E-Sight
У.Хүрэлсүх: “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил урагшлах болсонд баяртай байна

У.Хүрэлсүх: “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил урагшлах болсонд баяртай байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Байгаль орчим, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурав.

Энэ хүрээнд хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна. Мөн Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах, урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болох юм. Тиймээс энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцсон байна.

Хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хүргэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгойлон анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байгууллаа. Ийнхүү “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшлах болсонд баяртай байна” хэмээн онцолжээ.

Эгийн голын УЦС байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийх, хоёр улсын Засгийн газар хоорондын ажлыг эрчимжүүлэх нэгдсэн шийдэлд хүрсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар