Монгол Улсын эрчим хүчний салбар өнгөрсөн өвлийг хүндхэн давсны дараа систем нөөцгүй, эмзэг хэвээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хэрэглээ өсөж, шинэ эх үүсвэрүүд өндөр өртөгтэйгээр нэмэгдэж буй энэ үед тарифын индексжүүлэлт зогсож, дулааны үнэ өртгөөсөө ихээхэн бага байгаа нь салбарын санхүүгийн дарамтыг нэмэгдүүлсээр байна. Ийм нөхцөлд ойрын жилүүдэд эрчим хүчний дутагдал үүсэх эрсдэл бодитоор тулгарч байна. Энэхүү нөхцөл байдал, цаашдын эрсдэл, боломжуудын талаар Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны дарга Э.Түвшинчулуунтай “Энержи Инсайт”-ын Б.Баянжавзан ярилцлаа.
Өнгөрсөн оноо дүгнээд үзвэл эрчим хүчний салбарын алдаа оноо, амжилт ололт юу байв?
Эрчим хүчний салбар 2025-2026 оны өвлийг ямартай ч амжилттай давлаа. Өвлөө даваад л дараагийн өвлийнхөө бэлтгэл ажлыг хангаж эхэлдэг онцлогтой салбар. 2025 онд эрчим хүчний салбарын нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт.цаг болсон. Энэ хэрэглээний 79 хувийг дотоодын эх үүсвэрээр, 21 хувийг нь импортоор хангалаа. Дотоодын үйлдвэрлэлийн 91.1 хувийг дулааны цахилгаан станцууд, 8.9 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд эзэлсэн байна. Монгол Улсын эрчим хүчний салбарын нийт суурилагдсан хүчин чадал 1936 МВт болсон. Түүнээс Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнийх 1780 МВт байна. 2025 оны өвлийн оргил ачаалал 1803 МВт хүрлээ.
Өвлийг давахад нэлээд хязгаарлалт хийсэн, хүмүүсийг шуугиулсан үйл явдал болсон. Бидний тооцооллоор 2025-2026 онд шууд хязгаарлалт хийхээргүй байсан. Олон жилийн дунджаар хэрэглээ жилд 6-8 хувь, оргил ачааллын үед 10-12 хувийн өсөлттэй байдаг. Ийн өсөн нэмэгддэг 150 МВт орчим хэрэглээг сүүлийн хоёр жилд Бөөрөлжүүтийн станцын I, II блокоор хааж байсан. Гэтэл өнгөрсөн өвөл огцом хүйтрэх үед хоёр гол эх үүсвэр буюу IV ДЦС, Бөөрөлжүүтийн ДЦС дээр нэг цаг үед аваар саатал гарсан. Өөрөөр хэлбэл, IV ДЦС дээр нэг зуух зогссоноор 100 МВт орчим нийлүүлэлт дутсан. Мөн Бөөрөлжүүтийн станцын түлш дамжуулах хэсэг дээр саатал гарч 150-200 МВт-аар үйлдвэрлэл буурсан. Энэ хоёрын нийлбэр хэмжээгээр хэрэглэгчдийг хязгаарласан.
Энэ үйл явдал эрчим хүчний салбар ямар ч бэлтгэл тоноглолгүй ажиллах нь өндөр эрсдэлтэйг харуулсан. Хаа нэг газар гэмтэл гарах, байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсэх үед нөөц тоноглол байхгүй учраас яг тэр хэмжээгээр хязгаарлаад байгаа юм.
2026-2027 оны өвөл эх үүсвэрийн хувьд нэлээд дутагдалд орохоор харагдаад байна. Түрүүн хэлсэн жил бүр 150 МВт өсөж байгаа хэрэглээг 70 МВт чадалтай Сэлэнгийн ДЦС, БНХАУ-аас импортлох 80 МВт чадлаар хаах төлөвтэй. Хэрэглээний өсөлтийн хэмжээгээр хүчин чадал нэмэгдсэн ч бас л нөөц тоноглолгүй ажиллана гэсэн үг. Энэ асуудалд шинэ сайд анхаарч сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг богино хугацаанд ашиглалтад орлуулах арга хэмжээг авахаар ажиллаж байна. Өвлийн ачааллын хувьд ийм байна.
Бид өнгөрсөн онд 2.7 тэрбум кВт.цаг эрчим хүчийг импортоор авсан. Үүний төлбөр 790 тэрбум төгрөг болсноос ОХУ-д 254 тэрбум төгрөг, БНХАУ-д 532 тэрбум төгрөг төлсөн. Эрчим хүчний салбарын хувьд 2025 оныг ийм байдлаар давлаа.
Нийлүүлэлт дутагдалтай үед эрчим хүчний үнийг чөлөөлбөл үнэ буурах биш эсрэгээрээ өснө
2024 оны арваннэгдүгээр сард цахилгаан эрчим хүчний үнийг нэмж, өртөгт нь хүргэсэн. Тиймээс 2025 он үүний үр дүнг харах боломжтой жил байсан болов уу?
2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас цахилгааны үнэд өөрчлөлт оруулсан. Тухайн үед 280 төгрөгийн өртөгтэй 1 кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 216 төгрөгөөр борлуулж байсан. Энэ үнийг өртөгт нь хүргэх зохицуулалтыг хийж чадсан. Энд ямар нэгэн ашгийг асуудал огт яригдаагүй. Зөвхөн үйлдвэрлэсэн үнээрээ худалдах нөхцөл л бүрдсэн.
Үүний дараагийн арга хэмжээ залгаад явах ёстой. Өртөгт нь хүргэсний дараа зах зээлийн зарчмаар бага багаар индексжүүлээд явах тооцоог хийсэн. Зохицуулах хорооноос индексжүүлэлтийн арга, аргачлалыг боловсруулаад, томъёогоо хийгээд бэлдчихсэн байсан.
Эрчим хүчний үнэд гол нөлөө үзүүлж байгаа инфляц, долларын ханшны өөрчлөлт, импортын эрчим хүчний үнэ, шинэ эх үүсвэрийн үнэ гэсэн дөрвөн хүчин зүйлээс хамаарч индексжүүлэх шаардлагатай. Цаашид хөвөгч үнэ байдлаар явна гэсэн үг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжрах, долларын ханш буурах, импортын эрчим хүчний үнэ буурах зэрэг тохиолдолд хэрэглэгчийн үнэ дагаад буурах боломжтой. Цаашдаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэг, хоёр хувиар тариф хөдөлдөг болгох зорилгыг агуулж тарифын өөрчлөлт хийсэн.
Гэвч санасан хэмжээнд хүрч чадаагүй. Засгийн газрын тогтоол гарснаар 2025, 2026 онд эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулах боломжгүй болсон. Энэ тогтоолд “цахилгаан, дулааны үнэ” гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Төрөөс аливаа бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй гэдэг ерөнхий, том агуулгатай тогтоол гарсан учраас цахилгааны үнийн индексжүүлэлт болон дулааны үнийг нэмэх асуудал зогссон. Ингээд хоёр жил үнэ хөдлөхгүй дахиад л хатуу баригдчихлаа.
Тиймээс бидний төлөвлөж байсан үр дүнгийн тал хувь биелэхээ больчихож байгаа юм. Дулааны үнэ нэмээгүйгээс үүдээд урьдчилан тооцоолсон дүнгээс 224 тэрбум төгрөг дутсан. Энэ нь эрчим хүчний салбарын дөнгөж хүндрэлээс гарах гэж байсан үйл явцыг удаашруулсан. 2025 оны гүйцэтгэлээр эрчим хүчний салбар нийт 226 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байна. Өөрөөр хэлбэл тооцоолсон дүнгээр алдагдал үүссэн гэсэн үг.
Цаашид дулааны тарифыг нэмж, цахилгааны үнийн индексжүүлэлтийг хийж чадахгүй бол буцаад 2024 оныхоо нөхцөл байдал руу очно. Бусад бараа бүтээгдэхүүн болон техник, тоног төхөөрөмжийн үнэ өсөж байна. Эрчим хүчний тоног төхөөрөмж, сэлбэг материалыг манайх дотооддоо үйлдвэрлэдэггүй, дандаа гаднаас импортолдог. Гэтэл үндсэн эрчим хүчнийхээ үнийг барьчихаар салбар хүнд байдалд ороод байгаа юм.
Цахилгааны тарифыг өртөгт нь хүргэснээр орж ирсэн “нэмэлт” орлогыг юунд зарцуулсныг олон нийт ихээхэн анхаарч байна?
Эрчим хүчний салбарт нэг онцлог бий. Өнөөдөр хэрэгжиж байгаа нэг худалдан авагчтай загвар эрчим хүчний зах зээлд оролцож байгаа бүх компаниудад оролцооных нь хувь хэмжээгээр төлбөрийг коэффицентоор тооцож автоматаар хуваарилдаг. Мөнгө орж ирлээ гэхэд банканд нэг ч хонохгүй шууд компаниуд руу шилждэг. Энд хэн нэгэн хүний гарын үсэг шаардлагагүй. Нэг худалдан авагчтай загвар бол төлбөр тооцоо түргэн шуурхай, хүндрэл чирэгдэл багатай зах зээлийн сайн загварын нэг.
Өмнө нь цахилгаан түгээх, хангах компаниуд бүх хэрэглэгчээс төлбөрийг цуглуулчихаад цахилгаан станц, уурхайнууд руугаа гарын үсгээр шилжүүлдэг байсан. Нэг ёсондоо, станцын дарга нар түгээх, хангах компанийн даргын үүдэнд мөнгөө хүлээгээд сууж байдаг байсан.
Цахилгааны нэмэлт орлогоор 559.6 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Бид компаниудын аудитлагдсан санхүүгийн тайланг хүлээгээд тарифын нэмэгдлээс орж ирсэн нэмэлт орлогыг олон нийтэд зарлахгүй байсан юм. Тоо худлаа ярьдаггүй. Аудитлагдсан тайлан дээр үндэслээд хамгийн эцсийн бодит тоо гарлаа. Энэ нэмэлт орлогыг үндсэн таван чиглэлд хуваарилсан.
Нэгдүгээрт, шинэ эх үүсвэрүүд болон ОХУ-ын импортын эрчим хүчний төлбөрт 100.6 тэрбум төгрөгийг өгсөн. Үүнийг нарийвчлан задалбал, Бөөрөлжүүтийн ДЦС, Тосонцэнгэлийн ДЦС, Багануурын батарей хуримтлуурын үнийн зөрүүнд 58.7 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ шинэ эх үүсвэрүүд бусдаасаа арай өндөр үнээр эрчим хүч нийлүүлдэг. Харин ОХУ-ын импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 41.9 тэрбум төгрөг төлсөн. Импортын үнэ улирал тутам өсөж байгаа.
