Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны /ЕСБХБ/ Ерөнхийлөгч Одиль Рено-Бассотой өнөөдөр /2024.10.08/ уулзлаа. Тэрээр Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугамын төслийн 79.67 сая евро буюу 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав.
Чойр-Сайншанд чиглэлийн 220 км урт 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр, Сайншанд дахь дэд станцуудыг барих төсөл нь Монгол Улсын эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.
Төсөл Европын Холбооны 8.4 сая еврогийн буцалтгүй тусламж, ЕСБХБ-ны 64.6 сая еврогийн зээл, Япон зэрэг хандивлагч орнуудын 6.7 сая еврогийн техникийн тусламжаар хэрэгжинэ. Барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлж, 2027 онд дуусгахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Засгийн газар, ЕСБХБ хооронд 300 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2019 онд байгуулсан. Тус ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих нийт 7 төслийн нэг нь энэхүү Чойр-Сайншандын цахилгаан дамжуулах шугамын төсөл юм.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх нь эдийн засгийн тусгаар тогтнолын гол цөм бөгөөд энэ нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэнэ.” хэмээн онцолжээ.
Энэ онд Европын холбоо, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. ЕСБХБ-аас 2006-2024 онуудад манай улсад нийт 2.3 тэрбум еврогийн санхүүжилтийг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр зэрэг томоохон салбаруудад олгож, нийт 140 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам