E-Sight
Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн анхны тайлан гарлаа

Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн анхны тайлан гарлаа

Дэлхийн банкнаас “Монгол Улс: Уур амьсгал ба хөгжил” тайланг өнөөдөр /2024.10.10/ танилцууллаа. Тайлангийн үндсэн танилцуулгыг “Хөгжлийн замналд нөлөөлж болзошгүй уур амьсгалын эрсдэл” сэдвийн хүрээнд хийж, дэд сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай, Дэлхийн банкны Монгол, БНХАУ, БНСУ хариуцсан захирал Мара Уорвик нар арга хэмжээг нээж үг хэлсэн.

Монгол Улс карбон зах зээлийг ашиглан эдийн засгаа төрөлжүүлж, шинэ ажлын байр бий болгох, нүүрснээс хамааралтай эрчим хүчний салбараа хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүч экспортлогч болох, сэргээгдэхийн нөөц ихтэй улсын хувьд уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлоход ач холбогдол өгч анхааран ажиллах хэрэгтэйг Мара Уорвик онцолж байв. 

Уур амьсгалын өөрчлөлтийн тайлан нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулах хамгийн үр дүнтэй арга хэмжээг тодорхойлохыг зорьдог. 

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээ авахгүй бол эдийн засаг нь уур амьсгалын болон эдийн засгийн шилжилтийн цочролд өртөх эрсдэлтэй бөгөөд ажилгүйдлийг нэмэгдүүлж, орлогыг бууруулж, олон хүнийг ядуурал руу түлхэж болзошгүй хэмээн тайланд дүгнэжээ.

Манай улсад хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулж, ялгарлыг бууруулах, цаашлаад нүүрсний эрэлт буурах үйл явцад бэлтгэх, сэргээгдэх эрчим хүчний тархалт, хэрэглээг илүү түргэвчлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ авахыг санал болгосон байна. 

Ийнхүү үр дүнтэй засаглалын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр төлөвлөлт, бодлогын уялдаа холбоо, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, зохицуулалтын механизмын үр дүнтэй байдлыг хангах гол түлхүүр болно гэсэн байна.