Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долдугаар сарын есний өдөр Монголын эдийн засгийн чуулган дээр “Эрчим хүчний либералчлал хийж, үнийг чөлөөлнө. Эрчим хүчний төсөл хамгийн их үр өгөөжтэй бизнес байх эрх зүйн орчныг тодорхойлно” гэснээр Эрчим хүчний реформ хийх тухайгаа зарласан юм.
Ерөнхий сайдын мэдэгдлээс хойш өнөөдрийг хүртэлх таван сарын хугацаанд эрчим хүчний реформ хийх ажлын хүрээнд ямар бодлого, шийдвэр гарч, түүний дагуу үйл явц хэрхэн өрнөж буйг цаг хугацааны дарааллаар тоймлон хүргэе.
Юуны түрүүнд Засгийн газар “Эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг цаг алдалгүй эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэн либералчлах, хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой суурийг тавихад дэмжлэг үзүүлэх шилжилтийн зардал”-ыг 2024 оны төсвийн тодотголдоо тусгав.
Наймдугаар сарын 7
Засгийн газрын тогтоолоор Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах Үндэсний хороо байгуулан, бүрэлдэхүүнийг баталж, Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайд даргалахаар болов.
Эрчим хүчний реформын Үндэсний хороо: Реформын стратеги
- 2030 он гэхэд дотоодын хэрэглээг бүрэн хангана.
- 2040 онд эрчим хүч экспортлогч улс болно.
- 2050 онд цэвэр эрчим хүч үйлдвэрлэгч Net-zero улс болсон байна.
Наймдугаар сарын 21
Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний шинэчлэл, үнэ тарифын өөрчлөлт хийх, том мега төслүүдийг хөдөлгөх Дэд хороо байгуулснаа мэдэгдсэн. Дэд хороо бодлогын реформоо “Монгол Улс эрчим хүчийг экспортлогч болох чиглэлтэй уялдуулан урт хугацаанд төлөвлөсөн. Дунд хугацаанд эрчим хүчний салбарын реформыг зоригтой хийнэ. Зах зээлжүүлнэ, үр ашгийг сайжруулна, төрийн өмчийн компаниудын бүтцийг өөрчилнө, хөрөнгө оруулалт татна. Хамгийн түрүүнд үнэ тарифын шилжилт байна” хэмээв. Мөн үеэр арваннэгдүгээр сарын нэгнээс үнэ тарифыг шинэчилнэ гэдгийг дуулгасан.
Есдүгээр сарын 5
УИХ-ын даргын захирамжаар Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдав. Тус ажлын хэсэг үйлдвэрлэгч талд өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэх, ногоон шилжилтийг нэмэгдүүлэх, босоо хэлбэртэй удирдлагын тогтолцоог өөрчлөх, ЭХЗХ-ны хараат бус байдлыг дээшлүүлэх үндсэн таван зорилтын хүрээнд хуулийн шинэчлэл хийнэ гэдгээ илэрхийллээ.
Аравдугаар сарын 30
Үндэсний хороо “Эрчим хүчний реформ зөвхөн үнэ тарифын өөрчлөлт биш цогц асуудал. Өнөөдрийн хүрэн эрчим хүчнээс ногоон эрчим хүч рүү шилжих, төрийн монопол энэ салбарыг төрөөс хувийн сектор руу шилжүүлэх, төвлөрсөн системийг тархмал эх үүсвэр буюу задлах тогтолцоо, эрчим хүчний технологийн шинэчлэл хийх энэ алхмууд бүгд нийлээд цогц агуулгаараа эрчим хүчний реформ. Үнэ, тарифын өөрчлөлтийг хийхдээ иргэд, бизнес эрхлэгчдэдээ аль болох дарамт үүсгэхгүйгээр олон улсын туршлагад үндэслэн хийх нь зүйтэй гэсэн байдлаар шийдвэрүүд гаргаж байна” хэмээн байр сууриа танилцуулав.
Арваннэгдүгээр сарын 15
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны дундаж тарифыг бодит өртөгт хүргэж 280 төгрөг болгох шийдвэр гаргав.
Эрчим хүчний реформын эргэн тойронд үйл явц ийн өрнөж байна. Ногоон эрчим хүч рүү шилжинэ, төрийн монополыг хувийн сектор руу шилжүүлнэ, төвлөрсөн системийг тархмал эх үүсвэр болгож задална, эрчим хүч экспортлогч болно зэрэг ерөнхий бөгөөд асар том тунхаглалуудаас өөр тодорхой концепц, хүрэх зорилго, шийдэх алхмууд, цаг хугацааны дараалал, шаардагдах хөрөнгө мөнгөний талаар тоймтой хэлчих зүйл одоогоор ховорхон байна.
Цаашид хэрхэх тухайд хамгийн тодорхой байгаа зүйл гэвэл ирэх жилийн тавдугаар сарын 15-ны өдрөөс дулааны үнэ нэмэгдэх явдал.
Мөн УИХ дахь эрчим хүчний салбарын хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг таван зорилтынхоо хүрээнд шинэчилсэн хуулийн төслөө өргөн барих төлөвтэй. Энэ ташрамд Эрчим хүчний реформын үндэсний хороо ээлжит бусаар хуралдаж, эрчим хүчний салбарын бүтэц, зохион байгуулалт, засаглалын шинэчлэл болон зах зээлийн загваруудтай танилцсан тухайгаа мэдээлсэн. Эндээс Засгийн газар дээр яригдаж буй Төрийн өмчийн компаниудын эрх зүйн реформтой эрчим хүчний реформоо уях, салбарын төрийн өмчит компаниудын онцлогт тохирсон бүтцийн өөрчлөлтийн асуудалд анхаарах болов уу гэх таамаг төрж байна.
Эрчим хүчний "сонгодог" реформын 11 хүчин зүйл
Тэгвэл олон улсад эрчим хүчний реформ хэрхэн хийгддэг, амжилттай явсан туршлагууд болон анхаарах хүчин зүйлсийн талаар эрчим хүчний реформоор мэргэшсэн мэргэжилтний байр суурийг хүргэе. Цахилгаан, эрчим хүч, уул уурхайтай холбоотой засаглал, эрх зүйн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, туршлагатай хуульч Мэри Луйз Вителлигийн судалгаа болон Монголын эрчим хүчний реформтой холбоотой зөвлөмж дүгнэлтээс энд хуваалцъя.
Тэрээр эрчим хүчний реформын талаарх судалгааны үр дүн, Монгол орны эрчим хүчний салбарын нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээгээ танилцуулж, түүнд тулгуурлан реформын зураглалаа хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгөх уулзалт семинарыг эрчим хүчний салбарын холбогдох мэргэжилтнүүдэд хийсэн билээ.
Мери Луйз илтгэлдээ эрчим хүчний сонгодог реформ дээрх 11 хүчин зүйлээс бүрддэг гэсэн юм. Үүнд, зах зээл-арилжааны реформ, хууль тогтоомжийн реформ, байгууллагын реформ, илүү хүчин чадал, төрийн өмчит байгууллагын реформ, төвлөрлийг сааруулах, засаглалыг сайжруулах, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах, төсвийн реформ, техникийн шинэчлэлт хийх реформын асуудлууд тус тус багтаж байна.
Эрчим хүчний реформд зайлшгүй хөндөгддөг эдгээр хүчин зүйлсээс улс орнууд өөрийн нөхцөл байдлыг үнэлж, тулгамдсан асуудлаа тодорхойлсны үндсэн дээр эрчим хүчний салбар, эдийн засгийн нөхцөл байдал, онцлогтоо тохируулан нэн түрүүнд хийх суурь реформоо тодорхойлж, сонгодог байна. Сууриа зөв тавиад зөв хэрэгжүүлээд явбал реформын үлдсэн асуудлууд дагаад шийдэгддэг байна.
Мэдээж суурь тавихын тулд реформын үзэл баримтлал, хамрах хүрээ, үргэлжлэх хугацаа, хүрэх үр дүнг тодорхой, хэмжигдэхүйц, нягт тооцоолох учиртай. Үзэл баримтлалын хувьд хүртээмж, аюулгүй, найдвартай байдал, боломжийн үнэ, засаглал, хөрөнгө оруулалтын асуудлыг зайлшгүй харгалзан тусгадаг байна.
Реформын хамрах хүрээ гэхэд л газар зүй, сегмент, өмчлөл, үр ашгийн болон холбогдох салбаруудын хувьд маш бодитой тодорхойлогдох ёстой. Тухайлбал, манай эрчим хүчний реформ үндэсний хэмжээнд өрнөх үү, нийслэл Улаанбаатар хотын тухайд уу, бүс нутгийн хэмжээнд үү гэдгийг тодорхой болгоно гэсэн үг. Мөн үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн аль нэгэнд эсвэл бүгдэд хамаарах эсэхийг ч урьдчилан тогтох нь чухал аж.
Эцсийн дүндээ хүчин чадал өсөж, техник, арилжаа, засаглалын үр ашиг нэмэгдэн, үйл ажиллагааны төвлөрөл багасахын зэрэгцээ эрчим хүчний шилжилтийн дэлхий нийтийн чиг хандлага дэмжигдсэн байх ёстой. Энэ бүхний хүрээнд үр дүнгээ “төсөөлөх” учиртай. Үр дүнг хэмжигдэхүйц болоход нөлөөлдөг зүйл бол товлосон хугацаа. Тиймээс л үр дүнтэй, өгөөжтэй реформ хийхэд шаардлагатай хугацааг тооцож, зарлах хэрэгтэй юм байна. Олон улс орны туршлагаас харахад хамгийн тохиромжтой нь дунджаар 5 жил гэнэ.
Түүнчлэн эрчим хүчний реформыг зоригтой эхлүүлж, амжилттай дуусгахад улс төрийн хүсэл эрмэлзэл, нийгмийн хамгааллын асуудлуудыг шийдвэрлэх нөхцөл, реформын үеийн эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлсэн байх нь чухал нөлөөтэй. Нэг ёсондоо бэлтгэл ажлаа базаах хэрэгтэй гэсэн санаа. Харин манайд реформын энэ бүх бэлтгэл ажил хийгдэж байна уу гэдэг асуулт бий. Бэлтгэлгүй реформыг алхгүй хадаас хадахтай адилтгаж болох юм.
Дээр өгүүлсэн бүгдийг нэгд нэгэнгүй анхааран үзэж, судалгаа шинжилгээ хийж, түүнийгээ боловсруулсны үндсэн дээр юуг, хэн, хэзээ, яаж хийх, юунд хүрэх тухай асуултад тодорхой хариулагдах замын зураглал гаргах нь нэн чухал аж. Тэдгээрийн үндсэн дээр суурь реформ тодорхойлогдож сонгодог реформын замд төвөггүй хөтөлнө гэдгийг Мери Луйз Вителли хэлсэн байна.
Монгол Улсын реформын тулгуур багана нь байгууллагын, төрийн өмчит компанийн, төсвийн, зах зээл арилжааны реформ
Мери Луйз Вителли манай улсын эрчим хүчний салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудад үндэслэн дээрх 11 реформоос 4 реформыг зайлшгүй хийх ёстой тулгуур реформ хэмээн тодорхойлжээ. Энэ нь байгууллагын реформ, төрийн өмчит компанийн реформ, төсвийн реформ, зах зээл арилжааны реформ юм.
Байгууллагын реформ: Үүнд нэн тэргүүнд Засгийн газар эрх, үүргийнхээ хүрээнд оролцдог байх асуудал хөндөгдөнө. Тодруулбал, үнэ тарифтай холбоотой асуудлаар ЭХЗХ-ны шийдвэрт нөлөөлдөггүй байх тухай асуудал юм. Учир нь ЭХЗХ тариф тогтоох эрхтэй ч бодит байдал дээр үнийг Засгийн газар хянадаг, мөн ТӨХК иудыг шууд удирддаг гэж дүгнэсэн байна. Тиймээс бодлого тодорхойлогч яам, хэрэгжүүлэгч агентлагаас эхлээд ТӨХК-иудад функционал шинжилгээ хийх хэрэгцээ шаардлагатай гэж үзжээ. Тэгж байж салбарт улс төрөөс хараат бус бодит шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ.
Төрийн өмчит компанийн реформ: Хоёрдугаарт, эрчим хүчний үйл ажиллагааны 90 гаруй хувийг ТӨХК иуд хэрэгжүүлдэг төдийгүй тэдгээрийн хувьцааны 66 хувийг ЭХЯ, 34 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшдэг зэргээс үүдэн Төрийн байгууллагын реформ хийхийг зөвлөж байна. Энэхүү реформын гол зорилтууд нь үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, төлбөрийн чадваргүй, ашиггүй хөрөнгийг хаах, техникийн хувьд илүү үр бүтээлтэй байх, төрийн оролцоог багасгахад төвлөрнө. Үүнд хүрэхийн тулд мэрит зарчимд суурилсан удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө, өр төлбөрийн бүртгэлээ нарийвчлан хийх, арилжааны стандарыг шинэчилж реформын шийдвэр гаргах алхмуудыг тус тус төлөвлөх юм байна.
