Эрчим хүчний салбарт тэр дундаа дулаан хангамж, нийтийн аж ахуйн салбарт зориулсан DUUDY программ хангамжийн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлж буй, эрчим хүчний салбарын залуу мэргэжилтэн, “Балансед ворк” ХХК-ийн Захирал С.Хонгортой “Энержи Инсайт”-ын Б.Баянжавзан ярилцлаа.
Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Намайг Сүхбаярын Хонгор гэдэг. ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг 2019 онд “Үйлдвэр хотын дулаан хангамж”-ийн инженер мэргэжлээр төгссөн. Үүний дараа Япон улсад инженерээр ажиллахаар явах гэж байтал Ковид-19 цар тахал гарсны улмаас явж чадаагүй. Тэгээд мэргэжлийнхээ дагуу хувийн орон сууцны конторт ажилд орсон. Үйлдвэр хотын дулаан хангамжаар төгссөн мэргэжилтнүүдийн дийлэнх нь дулаан хангах, түгээх чиглэлээр ажилладаг. Эх үүсвэрүүдэд ажиллах нь ховор.
“Богд Асар Инженеринг” компанид Хэсгийн инженерээр эцсийн хэрэглэгчидтэй ажилласан. Айл өрхийн халаалтын доголдол, засвар үйлчилгээний гомдол, хангах, түгээх шугам сүлжээнүүдийн гэмтэл, хаана дулаан алдаж байна гэдэг асуудлуудтай нүүр тулсан. Бүх зүйл цаасан суурьтай байсан. Энгийн жишээ нь одоо хүртэл ус, дулааны төлбөрийн мэдээллийг цаасан дээр хэвлээд хаалган дээр наасаар байна. Тиймээс энэ цаасан суурьтай зүйлсийг энгийн бүртгэлийн программ ашиглаад шийдэх боломжтой гэж тооцоолоод дулаан хангамийн салбараас технологийн салбар руу шилжиж старт-ап эхлүүлсэн.
Одоо “Балансед ворк” компанийг үүсгэн байгуулаад “Duudy” брэндийг хөгжүүлж байна. Duudy бол эрчим хүчний салбар, тэр дундаа дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулдаг байгууллага буюу эцсийн хэрэглэгчтэй тулж ажилладаг орон сууцны конторуудад зориулсан программ хангамжийн бүтээгдэхүүн. Үйлдвэрлээд, дамжуулаад аваад ирсэн эрчим хүчийг эцсийн хэрэглэгчид өгч байгаа байгууллага, хэрэглэгч хоёрын хоорондын харилцаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой.

Duudy буюу “дуудъя” гэдэг нэр энгийн хэрнээ оновчтой, сонирхолтой санагдлаа. Яагаад ингэж нэрлэх болов?
Компанийн нэр маань бас утга учиртай. “Балансед ворк” (Balanced work) гэхээр тэнцвэртэй байдал, ажил хөдөлмөр гэж ойлгоно. Ер нь бол салбарт мэргэжилтнүүдийн дутагдал, ажиллах хүчний хомсдол их байна. Нэг хэсэг нь гол ачааллыг авч, нөгөө хэсэг нь үр дүн муутай ажиллаад байна. Эсвэл нэгнийхээ хийсэн ажлыг нөгөө тал нь үнэгүйдүүлж, үргүйдүүлдэг. Тиймээс энэ бүхнийг тэнцвэртэй байлгая гэдэг санаагаар үүнд чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлж, үйл ажиллагаа явуулна гэдэг утгаар энэ нэрийг өгсөн.
Харин Duudy гэдэг нэрийг манай UI/UX дизайнер Э.Эрдэнэбилэг ах бодож олсон. Хэрэглэгч холбогдож тусламж авахаар дуудаж байна гэдэг агуулгаар, цаашлаад бид салбарын ирээдүйг дуудъя, салбарт технологийг дуудъя, хэмнэлтийг дуудъя зэргээр хөгжүүлээд явах боломжтой гэж үзсэн.
