E-Sight
Үнэ тариф нэмэх бол хоёрдугаар ажил

Үнэ тариф нэмэх бол хоёрдугаар ажил

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

"Төсөв-2025" хэлэлцүүлгийн үеэр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш Д.Үлэмж (PhD) өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрээр "Судлаач хүний хувьд үнэ тариф нэмэх бол хоёрдугаар ажил гэж хараад байгаа. Эхлээд үнэ нэмчхээд ийм засаглалын бүтэц дээр явах юм бол манай төрийн өмчийн компаниуд, цахилгаан, дулаан, дамжуулах, түгээх компаниуд зардлаа өсгөчихнө. Ямар ч ялгаа байхгүй болно. Ажилчдын орон сууц, соёлын төв, спорт цогцолбор, зуслангийн хотхон гээд зардал ихэсдэг гэдгийг ойрын хэдэн жил зөндөө харсан. Засаглалын реформ хийсний дараа үнэ тарифыг дэс дараатай, нийгмийн сегмент болгоноор үнэ тарифаа шинэчлээч ээ.

Нийгмийн сегмент гэдэг нь уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн үнээр арилжиж байгаа. Тэгэхээр уул уурхайн компаниуд бодит өртгөөр нь цахилгаан эрчим хүч худалдаад авчих боломжтой салбар. Ийм байдлаар боловсрол, судалгааны байгууллагууд гээд бүх хэрэглэгчдээ ангилах ёстой. Дээр нь ургац хураалт, тариалалтын үеэр, хавар, намар, өвлийн гээд улирлын шинжтэй тарифын өөрчлөлт байх хэрэгтэй. Тэгэхээр бүгдэд хавтгайруулж 30 хувь, 50 хувь гээд яриад байна. Эдийн засагч Б.Дөлгөөнөөр ахлуулсан багт ажилласан. Тэгэхэд инфляцад үзүүлэх нөлөө 3 хувь гарсан гэж санагдаад байна.

Эрчим хүчний салбарт зураглал алга. Хамгийн сүүлд 1986 оны хавьцаа, тухайн үеийн ЗХУ-ын Ленинградын институт болоод Монголын эрдэмтэд хамтраад БНМАУ-ыг 2000 он хүртэл цахилгаанжуулах төлөвлөгөө гаргасан. Тухайн үеийн хүн ам, цахилгаан, дулааны нягтрал, эдийн засгийн зорилгод тулгуурласан. Гэтэл 1990 оноос хойш бүх юм өөрчлөгдчихсөн. Үүн дээр тулгуурласан нэгдсэн, эдийн засгийн макро, микро түвшинд яаж нөлөөлөхөөр байна гэсэн төлөвлөлт байхгүй.

Саяхан ЗГҮХ-т орсон мега төслүүдэд учиртай тоо гарсан. 2030 он гэхэд 3,000 МВт суурилагдсан хүчин чадалтай байна. Энэ яаж гарсан тоо вэ гэхээр Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Засгийн газар, УИХ-аар батлагдсан аж үйлдвэрийн парк, шинэ суурьшлын бүсүүд гээд жижиг, дунд үйлдвэр, шинээр суурьших газрын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээнээс үүдсэн. Хоёрдугаарт эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-7 хувийн өсөлттэй байгаа. Үүнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар таазыг тогтоосон. ЭХЯ-ны нэлээн бодитой тоо ЗГҮХ-т байгаа. Гэхдээ бодит байдал руугаа дөхөж очиход маш хэцүү.

2025 онд 199 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 361 тэрбум төгрөг улсын төсөвт суусан. Улсын төсөвт бага тоо тавигдсан нь зөв. Энэ нь засаглалтай холбоотой. Хувийн, бизнесийн хөрөнгө оруулалт илүү татах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлээд өгөөч ээ" гэв.