2030 гэхэд Монгол Улс эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа хоёр дахин нэмэх хэрэгцээ үүснэ. Өөрөөр хэлбэл 3000 гаруй МВт ачааллыг төр өөрөө үүрэхийн оронд хувийн хэвшилд ямар замаар шилжүүлж болох вэ, цаашид эрчим хүчний салбарыг хэрхэн хувьчлах боломж байна вэ? Энэ талаар Олон Улсын Шинэ эрчим хүчний чуулганаар (2023.09.28-29) Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвийн Дэд бүтцийн бодлогын газрын дарга Н.Батдорж “Эрчим хүчний салбарт бөөний зах зээлийг нэвтрүүлэх боломж” илтгэлээрээ нэгэн хувилбар танилцуулсан нь Чили улсын туршлагын тухай байв. Чили нь 1978 оноос эрчим хүчний хувьчлалыг эхлүүлжээ. Ингээд 2004 онд цахилгаан эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээ бүрэн хувьчлагдсан байна. Энэ нь Чилийг бөөний зах зээл амжилттай нэвтэрсэн жишиг улс болгосон аж. Чилийн эрчим хүчний хувьчлал амжилттай явагдсан шалтгаан нь улс төр, эдийн засгийн ямар ч хямралд хувьчлалаа үргэлжлүүлсэн байна.
Тус улсын эрх мэдэл 1973-1990 онд нэг хүний гарт төвлөрсөн хэдий ч 1970-аад оны сүүлээр хоёр жижиг станцаар эрчим хүчний хувьчлалыг эхлүүлжээ. 1980-аад оны эхэнд эдийн засгийн хямрал нүүрлэсэн ч 1990-ээд оныг хүртэл эрчим хүчний шинэ хуулийг баталж, 7 жижиг станц, үндсэн түгээх сүлжээний хувьчлалыг амжилттай явуулжээ. Харин ардчилсан засаглалын үед эхний ээлжинд хойд бүс, дараа нь төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээг, мөн сүүлийн станцыг хувьчилсан аж. Чилийн зураглал Монголтой төстэйг Н.Батдорж дурдсан бөгөөд Монголд цаашид үнийн тогтолцооны шинэчлэл, тарифын тохируулга, бодит өртгийг тогтоох хэрэгтэйг санал болгосон. Манай улсын хувьд Үндэсний эрчим хүчний комисс, Диспетчерийн төв байгуулагдаж, аж үйлдвэрлэлийг салгах үйл явц хийгдэж, дамжуулах салбарыг хуваах ажлыг 1994 онд хэрэгжүүлжээ. Өнөөгийн байдлаар Монголд төр эрчим хүч үйлдвэрлэгч. Хэрэв бөөний зах зээл рүү шилжвэл төр зохицуулагч болно. Гэхдээ Чилийн жишээ бол зөвхөн хувилбар гэдгийг тэрээр тодотголоо.