Энержи Инсайт уншигч танаа эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий 17 компанийн Төвийн бүсийн нэгдсэн систем (ТБНС)-д эрчим хүч худалддаг тарифыг 2023 оны байдлаар танилцуулж байна. Үүнд 6 нарны цахилгаан станц, 3 салхин цахилгаан станц, 8 дулааны цахилгаан станц болон импортын үнэ багтаж байгаа юм.
Эрчим хүч үйлдвэрлэгчид юун түрүүнд "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК-тай “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулдаг. Гэрээнд заасан тогтмол үнээр цахилгаанаа нийлүүлдэг гэсэн үг. Гэрээний үнэ нь нэг талдаа хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчид, нөгөө талдаа худалдан авагч, хэрэглэгчдэд баталгаа болдог чухал хүчин зүйл юм.
Манай улс үндсэндээ гурван төрлийн эх үүсвэрээс цахилгаан эрчим хүчийг худалдан авч байна. Энэ нь дулааны цахилгаан станцууд, сэргээгдэх эрчим хүчний станцууд болон импортын эрчим хүч бөгөөд тус тусдаа онцлогтой, түүнийг дагаад үнэ нь эрс ялгаатай. Өнгөрсөн онд ДЦС, СЭХ-ний үйлдвэрлэгчдийн худалдсан нэг кВт.цаг эрчим хүчний дундаж үнэ 138 төгрөг байсныг дараах хүснэгтээс харж болохоор байна.
Хамгийн хямд үнээр цахилгаан нийлүүлдэг үйлдвэрлэгчид бол ДЦС-ууд. 2023 онд түгээх сүлжээнд борлуулсан нийт эрчим хүчний 81.8 хувийг ДЦС-ууд бүрдүүлж байгаа бол нэг кВт.цагийн дундаж үнэ 112.9 төгрөг байна. Шалтгаан нь хамгийн том үйлдвэрлэгч IV ДЦС-ын нийлүүлдэг үнэ 87 төгрөг буюу 2.5 орчим цент байгаа нь дундаж үнийг доош татахад хүргэжээ. IV ДЦС өнгөрсөн онд 4.5 тэрбум кВт.цаг эрчим хүч нийлүүлсэн нь нийт нийлүүлсэн эрчим хүчний 55 орчим хувийг бүрдүүлж байна.
Харин III ДЦС нийт 931.5 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлсэн нь нийт нийлүүлэлтийн 12 хувийг бүрдүүлж байна. Дундаж үнэ нь 145.7 төгрөг. Бусад ДЦС-уудын хувьд нийлүүлсэн кВт.цагийн үнэ 153-230 төгрөг байна.
Сонирхолтой нэг мэдээлэл нь энэ оноос ашиглалтад орж байгаа Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эрчим хүч худалдах гэрээний үнэ нь 8.9 цент байна. Ойролцоогоор 304 төгрөг байгаа нь бусад ДЦС-уудтай харьцуулахад өндөр дүн юм. Үүнд шинэ хөрөнгө оруулалтын дүн, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Тэгвэл сэргээгдэх буюу нарны цахилгаан станц, салхин цахилгаан станцын хувьд мөн л ялгаатай тарифтай. Нарны цахилгаан станцуудын эрчим хүч худалдах үнэ харьцангуй өндөр буюу дунджаар 16.1 цент байна. Өнгөрсөн онд НЦС-уудаас нэг кВт.цаг эрчим хүчийг дунджаар 542.7 төгрөгөөр худалдан авчээ. Гэхдээ НЦС-ууд хамгийн бага эрчим хүч нийлүүлсэн бөгөөд нийт зургаан НЦС 157 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлсэн байна.
