Өнөөдөр (2024.10.25) Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос эрчим хүчний үнэ тарифыг нэмэхтэй холбоотой УИХ, Засгийн газар болон бусад холбогдох газруудад шаардлага хүргүүлж буйгаа танилцууллаа. Тус шаардлагад,
"МҮЭХ-ноос Засгийн газарт Улсын 2025 оны улсын төсвийн төсөлд тусгуулах саналаа 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн. Гэвч төсвийн төсөлд иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, өргөн хэрэглээний үнэ тарифын өсөлтийг хамгаалах чиглэлээр авах арга хэмжээг дорвитой тусгаагүй байна гэж үзэж байна.
Аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодоос иргэдийн амьжиргааг сайжруулах, ажлын байрыг бодитой нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр санал, шаардлагыг МҮЭХ-нд ирүүлсэн байна.
Түүнчлэн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэгчийн дулааны тарифыг 30 орчим хувиар нэмэгдүүлэхээ Эрчим хүчний зохицуулах хороо мэдэгдэж байна. Эрчим хүчний үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ нэмэгдэж өрхийн амьжиргааны наад захын зардал өсөж, айл өрхийн орлого буурахаар байна.
Иймд УИХ, Засгийн газраас Монгол Улсын 2025 оны улсын төсвийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлж байгаа саналыг тусган батлахыг шаардаж байна. Үүнд:
1. Цалин хөлсийг улсын хэмжээнд 20 хувиас доошгүй нэмэгдүүлэх
2. Үнийн өсөлтөөс үүдсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд учир буй хүндрэл бэрхшээл, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах
3. Ажлын байр нэмэгдүүлж байгаа бичил жижиг хувийн хэвшлийн аж ахуйн эрхлэгч үйлдвэрлэгчдэд төрөөс зээл татвар хөнгөлөлт худалдааны авалтын дэмжсэн төсвийн бодлого авч хэрэгжүүлэх
4. Төсөвт байгууллага төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад төсвийн хэмнэлт үйл ажиллагааны нэмэлт орлогын тухайн салбарт байгууллагын ажилтны цалин хөлс олговор нийгмийн хамгааллын зардалд зарцуулах
5. Төсвийг ил тод нээлттэй болгох, өмнө оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-аар нээлттэй сонсгол явуулж байх
6. ХАБЭА-н зардлыг улсын төсвийн зарлагын эдийн засгийн ангилалд тусгайлан ангилал болгон оруулж ХАБЭА тухай хуулийн 26.2 дах заалтыг бүрэн хэрэгжүүлэх
Хувийг, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд, Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо" гэсэн байна.