E-Sight
2030 он хүртэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг $2.4 их наядын санхүүжилт шаардлагатай

2030 он хүртэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг $2.4 их наядын санхүүжилт шаардлагатай

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хотод НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал өчигдөр (2024.11.13) эхэллээ. Хурлыг нээж зохион байгуулагч улсын ерөнхийлөгч Илхам Алиев олны анхаарал татсан үг хэллээ. Тэрээр "Газрын тос, байгалийн хий бол "бурхны бэлэг" юм. Барууны улсууд хуурамч мэдээлэл тарааж чулуужсан түлшний нөөцтэй улсуудыг буруутгах ёсгүй" гэж мэдэгдсэн байна.

Энэ удаагийн бага хурлын онцлог нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Анх 2009 онд хөгжингүй орнууд хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг багасгах үүднээс жил бүр 100 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно гэдэгт санал нэгдсэн. Дээрх амлалт 2015 оны Парисын хэлэлцээрийн дараагаас хэрэгжиж эхэлсэн. Гэвч 2022 онд санхүүжилт анх удаа 115 тэрбум ам.доллар хүрч, амлалтаа давуулсан ч энэ нь хангалтгүй байгааг НҮБ мэдээлжээ. Цаашид 2030 он хүртэл 2.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байгаа юм. Үүнд БНХАУ-ыг оролцуулалгүй тооцсон байна. 

Талуудын 29 дүгээр хурлын зохион байгуулахын өмнө Азербайжан улсыг сонгосон нь маргаан дагуулсан юм. Тухайлбал, тус улсын эмэгтэйчүүдийн эрхийн байдал тааруу, сэтгүүлчдэд үг хэлэх боломж бүрдээгүй, хамгийн гол нь чулуужсан түлшний үйлдвэрлэлийг ойрын хугацаанд нэмэх улсад зохион байгуулах нь хурлын зорилгыг алдагдуулна гэж байв. Иймээс томоохон газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч улс болох Азербайжаныг сонгосон, Алиевийн анхаарал татсан мэдэгдлийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэ санхүүгийн үүсвэрийн босгыг нэмэхэд чиглэсэн гэж ажиглагчид үзэж байна.

Азербайжан 2016 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тус улс ногоон эрчим хүчний шилжилтийн хэд хэдэн санаачилга зарлаад байгаа. 2030 онд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах, одоо байгаа эрчим хүчний системийг төрөлжүүлэх, улмаар 2050 онд хүлэмжийн хийн ялгарлыг 40 хувиар бууруулах зорилт тавьжээ.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2025 онд 12.3 хувь, 2030 онд 22 хувиар бууруулж, 2041 оноос хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн доод түвшинд хүргэнэ гэж Алсын хараа урт хугацааны хөгжлийн бодлогод тусгаад байна. 

Эх сурвалж: BBC, НҮБ, БОУАӨЯ