Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын олон улсын импортын VII экспод оролцохоор БНХАУ-д айлчилж байна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа. Уулзалтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар солилцлоо. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийн санхүүжилтэд шаардлагатай үндсэн хөрөнгө оруулалт болох 253 сая ам.долларын санхүүжилт шийдэгдсэн байна. Тус төслийн барилга угсралтын бэлтгэл ажлыг 2023 оноос эхлүүлээд байгаа юм.
"Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" төслийн зарим мэдээллээс хүргэе.
- Санхүүжүүлэгч байгууллага, орон: БНХАУ
- Санхүүжилтийн хэлбэр: БНХАУ-ын Экспорт-Импорт банк (ЭКСИМ)-ны хөнгөлөлттэй зээл
- Санхүүжилтийн дүн: 266,457,327 ам.доллар
- Зээлийн санхүүжилт: ЭКСИМ-95 хувь
- Монгол Улсын Засгийн газар: 5 хувь
- Төсөл хэрэгжих хугацаа: 61 сар
- Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: ЭХЯ, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц-ТХН
Тус төсөл хэрэгжсэнээр Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн систем, улмаар Төвийн бүсийн эрчим хүчний систем дотоодын хямд эх үүсвэрээр хангагдана. Мөн жилд ойролцоогоор 329 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаралтыг бууруулахаар тооцоолж байна.