E-Sight
Ярилцлага

Бусад улс орны реформ ихэнхдээ цахилгаан төвтэй хийгддэг

2025-04-25 15:36
Э.Мишээл
Сэтгүүлч

Эрчим хүчний салбарын талаар Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв (ШСБХТ)-ийн Дата шинжилгээний хөтөлбөрийн ахлах шинжээч О.Бадралтай “Энержи Инсайт”-ын Э.Мишээл ярилцлаа.

Танай төвийн эрчим хүчний тухай танилцуулгаас харахад "2027 оноос Төвийн бүсийн эрчим хүчний системд тасалдал үүсэхгүй" гэсэн байна. Энэ үр дүнд хүрэхийн тулд ямар шат дараатай алхмаар явах хэрэгтэй вэ?

Диспетчерийн үндэсний төвийн 2023 оны суурь дата дээр үндэслээд 2024 оны эхээр тус төв судалгаа гаргасан. Оргил ачааллын үеэр хэр хэмжээтэй цахилгаан тасалдах, ямар чадлын дутагдалд орох вэ гэдгийг судалсан. Мөн шинээр баригдах, баригдаж буй эх үүсвэрүүд хугацаандаа ашиглалтад орох үеэр тооцоолж 2027 онд чадлын дутагдал буюу цахилгаан хязгаарлахгүй хэмжээнд хүрнэ гэсэн төлөвийг гаргасан юм. Гол асуудал бол Бөөрөлжүүтийн 600 МВт, Багануурын 400 МВт, Тавантолгойн 450 МВт, Баянгийн 660 МВт, мөн сэргээгдэхийн салхин станц, хуримтлуурын төслүүд 2027 онд хугацаандаа хэрэгжиж, системд нийлүүлэх шаардлагатай. Энэ төслүүд өөрсдөө явах гол процесс нь нэгдүгээрт үнэ тарифын асуудал. Хөрөнгө оруулалт түргэн шуурхай байх, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төр засгийн бодлого төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зэрэг тогтвортой байдал шаардагдана. Үүнийг хангасан тохиолдолд төслүүд хурдан ашиглалтад орно. Өөр нэг чухал асуудал нь Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө аж үйлдвэрийн парк болон уул уурхайн мега 14 төслийг багтаасан. Энэ төслүүд эрчим хүчний хангалттай нөөцтэй болсон үед хэрэгжих боломжтой. Өнөөдөр эрчим хүчний хомсдолтой үед төсөл хөтөлбөр хэрэгжихэд хүндрэлтэй. Хамгийн эхний анхаарах салбар бол мэдээж эрчим хүчний салбар юм.

Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдсэний дараа иргэд багагүй бухимдалтай байна. Ялангуяа гэр хорооллын айлууд. Монгол Улс цаашид импортын эрчим хүчний хараат байдлаас гарсан тохиолдолд үнийг буулгах боломжтой юу?

Одоогийн өртөгт нь хүргэхээр үнэ тарифыг нэмсэн. Гэхдээ энэ нэмэгдэлт хангалтгүй гэж манай байгууллагын зүгээс үзэж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цахилгаан болон дулааны хоёр эх үүсвэрийн бүтээгдэхүүний үнэ тарифыг нэмэх шийдвэр гарсан. Тэгэхдээ дулааны үнийг хойшлуулж, энэ жилийн тавдугаар сараас хэрэгжүүлнэ. Өнгөрсөн онд тооцож үзэхэд, цахилгаан болон дулаан гэдэг хоёр бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр 2025 онд өртөгт хүрэх ёстой байтал дулааных нь дутна гэсэн үг. Дутуу орлого энэ жил дулаан, цахилгааны станцуудад алдагдал үүсгэнэ. Уг алдагдлыг дараагийн жил нөхөх ёстой болно. Жил бүр инфляц, үнийн өсөлт, ажилчдын цалин нэмэгдэх, дэлхийн зах зээл дэх сэлбэг хэрэгслийн үнийн өсөлт, олон улсын эдийн засгийн байдлаас үүдэн үйл ажиллагааны зардал нэмэгддэг.

Сүүлийн 5-6 жил манай улс эрчим хүчний үнийн өөрчлөлт хийгээгүй. Мөн хугацаанд өр төлбөр, шаардлагатай техникийн шинэчлэл гээд нэлээд асуудал хуримтлагдсаар ирсэн. Ер нь тухайн цаг үедээ бүх өсөлтийг тооцож, жил бүр үнийг тогтоож явах нь хамгийн зөв байдаг.

Хэрэв нэг жилд тогтоочхоод дараагийн жилүүдэд хэрэгжүүлж чадахгүй хойшлуулаад хоцорчих юм бол өр төлбөр, алдагдлын асуудал ундраад явна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ өндөр байна. 2023 онд богино хугацаат өр төлбөрийн хэмжээ 285 тэрбум төгрөг байсан. Урт хугацаат өр төлбөрийн хэмжээг тооцоолж үзвэл хоёр их наядаас хэтэрсэн байна. Ийм хэмжээний өр төлбөрүүдийг компаниуд тодорхой ашиг олж байж барагдуулна. Зөвхөн өртөгт хүргэнэ гэдэг ашиг байхгүй, орлогоороо зардлаа нөхөхийг хэлээд байгаа юм. Өр төлбөрүүд заавал төлөгдөх шаардлага тулгарсан. Үнэ тариф дээр Эрчим хүчний зохицуулах хороотой хамтарсан Ажлын хэсгийн хүрээнд судалгаа хийхэд 2030 он хүртэлх үнэ тариф ямар байх, мөн өр төлбөрөө төлөхийн тулд хэр хэмжээний тариф шаардагдах, хамгийн зохистой түвшний үнийг хангасан тарифыг тооцож үзсэн. Уг тооцооллоор 2022 оны суурин дээр 2023 онд хамгийн багадаа мөрдөх дундаж тариф 293 төгрөг, 2024 онд 337 төгрөг гэж гарсан. Энэ маягаар яваад 2035 он хүрэхэд цахилгааны үнэ 657 төгрөг болж өсөх хандлагатай байна. Ингэж өндөр өсөж буйн шалтгаан нь нэгдүгээрт цалингийн нэмэгдэл, хоёрдугаарт зээлийг валютаар авсантай холбоотой. IV ДЦС, Амгалан дулааны станц зэрэг бусад эх үүсвэр дээр авсан томоохон төсөл, шинэчлэлийн ажлуудын санхүүжилт гадаадын зээлээр явдаг. Тиймээс валютын ханшийн өсөлтийг тооцож оруулсан.

2011-2021 онд хийсэн олон улсын тайланд бүтээн байгуулалтын зардал, үйл ажиллагааны зардлыг тооцсон. Нарны эрчим хүчний эх үүсвэрийг бүтээн байгуулахад 1 МВт нь 4.8 сая ам.доллар байсан бол 2021 онд 857 мянган ам.доллар болсон. Харин салхин эрчим хүчний бүтээн байгуулалтын зардал 2011 онд 1 МВт нь 2.4 сая байсан бол 1.4 сая болж буурсан байдаг. Сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтын зардал жилээс жилд буурч байна. Энэ эх үүсвэрийн давуу тал бол бүтээн байгуулалт хийсний дараа үйл ажиллагааны зардал багатай. Өөрөө өөрийгөө ажиллуулаад явдаг. Тэр дунд засвар, инженер техникийн цөөн ажил гардаг учраас үйл ажиллагааны зардал бага байдаг. Урт хугацаандаа зээлийн эргэн төлөлтөө хангаад 15-20 жил өнгөрөхөд зээлээ хаагаа д цэвэр ашигт ажиллагаа руу орох үед сүлжээнд нийлүүлэх үнэ бүр илүү буурдаг. Хамгийн гол асуудал нь зээлийн хэмжээнд байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх үнэ 0.03-0.05 ам.доллар болж буурсан. Хэрэв ийм үнэ тарифаар бид гэрээ хийж сүлжээнд авбал өртөг ч хямдрах боломжтой. 

Манай улсын жижиг зах зээлд эрчим хүчийг бүрэн либералчлах боломжтой юу?

Либералчлахад хүндрэлтэй. Учир нь эх үүсвэрүүдийн хүчин чадал нь харьцангуй байдаг. IV ДЦС гэхэд цахилгаан үйлдвэрлэлийн 60 хувийг нийлүүлдэг. Эрчим хүчний хэрэглээний 90 хувийг авч явдаг төвийн бүсэд IV ДЦС эрчим хүчээ нийлүүлдэг. Харин II, III, IV ДЦС-ын үйл ажиллагааны чиглэл цахилгаан, дулааныг хосолж үйлдвэрлэдэг онцлогтой. Гэхдээ II, III ДЦС бол цахилгаанаас илүү дулаан дээр төвлөрч ажилладаг.

Либералчлах, олон нийтийн болгох, худалдааны загварыг шинэчлэх ажлууд нь ижил төрлийн эх үүсвэрүүд бий болоогүй цагт боломжгүй.

Аль нэг нь монопол болох хандлага гарна. Тэгэхээр эх үүсвэрүүдээ хамгийн түрүүнд нэмэгдүүлж, хоорондоо өрсөлдөх чадвартай болсон үед шинэчлэлийн асуудлыг ярих боломжтой.

Монгол Улс эрчим хүчний салбарт шинэчлэл хийх үндсэн шалтгааныг хэрхэн ШСБХТ-өөс тодорхойлж байна вэ?

Манай улс эрчим хүчний салбартаа шинэ эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхэд нэлээн хугацаа алдсан. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, боломжтой төсөл хөтөлбөрүүд, хамгийн үр ашигтай буюу системд нийлүүлэх хүчин чадал, горим тохиргоо, мөн үнийн хувьд хамгийн боломжит хөтөлбөрүүд ямар байх вэ гэдэгт илүү төвлөрсөн судалгааг энэ жилээс хийж эхэлж байна.

ШСБХТ-ийн гаргасан эрчим хүчний шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хэр хугацаа шаардагдах бол?

Эрчим хүчний салбарын реформын ажлууд нэлээн цаг авна гэж харж байгаа. Үнэ тариф өртөгтөө хүрэх шат дараалсан алхмууд хэрэгтэй. Хоёрдугаарт, худалдааны загвараа тодорхойлох ёстой. Үүний сацуу эх үүсвэрүүдийг нэмэх шаардлагатай байна. Монгол Улс бие даасан судалгаа хийж, өөрийн загварыг тодорхойлохгүй бол бусад улсын худалдааны загварыг хуулбарлах боломжгүй байдаг. Улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой. Бусад улс орны реформ ихэнхдээ дан цахилгаан төвтэй хийгддэг. Учир нь цаг уурын нөхцөл байдал, түүхий эдийн онцлогоос энэ нь хамаардаг. Дэлхийн дийлэнх орнууд дулааны асуудлаа хийгээр шийддэг. Тэгэхээр тухайн улсуудад өөрийн гэсэн давуу тал бий. Манай улсын хувьд эх үүсвэр дээр цахилгаан болон дулааны асуудлуудыг цогцоор авч үзэх нь зүйтэй. Нүүрсэн станцуудын ганц сул тал бол цахилгаан эрчим хүчний системийн тохиргоо хийх боломжгүй. Ачааллыг хөнгөлөх, нэмэгдүүлэх, тохируулга хийх тал дээр нүүрсэн станц нь өөрөө удаан хариу үзүүлдэг. Нүүрсэн станцуудаар тохиргоо хийх нь эвдрэл гэмтэл гарах гол нөхцөл болдог. Эрчим хүчний реформыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудын туршлагаас судалж, Монголд хамгийн тохиромжтойг өөрсдөө боловсруулан тодорхойлох шаардлагатай. Хувьчлал болон олон нийтийн болгох нь төр засгийн зүгээс шийдвэртэй алхмууд хийж байж урт хугацаанд явагддаг ажил. Жишээ нь, Чили улс анх 1978 онд реформ эхлүүлж, 2004 онд дууссан байдаг. Энэ хугацаанд төр засгийн шинэчлэл болон сонгуулиуд нэлээд хэдэн удаа болсон ч эрчим хүчний реформыг үргэлжлүүлсээр байсан. Тус улс өрийн мэдэлд 100 хувь байсан эрчим хүчний салбараа 26 жилийн хугацаанд либералчилж, эрчим хүчний худалдааны загвараа шинэчлэн, бөөний зах зээл рүү шилжиж, суурь шинэ эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг илүү ихээр дэмжиж ажилласан. Шинэчлэлийн явцад үнэ өөрөө нэмэгдэнэ. Эхний ээлжинд их хэмжээний үүсвэрүүдтэй болохын тулд хөрөнгө оруулалтыг хангасан үнийг батлах шаардлагатай болно. Мөн салбарын алдагдлыг бууруулах хэрэгтэй. Үүний дараа төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжээд дуусах үед эрчим хүчний үнэ зах зээлийн зарчмаараа хоорондоо өрсөлдөх боломжийг бүрдүүлж өгнө. Үйлдвэрлэл нь эрэлтээсээ давсан үед үнэ буурах нөхцөл бүрдэж байгаа юм. Үйлдвэрлэгч нар үнээрээ өрсөлдөхийг бөөний зах зээл гэдэг. Ийм зах зээл рүү шилжихийг реформ хамгийн түрүүнд зорьдог. 

Эрчим хүчний салбарыг татаасгүй, алдагдалгүй болгохын тулд үнэ нэмэхээс өөр ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Үнэ тариф хүрэлцэхгүй байгаа учраас татаастай байгаа юм. Реформын хүрээнд хийгдэх олон ажил байдаг. Мэдээж засаглалын асуудал яригдана. Одоо байгаа эрчим хүчний компаниуд өөрийн төсөвт зардал нь бодитой юу, тухайн компаниуд үр ашигт суурилж ажиллаж байна уу. Манай зах зээлийн хувьд өртөгтөө хүрдэггүй учир үр ашигт чиглэсэн гэхээс илүү хангалт руугаа анхаарчихсан. Төлөвлөсөн цахилгааны нийлүүлэлтийг хангахад л анхаарч байна. Орлогын дутагдалтай байдаг тул засварын ажлууд бүрэн хийгдэж байгаа нь эргэлзээтэй. Байгаа мөнгөндөө тааруулсан үйл ажиллагаа эрхэлдэг. Үнэ тариф хангалттай болчихвол засвар шинэчлэлийн ажлууд цаг тухайдаа хийгдэнэ. Хажуугаар нь засаглалын асуудал, компани төсөвт үйл ажиллагаанаас үр ашигт үйл ажиллагаа руу бүрэн шилжих хэрэгтэй байна. 

Горим тохируулгад хамгийн тохиромжтой усан цахилгаан станцын нөөцөөр аль бүс нутаг, аймаг тэргүүлж байна вэ?

Манай улс 44 байршилд 1600 гаруй МВт хүчин чадлын нөөцтэй гэж судалгаа гарсан байсан. Энэ байршлууд нь өөр өөр газарт байрладаг. Асуудал нь манай голууд Байгаль нуур руу гадагшаа урсгалтай учраас хэрэгжих хугацаа удаашралтай. Гэхдээ гадагш урсгалгүй хэд хэдэн байршилд усан цахилгаан станц байгуулах боломж бий. Бусад орны тухайд Казахстан, Узбекистан, Чили зэрэг улсад усан суурьтай цахилгаан станц нь бэлэн байдаг. Бараг нийт эрчим хүчний 20-30 хувийг эзэлдэг тул үүгээрээ горим тохируулгаа шийддэг давуу талтай. Манайхаас онцлогтой нь батарей хураагуур шаардлагагүй. Батарей хураагуур нь манайд ойрын хугацаанд тохиромжтой шийдэл хэдий ч алсдаа тохи руулгын асуудлыг усан хуримтлуурт усан цахил гаан станцаар шийдэх нь зөв гаргалгаа юм. 

