Өнөөдөр (2024.09.27) Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс "Төсөв-2025" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үеэр эрчим хүчний салбарыг тойрсон асуудлыг хөндлөө. Хэлэлцүүлгийн оролцогч ЭХЯ-ны ТНБД Н.Тавинбэхийн хэлснээс тоймлон хүргэе.
Үнэ тариф нэмэх нь салбарын гол тулгуур асуудал мөн. Гэхдээ бид үнэ тарифтай зэрэгцээд олон асуудлыг шийдэх ёстой. Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цэвэр, ногоон технологийг эрчимтэй гүйцэтгэж хэрэгжүүлэх гээд олон асуудал байна. Энэ удаагийн ЗГҮАХ-т тулгамдсан хүндрэлээс гарах, цэвэр, ногоон технологид шилжих шилжилтийг хийхээр 41 арга хэмжээ тусгагдсан. Урьдчилсан тооцоогоор 37 их наяд төгрөгийн санхүүжилтэй хэрэгтэй гэсэн тооцоог гаргасан.
Эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар эрчим хүчний бизнес эрхлэгчид, яам саналаа ЭХЗХ-нд хүргүүлчихсэн. Одоо байгаа хууль эрх зүйн хүрээнд хараат бусаар эрчим хүчний тарифыг өөрчлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг газар бол ЭХЗХ. ЭХЗХ-ноос одоогоор албан ёсоор эрчим хүчний үнийг хэдэн хувиар нэмэгдүүлэх шийдвэр гараагүй байна.
Салбарын бодлого, авах арга хэмжээ тодорхой. Өнөөгийн нөхцөл байдлыг бид бодитоор тодорхойлж чадаж байгаа. Алдсан юм бий гэвэл бий. Төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд хийж чаддаггүйгээс болоод салбар улс орны эрчим хүчний хангамж өнөөдрийн хүндрэлтэй нөхцөлд хүрсэн. Үнэ тарифтай холбоотой салбар нээлттэй. Олон улсад байдаг, амжилттай хэрэгжиж байгаа бүтцээр Монгол Улсын эрчим хүчний салбар ажиллаж байгаа. Үнэ тариф дээр биеэ дааж шийдвэр гаргадаг байгууллагын хяналтад байгаа, ЭХЗХ. Зөвхөн энэ төрлийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хүсэлт биш. Хэрэглэгчид, бусад хүчин зүйлийг тооцож гаргадаг. 2001 оноос хойш энэ бүтцээр явж байна.
Үнэ тарифын хувьд 19 төрлийн үнэ тарифтай. Энэ бол олон улсын жишигт байдаг. Хэрэглэгчийн төлбөр, хэрэглээ, системд үзүүлдэг нөлөөлөлтэй холбоотойгоор ялгавартай үнэ тогтоодог.
Монгол Улсын эрчим хүчний салбарт онцлог бий. Нийт эрчим хүчний бүтцийг харахад ахуйн хэрэглээ зонхилдог. Энэ ахуйн хэрэглээ зонхилж байгаа нь олон сөрөг нөлөөллийг авчирдаг. Тухайлбал, бидний ярьдаг оргил ачаалал. 17-21 цагийн хооронд хэрэглээ 20-30 хувиар өсдөг. Бусад үед нь байхгүй болдог. Энийг хангах, энэ хэрэглээний өсөлтийг хаах бол Монгол Улсын эрчим хүчний салбарт байгаа хүндрэл. Яг үнэн хэрэгтээ бусад цагуудад чадлын дутагдалд ороогүй. Зөвхөн оргил ачааллын түрүүн хэлсэн цагуудад чадлын дутагдалд ордог.
Хэрэглээний өсөлт бидний тооцсоноос өндөр хувиар гарж байна. Энэ бол сайн үзүүлэлт. Эдийн засаг өсөж байгаа хамгийн том баталгаа бол эрчим хүчний хэрэглээний өсөлт байдаг. Сүүлийн жилүүдэд зарим улиралд 10 хувиар өсөлт гарч байгаа. Бид энэ өсөлтийг хангахын тулд тодорхой арга хэмжээнүүд хэрэгжүүлж байгаа. Зүгээр суугаагүй. Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг 417 МВт-аар өсгөж чадсан. Энэ дотор уламжлалт технологитой эх үүсгүүр ч бий, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүд ч байгаа. Энэ жил гэхэд бид Дорнодын ДЦС-ын 50 МВт-аар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Бөөрөлжүүтийн 150 МВт ДЦС-ыг бид хүлээлгэж өгөх гэж байна. Энэ өвлийн оргил ачааллаас өмнө бид 200 МВт-аар Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Гэхдээ хэрэглээний өсөлт давсан байгаа.
Энэ жил бидний хийсэн тооцоогоор 2024-2025 оны оргил үеийн ачааллыг давахад 70-80 МВт-ын чадлын дутагдалд орохоор байна. Хэрвээ бидний тооцсон хэмжээгээр оргил ачааллын цагуудад ийм өсөлт гарвал 70-80 МВт-аар хязгаарлалт хийнэ. Хязгаарлалтыг хоёр янзаар хийж байгаа. Хэрэглэгчидтэй тохироод ачааллаа бууруулдаг. Энэ бол тийм хүндрэлтэй зүйл биш. Яагаад томоохон үйлдвэрлэл оргил ачааллын үед ээлжээ сольж болдоггүй юм. Яагаад оргил ачааллын үед хэмнэлтийн горимд шилжиж болдоггүй юм. Яагаад үйлдвэрлэлээ бага хэмжээгээр бууруулж болдоггүй юм. Ийм боломж байдаг. Олон улсад байдаг л арга механизм.