E-Sight
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулна

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулна

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Монгол Улс 2026 онд "Цөлжилтийн талаарх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал"-ыг зохион байгуулахаар болсон. Тус Бага хурлыг угтаж "Оролцогч талуудын дээд хэмжээний хэлэлцүүлэг"-ийг өчигдөр (2024.10.17) БОУАӨЯ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн нээлтэд салбарын сайд С.Одонтуяа илтгэл тавьсан. Түүний илтгэлээс эшлэн хүргэе.

Монгол Улс ДНБ-ий нэг хувийг уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулах үндэсний дасан зохицох хөдөлгөөний хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд тэглэх амлалтуудыг өгсөн билээ.

Олон улсаас уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийг татаж, 2016 оноос хойш 1.9 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна.

Үндэсний хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын нутгийн сүлжээг өргөжүүлж, нийт газар нутгийн 30 хувьд хүргэнэ.

Олон улсын хэмжээнд саяхнаас санаачлан хэрэгжүүлж байгаа газар нутгийг тусгайлан хамгаалах "30 ба 30" санаачилгыг Монгол Улс анх 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Олон улсын байгууллагаас 2020 онд гаргасан Байгаль орчны гүйцэтгэлийн индексийн биологийн олон янз байдлын амьдрах орчныг хамгаалах тусгай хамгаалалттай газар нутгийн шалгуураар дэлхийн 180 улсын 51-т, Ази, Номхон далайн 25 улсаас 3-т эрэмбэлэгдсэн байгаа нь бидний томоохон амжилт юм.

БОУАӨЯ, The Nature Conservancy хамтран уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах цогц үйл ажиллагаа бүхий байгаль хамгаалах байнгын санхүүжилтийн 198 сая ам.долларын санхүүжилттэй, 15 жилийн хугацаанд хэрэгжих "Өнө Мөнхийн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Цаашид бид эдгээр конвенцын хэрэгжилтийн үр дүн нэмэгдүүлэхэд
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар эрх зүй, бодлогын орчныг реформыг хийнэ. Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулна.

Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг шинэчилж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх урт хугацааны эдийн засгийн стратегийг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран боловсруулж батална.

Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжихэд чиглэсэн эрх зүйн бодлого, технологи, санхүүжилт, засаглалын суурь орчныг бүрдүүлж, олон талтай хамтран ажиллаж, урамшууллын тогтолцоо, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, карбоны зах зээлийн орчныг бүрдүүлнэ.

Талуудын бага хурлыг зохион байгуулах газрын байршлыг энэ онд эцэслэн тогтоож, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, холбогдох яам байгууллагуудыг өргөжүүлж байна.