E-Sight
Ярилцлага

Монгол Улс дамжуулах сүлжээгээ шинэчлэх нь хамгийн нарийн төвөгтэй ажил ч зайлшгүй шаардлагатай юм

2025-06-13 15:27
Н.Сүхбат
Гүйцэтгэх захирал

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такачтай "Энержи Инсайт" сэтгүүлийн Гүйцэтгэх захирал Н.Сүхбат ярилцлаа.

Бидэнтэй ярилцах цаг гаргасанд баярлалаа. Та өөрийнхөө талаар болон ЕСБХБ Монголд ямар ажил хийдэг талаар танилцуулна уу?
 

Би Монголд анх 2020 онд COVID-19 цар тахлын үед ирсэн. Миний ажлын эхлэл нэлээд сонирхолтой байлаа. Учир нь тухайн үе бол улс орны болон иргэдийн хувьд тун хүнд цаг үе байсан. Тэр үед цахилгаан эрчим хүч гэнэт үнэгүй болсон. Үүний улмаас хүмүүс маш ихээр хэрэглэж, хэв маяг өөрчлөгдсөн. Тарифыг дахин нэвтрүүлэх, эсвэл нэмэх үед хэрэглээний энэ хэв маягийг өөрчлөх ихээхэн хүндрэлтэй байсан. Эрчим хүч үнэ өртөгтэй гэдгийг хүн бүр ойлгох нь маш чухал. Хэрэв таны амьдралын хэв маяг болон гэр орон тань эрчим хүчний хэмнэлттэй байвал энэ нь зөвхөн улс орны төдийгүй өөрийн тань хувьд ч ашигтай. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) 2006 онд Ногоон Эдийн Засгийн Шилжилтийн санаачилга (Green Economic Transition Initiative)-аа эхлүүлсэн. Манай байгууллагын одоогийн стратеги нь ногоон банк байхад төвлөрч, хөрөнгө оруулалтын 50 хувийг ногоон төслүүдэд чиглүүлж байна. Манай банк дотор тусгай нэгж ажилладаг бөгөөд төслүүдийн ногоон үр нөлөөг хянаж, баталгаажуулдаг. Бидний санхүүжүүлсэн төслүүд нь улс орны хөгжилд хувь нэмэр оруулах хоёр шилжилтийн чанарыг агуулсан байх ёстой. Үүний нэг нь "ногоон" байх. Энэ нь бидний хөрөнгө оруулалтын тал хувь нь ногоон чиглэлтэй байх ёстой гэсэн үг. Бид энэхүү зорилтыг Монгол Улсад давуулан биелүүлсэн. Үүнд компаниудын ногоон болон эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг эрэлхийлэх хандлага нэмэгдэж буй нь голлон нөлөөлсөн. Ийм түвшний тууштай байдал нь олон улсад тэр бүр байдаггүй. Харин Монголд, ялангуяа Улаанбаатарт тод ажиглагддаг. Энэ нэгдсэн ойлголт нь ноцтой түвшинд хүрсэн агаарын бохирдлоос үүдэлтэй гэж би үздэг. Улаанбаатарын хүн бүр ямар нэг арга хэмжээ авах шаардлагатайг мэддэг.

ЕСБХБ нь Төв Азийн болон Монголын бүс нутагт ногоон хөрөнгө оруулалтаар тэргүүлдэг байгууллага юм. Өнгөрсөн онд бидний бүс нутагт хийсэн хөрөнгө оруулалтын (нийт 2.26 тэрбум еврогийн) 58 хувь нь ногоон эдийн засгийн төслүүдийг дэмжихэд зориулагдсан. Компаниудын хувьд ногоон шийдлүүдийг хэрэгжүүлэхэд тулгардаг сорилтуудыг харгалзан үзвэл энэ бол маш том амжилт.

Заримдаа зардал нь өндөр байж болно. Эсвэл тогтвортой байдлын зорилгод хүрэхийн тулд бодлогын өөрчлөлт шаардлагатай болдог. Гэхдээ энэ нь компаниудын зан төлөв, стратегид эерэг өөрчлөлт авчирдаг маш чухал үйл явц юм. Цахилгааны үнэ нэмэгдэхэд компаниуд эрчим хүчний хэрэглээ нь тэдний санхүүгийн тайланд чухал нөлөөтэй гэдгийг ойлгодог. Ингэснээр тэд илүү хэмнэлттэй тоног төхөөрөмж ашиглах, ногоон барилга барих, агуулахуудаа сайжруулах зэргээр ажиллаж эхэлдэг. Эцэстээ энэ нь компанийн гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлдэг. Ийм сэтгэлгээг өөрчлөх нь маш чухал. Юм үнэгүй бол ихэвчлэн хэмнэх биш хэтрүүлэн ашиглагддаг. Харин өртөгтэй болсноор хүний хэрэглээний хэв маяг өөрчлөгддөг. Монголд бидний хэрэгжүүлж буй “Ногоон Эдийн Засгийн Санхүүжилтийн Хөтөлбөр” нь дотоодын банкуудад эх үүсвэр олгож, айл өрх болон аж ахуйн нэгжүүдэд зээл болгон олгогддог. Эдгээр зээл нь эрчим хүчний хэрэглээг хамгийн багадаа 20 хувиар бууруулах төслүүдийг дэмждэг. Цахилгааны тарифын өсөлттэй холбоотойгоор компаниудаас гадна айл өрхийн санхүүжилтийн эрэлт нэмэгдэж байна. Эрчим хүчний талаар мэдлэг нэмэгдэж байгаа нь хүмүүсийг гэрээ дулаалж, халаалтын системээ тохируулж, дотоод орчны температурыг илүү зохистой хэмжээнд (жишээлбэл 25-28°C биш, харин 22-23°C) барьж байна. Эдгээр өөрчлөлт нь нийт эрчим хүчний хэрэглээг бууруулж, Монголын эрчим хүчний аюулгүй байдал, импортын хэрэгцээг багасгахад тус дэм болдог. Мөн агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмэр оруулдаг. Энэ бол бүх нийтийн эрх ашиг.