Хоёрдугаарт, нүүрсний уурхай болон төмөр замын тээвэрт 105.5 тэрбум төгрөгийг зарцуулсан. Хүмүүс эрчим хүчний үнэ гэхээр зөвхөн эрчим хүчний компаниудын зардал юм шиг ойлгодог. Гэтэл уурхай тэсэлгээ хийгээд, хөрсөө хуулаад, нүүрсээ олборлоод, төмөр замын тээврээр станцад авчраад, станц нүүрсээ түлж шатаагаад цахилгаан дулаан, үйлдвэрлэж түгээгээд хэрэглэгчид очих хүртэл бүхий л зардал 1 кВт.цаг цахилгааны үнэд шингэдэг. Дээрх мөнгөн дүнгийн 91.9 тэрбум төгрөгийг нүүрсний үнийн өсөлтөд, төмөр замын тээврийн үнийн өсөлтөд 13.6 тэрбум төгрөг тус тус хуваарилсан байна.
Гуравдугаарт, ажиллагсдын цалин хөлсөнд 212.7 тэрбум төгрөг зарцуулсан. Эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын цалингийн асуудал одоо ч яригдаж байна. Цалинг 2023 онд 20 хувиар өсгөсөнтэй холбоотой 94 тэрбум төгрөг, 2024 оны 10 хувийн өсөлтөөс үүдээд 66.5 тэрбум төгрөг, 2025 оны 10 хувийн нэмэгдэлд 52.2 тэрбум төгрөг хуваарилсан. Яагаад урьдчилаад нэмсэн цалинд зарцуулаад байна гэж бодож магадгүй. Мэдээж ажилчид цалингаа нэмүүлэх шаардлага тавих нь зүйтэй. Энэ асуудлыг яам хүлээж аваад 2023-2025 онд нийт 40 хувиар цалинг нэмсэн. Гэхдээ эх үүсвэргүйгээр нэмчихсэн. Энэхүү цалингийн эх үүсвэрийн дутагдлыг нөхсөн гэж ойлгож болно.
Дөрөвдүгээрт, үйл ажиллагааны зардал буюу их урсгал завсар, техник зохион байгуулалтын арга хэмжээ зэрэгт нийт 116.8 тэрбум төгрөгийг зарсан байна.
Тавдугаарт, Баруун бүс болон Алтай-Улиастайн системийг бүтцийн өөрчлөлт хийж Төвийн бүстэй нийлүүлсэн. Баруун бүс улсын төсвөөс татаас авдаг байсныг болиулсан. Тэгэхээр салбар өөрөө үнийн зөрүүг нь нэмэгдэл мөнгөнөөс шийдэж 23.9 тэрбум төгрөг гаргасан.
Эндээс бүх зүйл тодорхой харагдаж байгаа байх. Түүнээс нэмэгдэл орлого алга болох ч юм уу, хэн нэгэн эрх мэдлийнхээ хүрээнд дураараа захиран зарцуулах боломжгүй.
Тарифын өөрчлөлтийн нэмэлт орлого буюу 559.6 тэрбум төгрөгөөс шинэ эх үүсвэрүүдийн үнийн зөрүүд хүртэл зарцуулжээ. Төр давамгайлж байсан эрчим хүчний салбарт шинээр нэмэгдэж буй эх үүсвэрийн хувьд хувийн хэвшил хүчтэй орж ирж байна. Энэ хандлага цаашид үргэлжлэх болов уу?
Яг энэ цаг үед эрчим хүчний эх үүсвэрийн бүтцэд өөрчлөлт орж байна. Өөрөөр хэлбэл, элэгдээд дуусаж байгаа хуучны станцууд 2025 оны байдлаар дотоодын үйлдвэрлэлийн 70 хувийг хангасан бол Бөөрөлжүүт, Тосонцэнгэл, Батарей, импорт зэрэг өндөр үнэтэй хэсэг нь 30 хувийг хангаж байна. Өнөөдөр 1 кВт.цаг цахилгааныг IV ДЦС 123 төгрөгөөр, Бөөрөлжүүтийн станц 333 төгрөгөөр үйлдвэрлэж байна. Бөөрөлжүүт шиг тарифтай станцууд дийлэнх үйлдвэрлэлд оролцож явсаар 2030 он гэхэд байраа солиод шинэ, өндөр үнэтэй эх үүсвэрүүд 70 хувьд хүрнэ. Яг энэ шилжилтийн үе таараад байна. Мэдээж өндөр үнэтэй эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдэхээр нийт цахилгааны өртөг өснө. Хүссэн хүсээгүй хэрэглэгчид очих тариф нэмэгдэнэ.
Гэхдээ шилжилтийн үе дуусаад, том эх үүсвэрүүд тодорхой цэгт хүрээд зогсоход үнэ маш бага багаар хөдлөх тооцоо гарсан. Одоогийн төрөөс хувийн хэвшил рүү, хямдаас үнэтэй рүү шилжиж буй энэ цаг үед үнэ байнга өсөөд байгаа юм. Үндсэндээ 2030 он гэхэд зогсоно.
Мөн хувийн хэвшлийн урт хугацаатай, хатуу гэрээтэй, цент, доллараар үнэ тогтоосон төслүүд яваандаа эрчим хүчний салбарт нэлээд хүндрэл учруулахаар байна. Үйлдвэрлэснийг нь заавал авах гэрээтэй. Тиймээс үүнийг хэрхэн зохицуулах талаар бодлогын түвшинд эргэн харах шаардлагатай. Эх үүсвэр дутагдалтай байна, маш хурдан, хэн ч хамаагүй станц бариад өгөөч гээд байдаг. Үнэ тарифыг нь хэн ч ярихгүй байна. Магадгүй нийлүүлэлт хангалттай болоод ирэхээр ийм өндөр үнээр, хэн гэрээ хийсэн юм бэ гэдэг асуудал яригдаж магад.
