E-Sight
Б.Чойжилсүрэн: Хэрэв турбины суурь гайгүй гэсэн дүгнэлт гарвал энэ сууринд шинэ турбин суурилуулна

Б.Чойжилсүрэн: Хэрэв турбины суурь гайгүй гэсэн дүгнэлт гарвал энэ сууринд шинэ турбин суурилуулна

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Ерөнхий сайд Г.Занданшатар “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д өнөөдөр (2025.06.19) ажиллаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгснийг хүргэж байна. 

Тэрээр хэлэхдээ, “ТЭЦ–3 гарсан ослоос үүдэн бусад төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого, санхүүгийн орлогод нөлөөлөх шууд бус хүндрэлүүд бий. Улаанбаатар хотын дулааны үнийг тавдугаар сарын 16-ны өдрөөс нэмэгдүүлье гэсэн шийдвэр гаргасан. Цахилгаан эрчим хүчний үнийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэмж, дахиад 2025 оны тавдугаар сарын 15-наас индексжүүлье гэсэн. Индексжүүлэлтийг инфляц, валютын ханш, импортын эрчим хүч, шинээр нэгдсэн сүлжээнд холбогдож байгаа эх үүсвэрийг үнээс хамаарч хагас жил тутамд хийе гэсэн байдлаар ЭХЗХ-нд шийдвэр гарсан байсан. Гэтэл олон нийтийн эсэргүүцэл гарснаар 2025 оны гуравдугаар сард эрчим хүчний үнийг өөрчлөх шийдвэрийг он дуустал хойшлуулахаар болсон. Үүнээс шалтгаалж салбарын төрийн өмчит компаниудад мөнгөн хөрөнгийн дутагдал цаашид үргэлжлээд явна. Үүнийг ерөнхий сайд танд жичид нь дахин тооцоо хийж танилцуулахгүй бол нэлээд том асуудал үүснэ. Олон нийтийн зүгээс ч богино хугацаандаа шүүмжлэл дагуулах байх. Урт хугацаандаа салбарыг эрүүлжүүлэх эрүүлжүүлэх зөв шийдвэр. ЭХЗХ-ны шийдвэрийг 2025 оныг дуустал хойшлуулчихсан нөхцөл байдал үүссэн. Саяны осолтой холбоотойгоор шууд хохирлын хэмжээг тодорхойлоход эрт байна. Дахиад 7 хоног хэрэгтэй байна. Өчигдөр ЦЕГ, ТЕГ-т ослын газарт нэвтэрч, дүгнэлт гаргах бололцоо авсан. Холбогдох камеруудыг суулгаж байна. Ослын шалтгааныг тодруулах ажил хийгдэнэ. Энэ үед хууль хяналтын байгууллагатай цуг хийе гэсэн хүсэлт тавиад явж байна. 

Энэ 7 хоногт Төсвийн тодотгол орох гэж байгаа учраас урьдчилсан байдлаар байгууламжийн гэмтэл 7 тэрбум орчим төгрөг гэж тооцоолж байна. Дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг горимоос зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим руу шилжихэд 8.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн хоёр хүндрэл бий. Гурав дахь нь гэмтсэн турбиныг сэргээн засварлах асуудал үүснэ. Хэрэв турбины суурь гайгүй гэсэн дүгнэлт гарвал энэ сууринд шинэ турбин суурилуулна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг, тоноглол үйлдвэрлэдэг 13 компаниас үнийн санал авахаар хандсан. Ойрын өдрүүдэд хариу ирэхэд Засгийн газарт танилцуулна. 

Үүнээс гадна салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан. Эрчим хүчний яамны Салбарын хяналт газар, Дотоод хяналтын газар, Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гэсэн 25-26 хүмүүс өндөржүүлсэн бэлэн байдлын ажил хийж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учраас Засгийн газарт хоёр 7 хоногт нэг удаа явцын тухай илтгэж танилцуулж явна" гэв.