Монгол Улс одоогийн байдлаар 2030 онд Парисын хэлэлцээрийн үүргээ биелүүлж чадахаар байна уу?

Одоогийн нөхцөл байдлаар бол боломжгүй. Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 20-23 хувьтай байна. 2030 онд Монгол Улс зорилтот хоёр амлалт өгсөн. Парисын хэлэлцээрээр хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах, мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 30 хувьд хүргэх. Сэргээгдэх эрчим хүчний одоогийн төсөл хөтөлбөрүүд хангалтгүй байна. Хүлэмжийн хийг бууруулах ажлын тайлан 2024 оны байдлаар гарна. Тус тайланг Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв бэлтгэн боловсруулж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой судалгаа хоёр жил тутам хийгддэг.

Ногоон шилжилтийн энэ цаг үед Монгол Улс цэвэр эрчим хүчний экспортлогч орон болох боломжийг хэрхэн харж байна вэ? Энэ тал дээр ямар саад, бэрхшээл тулгарч байгаа вэ? Эрчим хүчний экспортын чиг баримжаатай төслүүдэд хөрөнгө оруулалт татах орчин манайд ямар байна вэ?

Ер нь эрчим хүч дэлхий даяар нэн тэргүүний сэдэв болчихлоо. Бие даасан байдлаас гадна эдийн засгийн төрөлжилт, уул уурхайгаас гадна эрчим хүчний экспорт зонхилж байна. Азийн бусад улс, тухайлбал Хятад “Бүс ба Зам” санаачилга хэрэгжүүлсэн. Азийн хөгжиж буй улс орнууд асар их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, эрчим хүчний экспортлогч улс болно гэсэн зорилтоор олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд эхэлсэн. Манай улсад эрчим хүчний нөөц боломж хангалттай бий. Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний 2600 ГВт нөөцтэй, одоо байгаа манай нийт хүчин чадал 1.8 ГВт шүү дээ. Хэдэн мянга дахин илүү нөөцийг “Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ” санаачилгын хүрээнд экспортлох боломжтой. Судалгааны ажлууд сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдээд явж байгаа. Харин манай улсын шийдэх гол асуудал нь Хятадын талтай тохиролцох. Аль бүс нутгуудад, хэр их хэмжээний эрчим хүч Монголын талаас нийлүүлэх боломжтой вэ гэдгээ, нөгөө талаас худалдан авах хэмжээгээ гаргаж ирнэ. Мөн үнэ тариф дахиад яригдана. Худалдах, худалдан авах үнээ хоёр тал тохиролцоно гэсэн үг. Энэ том төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихийн тулд манай талаас дэд бүтцийн бүтээн байгуулалтууд бэлэн болох ёстой. Цахилгааны дэд станцууд, дамжуулах шугам сүлжээг бэлдэх хэрэгтэй.

Монгол Улс нь БНХАУ-тай эрчим хүчний экспортын гэрээгүй. Энэ гэрээг байгуулахад олон жил шаардлагатай юу? 

Хоёр улс Засгийн газрын түвшинд эрчим хүчний экспортын гэрээний талаар хэлэлцэж, талуудын айлчлал хийж байсан. Ерөнхий суурь нь байгаа учраас үүнийг ажил хэрэг болгож, албажуулах боломжтой. 

Сэргээгдэх эрчим хүчний гадаадын хөрөнгө оруулалт айл өрх, аж ахуйн нэгж, экспортын аль руу нь чиглэвэл үр ашигтай байх вэ? 