Үүнийг хэд хэдэн өнцгөөс харах хэрэгтэй юм. Хөрөнгө оруулаад, томоохон төсөл хэрэгжүүлэх гэж буй хөрөнгө оруулагчид эрсдэлийн түвшнээ тооцох нь зүйн хэрэг. Гэтэл өнөөдрийн байдлаар Засгийн газраас ямар нэгэн баталгаа гаргаж өгөхгүй байгаа. Хөрөнгө оруулагч талдаа үзүүлж байгаа ганц баталгаа нь PPA буюу эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ л байна. Энэ гэрээ хөрөнгийн баталгаа болж чадахгүй байгаа учраас хөрөнгө оруулагчид эрсдэл өндөр гэж үзээд үнээ буулгахгүй байж магадгүй.
Энэ тал дээр, сэргээгдэх эрчим хүчний хямд үнэтэй төсөл хэрэгжсэн орнуудын туршлагыг бид судалж үзлээ. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч талд эрсдэл хамгийн бага байх нөхцөлийг хангаж өгдөг. Ингэснээр хөрөнгө оруулагчид үнээ зоригтой буулгадаг юм байна. Узбекистан гэхэд нэг нарны станцын төсөлтэй гурван төрлийн гэрээ хийж байна.

Дулааны үнэ нэмэгдээгүйгээс салбар алдагдал хүлээсэн байна. Тэгвэл яг өнөөдөр салбарын санхүүгийн байдал ямар байгаа вэ?
Эрчим хүчний салбар санхүү эдийн засгийн хувьд хүнд байна. Өнөөдөр 64,391 төгрөгийн өртөгтэй 1 Гкал/цаг дулааныг бид 35,685 төгрөгөөр худалдаж байна. Дулааныг мөн л дамжуулна, түгээнэ, айлд хүргэнэ гээд маш их хэмжээний зардал гардаг. Гэтэл хоёр дахин бага үнээр зараад байхаар алдагдал үүсээд байна. Шинээр нийслэлээс хэд хэдэн дулааны станц барьж байна. Тухайлбал, Сэлбэ станцын дулааны өртөг 125,000 төгрөг болж байна. Тэгэхээр 1 Гкал/цаг дулааныг Сэлбэ станцын хэрэглэгч 125,000 төгрөгөөр, харин замын эсрэг талд нь амьдардаг төвлөрсөн дулаан хангамжийн хэрэглэгч 35,000 төгрөгөөр авахаар байна. Ийм эрс ялгаатай байж болохгүй. Тиймээс дулааны үнийг зайлшгүй нэмэхээс аргагүй нөхцөл байдалд орчихоод байна.
Энэ мэтчилэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ алдагдалтай үнээр борлуулах нь салбарт маш их хор хохиролтой. Эрчим хүчний салбар ингээд алдагдалтай ажиллаад байвал гаднын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Нөгөө хуучирсан тоног төхөөрөмж, шугам сүлжээгээ шинэчилж чадахгүй. Үүний цаана тасралтгүй, найдвартай ажиллагаа гэдэг зүйл алдагдах гээд байна.
Сонирхуулахад, 2024 онд үнэ нэмэхэд шүүмжлэлтэй хандаж байсан ч эерэг хандлагууд гарч эхэллээ. Аливаа бүтээгдэхүүн үнэ цэнтэй байвал түүнийг хэмнэх, хэрэглээгээ бууруулах сэтгэхүй төрдөг юм байна. Анзаарсан бол орон байраа дулаалъя гэдэг аян хүртэл өрнөлөө. Нийлүүлэлтийн дутагдалтай үед энэ нь салбарт ч, айл өрхөд ч хэрэгтэй.
Төвийн шугам сүлжээнээс авдаг эрчим хүчний үнэ өсөхөөр хүмүүс бусад боломжийг хайж эхэлдэг юм байна. Хямд, үнэ цэнгүй байхад өөр шийдэл хайдаггүй байсан. Сүүлийн үед нарны панелыг иргэд, ААН-үүд маш ихээр суурилуулж байна. Ерөнхий сайд ч бодлогоор дэмжинэ гэдгээ илэрхийлчихлээ. Бас хийн төслүүд хэрэгжиж эхэллээ. Өмнө нь газ биш цахилгаан хэрэглэх нь хямд байсан бол одоо газ шийдэл болох тохиолдол байна.
Эрчим хүчний үнээ өртөгт нь хүргэснээр хөрөнгө оруулагчид сонирхдог боллоо. Хөдөлдөггүй байсан төслүүд явж эхэлж байна. Монгол Улс эрчим хүчний үнэ тарифаа ямартай ч өртөгт нь хүргэлээ. Тэгэхээр энэ салбарт хөрөнгө оруулахад эрсдэл харьцангуй багасаж байна гэдэг мессеж очсон.
