E-Sight
Хөлдөхдөө тулбал хөсөр хаягдсан эрчим хүчний салбар буруугүй

Хөлдөхдөө тулбал хөсөр хаягдсан эрчим хүчний салбар буруугүй

Ц.Болормаа
Ц.Болормаа
Зочин нийтлэлч

-Төсвийн хөрөнгөөс эл салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахгүй нь- 

Хүйтний эрч чангармагц Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс нэмэгдэн, Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаадаа иргэд бухимдацгааж эхэллээ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай нь тодорхой. Гэвч эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой, хүн бүрийн амьдралд хамаатай, стратегийн гэх тодотголтой эл салбар хөсөр хаягдсаар өнөөг хүрэв. Харин шинэ Засгийн газар элгээрээ хэвтсэн эрчим хүчний салбарт онцгой анхаарна гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл эрчим хүчний салбарт үнэхээр анхаарч эхлэв үү гэдгийг 2025 оны төсвийн төслөөс тольдвол байдал эсрэгээрээ байна. Учир нь улсын төсөв бол төрийн бодлогын нэг тусгал нь билээ.

Хөрөнгө оруулдаггүй атлаа хөгжлийн гацаа гэж “цоллодог”

Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2025 оны төсөв нь Монгол Улсын хувьд анх удаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж буй төсөв бөгөөд аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбосон авто зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, эрчим хүчний реформ зэрэг дэд бүтцийн 38 төслийг санхүүжүүлэх онцлогтой. Монгол Улсын хөгжлийг боомилж буй хамгийн том хүчин зүйл бол эрчим хүч” хэмээж байв. 

Үүнээс хоёр сар гаруйн дараа буюу арваннэгдүгээр сарын 8-нд УИХ 2025 оны төсвийг баталлаа. Ингэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж УИХ-д танил цуулах, Төсвийн тухай хуульд тусгасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны арванхоёрдугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. 

Тэгвэл Ерөнхийлөгч арваннэгдүгээр сарын 20-нд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавилаа. Сангийн сайдын хэлснээр урсгал зардал, хөрөнгө оруулалтыг 2.2 орчим их наяд төгрөгөөр танаж байж алдагдалгүй төсөв батлах аж. Засгийн газар хоригийг эергээр хүлээн авч, өөрчлөлт хийхэд санаачилгатай ажиллахаа илэрхийлээд байгаа. Төсвийн төслийг дахин танилцуулж, УИХ-аар хэлэлцэн, баталтал тодорхой хугацаа орно. Тэр хүртэл Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг хамтдаа шинжье. 

Зам, тээврийн салбарт “хайр зарлав”

Ирэх оны төсөвт зардлыг 5.3 их наяд төгрөгөөр өсгөхөөр тооцсон нь түүхэн өндөр дүн. Жишээлбэл, төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаанд зориулж 371.1, 16-18 насны хүүхдэд соёлын ваучер олгох зардал 18.3 тэрбум гэхчлэн хууль тогтоомжийн дагуу нэмэгдэх урсгал зардлыг 595.7 тэрбумд хүргэхээр тусгаад байв. Мөн инфляц, үнэ, тарифын өсөлтөөр нэмэгдэх урсгал зардал хоёр их наяд төгрөг байна гэж тусгажээ. Үүний 907.4 тэрбумаар нь төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцтай уялдуулан дээшлүүлэх, бас тэтгэвэр, тэтгэмжийг 453.5, эрчим хүчний тарифын өсөлттэй холбоотойгоор төсвийн байгууллагуудын цахилгааны зардлыг 268.1, төсөвт байгууллагын үйл ажиллагааныхыг 133.2 тэрбумаар нэмэхээр тооцоод байв. Хамтарсан Засгийн газар 23 сайд, 16 яам, өмнө нь байгаагүй олон буюу 41 агентлагтай, төрийн албан хаагчийн тоо бараг 229 мянгад хүрч өсжээ. Энэ нь манайд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 20 орчим хувь гэсэн үг. Төр ийнхүү улам данхайж, зардал нэмэгдэж байна. Хэдийгээр УИХ ын нэр бүхий гишүүд, бизнес эрхлэгчид, олон нийтийн зүгээс төсвийг танахыг шаардсан ч данхар төрийн “банхар” болсон зарим улстөрч яаж улайран зүтгэснийг бид мэднэ. 