Төсвийн реформ: Гуравдугаарт, өрөө дахин бүтэцчилнэ, тарифаа шинэчилнэ, Эрчим хүч худалдах, худалдан авах (ЭХХХА) гэрээний төлбөрийн нэгтгэлээ хийнэ. Энэ хүрээнд үйлчилгээний бодит зардлыг тарифт тусгах, сэргээгдэх эрчим хүчний хэмжээ нэмэгдэх боломж олгох, эмзэг бүлгийн тариф, санхүүгийн ил тод тайлагналын асуудлыг авч үзэх ёстой. Бид бодит өртгөөсөө доогуур тарифаар цахилгаан худалдан авч ирснийг энэ сард үнэ нэмснээр өнөөдрийн өртөгт хүргээд байгаа. Цаашид үнийг индексжүүлэх зайлшгүй шаардлага бий.
Зах зээлийн арилжааны реформ: Эцэст нь зах зээлийн реформыг цогцоор нь хийх. Энэ нь үйлдвэрлэх, түгээх, дамжуулах гээд шат шатанд нь салбарын бүтцийг задалж, төвлөрлийг сааруулах үйл явцыг хэлж байна. Мөн улсынхаа эрчим хүчний салбарын онцлогт тохирсон зах зээлийн зарчмыг сонгох бөгөөд үүнд манайд явж буй бодит нэг худалдан авагчтай зах зээлийг сонгодог утгаар нь санал болгожээ. Энэ хүрээнд ТӨХК-иудынхаа захирлуудын зарим шийдвэр гаргах эрхийг цуцлах, дулаан хангамжийн асуудлыг аймгууд руу шилжүүлэх боломжийг судлах хэрэгтэйг зөвлөсөн байна.
Энэхүү дөрвөн реформыг амжилттай хэрэгжүүлэхдээ уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд хүлээсэн үүрэг, шинэ барилга, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хэрэглэгчид болон дулааны төвлөрлөө сааруулахыг мартаж болохгүйг сануулсан байна.
Эрчим хүчний реформын явцад бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүд, албан хаагчид, операторууд, хөрөнгө оруулагчид, хөдөлмөрийн холбоод, шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд төрийн бус байгууллагууд, санхүүжүүлэгчид, иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд гээд бүхий л талуудыг татан оролцуулах нь ихээхэн ач холбогдолтой хэмээсэн. Өөрөөр хэлбэл, реформыг амжилттай хийхэд салбар хоорондын хамтын ажиллагаа, олон талт оролцогчдын дэмжлэг ихээхэн чухлыг онцолжээ.
Манай эрчим хүчний салбарын реформын эрсдэлийг дамжуулах сүлжээ, олон жилийн насжилттай цахилгаан станцууд, дулааны хэрэгцээ зах зээлээс хэтэрсэн зэргээс улбаатайгаар хямрал болоход маш ойрхон нөхцөлд байна гэж дүгнэсэн байна.
Хэрвээ бид судалгаа шинжилгээ, уялдаа холбоотойгоор эрчим хүчний салбарын реформыг эхлүүлэхгүй бол нийгэм, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт төдийгүй хөдөлмөр эрхлэлтэд хүртэл сөрөг нөлөө үзүүлэх аж. Мөн дутуу дулимаг эхэлснээс, алдаатай тооцоолсноос зарим ажил хэрэгжилтийн шатандаа гацах, реформоо хойш татах нөхцөл үүсэж болзошгүйг ч сануулж байна.
Хамгийн гол нь эрчим хүчний салбар бол аливаа улс орны эдийн засаг, ард түмний аж амьдралд бүхий л талаараа нөлөө үзүүлдэг “эмзэг” салбар. Тийм ч учраас эрчим хүчний реформын дараагийн алхмаа бодит судалгаанд суурилсан дүн шинжилгээний үндсэн дээр тодорхойлохгүй бол бусад салбараа татан унагахаас гадна, улсаа ямар байдалд оруулдгийг зарим улсын жишээ харуулсаар байна. Тэгвэл эрчим хүчний реформыг амжилттай, “амьдралтай” хэрэгжүүлсэн туршлагыг Казакстан, Тажикистан, Пакистан, Гүрж, Бразилаас судалж болох юм.
Энержи Инсайт сэтгүүл, 2024 №06 (007)