Энэ мэтээр эерэг өөрчлөлтүүд гарч байна. Цаашид үүнийгээ хадгалаад индексжүүлээд, үнээ бага багаар хөдөлгөөд явах нь чухал. Үнэ чөлөөлөх тухай асуудал нийлүүлэлт хангалттай болсон үед л яригдах нь зүйтэй. Тэгэхгүй бол нийлүүлэлт дутагдалтай үед үнээ бүрэн чөлөөлөөд тэнд өрсөлдөөн үүснэ гэдэг боломжгүй. Эсрэгээрээ үнэ өсөх юм билээ. Энэ бол баталгаатай. Үнэ чөлөөлчихвөл уурхай, станцууд өөрсдийн үнээ тогтоодог болно. Өнөөдөр манай уурхай, станцууд байгалийн давуу монопол байна. Жишээлбэл, Шарын голын уурхай нүүрсний үнээ өөрөө тогтоодог болчихвол мэдээж өндөр тогтооно. Тэгэхээр тэр бүс нутгийн станцууд өндөр үнэтэй нүүрс авна, тэрийгээ дагаад дулаан, цахилгааны үнэ өснө. Хамгийн гол нь тэнд Шарын голоос өөр сонголт байхгүй. Хэрэв хоёроос гурван сонголт байвал өөр асуудал. Тэгэхээр ийм нөхцөлүүдийг хангасны дараа өрсөлдөөнд оруулах нь тохиромжтой.
Үнэ нэмэхгүй байх хамгийн том шалтгааныг өрхийн амьжиргаанд нөлөөлөх дарамт, цаашлаад инфляцийн өсөлттэй холбож тайлбарладаг. Үнэхээр тэгж “дарамт” болохоор нөлөө үзүүлдэг юм уу? ЭХЗХ энэ нөлөөг яаж тооцдог вэ?
ЭХЗХ үнэ тарифын өөрчлөлт хийхийн тулд олон жилийн тоо, статистикт үндэслэн маш их судалгаа хийдэг. Гаднын донор байгууллагуудын тусламжтайгаар, дотоодын судлаачидтай хамтраад үнэ тарифын өөрчлөлтийн нөлөөллийг тооцож үздэг. Энэ тал дээр бидэнд хангалттай судалгаа бий. Тийм ч учраас ЭХЗХ-ны бодож, урьдчилж гаргасан тоо бодит байдлаас хол зөрдөггүй.
Яг одоогийн байдлаар өрхийн зардалд эрчим хүчний төлбөрийн эзлэх хувь халаалтын улиралд 3.2 хувь, харин халаалтын бус улиралд 2.4 хувь байна. Өмнө нь 2015 оны үед халаалтын улиралд 7.3 хувь, халаалтын бус улиралд 4.9 хувь байсан. Тэгвэл 2004 онд бол халаалтын улиралд 15.4 хувь, халаалтын бус улиралд 9.1 хувийг эзэлж байж. Үүнээс харвал огцом нөлөөлөх, хүнд дарамт үзүүлэх нь харьцангуй гайгүй байна.
Инфляцын хувьд Монголбанк, Статистикийн хороо, Эдийн засгийн яам тооцож өгдөг. 2024 онд үнэ нэмэхэд Эдийн засгийн яамнаас инфляцад 2.1 орчим хувийн нөлөөлөл байна гэж тооцож байсан нь бараг зөрөөгүй.
Эрчим хүчний үнийн шууд болон дам нөлөө бий. Шууд нөлөө бол айл өрхийн амьжиргаатай холбоотой. Харин дам нөлөө нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээр дамжина. Гаднын улс орныхон ойлгохгүй нэг буруу тогтолцоо байдаг. Энэ нь сургаар үнээ нэмдэг явдал. “Эрчим хүчний үнэ нэмэгдэх гэж байна” гээд яригдангуут бусад бараа бүтээгдэхүүний үнээ нэмдэг. Жишээлбэл, нэг талх хийхэд эрчим хүчний зардал нь үсрээд 5 орчим хувь байна. Тэгвэл цахилгааны үнийг 30 хувь нэмэхэд талхны үнэ хэдээр өсөх үү. Гэтэл манайхан талхны үнээ шууд хоёр дахин өсгөчихдөг. Энэ асуудалд хяналт тавьдаг газар байна уу. Энэ бол анхаарах л асуудал.
Урт шугамын төгсгөлд, аймгийн төвүүд дээр тархмал эх үүсвэр барих бодлого маш зөв

Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдээд үүрэг хүлээчихсэн. Мөн “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод суурилагдсан чадлын 30 хувийг сэргээгдэх эх үүсвэр болгох зорилт тавьсан. Гэтэл 2025 оны байдлаар суурилагдсан чадалд эзлэх сэргээгдэх эх үүсвэрийн хувь буурсан үзүүлэлт байна. Нөгөө талаас бага чадлын буюу айл өрхийн тархмал эх үүсвэрийг төрөөс бодлогоор дэмжиж байна. Бүр сүлжээнд цахилгаан худалдаад орлого олох боломжийг ч өргөжүүлж байна. Энэ чиглэлд ЭХЗХ хороо ямар бодлого барьж байна вэ?
Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжин хөгжүүлж байна. Монгол Улс ч үүнээс хоцорч болохгүй. Нар, салхины арвин их нөөцөө ашиглах ёстой. Хувь хүнийхээ хувьд сэргээгдэх эрчим хүчийг дэмждэг. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн, яаж хөгжүүлэх нь бодлогын асуудал байх ёстой.
Төр засгаас “3*100” гэдэг хөтөлбөр эхлүүлээд байна. Айл өрхүүд батарейтай, батарейгүй нарны панел тавих нь байна. Хоёрдугаарт, урт шугамын төгсгөлд байгаа аймаг эсвэл сумын төвийг сэргээгдэхийн дунд оврын эх үүсвэрээр хангая гэж байна. Гуравдугаарт нь, цахилгаан машины асуудал яригдаж байна.