Зарлагыг ийн огцом өсгөсөн бол хөрөнгө оруулалтад хэдийг, хэрхэн хуваарилсныг харъя. Хөрөнгө оруулалтын (улсын төсөв, гадаад зээл, тусламж) хамгийн өндөр буюу 24 хувийг зам, тээвэрт зарцуулахаар төлөвлөсөн нь дөрөвний нэгийг дангаар эзэлж байна. Тэгвэл 10 хувийг нь дэд бүтэц, орон сууцжуулалт, есийг нь боловсрол, наймыг нь төрийн үйлчилгээ, мөн найман хувийг нь эрчим хүч, долоог нь аж үйлдвэр, үлдсэн 34-ийг нь бусад салбарт зарцуулахаар тооцжээ.

Дараа жил 640 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсний 38 нь шинэ аж. Тэдгээр шинэ төслийн 22 нь зам, тээвэр, хоёр нь инженерийн дэд бүтэц, ес нь цахилгаан, дулаан, нэг нь нийгмийн хамгаалал, дөрөв нь бусад гэдгийг Сангийн яамнаас танилцуулсан. Төсвөөс хийгдэх шинэ хөрөнгө оруулалтын дүн 3.58 их наяд, үүний 3.03 их наядыг нь (84 хувь) зам, тээвэр, 325.2 тэрбумыг нь (ес) дэд бүтэц, орон сууцжуулалт, 231 тэрбум төгрөгийг (долоо) эрчим хүчний салбарт зориулахаар төлөвлөж байв. Эрчим хүчний салбарт ногдох хөрөнгөтэй ойролцоо буюу 210 тэрбумыг Шинэ Зуунмод хотод босгох Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтад зарцуулах гэнэ. Үүнд 2026 онд мөн 210, 2027 онд 56.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Уг төслийн төсөвт өртөг нь 676.3 тэрбум төгрөг аж.

Хөрөнгө мөнгө, хэрэгжүүлэх төслийн тоог нь харвал манай улс эрчим хүч биш зам, тээврийн салбартаа онцгой анхаарал тавьсан байна. Улмаар 2120 км зам барих ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд нөлөөтэй хэмээн өндөр өртгөөр Өгий нуур, Амарбаясгалант хийд рүү зам тавихаар тусгасан зэргийг ач холбогдлын хувьд яг одоо санхүүжүүлэх төсөл биш гэдгийг мэргэжилтнүүд сануулсныг энэ ташрамд тэмдэглэе. 

Дээрхээс харвал, манай улс төсвөөс зам, тээвэр, барилга, орон сууцжуулалтад маш их хөрөнгө зарцуулж, эрчим хүчний салбарт багаханыг “хялайлгах” бололтой. Олон улсын нийтлэг хандлага нь төсвийн хөрөнгө оруулалтаа дэд бүтэц, эрчим хүчний чиглэлд төвлөрүүлдэг бол манайд орон сууц гэхчлэн хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэгт түлхүү оролцох байдал ажиглагдаж байна. Энэ нь хувийн хэвшлийг дэмжих, төрийн оролцоог багасгах бодлоготойгоо зөрчилдөж байна. Нөгөөтээгүүр, татвар төлөгч дийн мөнгөөр төрийн албан хаагчдын орон сууцжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв, эсэхийг ч бодолцох ёстой биз ээ.