Салхин цахилгаан станцуудын хувьд 525 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлсэн бөгөөд дунджаар 327 төгрөгөөр нэг кВт.цаг эрчим хүчийг худалджээ. Нар болон салхин цахилгаан станцуудын эрчим хүч худалдах үнэ ДЦС уудын худалдах үнэ болон хэрэглэгчдэд очиж буй дундаж үнээс 2-3 дахин өндөр байгаа хэдий ч өнгөрсөн онд түгээх сүлжээнд нийлүүлсэн эрчим хүчний 9 орчим хувийг бүрдүүлж байна.
СЭХ-ний худалдах үнэ өндөр байгаа гол шалтгааныг хуульд тарифыг ам.доллараар заасантай холбоотой гэж үздэг. Төр, засгийн зүгээс цаашид СЭХ-ний үнийг бууруулах эрмэлзэлтэй байгаа. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нар, салхины эх үүсгүүрээс цахилгаан эрчим хүч худалдаж авах ханшийн дээд хязгаарыг тодорхой заасны зэрэгцээ хямд үнээр өрсөлдөх аукционы системийг нэвтрүүлэхээр тусгасан байдаг. Үр дүнд нь СЭХ-ний эх үүсвэрийн үнэ ханш буурах хүлээлттэй байгаа. Эрчим хүчний шилжилттэй холбоотой дэлхий нийтийн чиг хандлага, технологийн хурдацтай хөгжлөөс гадна станцуудын суурилагдсан хүчин чадал нь тариф буурахад чухал нөлөөтэй юм.
Энэ бүхний нөгөө талд үйлдвэрлэсэн цахилгааны үнэ бодит өртөгтөө хүрдэггүй гэсэн асуудал байнга яригддаг билээ. Үүнтэй уялдаатайгаар цахилгааны үнийг нэмэх талаар сүүлийн хэдэн сар яригдсаны эцэст арваннэгдүгээр сарын 15-ны өдөр дундаж тарифыг ойролцоогоор 30 хувиар нэмээд байна. Үнийн энэхүү нэмэгдлээр эрчим хүчний үйлдвэрлэлийн өнөөгийн бодит өртөгт хүргэсэн гэхэд болохоор байна. Өнгөрсөн онд эцсийн хэрэглэгч дээр очиж байгаа нэг кВт.цаг эрчим хүчний дундаж үнэ 216 төгрөг байсныг үнийн нэмэгдлээр 280 орчим төгрөг болгосноор бодит өртөгтэй дүйцэхээр болж байгаа аж.
Манай улсын хувьд 2011-2022 оны хооронд нийт долоон удаа цахилгааны үнийг ялгавартай байдлаар нэмж ирсэн байдаг. Ингэхдээ тухай бүрдээ олон нийтийн болон улс төрийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч, зарим тохиолдолд нийтэд зарлалгүйгээр чимээгүйхэн үнийг нэмсэн тохиолдол ч бий. Тэгвэл энэ удаад эсэргүүцэлтэй бараг тулгарсангүй гэхэд болно. Энэ нь сүүлийн жилүүдэд байнгын цахилгааны хязгаарлалтад өртөх болсноос үүдэн үнэ нэмэхгүй бол станцуудын тогтвортой үйлдвэрлэл доголдож, өвлийн оргил ачааллаа даахгүйд хүрч байгааг иргэд хангалттай мэдэрсэнтэй холбоотой.
Гэхдээ цахилгааны үнийг нэмж, үйлдвэрлэлийн өнөөгийн бодит өртөгт хүргэлээ гэдэг нь эрчим хүч үйлдвэрлэгчид алдагдалгүй, үр ашигтай ажиллаж эхэллээ гэсэн үг биш юм. Тиймээс эрчим хүчний реформын хүрээнд үйлдвэрлэлийн зардлыг бууруулахад онцгой анхаарч ажил хэрэг болгож чадвал эрчим хүчний салбар зах зээлийн зарчмаараа ажиллах цаг наашлахад дөхөм болох билээ.
“Тариф” гэж үйлдвэрлэгчийн үнэ, диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах, үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг ойлгоно.
Эрчим хүчний тухай хууль, 3.1.22