Би “Таванбогд” компанид бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой бүхий л санал, хүсэлт, гомдол, онлайн захиалга дээр ажиллаж үзсэн. Тэнд утасны дугаар асуусан ч, гомдол гаргасан ч, захиалга өгсөн ч бүртгэнэ. Хэрэглэгч юу гэж хандаж байна тэр болгоныг тэмдэглэж аваад дүн шинжилгээ хийж бизнес үйл ажиллагаандаа нэвтрүүлснээрээ илүү үр ашигтай ажиллаж байгаа нь харагдсан. Тиймээс хэрэглэгчийн асуудлыг зохицуулахын тулд хандалтыг нь сайн бүртгэж авах хэрэгтэй юм билээ.
- Duudy бол эрчим хүчний, тэр дундаа хангах, түгээх байгууллагуудад зориулсан программ хангамжийн бүтээгдэхүүн -
Duudy брэндийн дор ямар бүтээгдэхүүнүүд хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ? Тэдгээр бүтээгдэхүүн ямар онцлогтой байх вэ?
Одоогийн байдлаар Duudy call, Duudy ERP, Duudy service гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөөд эхнээс нь хөгжүүлж байна.
Үүнээс Duudy call системийн маань эхний хувилбар гараад хэдийнэ 11 конторын 40 мянга орчим айл өрхийн дуудлагыг хүлээн авч байна. Тун удахгүй сайжруулсан хоёр дахь хувилбараа танилцуулна. Ерөөсөө хэрэглэгчдийн бүхий л дуудлагыг бүртгэж хяналт тавьж, дүн шинжилгээ хийсний үр дүнд компанийн удирдлага болон инженерүүдэд бодит тоонд суурилсан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг систем юм. Жишээлбэл, манай Duudy call программ тухайн орон сууцны конторт “Танайд энэ сард гомдлын 30 дуудлага ирснээс, Бат гэдэг ажилтны харилцаа хандлагатай холбоотой 10 гомдол байна. Тэгвэл дараа сарын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө ажилтны харилцаа хандлагатай холбоотой ажил оруулах нь зүйтэй юм байна. Мөн улирлын засварын үеэр нь, эхний хагас жилд нийт 1200 дуудлагаас 800 нь засварынх, түүнээс 200 нь энэ байрнаас ирсэн байна” гээд бодит тоог гаргаснаар асуудал нь хаана байгааг хэлээд өгнө. Байрны горим тохируулга уу, шугам сүлжээ юу, айл өрхөд үү эсвэл бүр барилгадаа байна уу гээд асуудлын учир шалтгааныг ирж хайх боломжийг олгодог. Энэ бол системийн үндсэн үйл ажиллагаа.
Энэхүү программдаа суурилаад Duudy call center байгуулах гэж байна. Учир нь, гэрт нь ус алдахад хаашаа, хэн рүү залгахаа мэддэггүй. Үүнээс болоод маш их хэмжээний ус алддаг. Гэтэл усны нөөц хамгийн чухал шүү дээ. Тиймээс 102, 103 шиг аль орон сууцанд амьдардаг байхаас үл хамааран энэ дугаарт холбогдоорой гэдэг брэндинг бий болгохоор бэлтгэлээ базааж байна.

Эцсийн хэрэглэгчтэй харилцдаг орон сууцны конторын инженерүүдийн хийх ёстой үндсэн ажил нь горим тохируулга. Гэтэл айл өрхийн холигч, сифоны засвар үйлчилгээ хийгээд, нэг хэрэглэгчийн асуудал шийдэхэд дийлэнх цагаа зарцуулаад байдаг. Энэ бол байгууллагынх нь үндсэн хийх ёстой ажил биш. Уг нь тасралтгүй, найдвартай ус дулааны эрчим хүчээр хэрэглэгчийг хангаж үйлчлэх ёстой. Айл өрхийн засвар үйлчилгээнээс болоод инженерүүд үндсэн ажилдаа маш бага цаг зарцуулдаг. Тэгвэл бага цагийг өндөр үр дүнтэй байлгахын тулд параметрүүдийг Duudy ERP бүртгэнэ. Ядаж л үндсэн тоноглолуудынхаа бүртгэлийг хийгээд хамгийн сүүлд хэзээ засвар хийсэн, хэзээ капиталжуулсан, хэзээ солих ёстой, ашигт үйлийн коэффициент хэд байна гэдэг мэдээллүүдийг гаргаж өгнө. Ингэснээр нэг инженерийн толгойд эсвэл нэг хүний компьютерт л байдаг мэдээллүүдийг байгууллагын хэмжээнд хянаж, харах боломжтой. Хэн нэгэн инженер, ажилтнаас хамаарахгүй. Duudy ERP бол илүү тоноглол, техник, горим тохируулга, тооцоолол талдаа бүртгэл хийнэ. Инженер техникийн ажилтнуудад зориулагдсан гэдгээрээ онцлог байж тэдний ажлыг хөнгөвчилнө. Программын талаар хүмүүст төсөөлөл өгөх зорилгоор Duudy ERP гэж нэрлэсэн. Цаашлаад энэ маань Duudy call программтайгаа ч холбогдоно.