Энд ЭХЗХ нэг л оролцоотой байгаа. Айл өрх нарны панел тавиад хамгийн түрүүнд өөрийгөө хангах ёстой. Өөрийгөө хангачихаад дараа нь илүү гарсан тохиолдолд эрчим хүчээ сүлжээнд өгч болох юм. Тэр сүлжээнд өгөх үнийг ЭХЗХ тогтооно. Өмнө нь хэрэглэгч 1 кВт.цаг цахилгааныг сүлжээнд 140 төгрөгөөр худалдаж байсан. Үүнийг өнгөрсөн оны тавдугаар сард 285 төгрөг, оройн оргил ачааллын үед бол 300 төгрөг гээд баталчихсан.
Үүний дараа хэрэглэгч сүлжээнд өгсөн эрчим хүчнийхээ мөнгийг авах асуудал байна. Хуучин бол сүлжээнд нийлүүлснийг нь тооцож байгаад хэрэглэсэн цахилгааны төлбөртэй нь баланслуулаад явж байсан. Энэ жилийн тухайд бид түгээх компаниудын зардалд тусгаж өгсөн. “УБЦТС” ТӨХК-д л гэхэд нэг тэрбум орчим төгрөгийг хэрэглэгчийн тархмал эх үүсвэрээс нийлүүлсэн эрчим хүчний төлбөрт өгөөрэй гээд баталчихсан. Өөрөөр хэлбэл, ЭХЗХ өөрсдөөс хамаарах зүйлээ хийчихсэн.
Урт шугамын төгсгөлд, аймгийн төвүүд дээр тархмал эх үүсвэр барья гэдэг бодлого маш зөв. Манай улс алдагдал ихтэй урт шугамуудтай. Тэнд тархмал эх үүсвэр барьчихвал шугамын алдагдал буурна. Дээрээс нь төвийн эрчим хүчний систем тасрахад аймгийн төвөө дөрвөн цаг батарейнаас хангадаг байх техникийн шаардлага тавих ёстой. Бидэнд ийм бодит жишээ бэлэн байж байна. Дорноговь аймгийн Эрдэнэ суман дахь нарны цахилгаан станц нь төвийн сүлжээ тасраад Чойр, Сайншанд харанхуй болчихсон байхад ганцхан Замын-Үүдийг хангаад гэрэлтэй байлгаж байна. Тэгэхээр хаана, хэдэн аймагт, ямар шугамын төгсгөлд ийм станц тавих вэ гэдэг тооцоог “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иар гаргуулаад барьчих хэрэгтэй юм. Энэ ажлыг маш хурдан хийх хэрэгтэй. Түүнээс биш айл өрхөд тархмал эх үүсгүүр тавиад, тэр нь дутагдлыг нөхнө гэдэг нь олон жилийн дараа л үр дүн гарах ажил.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 2019 оны өөрчлөлтөөр “хэрэглэгч эхлээд өөрийгөө хангая, илүү гарсан жаахнаа нэгдсэн сүлжээнд өгье” гэдэг агуулга орсон. Тэгсэн чинь одоо бол бизнес төсөл болгочихоод байна. Үүнийг салбарын яам маш яаралтай бодлогын хүрээнд зохицуулахгүй бол салбарт санхүүгийн бас нэг дарамт үүсгэхээр байна.
Эрчим хүчний реформын хүрээнд долоон зүйлийг заавал хийх ёстой
Хамтарсан Засгийн газар эрчим хүчний реформ хийнэ гэдгээ зарлаад тодорхой ажлуудыг эхлүүлж байсан. Олон нийтийн дунд “реформ хааччихав, реформ дуусчихсан уу, өмнөхөө үргэлжүүлэх үү, ахиад эхлэх үү” гээд олон асуулт хариултгүй үлдээд байна. Таны бодлоор эрчим хүчний реформ хийх ёстой юу, хийх бол яаж хийх хэрэгтэй вэ?
2024 оны сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй УИХ эрчим хүчний асуудал болон эрчим хүчний реформыг маш хүчтэй ярьж эхэлсэн. Үүнийг манай салбар боломж гэж харах хэрэгтэй юм. УИХ салбарыг анхаарч байхад нь бид ажлуудаа эрчимтэй явуулах хэрэгтэй байна. Харамсалтай нь одоо реформ гэж ярьж байгаа хүн алга.
Хувь хүний бодлыг маань асуулаа гэж ойлгоод хариулъя. Реформ гэдэг нь маш өргөн хүрээний ойлголт. Олон шинэчлэл нийлж байж цогцоороо реформ болно. Энэ салбарт гучаад жил эрчим хүчний бодлого, хяналт, зохицуулалт гээд олон нэгжид ажилласан хүний хувьд реформын хүрээнд долоон зүйлийг заавал хийх ёстой гэж боддог.
Нэгдүгээрт, үнэ тарифын шинэчлэл. Хүмүүс үүнийг зөвхөн үнэ нэмэх гэж ойлгодог. Гэхдээ тийм биш. Бид 2024 онд зөвхөн үнэ нэмээгүй. Тарифын шинэчлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, хэрэглээнээс хамаарсан ялгаатай тариф нэвтрүүлсэн. Олон улсад байдаг л жишээ. Айл өрхийн хувьд оргил ачааллын тарифыг шинээр гаргаж ирсэн. Үүний үндсэн дээр хүмүүсийн хэрэглээний соёл өндөр болж байна. Нэг ёсондоо шөнө тариф хямд үед илүү хэрэглээд, орой үнэтэй үед нь хэмнэх зэрэг сонголтын боломжийг нэмэгдүүлж байна. Одоо ухаалаг тоолуур нэвтрүүлж байгаатай холбоотойгоор урьдчилсан төлбөртэй болгоно. Урьдчилж цэнэглэчихээд тэр хэмжээндээ хэрэглээгээ тохируулах боломжтой гэсэн үг. Зарим хүн үнэ нэмэхийг реформ биш гэдэг. Би бол суурь реформ ч байж магадгүй гэж хардаг. Салбар алдагдалгүй, эдийн засгийн хувьд эрүүлжиж байж хөрөнгө оруулагч орж ирнэ, тоног төхөөрөмж, техник шинэчлэгдэнэ. Тэгэхээр үнэ тарифын шинэчлэл бол реформын суурь мөн.