Бидний эцсийн зорилго бол Монгол дахь агаарын бохирдлыг бууруулах явдал юм. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлдэг. Монгол Улс харьцангуй өндөр хавдрын өвчлөлтэй бөгөөд зарим бүс, ялангуяа гэр хорооллуудад эрүүл мэндийн ноцтой хүндрэлүүд үүсэж байгаа нь ажиглагдаж байна. Бид сэргээгдэх эрчим хүч ашиглах, эсвэл зүгээр л бага эрчим хүч хэрэглэх замаар авч чадах бүхий л арга хэмжээ нь нийтийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь манай багийн хувьд ажлаа сайн хийж амжилт гаргахад хүчтэй урам зориг болдог. Эрчим хүчний хангамж, түүний эх үүсвэр сайжрах үед эерэг нөлөө олон түвшинд мэдрэгддэг.

Агаарын бохирдлын нөлөөг мөнгөн дүнгээр хэрхэн хэмжих талаар ярилцъя.

Монголчууд гадаадад эмчлүүлэхийн тулд ойролцоогоор жилдээ 200 сая ам.доллар зарцуулдаг нь маш их хэмжээний мөнгө юм. Хэрэв төр засаг агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн асуудлыг бууруулж, үүний зэрэгцээ эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруулж чадвал энэ нь улс орны хэмжээнд ихээхэн ач холбогдолтой. Бүх зүйл харилцан уялдаатай байдаг. Тэрхүү уялдаа холбоог олон нийтэд ойлгомжтойгоор хүргэх нь ихэнхдээ амаргүй. Тиймээс танай байгууллагын эрчим хүч, байгаль орчин, тогтвортой хөгжлийн сэдвээр мэдээлэл түгээгч хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж ажиллаж буй нь маш чухал. Энэ нь олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, асуудлын мөн чанарыг таньж, бүхэллэг (холистик) өнцгөөс харах чадвартай болгоход тус дэм болдог. Өнгөрсөн онд бид үйл ажиллагааныхаа хүрээнд Узбекистан, Казахстан улсад нийт 8 ГВт сэргээгдэх эрчим хүч худалдан авахад дэмжлэг үзүүлсэн. Сайн мэдээ гэвэл, энэ нь нээлттэй өрсөлдөөн бүхий аукционоор явагдсан. Эдгээр улс өрхийн хэрэглэгчдийн одоо төлж буй үнээс хавьгүй хямд үнээр эрчим хүч худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Ийм хандлага нь төрийн өрийн дарамтыг бууруулж, улмаар улсын санхүүд ирэх ачааллыг багасгадаг.

ЕСБХБ ирэх жилүүдэд ямар ажлуудыг төлөвлөж байна вэ?

Өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн ЕСБХБ-ны жилийн хөрөнгө оруулалт түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн. Хөрөнгө оруулалтынхаа бараг 58 хувийг бид ногоон төслүүдэд чиглүүлсэн. Бид өөрсдийн зүгээс нийт 264 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүн дээр нэмэгдээд хамтран хөрөнгө оруулагчдаас дахин 52.4 сая ам.доллар татан төвлөрүүлсэн. Ингэснээр 2024 онд нийтдээ 310 сая ам.доллароос давсан хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийсэн гэсэн үг. Монгол нь харьцангуй жижиг эдийн засагтай улс боловч дээрх тоо нь хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ өндөр байгааг, мөн нэмэлт санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байгааг илтгэж байна. Бид Монголын арилжааны банкуудтай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд зорилго маань тэднийг зах зээлээс шахах бус, харин хамтран ажиллаж, санхүүгийн секторыг хамтаар бэхжүүлэхэд оршдог. Хүчирхэг санхүүгийн салбар, бат бөх эрчим хүчний салбартай хосолсон тохиолдолд хөгжлийг хангах боломж бүрэн бий. Одоог хүртэл бид ихэвчлэн эрчим хүчний үйлдвэрлэл талд анхаарч байсан. Монгол дахь анхны салхин цахилгаан станцыг ЕСБХБ санхүүжүүлсэн. Түүний дараах хувийн хэвшлийн хоёр ч салхин станцыг мөн бид дэмжиж санхүүжүүлсэн. Манай хамтран санхүүжүүлэгчдийн оролцоог оролцуулбал, бид сэргээгдэх эрчим хүчний салбарт, хөгжлийнх нь анхны шатнаас эхлэн нийт 300 сая ам.доллароос давсан санхүүжилт олгосон. Гэхдээ сэргээгдэх эрчим хүч нь ердөө нэг хэсэг нь юм. Цэвэр эрчим хүч үйлдвэрлэх нь чухал боловч түүнийг дамжуулах чадваргүй бол тэр эрчим хүч хэзээ ч хэрэглэгчдэд хүрэхгүй. Тиймээс бид одоогоор сүлжээний дэд бүтцийг, ялангуяа дамжуулах шугамуудыг сайжруулахад төрд туслан ажиллаж байна. Манай гол төслүүдийн нэг бол Чойр–Сайншандын цахилгаан дамжуулах шугамыг шинэчлэх ажил. Энэ бүс нутаг нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх өндөр потенциалтай тул дамжуулах шугамыг сайжруулах нь онцгой ач холбогдолтой. Сайншандын салхин станц болон хэд хэдэн сэргээгдэх эх үүсвэрийн байгууламжууд энэ бүсэд байрладаг. Мөн тус бүс нутагтай ойр үйл ажиллагаагаа эхлүүлэх, өргөжүүлэх шаардлагатай уул уурхайн төслүүд бий бөгөөд тэдгээрт цахилгаан эрчим хүч хэрэгтэй байгаа.

Монголын дамжуулах сүлжээг шинэчлэх нь газар нутгийн онцлогоос шалтгаалаад хамгийн төвөгтэй ажлуудын нэг юм. Дамжуулах шугамыг Монголын өнцөг булан бүрд хүргэх нь асар их зардалтай, цаг хугацаа шаардсан ажил. Тиймээс бид өөр шийдлүүдийг ч авч үзэх хэрэгтэй. Жишээлбэл, төвлөрсөн сүлжээ байгуулах уу, эсвэл аймаг бүрд зориулсан бүс нутгийн микро сүлжээ (mini-grid) үүсгэх үү гэдгийг. Хоёр дахь хувилбар нь зардал багатай байх боломжтой бөгөөд эрчим хүчний аюулгүй байдлыг мэдэгдэхүйц сайжруулж чадна. Хөрш орнуудаас эрчим хүч импортлох нь зардал өндөртэй төдийгүй стратегийн эрсдэл дагуулдаг. Урт хугацаандаа Монгол Улс импортлогч бус, экспортлогч болох нь илүү оновчтой. ЕСБХБ нь Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн эрчим хүч үйлдвэрлэгчдэд хамтран ажиллаж, эрчим хүч үйлдвэрлэл, дамжуулалт, экспортын нэгдсэн тогтолцоог бий болгоход нь туслахыг зорьж байна. Энэ нь нэмүү өртгийн сүлжээг цогцоор бий болгох тухай асуудал юм. Үүний үндэс суурь нь хууль эрх зүйн дэмжлэг байх ёстой. Компаниуд, айл өрхүүдтэй хамтран ажиллахаас гадна бид “Ногоон Эдийн Засгийн Санхүүжилтийн Хөтөлбөр” (GEFF)-ийг Хаан банк болон ХасБанк-тай хамтран хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ бид ногоон төслүүдэд шууд санхүүжилт олгож байна. Өнгөрсөн онд гарсан нэг чухал үйл явдал бол Монгол Улсын анхны “тогтвортой хөгжлийн үр дүнтэй зээл” (sustainability-linked loan)-ийг нэвтрүүллээ. Энэ механизмаар тухайн компани байгаль орчны зорилтоо хангаж чадвал төлсөн хүүгийн тодорхой хэсгийг буцаан авах боломжтой. Энэ механизм нь санхүүгийн урамшуулал санал болгож байгаа тул компаниуд их сонирхож байгаа ба зөвхөн зорилт биелсэн тохиолдолд урамшуулал олгодог. Ийм бүтэц нь жишиг тогтоох нөлөөтэй. Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдлүүд рүү шилжих нь зөвхөн зээлийн өртгийг бууруулаад зогсохгүй, хүрээлэн буй орчныг сайжруулж, компанийн санхүүгийн үзүүлэлтэд ч эерэг нөлөө үзүүлдэг. Би энэ анхны тогтвортой хөгжлийн зээлээр үнэхээр бахархдаг бөгөөд цаашид олон ийм зээл бий болно гэдэгт найдаж байна. Мөн Монголын арилжааны банкууд энэ төрлийн зээлийг үйлчлүүлэгчиддээ санал болгож эхэлнэ гэж найдаж байна. Айл өрхүүд ч GEFF-ээс ашиг хүртэж болно. Жишээлбэл, дулаалга сайжруулах, зуух солих, бусад эрчим хүч хэмнэх ажлуудыг хэрэгжүүлэх зэргээр. Гэхдээ жинхэнэ өөрчлөлт нь зөвхөн техник технологийн шинэчлэл биш, харин хандлагын өөрчлөлтөөс эхэлдэг. Төрийн бодлого тодорхойлогчдоос эхлээд эцсийн хэрэглэгчид, бизнес эрхлэгчид хүртэл бүгдэд энэ хамаатай. Бид “Ногоон Хот” хөтөлбөрийг мөн хэрэгжүүлдэг. ЕСБХБ үйл ажиллагаа явуулдаг Ази тивийн улсууд дунд анх Улаанбаатар хот 2018 онд “Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсан. Бид одоо Сангийн яам болон Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтран хэрэгжүүлж буй зарим төслүүд энэ төлөвлөгөөнөөс улбаатай. Эдгээрийн нэг нь төвлөрсөн дулаан хангамжийн системийг шинэчилж, шугам хоолойн дулаан алдагдлыг бууруулан, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил байлаа. Тодорхой стратеги, зорилго, түүний хэрэгжилтийн замыг тодорхойлсон төлөвлөгөөтэй байх нь амин чухал юм.

Өнгөрсөн жил ЕСБХБ 18 төсөлд 260 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд ихэнх нь ногоон шилжилтийн төслүүд байв. Эдгээр төслүүдийн онцлог юу вэ?

Эдгээр төслүүд нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон сөрөг нөлөөг бууруулахад чиглэгдсэн бөгөөд зөвхөн технологийн шийдлүүдээс гадна хүний зан төлөвийн өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлт зэрэгт мөн чиглэсэн байдаг. Энэ нь маш чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Жишээлбэл, өнгөрсөн онд бид анхны ногоон оффисын барилга байгууламжийг санхүүжүүлсэн. Уг барилга нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын стандарт болох EDGE гэрчилгээтэй байх юм. Харамсалтай нь, энэ төрлийн гэрчилгээ Монгол Улсын барилгын норм, дүрэмд одоогоор тусгагдаагүй байна. Гэвч бид тусгай нөхцөлтэй зээлийн бүтэц ашиглан компаниудад ногоон гэрчилгээний үнэ цэнийг ойлгуулж, урамшуулал үзүүлж байна. Энэ оффисын барилга бол зөвхөн эхлэл юм. Мөн бид ногоон, боломжийн үнэтэй орон сууцны төслийг баталсан. Энэ төслийн зорилтот бүлэг нь гэр хорооллын иргэд юм. “Ногоон орон сууц заавал өндөр өртөгтэй” гэх ташаа ойлголт нийгэмд түгээмэл байдаг ч энэ нь бодит үнэн биш. Гол нь зөв шийдлүүдийг олж, төслийг эхнээс нь зөв зохион байгуулахад оршдог. Ингэснээр бид хоёр чухал жишиг үр нөлөөг бий болгохыг зорьж байна. Нэгдүгээрт, та боломжийн, өрсөлдөхүйц өртгөөр ногоон оффисын барилга барьж болно. Хоёрдугаарт, нийгмийн эмзэг бүлгийн хот суурин дахь амьдрах орчны стандартыг сайжруулах чиглэлтэй, санхүүгийн хувьд хүртээмжтэй ногоон орон сууц барих бүрэн боломжтой. Бид одоогоор 700 гаруй айлын орон сууцны төслийн талаар ярилцаж байна. Уг орон сууцууд нь гэр хорооллын өнөөгийн нөхцөл байдлыг бодитой бөгөөд тогтвортой хувилбараар сайжруулах зорилготой юм.

Монгол Улсын Засгийн газраас зарласан эрчим хүчний салбарын шинэчлэлийн талаар таны байр суурь юу вэ? ЕСБХБ энэ үйл явцыг хэрхэн дэмжиж чадах вэ?

Бид Монгол Улсын Засгийн газартай эрчим хүчний шилжилт, салбарын шинэчлэлийн талаар өргөн хүрээтэй яриа хэлэлцээ хийсэн. Энэ оны эхээр бид Швейцарын Давос хотноо Санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү Санамж бичгийн хүрээнд бид сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын төслүүдэд тендер зохион байгуулахаас гадна Засгийн газарт зориулсан стратегийн түвшний эрчим хүчний бодлого боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх юм. Үүний зорилго нь Монгол Улсын эрчим хүчний систем ямар чиглэлд хөгжих ёстой, яагаад тийм байх хэрэгтэй вэ гэдгийг бүх түвшинд ойлгомжтой болгоход оршиж байна. Ийм тодорхой байдал нь шинэчлэлийн ач холбогдлыг илүү ойлгомжтой болгож, бодит үр нөлөөг харуулахад тусална. Бид зөвхөн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөний талаар яриагүй, хувь хүний түвшинд ч ямар үр дүн гарч буйг хэлэх хэрэгтэй. Хэрэв улс орны эдийн засаг өсөж байгаа ч энгийн иргэд үр шимийг нь мэдрэхгүй бол тэдгээр хүмүүс уг өсөлтийг дэмжихгүй. Тиймээс эрчим хүчний шинэчлэл нь ард иргэдийн амьдралд, гэр бүл, өдөр тутмын хэрэгцээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгуулах нь чухал. Төлөвлөж буй шинэчлэлийн талаарх мэдээлэл ил тод, ойлгомжтой байх ёстой.

Эрчим хүчний хангамжийн хувьд гадаад улсаас хэт хамааралтай байх нь оновчтой шийдэл биш. Хэрэв тэр эх үүсвэрт ямар нэгэн доголдол гарвал дотооддоо шуурхай шийдэл хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болдог. Монгол Улсын эрчим хүчний системд шинэчлэл шаардлагатай байна.

Одоо ашиглаж байгаа эрчим хүч дамжуулах шугам сүлжээ хуучирсан, үр ашиггүй. Эрчим хүчний алдагдал нь 10–15 хувийн хооронд хэлбэлздэг. Зөвхөн дамжуулах сүлжээг сайжруулснаар ямар нэгэн нэмэлт цахилгаан үйлдвэрлэлгүйгээр түгээж болох эрчим хүчний хэмжээг энэ хувиар нэмэгдүүлэх боломжтой. Үүнтэй зэрэгцэн, Монгол Улсад өрхийн түвшний ухаалаг тоолууртай, ухаалаг сүлжээ нэвтрүүлэх шаардлагатай. Энэ нь зөвхөн хөрөнгө оруулалт биш, технологийн шинэчлэл, шинэчлэлийн шат дарааллыг зөв тодорхойлох тухай юм. Хэрэв та цахилгаан үйлдвэрлэлийн шинэ эх үүсвэрт хөрөнгө оруулалт хийчихээд, түүнийг дамжуулах дэд бүтэц байхгүй бол үйлдвэрлэсэн эрчим хүчээ түгээх боломжгүй. Учир нь дамжуулах шугамыг нар, салхины цахилгаан станцаас хамаагүй урт хугацаанд барьж байгуулдаг. Энэ ойлголт одоо Засгийн газрын шинэчлэлийн төлөвлөлтөд тусгагдаж эхэлсэн. Эрчим хүчний асуудал хариуцсан Засгийн газрын ажлын хэсэг нь зохицуулалт хариуцан ажиллаж байгаа бөгөөд бид эерэг дохио олон гарч байгаад баяртай байна. Монгол Улсад эрчим хүчний үнэ үйлдвэрлэлийн өртгөөс доогуур байсан нь төсөвт алдагдал үүсгэж ирсэн. Цахилгааны үнийг нэмэгдүүлсэн ч нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах нь мөн чухал. Тэд дулаан, халуун усаар хангагдах ёстой бөгөөд зорилтот хөнгөлөлтөөр шийдвэрлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ барилгын салбарыг эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих чиглэлд урамшуулах шаардлагатай. Одоогийн "түргэн, хямд барих" хандлага нь худалдан авагчид төдийгүй орон сууцны урт хугацааны арчилгаа, засвар үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна. Эрчим хүчний үнэ өсөх тусам хэрэглэгчид эрчим хүчний хэмнэлтэд илүү анхаарах болно. Урт хугацаандаа энэ нь барилгын салбарыг илүү чанартай, илүү үнэ цэнтэй орон сууцыг боломжийн өртгөөр санал болгох чиглэлд түлхэц болно. Ихэнхдээ орхигддог нэг чухал хүчин зүйл бол барилгын стандарт худалдан авсны дараа өөрчлөгдөж болдог. Хэрэв таны байр шинэ эрчим хүчний стандарт хангахгүй бол зах зээл дээрх үнэ цэн нь буурч болзошгүй. Иймээс эрчим хүчний хэмнэлт нь үл хөдлөх хөрөнгийн хувьд үнэ цэн нэмэх хүчин зүйл болдог. Ипотекийн хөтөлбөрийг ч эрчим хүчний хэмнэлттэй байдалтай уялдуулж болно. Жишээлбэл, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авсан иргэдэд ипотекийн дэмжлэг олгож, хэмнэлт багатай байр авбал дэмжлэг нь шаталсан байдлаар буурдаг тогтолцоог бий болгож болно. Ингэснээр худалдан авагчийн зан төлөв өөрчлөгдөж, барилгын компаниуд ч эрчим хүчний хэмнэлттэй шийдэлд төвлөрөх хөшүүрэгтэй болно. Тогтвортой байдлын зээл, ногоон зээл, бонд зэрэг төрөл бүрийн хэрэгслээр дамжуулан бид бүх шатны хэрэглэгчдэд тохирсон санхүүгийн шийдлийг санал болгож байна. Иргэд түнш банкуудаараа дамжуулан, харин томоохон аж ахуйн нэгжүүд бидэнтэй шууд хамтран зээл авах боломжтой. Үүнээс гадна, банк бус санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Учир нь олон жижиг бизнес эрхлэгч банкнаас зээл авах боломжгүй байдаг. Бид илүү олон зорилтот бүлгийг хамарч, тэдэнд тохирсон үр дүнтэй санхүүгийн хэрэгслүүдийг хүргэхийг зорьж байна.

