Төв аймгийн Баян суманд байрлах Баянгийн ДЦС-ыг Эрчим хүчний яам, "Касэн Пауэр Грийн Энержи" компанитай хамтран хэрэгжүүлж байна. Станцын барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Баянгийн ДЦС ашиглалтад орсноор жилд 3.7 тэрбум кВт.ц эрчим хүч Төвийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж, нэмэлтээр 100 ГКал.ц дулаан үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр нийслэлийн Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян сумын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана. Мөн Төвийн болон Өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газрууд, аж үйлдвэрийн төслүүд цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах боломж бүрдэж байна.
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний Багануур дэд станцыг түшиглэн 50МВт/200МВт.ц-ийн хүчин чадалтай батарей хуримтлуурын станц 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад орохоор ажиллаж байна. Уг хуримтлуурын станц ашиглалтад орсноор Төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж, тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх ач холбогдолтой юм. Шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хурааж, өдрийн оргил ачааллын үед Төвийн системд буцаан нийлүүлэх тохируулгын систем бий болно. Цаашид сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг бий болгож, батарей хураагуурын станцтай холбохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: Засгийн газар