Duudy ERP дээр параметр нь бүртгэгдсэн тоноглолд ямар нэгэн асуудал тулгарахад Duudy call программ хэрэглэгчид автоматаар мэдээлэл өгөх ч боломжтой. Тухайлбал, радиатор халахгүй байна гэдэг дуудлага ирэхэд дуудлагын төвийн операторууд “инженер л мэднэ, тодорхой мэдээлэл байхгүй” гэж хариулдаг. Гэтэл юунаас болоод температур бага байгаа, хэзээ хэвийн болох талаар бодитой мэдээлэл өгч чаддаггүй. Харин Duudy ERP системийг ашигласнаар параметр бүртгэлээс хараад илүү тодорхой мэдээлэл өгнө гэсэн үг. Энэхүү Duudy call, Duudy ERP бол байгууллага руу чиглэсэн бүтээгдэхүүнүүд юм.
Харин Duudy service бол иргэдэд чиглэсэн программ. Жишээлбэл, сантехник болон цахилгааны засвар үйлчилгээ хийлгэх, шинэ тоноглол суурилуулах айл өрх, иргэн мэргэжлийн ажилтнаар тухайн ажлыг хийлгэвэл дараа нь эрсдэл багатай. Бас бараа материалаа авна гэдэг маш хэцүү байдаг. Нэг ус алдахад засварчин очоод ямар бараа материал, тоноглол авах шаардлагатайг хэлдэг. Түүнийг хаанаас авах, ямрыг нь авах, яаж очих, овор хэмжээ нь хэр болох, төлбөр мөнгө хэд байх гээд олон асуулт, асуудал гардаг. Үүнд зориулаад Duudy service үйлчилгээг нэвтрүүлнэ. Тэгэхдээ Duudy ERP системтэй холбогдоно. Учир нь Duudy ERP системд тухайн байр ямар шугамд холбогддог, ямар хаалт хэрэгсэл шаардлагатай талаар мэдээллүүд байрлана. Тэр мэдээлэлд үндэслэн Duudy service дээрээс захиалга өгөх айлуудад тохирох бараа, тоноглол материалуудыг санал болгоно.
Ийм гурван төрлийн, нэг нь нөгөөгийнхөө үндсэн суурь болдог цогц систем хөгжүүлж байна. Эдгээр систем яагаад цогцоороо хөгжих ёстойг харуулсан хэд хэдэн статистик дурдъя. Улаанбаатар хотын төвийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдардаг 314 мянган айл өрхөөс жилдээ 940 мянга орчим засвар үйлчилгээний дуудлага ирдэг. Нэг ёсондоо хэрэглэгчээсээ 3 дахин их дуудлага ирж байна.
Гэтэл нийслэлийн түргэн тусламжийн төв Улаанбаатар хотын 2 сая орчим иргэнд үйлчилдэг хэр нь жилдээ 450 мянган дуудлага авдаг. Харин Цагдаагийн газрын 102 дугаарт Монгол Улсын хэмжээнд жилд 2 сая гаруй дуудлага бүртгэгддэг. Үүний 1.2 сая нь Улаанбаатар хотод Замын цагдаагийн газарт ирсэн дуудлага байдаг. Өдөрт 800 орчим мянган машин хөдөлгөөнд оролцдог үйлчилгээнд ирсэн дуудлага ийм байна. Тэгэхээр нийтийн аж ахуйн салбарын дуудлага харьцуулашгүй их байгаад байна.