Монгол Улс олон улсын ногоон санхүүжилт татахдаа юуг анхаарах ёстой вэ? Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар таны бодол?

Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчин хэрхэн бүрдэх нь шинэ Хөрөнгө оруулалтын хуулийн эцсийн хувилбараас ихээхэн шалтгаална гэж би үзэж байна. Одоогоор зөвхөн төсөл нь л байгаа бөгөөд эцсийн хууль ямар хэлбэртэй гарахыг хараахан мэдэхгүй байна. Гэхдээ хувийн хөрөнгө оруулагчид шинэ зах зээлд нэвтрэхдээ хоёр гол хүчин зүйлд анхаарлаа хандуулдаг. Нэгдүгээрт, улс төрийн тогтвортой байдлыг чухалчилдаг. Энэ утгаараа Монгол Улс сайн түвшинд байна. Улс төрийн тогтвортой байдал хангагдсан бөгөөд, ялангуяа эвслийн дэмжлэгтэйгээр шинэчлэлийн бодлогыг урагшлуулах боломж бүрдсэн. Үүний ачаар шинэчлэлийн үйл явц өмнөхөөс илүү хурдацтай өрнөх боломжтой. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчид хууль, зохицуулалтын орчны тогтвортой байдал, мөн түүний хэрэгжилтийн найдвартай байдлыг эрэлхийлдэг. Монгол Улсад ерөнхийдөө сайн хууль эрх зүйн тогтолцоо бүрдсэн байдаг ч хэрэгжилт нь дараагийн чухал шат юм. Хууль зөвхөн тогтвортой, ил тод, тууштай хэрэгжиж байж л үр дүнтэй болдог. Хэрэв тогтвортой байж чадвал хөрөнгө оруулагчид төгс биш хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрч чадна.

Харин хууль, дүрэм журам байнга өөрчлөгдөж, тодорхойгүй байдал үүсэх нь хөрөнгө оруулалт хийхээс татгалзах шалтгаан болдог. Тодорхойгүй байдал нь эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж, энэ нь хөрөнгө оруулалтын үнэлгээнд шууд тусдаг. Одоогийн байдлаар Монгол Улс B+ зэрэглэлтэй байна. Эрх зүйн орчны тогтвортой байдал болон хэрэгжилтийг сайжруулснаар дараагийн түвшний зээлжих зэрэглэлд хүрэх боломжтой. Түүнчлэн Засгийн газар найдвартай, тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд тууштай анхаарч буй нь тодорхой. Энэ нь зөвхөн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлагаар хязгаарлагдахгүй, Монгол Улсад экспортын асар их боломж байгаа гэдгийг ч ухаарч эхэлсэнтэй холбоотой. Газар зүйн хувьд Монгол Улс нарны цацрагийн өндөр нөөц, хүчтэй салхины эх үүсвэр, усан цахилгаан, мөн зарим бүс нутагт газрын гүний эрчим хүч зэрэг олон төрлийн эх үүсвэртэй. Ийм төрөлжсөн эх үүсвэр нь тэнцвэртэй, тогтвортой эрчим хүчний систем бий болгох бат бөх үндэс суурь болж өгдөг. Гол зүйл нь нэн тэргүүнд юуг хийхээ зөв тодорхойлох, мөн эрчим хүч худалдах худалдан авах гэрээнүүд өртөгийг шударгаар тусгасан, хөрөнгө оруулагчдад итгэл бий болгохуйц нөхцөлтэй байх ёстой. Хөрөнгө оруулагчдын санааг зовоож буй нэг асуудал бол эрчим хүчний хязгаарлалт (curtailment) юм. Жишээлбэл, нар эсвэл салхины цахилгаан станц 100 МВт эрчим хүч үйлдвэрлэх ч сүлжээ нь зөвхөн 20 МВт-ыг л хүлээн авч чадвал, уг төсөл эдийн засгийн хувьд ашиггүй болдог. Ийм хязгаарлалтаас зайлсхийхийн тулд сүлжээний хүчин чадал болон тарифын зохицуулалтын төлөвлөлт маш сайн байх шаардлагатай. Хөрөнгө оруулагчид үйлдвэрлэсэн эрчим хүчээ борлуулах баталгаатай байж, мөн худалдан авагчтай бодит гэрээтэй байхыг хүсдэг. Мөн нэг анхаарах ёстой зүйл бол дамжуулах шугамын байршил юм. Хэрэв сэргээгдэх эрчим хүчний төсөл цахилгаан дамжуулах сүлжээнээс хэтэрхий хол байвал холболтын зардал хэт өндөр болж болзошгүй. Тиймээс сүлжээний төлөвлөлт маш чухал. Бид энэ чиглэлд Узбекистан улсад маш сайн туршлага хуримтлуулсан. 

