E-Sight
Эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд нийтлэл бэлтгэнэ

Эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд нийтлэл бэлтгэнэ

“Олон нийтэд зориулсан нийтлэл хэрхэн бэлтгэх вэ?” сургалт өнөөдөр (2024.12.06) эхэллээ. Энэхүү сургалтын онцлог нь эрчим хүчний мэргэжилтнүүдэд салбарынхаа асуудлыг хөндөж бичих сэдэл өгөх, бичих ур чадварыг нь хөгжүүлэх зорилттой юм. 

Мэргэжилтнүүд хоёр өдрийн турш олон нийтэд зориулсан мэдээллийн талаарх ойлголт, бүтээлээ ойлгуулах, сурталчлах, түгээхтэй холбоотой зарчим, арга зам тэдгээрийг хэрхэн хийх практик гэсэн агуулгын хүрээнд мэдлэг, ойлголт авч дасгал ажлууд хийнэ. 

Сургалтын эхний өдөр МУИС-ийн СЗОНХТ-ийн эрхлэгч, дэд профессор, доктор Б.Наранбаатар олон нийтэд зориулсан мэдээллийн онцлог, шаардлага, хэлбэрүүд болон нийтлэл, мэдээ, мэдээлэлд түгээмэл гардаг алдаа, түүнээс зайлсхийх талаар тайлбарлаж дасгал ажиллуулав. Мөн гэрэл зураг, инфографик, аудио, видеог оновчтой ашиглах тухай илтгэлийг тус тэнхимийн багш, магистр Б.Түвшинтөр танилцуулсан. Харин багш, доктор Б.Баярмаа оролцогчдын бэлтгэж ирсэн нийтлэл, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зөвлөгөөг өгч ажиллалаа. 

Оролцогчид маргаашийн сургалтаар бүтээлээ ойлгуулах, сурталчлах, түгээхтэй холбоотой олон нийтийн мэдээлэл харилцааны зарчим болон видео контентын формат, хийх арга аргачлалд суралцана. 

Сургалтад ЭХЯ, УБЦТС, ЭБЦТС, ШУТИС, төрийн болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, салбарын шинжээч судлаач зэрэг мэргэжилтнүүд хамрагдаж байна. 

Эрчим хүчний хараат бус, олон талт мэдээллийн урсгалыг нэмэх, хүртээмжтэйгээр түгээхэд салбарын мэргэжилтнүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд зориулж нийтэлж мэдээлэх ур чадварыг нь мэргэжлийн арга зүйгээр хангах ач холбогдолтой юм. 

Тус хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн дэмжлэгтэйгээр Энержи Инсайт сэтгүүлийн редакциас МУИС- Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш нартай хамтран хэрэгжүүлж байна.