Хоёрдугаарт нь, компанийн засаглалын шинэчлэл. Хэрэглэгч төдийгүй улстөрчдийн зүгээс үнэ тариф нэмж байгаа бол компанийн засаглалаа сайжруул, үр ашгаа нэм, үргүй зардлаа бууруул гэдэг. Энэ бол зүй ёсны шаардлага.
Гуравдугаарт, зах зээлийн загварын шинэчлэл. Одоо манайх нэг худалдан авагчтай зах зээлийн загвараар явж байна. Станцууд ашиглалтад ороод нийлүүлэлт хангалттай болоод ирэхээр дараагийн зах зээл юу байх вэ гэдэг асуудал тулгарна. Бөөний зах зээл байх уу, түрдээ хоёр талын гэрээт зах зээлийн загвар оруулж ирэх үү гээд үе шаттайгаар шилжих нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Энэ асуудлыг судлахаар Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төвийг багтаасан Ажлын хэсэг ажиллаж байна. Удахгүй үр дүнгээ танилцуулна.
Дөрөвдүгээрт нь, эрчим хүчний үйлчилгээг ухаалаг цахим хэлбэрт шилжүүлэх шинэчлэл. Энэ ажлыг ЭХЗХ эхлүүлээд явж байна. Эцсийн зорилго нь иргэнд үзүүлж байгаа үйлчилгээг чирэгдэл багатай, хялбар болгох. Хэрэглэгч хаана байхаас үл хамааран утаснаасаа өөрийн хэрэглээг хянадаг, төлбөрөө төлдөг, тасалж залгах үйлчилгээг авдаг болох энэхүү шилжилтийг хийе гэж байгаа юм.
Тав дахь нь, боловсон хүчний бодлогын шинэчлэл. Аль ч салбарт боловсон хүчний бодлого хамгийн чухал. Байгууллагын хамгийн эрхэм зүйл бол хүний нөөц. Хүний нөөц сайтай, чадварлаг боловсон хүчинтэй байгууллага л сайн ажиллаж байна. Тэгэхээр эрчим хүчний салбар өөрөө энэ шинэчлэлээ хийх болчихсон. Эрчим хүчний техник, тоног төхөөрөмжүүд хурдтай шинэчлэгдэж байгаатай уялдуулан мэргэжлийн боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх ажилд онцгой анхаарах ёстой.
Зургаадугаарт, эрчим хүчний экспортын бодлогын шинэчлэл. Манай улс нар, салхины арвин их нөөцөө ашиглаад мөнгө олдог болмоор байна. Мэдээж 10 ГВт нар, салхины станц бариад экспортлоход манай улсад ямар ч эрсдэл байхгүй. Хөрөнгө оруулагчид өөрсдөө мөнгөө гаргаад барьчихна. Харин Монгол Улс тэндээс яаж ашгаа авах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Магадгүй 1 ГВт эрчим хүчийг маш хямд авч болно. Тэгвэл манай эрчим хүчний үнэ огцом буурч, эрчим хүчний шилжилтийн асуудал давхар шийдэгдэнэ. Тэгэхээр бидэнд экспортын бодлогын шинэчлэл хэрэгтэй байна.
Эцэст нь, хууль эрх зүйн шинэчлэл. Дээрх зургаан шинэчлэлийг хийхийн тулд хууль эрх зүйн орчинд ийм өөрчлөлт, шинэчлэл хийе гэж болно. Гэтэл манайх түрүүлээд хуулиа шинэчилнэ гэж байна.
Би хувь хүнийхээ хувьд ийм долоон шинэчлэлийг хийж чадвал реформ үндсэн цогц утгаараа үр дүнд хүрнэ гэж боддог. Эдгээрийг хэрэгжүүлэх хугацаа нь янз бүр байж болно. Аль асуудлыг хэдий хугацаанд хэрэгжүүлээд ямар үр дүнд хүрэх зорилтоо тодорхойлоод явбал энэ нь өөрөө эрчим хүчний реформ болно. Нэг хэсэг нэлээд хүчтэй яригдаж байсан реформын асуудал одоо намжчихаад байна. Миний хувьд үүнийг чимээгүй болох биш, энэ боломжийг ашиглаад манай салбар шинэчлэлээ хийгээд аваасай гэсэн бодолтой байдаг.
Эрчим хүчний салбарт ухаалаг цахим шилжилт хийх ажлыг ЭХЗХ эхлүүлсэн гэж байна. Энэ ажил ямархуу явцтай байна вэ?
Цахим шилжилт, хангах хэсгийг ухаалаг болгох ажлыг ЭХЗХ хороо манлайлан оролцож байгаа. Гэхдээ ухаалаг тоолуур тавиад бүх зүйл сайхан болчих юм шиг ойлгож болохгүй. Тэр бол зөвхөн нэг л хэсэг нь. Ухаалаг тоолуур нэвтрүүлснээр маш олон мэдээлэл, өгөгдөл бий болно. Тэр мэдээллийг нэгтгэж боловсруулахад хиймэл оюун ухаан хүртэл ашиглана.
