр талууд реформд ямар хувь нэмэртэй байх бол?
Монгол Улсын иргэн болгон эрчим хүчний реформын оролцогч тал юм. Эрчим хүчний яам, Эрчим хүчний реформын үндэсний хорооноос салбарын засаглалыг сайжруулахаар эхний алхмуудыг хийж эхлээд байна. Эрчим хүчний реформтой холбоотойгоор УИХ-аас гаргаж буй болон гаргах шийдвэрүүд эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтэд хувь нэмрээ оруулах байх. Ямар ч реформд улс төрийн хүсэл зориг, Засгийн газрын манлайлал чухал байдаг. Энэ нь үр өгөөжтэй шинэчлэлийн стратегийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гол хүчин зүйл юм.
Ер нь эрчим хүчний реформыг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой цаг хугацаа гэж байх уу? Байдаг бол тэр нь хэдэн жил вэ?
Эрчим хүчний реформ бол байнга хийгддэг үйл явц. Гэхдээ тодорхой цаг хугацаа, үе шаттайгаар хэрэгждэг. Жишээлбэл, босоо бүтэцтэй эрчим хүчний системийг үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт гэж тус тусад нь компани болгож “задлах” нь реформын нэг үе шат байж болно. Мөн үнэ, тарифын шинэчлэл бол эрчим хүчний реформын нэг л хэсэг. Зах зээлийн хөгжлөөс хамааран, үргэлжлэн хэрэгжиж байдаг үйл явц юм.
Ярилцсанд баярлалаа.
Энержи Инсайт сэтгүүл, 2024 №06 (007)