- Бид Duudy ERP системээрээ дамжуулан энэ байр ийм онцлогтой, тиймээс ийм л хэрэгсэл тавина гэдэг шаардлага тавьдаг -
Бид засуулах ёстой, засварчин байх ёстой гэж ойлгоод байдаг. Гэтэл үндсэн ажилдаа төвлөрөөд, зөв менежменттэй ажиллавал гэмтэл саатал гарахаас өмнө шийдвэрлэх боломжтой юм байна?
Тийм ээ. Бид Duudy ERP системээрээ дамжуулан энэ байр ийм онцлогтой, тиймээс ийм л хэрэгсэл тавина гэдэг шаардлага тавьдаг нь учиртай. Одоогийн нөхцөлд засварчин ирээд PVC шугам ав гэтэл “Надад мөнгө байхгүй байна” гэхээр PPR авхуулчихдаг. Эсвэл гангаар явж байсан шугамыг засварчин нь тайрах, гагнах ажлуудыг хийхээс залхуураад PVC болгочихдог. Тэгээд үндсэн шугамыг солиод, диаметрийг өөрчлөөд байдаг. Эндээс адаглаж шугамын нарийсал, даралтын зөрүү үүснэ. Гэтэл бид өнгөцхөн эндээс ус гоожихгүй байхад л болно гэж бодоод мөнгөндөө таарсныг тавиад байхаар дараагийн илүү том асуудлуудыг үүсгэдэг.
Мөн Улаанбаатар хотод гардаг нэг том асуудал нь хүйтэн, халуун ус холбогчид үл буцах хаалт тавьдаггүй. Үүнээс үүдээд бусад айлынх нь халуун, хүйтэн ус холилдоод байдаг. Усанд орж байтал гэнэт халуун, гэнэт хүйтэн ус гардаг нь үүнтэй холбоотой. Засварчин тухайн хаалтыг заавал тавих шаардлагыг иргэдэд тавьж байх ёстой юм.
Бид энэ бүгдийг зөв гольдролд нь оруулаад, бүртгэлийг нь хийдэг программ хөгжүүлж байна. Ерөөсөө энгийн бүртгэл юм л даа. Дээрээс нь иргэд ч бас хариуцлагатай байх ёстой.
Танай бүтээгдэхүүн үйлчилгээнүүд ямар үнэ цэнийг бий болгохын төлөө юм бэ?
Тухайн иргэн аль орон сууцны конторт харьяалагддаг, аль дугаар руу ярих ёстой гэдгийг мэдэх шаардлага үүсээд байдаг. Гэтэл гаднын улс оронд бол мөнгөө л төлж байвал болдог. Тэрнээс биш ямар компани, аль салбар, хэн гэдэг засварчин цаашлаад байгууллага ашигтай ашиггүй ажилладаг асуудал иргэнд ямар ч хамаагүй. Нөгөө талаас компани ч өөрсдийгөө л таниулах гэж ажиллаад байдаг. Эсрэгээрээ иргэддээ ингэж хэмнэж болно, ингэж зөв ашигла гэдэг мэдээлэл өгвөл үр дүнтэй. Түүнээс хэрэглэгчид салбарын бүх зүйлийг ойлгох шаардлагагүй, зүгээр л мөнгөө төлөхөд болно.
Манай компанийн зүгээс энгийн, хялбар, түргэн байлгахыг л хичээж байна. Бид төлбөрийн болон ЭХЗХ-ны хэрэглэгчийн дуудлага, гомдлын бүртгэл хяналтын “consumer energy” системтэй холбогдсон. Иргэд манай системээр дамжуулаад конторуудад гаргасан бүхий л гомдлын хяналт, үе шатууд ЭХЗХ-нд харагддаг. Ингээд анхан шатандаа шийдвэрлэгдээгүй гомдол ЭХЗХ руу шилжих юм.
Эрчим хүчний салбарт та бүхэнд өрсөлдөгч бий юу?
Өрсөлдөгч бол бий. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа гурав, дөрвөн технологийн компани байдаг. Тэдэн дундаа манай компани тодорхой хэмжээний байр сууриа эзэлчихсэн гэж бодож байна. Бид системийн хөгжүүлэлтүүдээ хийж дуусаад одоо компанийн үйл ажиллагаандаа төвлөрч эхэллээ. Үүнээс цааш зах зээлд өөрсдийгөө илүү их таниулах тал дээр анхаарна.