ЕСБХБ тус улсад эрчим хүчний нээлттэй тендерийн гол дэмжигчээр ажиллаж ирсэн. Эдгээр тендерийн хүрээнд бид маш өрсөлдөхүйц үнэ харж байсан нь ойролцоогоор 1 квт.цаг тутамд 2.8 цент байсан. Үүний зэрэгцээ төсөл хэрэгжүүлэгчид батарей хураагуурын систем эсвэл богино хэмжээний дамжуулах шугам барих боломжтой байдаг. Энэ нь дэд бүтцийн тодорхой хэсгийг төрөөс хувийн хэвшил рүү шилжүүлэх боломж олгодог. Гэхдээ хувийн хэвшил ийм үүрэг хүлээхийн тулд эрсдэл бууруулах зохистой механизм болон хөрөнгө оруулалтын баталгаа зайлшгүй шаардлагатай.

Та Монгол Улсыг эрчим хүч экспортлогч орон болох боломжтой гэж дурдсан.

Би үүнийг байнга дэмждэг. Учир нь энэ бол одоог хүртэл ашиглагдахгүй байгаа том нөөц боломж юм. Монгол Улс салхин, усан, нарны эрчим хүч үйлдвэрлэх асар их нөөцтэй боловч өнөөдрийг хүртэл эрчим хүч экспортлох хэмжээнд хөгжүүлсэнгүй. Харин өмнөд болон хойд хөршөөсөө эрчим хүч импортолж байна. Экспортлохын тулд юу хэрэгтэй вэ гэвэл, том хэмжээний сэргээгдэх эрчим хүчний тендер, эсвэл хөрш орнуудтай дамжуулах шугам барих тухай тохиролцоо хийдэг хувийн хөрөнгө оруулагчид хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө “Азийн супер сүлжээ” гэсэн санаачилга байсан ч одоо хэн ч ярьдаггүй. Гэхдээ бодит байдал дээр Монгол маш том хөрштэй. Хятадын Өвөрмонгол руу эрчим хүч экспортлох нь хоёр талдаа ашигтай байж чадна. Монголын өндөр нарны цацрагийн түвшин, хүчтэй салхи зэрэг нь маш сайн нөхцөл. Нөгөө талаас, дотоодын нүүрсний хэрэглээг ч багасгаж чадна. Гэхдээ үүний тулд маш хүчтэй өндөр хүчдэлийн дамжуулах шугам хэрэгтэй. Энэ бол цаг хугацааны асуудал. Мөн эрчим хүчний үйлдвэрлэлийн байгууламжууд ч шаардлагатай. Гэхдээ энэ нь зөвхөн төр биш, хувийн хэвшил ч барьж болно. Засгийн газар болон хувийн хэвшил хоёулаа ашиг хүртэж чадна. Үүн дээрх хамгийн гайхалтай зүйл бол COVID дахин гарлаа ч гэсэн эрчим хүчийг дамжуулах боломж үргэлж байх юм. Эрчим хүч зөвхөн дамжуулах шугамаар л явдаг, өвчин тахал хамаагүй. Ийм боломж үнэхээр бий. Гол нь хэзээ, яаж гэдэг дээр л байна. Хувийн компаниуд маань энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх маш их сонирхолтой байгаа.

Ийм төрлийн төслүүдэд сонирхолтой компаниудыг ЕСБХБ хэрхэн дэмжиж чадах вэ?

Бид компаниудад санхүүжилт олгохдоо хоёр үндсэн хэлбэрээр ажилладаг. Хувьцааны (equity) санхүүжилт болон илүү түгээмэл хэрэглэгддэг өрийн (debt) санхүүжилт. Ерөнхийдөө төсөл хэрэгжүүлэгчид 25–40 хувийг хөрөнгө оруулалтаар (equity) гаргаж, үлдсэн хэсгийг өрийн санхүүжилтээр шийддэг. Бид өмнөх төслүүддээ ч энэ зарчмаар ажиллаж ирсэн. Засгийн газрын хувьд бид эрчим хүчний системийн холболтын найдвартай байдал болон эрчим хүч экспортлох боломжийг бүрдүүлэхийн тулд дамжуулах сүлжээний дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж чадна. Төрөл бүрийн судалгаагаар Монгол Улс ойролцоогоор 2.6 ТВт хэмжээний сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй гэж тооцоологддог нь үнэхээр асар их тоо юм. Энэ нөөцийн зөвхөн өчүүхэн хэсгийг ч экспортлоход улсын эдийн засагт бодитой, эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Нэг зүйлийг онцлон санах хэрэгтэй нь дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээ нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ ч өсдөг. Энэ бол бусад олон оронд ажиглагдаж ирсэн нийтлэг хандлага. Жишээлбэл, өрхийн орлого өсөхөд аяга таваг угаагч зэрэг цахилгаан хэрэгсэл худалдан авч эхэлдэг бөгөөд энэ нь цахилгаан хэрэглээг нэмэгдүүлдэг, тэр нь хамгийн өндөр хэмнэлттэй төхөөрөмж байсан ч гэсэн. Иймд дотоодын эрчим хүчний хэрэглээ үргэлжлэн өсөхөөс гадна хөрш орнууд, тэр дундаа Хятад улс ч өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээтэй байх тул Монголд экспортод чиглэсэн сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг урагшлуулах үндэслэл сайн байна.

Хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудын эрчим хүчний шилжилтэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юу?