Тоолуур сольсны дараа ухаалаг сүлжээ үүсгэх ёстой юм. Тэр сүлжээ нь мэдээлэл боловсруулахаас эхлээд банкны системтэй уялдаж байж төлбөр тооцоог хялбараар хийх боломжууд нээгдэнэ. Бүхэл бүтэн цогц ухаалаг сүлжээ үүсэж байж бидний зорилго биелнэ.
Одоо бол зөвхөн тоолуурууд тавигдаж байна. Энд нэг алдаа гарсан. Тоолуур дээр маш олон функц бий. Түүний зөвхөн нэг функц нь тухайн айлын хэрэглээг хязгаарлана. Тэгэхээр нь нэг айлын хэрэглээг 2 кВт-аас хэтрүүлэхгүй гээд тохируулга хийчихсэн. Тэгсэн 2 кВт-аас илүү болонгуут тоолуур автоматаар тогийг хязгаарлачихсан. Бүрэн сүлжээнд оруулаагүй байсан учраас монтёр очиж залгасан. Өнгөрсөн өвлийн ачааллаар гарсан жишээ. Гэтэл иргэд “Тоолуур тавиад сайхан болно гэсэн чинь, тог таслах зориулалттай байсан байна” гээд бухимдсан. Энэ жишээнээс үүдээд бүх түгээх сүлжээ рүү албан тоот хүргүүлээд тэр тохируулгыг зогсоосон. Нэг ажил эхлээд явж байтал дунд нь ийм жижиг сажиг алдаа гарчихаар эцсийн том үр дүндээ хүрэлгүй том төслөө унагачих гээд байна.
Бүрэн тоолууржуулснаар тасалж залгадаг, тоолуур бичдэг, орлогыг бүрдүүлдэг хүмүүс ажиллах шаардлагагүй болно. “УБЦТС” ТӨХК-ийн зүгээс ухаалаг тоолуурын ажил бүрэн хэрэгжснээр 300 гаруй хүний орон тоо хэмнэнэ гэдэг тооцоо гаргасан. Энэ хэрээр цалин мөнгө, нийгмийн даатгал гээд маш их зардлын хэмнэлт гарна.
Монгол Улсын хэмжээнд 1 сая орчим айл өрхийн тоолуурыг ухаалаг болгох шаардлагатай. Жаахан удаашралтай байгаагийн шалтгаан нь төлбөр мөнгөний асуудал. Нэг том төсөл болгоод ганцхан жилийн дотор хэрэгжүүлчихвэл маш хурдан үр дүнгээ үзэх боломжтой. Гэхдээ салбар өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглаад хийж л байна. Түгээх сүлжээний алдагдлыг 13.6 хувиас 9.5 хувь болгож бууруулаад хэмнэлтийн мөнгөөрөө ухаалаг тоолуураа тавь гэдэг үүрэг өгчихсөн. Тиймээс 2-3 жилдээ бага багаар хуваагаад хийж байгаа. “УБЦТС” ТӨХК гэхэд энэ оны намар хэрэглэгчдээ бүрэн ухаалаг тоолуурт шилжүүлээд, нэгдсэн сүлжээнд холбохоор ажиллаж байна.
Хамгийн гол нь тоолуур тавихаас гадна үр шимийг нь хэрэглэгч маш хурдан хүртэх ёстой. Хэрэглэгчид “Нэг хүн ирээд тоолуур үзээд, мөнгө биччихдэг. Би тэрийг хэрэглэсэн ч юм уу, нүдээрээ хараагүй” гэдэг. Ухаалаг тоолууржуулаад, түүнийгээ нэгдсэн сүлжээнд холбочихвол хэрэглэгч өөрийн гар утаснаас хэрэглээгээ цаг минутаар нь харах боломжтой болно.
Бид дулааныг тоолуураар тооцдог болъё гэдэг том амбиц гаргаад явж байгаа. Энэ дээр нэлээд том судалгаа хийгээд дууссан. Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 51 хувьд нь тоолуур тавьж болно гэдэг үр дүн гарсан. Техникийн шийдлээс хамаараад тоолууржуулах боломжгүй айлууд байна. Ер нь хамгийн эцсийн зорилго нь өнөөгийн технологийн хөгжлийн эрин зуунд амьдарч байгаа хүмүүс эзэлхүүнээрээ багцаагаар төлбөр төлөх нь шударга биш. Дулааны төлбөрийг ч гэсэн хэрэглэсэн хэмжээгээрээ төлдөг болох тухай асуудал юм. Түүний тулд орон байрандаа дулаанаа тохируулдаг байя гэдэг асуудал гарч ирнэ. Эцсийн дүндээ айл өрхийн эдийн засаг төдийгүй эрчим хүчний салбарын ачаалалд ч эерэг нөлөөтэй.
ЭХЗХ цахим шилжилтийн чиглэлд ийм хоёр асуудалд анхаарч ажиллаж байгаа. Дулааны тоолуур, хэмжилттэй холбоотой дүрэм журам, стандартад өөрчлөлт оруулах ажлууд бий. Шинэ байрууд бол анхнаасаа дулааны тоолуурыг тавиад явах нь зүйтэй. Манай байгууллагын зүгээс Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай ярих, тохирох ажлууд эхэлсэн. Дулааны тоолуурын өртөг өндөр юм билээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар хэрэгжүүлэх нь хэрэглэгчид зайлшгүй хэрэгтэй гэж харж байгаа.
Ярилцсанд баярлалаа.