Уг нь манай “Балансед ворк” компани нийслэлийн бойжигч старт-ап компани. Нийслэлд тулгамдаад байгаа нэг асуудлыг шийдэх гээд технологи хөгжүүлж байгаа юм. Гэтэл нийслэл төсөл хөтөлбөрүүдээ мэдээллийн технологийн том компаниудаар хийлгээд байдаг нь харамсалтай. Манайх шиг старт ап компаниудаа дэмжээд явбал олон залууст урам өгч, олон бизнес зэрэг хөгжинө. Заавал манайхыг дэмжих ёсгүй ч бидэн шиг компаниудад ялгаварртай ханддагаа, мөн бидний өмнөөс чадна чадахгүй гэж дүгнэдэг нь хамгийн буруу. Хийх боломжийг нь өгөөгүй байж шууд дүгнэх нь шударга бус.
“Балансед ворк” компани цаашид юунд зорьж байна вэ?
Бид салбарынхаа онцлогт тохирсон цогц технологийн хөгжүүлэлтийг нэн тэргүүнд хийж байна. Цаашлаад салбарын мянга мянган инженерүүд, ажиллагсад, залуусын мэдлэг мэдээллээ хуваалцах, санаа бодлоо солиолцох, асуудал шийдэл ярилцах орон зайг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг зорино. Нөгөө талдаа ажиллах хүчний хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор оюутан залуус руу чиглэсэн ажлууд ч төлөвлөж байна. Мөн менежмент, зөвлөх үйлчилгээний чиглэл рүү ч үйл ажиллагаагаа хөгжүүлэх бодол бий.
Эрчим хүчний салбарын залуу мэргэжилтний хувьд салбарынхаа өнөөгийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна?
Хэрэглэгч төвтэй баймаар байна. Реформ ярихдаа хүртэл эх үүсвэрт анхаарч байна. Эсрэгээрээ хэрэглэгчээсээ эхлэх ёстой санагддаг. Дээрээс нь салбар өөрсдийгөө томоор харчихсан байгаа. “Том” байна гэхээрээ дандаа том асуудал ярьдаг, том ажил ярьдаг. Жижиг асуудал, жижиг ажлыг ерөөсөө хийдэггүй. Маш энгийнээр хийх боломжтой ажлыг хэн ч хийдэггүй. Тэгсэн хэр нь гаднаас хэнийг ч оруулдаггүй. Залуу үеэ хүлээн зөвшөөрдөггүй. Заавал олон жил болж байж хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй. Инженер талаасаа залуус хийсвэр сэтгэдэг байж болно тэндээс л бодит зүйл, шийдэл, шинэ санаа төрнө. Хүний төсөөлөөгүйг төсөөлж шинэ зүйл бий болдог. Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа бүхэн сэтгэлгээнээс, төсөөллөөс үүссэн загварууд шүү дээ.
Товчхондоо бол эрчим хүчний салбар өөрийгөө “том” гэж ойлгоод хэрэглэгчээ тоодоггүй, хэрэглэгчтэйгээ харьцдаггүй. Дандаа өөрийнхөө асуудлыг л ярьдаг, хэрэглэгчийн асуудлыг анхаардаггүй. Мөн эрчим хүчний дата өгөгдөл гэхээр төрийн нууц гээд суучихдаг. Боломжоороо нээлттэй өгөгдлөө ил байршуулж байж бизнес эрхлэгчид түүнийг нь харж, дүгнэж тооцоолоод аль чиглэлд яаж ажиллахаа шийддэг байх хэрэгтэй.
Тиймээс бид маш зоригтой баймаар байна. Туршмаар байна. Хийж болох төслийг хийгээд үзмээр байна. Зарим зүйлийг энгийнээр, хялбараар хийж болдгийг харуулмаар байна. Бид хэрэглэгчийн энгийн асуудлуудыг ярилцаж шийдээгүй байж дараагийн хэт холын мэт юм яриад байвал хэрэглэгч яаж бидэнд итгэж биднийг ойлгож дэмжих юм бэ?
Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа, эцэст нь эрчим хүчний салбарт хамтдаа шинэ үеийг ДУУДЪЯ гэж хэлмээр байна.