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг манай улс дотоодын хэрэглээнд авч чадахгүй. Эрчим хүчний хэрэглээ бага байна. Тэгэхээр Засгийн газрын түвшинд БНХАУ-тай гэрээ байгуулж, экспорт руу чиглүүлэх нь зүйтэй. Тухайн үед үнэ тариф хэдээр тогтох вэ гэдэг нь хөрөнгө оруулагч талын сонирхол, нөгөө талд худалдан авагч Хятадын сонирхол зохицож чадвал аль аль талдаа ашигтай байх бололцоотой.

Эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн зохист харьцаа ямар хэмжээнд байх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна вэ?

Олон улсад хэрэгжсэн реформын тайлангуудаас үзэхэд, урт хугацааны явцдаа төр цахилгаан дамжуулах шугамаа авч үлдээд, бусад хэсгийг хувьчилсан туршлагууд байна. Дамжуулах шугам нь өөрөө монопол хэлбэрт ордог гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд, үнэ тарифын хэт өсөлтөөс шалтгаалсан хямралд цахилгаан дамжуулахын хувийн компаниуд ихээхэн нөлөөлсөн байдаг. Үнэ тарифыг хэт өсгөж хөөрөгдүүлсэн. Тэгэхээр улс өөрөө дамжуулах шугамаа хариуцна. Түүнчлэн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжихээр төлөвлөгдөж буй газарт дэд бүтцийг хариуцах ажил нь эхэнд тавигдана. Шинэ эх үүсвэрийг хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулаад явна.

Эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалт гэж нэлээд ярьж байна. Яагаад дотоодын компаниудад итгэл хүлээлгэж болохгүй байна вэ?

Сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ гэвэл цөөхөн хэдэн монгол компани оролцоно. Үнээр өрсөлдөхөд дотоодын цөөн компани хоорондоо өрсөлдөх үү, эсвэл тэдэн дээр нэмэгдэж олон улсын хөрөнгө оруулалттай компаниуд орж ирээд 10-уулаа эсвэл 20-уулаа хоорондоо үнээр өрсөлдөх үү. Хамгийн бага үнийг сонгон шалгаруулах болохоор илүү хямд эрчим хүч нийлүүлэх боломжийг гадаадын хөрөнгө оруулагчид гаргаж өгч болно. Тэгэхээр нүүрсэн суурьтай эх үүсвэр хөгжүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчийг хэр хэмжээнд хөгжүүлэх, ямархуу горим тохируулгаар авч явах, батарей хуримтлуур, УЦС-ын алийг нь ашиглах вэ гэсэн цогц хэлбэрээр төлөвлөгөө боловсруулах, эдийн засгийн үр ашгаар нь ангилах төлөвлөлтийн ажлууд хийгдэхээр байна.

ШСБХТ-өөс гаргасан танилцуулгад 2035 он хүртэл импортын эрчим хүчээр хангана гэж авч үзсэн байсан. Яагаад импортын эрчим хүчийг ингэж тооцоолсон бэ?

Хоёр талтай. Яг тийм байна гэсэн үг биш. Эх үүсвэрийн үйлдвэрлэж байгаа хэмжээгээр л бид хэрэглэж байна. Харин цаана нь хүлээгдэж буй хэрэглэгчдийг бүрэн тооцоолж чадахгүй байгаа. Эрчим хүчний яамны 2023 оны мэдээллээр, цахилгаан эрчим хүчинд холбогдох хүсэлтийн хүлээгдэж буй хэмжээ 401 МВт хүрсэн. Манай одоогийн хэрэглээний ¼-тэй тэнцэхүйц хэмжээний хэрэглэгчид хүлээлттэй байна. Цахилгаан хязгаарлах хэмжээнд хүрээгүй ч гэсэн хүлээгдэж байгаа хэрэглэгчдийг бүрэн хангахад хүрэлцэхгүй байгаа. Жил бүр 8-10 хувийн өсөлт ажиглагдаж байна.

Ярилцсанд баярлалаа.