Амжилттай хөрөнгө оруулалтын гол хүчин зүйлсийн нэг нь хүчтэй, туршлагатай дотоодын түнштэй байх явдал гэж би үздэг. Европ, олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдын хамтарсан төслүүд хамгийн амжилттай хэрэгждэгийг бид харж байсан. Та ажиллаж буй улс орноо үнэхээр сайн ойлгох ёстой бөгөөд нэг орны загварыг шууд өөр оронд хуулж хэрэгжүүлэх боломжгүй. Багахан өөрчлөлт оруулснаар ч томоохон ялгаа гарч болно. Хөрөнгө оруулагчид үнэндээ хамгийн их сонирхож буй зүйл бол тогтвортой улс төр, хууль, зохицуулалтын орчин юм. Өөрөөр хэлбэл тэдний хөрөнгө хамгаалагдсан байх шаардлагатай. Ийм орчин бүрдвэл хөрөнгө оруулагчид илүү эрсдэл хүлээхэд бэлэн болдог. ЕСБХБ нь хөгжлийн банк бөгөөд бидний үүрэг бол энэхүү үйл явцыг дэмжих явдал юм. Үүнд гол байгуулагуудад санхүүжилт олгох, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бодлогын хэлэлцээ өрнүүлэх мөн дотоодын болон олон улсын арга хэмжээнд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийг сурталчлах зэрэг орно. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд төгс тохирох байгаль, цаг уурын нөхцөлтэй. Одоо дараагийн алхам бол энэ чадавхийг бодит хөрөнгө оруулалтаар бүрэн ашиглах явдал юм. Бид ихэнхдээ олон улсын түншүүдэд Монголын боломжийг ойлгуулахад туслах зорилгоор зөвлөх чадавхаа дайчлан ажилладаг.

Бид үүнтэй ижил эерэг туршлагыг бусад оронд харж байсан. Жишээлбэл, Узбекистан улсад эрчим хүчний шинэчлэлийг гадаадын хөрөнгө оруулагчид хүчтэй дэмжиж, чиглүүлсэн. Зөвхөн хоёр жил орчмын хугацаанд тус улс зөвхөн эрчим хүчний салбарт 3 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт нь зөвхөн эрчим хүчний шинэчлэлд хувь нэмэр оруулаад зогсохгүй, ажлын байрыг ч бий болгодог. Дамжуулах шугам, эрчим хүч үйлдвэрлэх байгууламж барихын тулд барилгын салбар эрчимждэг. Энэ бол Монгол Улс дагаж мөрдөж болохуйц сайн загвар юм. Одоогоор Монголын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энийг экспортод чиглэсэн сэргээгдэх эрчим хүчний салбараар нөхөж, тэнцвэржүүлж болох юм.

Эцэст нь, манай уншигчдад зориулж хэлэхийг хүссэн зүйл бий юу?

Баярлалаа. Би нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Эрчим хүчний хэрэглээтэй холбоотой хувь хүний зан төлөв нь эрчим хүчний систем хэрхэн өөрчлөгдөхөд маш их нөлөөтэй. Систем хэт ачаалалтай байгаа үед хүмүүс эрчим хүчний эх үүсвэртээ хайхрамжгүй хэвээр байвал бид системийн хувьд ч, олон нийтийн эрүүл мэндийн байдалд ч бодит өөрчлөлтийг харахгүй. Харин зарим компаниуд энэ тухай ойлгодог ч бүгд эрчим хүч бол хамгийн том зардлын нэг гэдгийг ухамсарлах нь маш чухал. Үүний хувьд сэргээгдэх эрчим хүч нь урт хугацаанд зардлыг бууруулах бодит боломж болдог. Монгол Улс зөв чиглэлд урагшилж байгаа ч ахиц удаан байна. Саяхан би Хаан банкны нэг салбарт зочлоход тэд нарны энергийг ашигласан шинэ шийдэл болох харагдац сайтай, гэрэл нэвтрүүлдэг нарны хавтан бүхий цонх суурилуулсан байсан. Үнэхээр сайхан жишээ байсан ч улс орны нийт хэмжээнд харахад энэ бол дөнгөж эхлэл юм. Засгийн газрын хувьд ч мөн зөв чиглэлд явж байгаа гэж би бодож байна. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, экспортлох боломжийг ухамсарлаж, эрчим хүчний аюулгүй байдлыг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж байна. Харин ЕСБХБ-ы хувьд бид олон төрлийн санхүүжилтийн хэрэгслээр дамжуулан хувь нэмрээ оруулаад зогсохгүй, Монгол дахь эрчим хүчний реформыг урагшлуулахад чиглэсэн техникийн туслалцаа үзүүлж байна. Гэсэн ч энэ бүхэн бол удаан хугацаанд үргэлжлэх, тогтвортой хамтын ажиллагаа шаарддаг үйл явц юм. Үүнд хувь хүн, компаниуд, төрийн байгууллагууд бүгд хамтдаа оролцох хэрэгтэй. 

Энержи Инсайт сэтгүүл, 04,05 дугаар сар 2025