Гадаадын зээл, тусламжид найдсаар 

Бид эрчим хүчгүйгээр нэг өдөр байтугай хэдэн цаг ч тэсэхэд бэрх. Ийм их хэрэгцээтэй суурь салбарын бодлого 2025 оны төсөвт хэрхэн туссан нь зайлшгүй сонирхох агуулга юм. Эл салбарт хэрэгжүүлэх төсөлд Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий, Говь-Алтайн төвд барьж буй дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтэц, бүс нутгийн найдвартай цахилгаан хангамжийн төслийн нэгдүгээр үе шат, Налайх дахь дулааны станцын хүчин чадлыг 185 МВт-аар өсгөх, Шинэ Зуунмод хотын 110 кВ-ын хоёр хэлхээт ЦДАШ, Төв аймгийн Сэргэлэн сум дахь 110/35/10 кВ-ын “Аэросити” дэд станцын барилга угсралтын ажлын үргэлжлэл багтжээ. Тухайлбал, бүс нутгийн найдвартай цахилгаан хангамжийн төслийн эхний үе шатны барилга угсралтад зориулж ирэх жил төсвөөс 23.9 тэрбум төгрөг зарцуулах аж. 

ДЦС-уудын насжилт хэтэрч, ямар ч нөөц тоноглолгүй ажиллаж, хэрэглэгчдийг байнгын найдвартай хангаж чадахгүйд хүрсэн, салбарын алдагдал өсөж, өнгөрсөн өвлийн оргил ачааллыг үүрэг хүлээсэн хэрэглэгчид, айл өрхүүдийн цахилгааныг хязгаарлан байж арайхийн давсан. Эрчим хүчний чадлын дутагдалд ороод олон жилийн нүүр үзэж байгаа манай улс төсвийн хөрөнгөөс суурилагдсан хүчин чадлаа нэг МВт-аар ч нэмэгдүүлэх алхам хийхгүй байгаа нь харамсалтай, бас хачирхалтай. Цахилгаан хэрэглэгчийн тоо 2022 онд 812 110, өмнөх жил 871 089-д хүрч өсөөд байхад шүү дээ. 

Үүнээс гадна эрчим хүчний үйлдвэр, компаниудын улсын төсвөөс авсан татаас (шууд, шууд бус, далд, нүүрсний, түлшний, хөндлөн) жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Татаасыг хөрөнгө оруулалтыг дэмжиж, ногоон технологийг хөгжүүлэхэд бус, эл салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, дизелийн станц, цахилгаан дамжуулах системийн алдагдлыг хаах, импортын төлбөрийг нөхөхөд зориулж байна. Үүнд зарцуулсан мөнгө нэг ДЦС барьчих хэмжээнд хүрчихээд байгаа гэхээр халаглах ч багадна. 

Хэдийгээр Сангийн яамныхан зам, тээврийн дараа буюу хоёрдугаарт, эрчим хүчний салбарт анхаарсан гэж тайлбарлаж байгаа ч бодит байдал ийм л байна. Хөрөнгө оруулалтаа харамласаар ирсэн алдаагаа давтаж, эрчим  хүчний салбарыг хөгжлийн гацаа гэж “цоллож”, гадаадын зээл, тусламжид л найдсаар байх нь зөв үү. Эрчим хүчний томоохон төсөл хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт татахгүй бол улсын төсвөөр дангаар шийдэж чадахгүй нь үнэн боловч дотоод нөөц бололцоогоо аль чадахаараа дайчилж, бага оврын эх үүсвэр ч болтугай барья гэсэнгүй. 

Өдгөө 10 аймгийн дулааны станцын төслийг БНСУ-ын “Эксим” банкнаас санхүүжилт авч хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйцэтгэл нь дунджаар 46 хувьд хүрсэн байна. 2025 оны төсөвт үүнд зориулан 50 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгасан аж. 90 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг БНХАУ-ын “Эксим” банкнаас санхүүжилт авч барих агаад төсөвт өртөг нь 855.9 тэрбум төгрөг. Барилга угсралтын ажилд нь ирэх онд 100 тэрбумыг зарцуулахаар тооцсон юм байна. 

Ер нь цаашид бүхий л төслийг улсын төсөв, гадаад зээлээр санхүүжүүлнэ гэж төлөвлөх нь оновчтой бус, зарим томоохон төсөлд эдгээрийг ашиглахын сацуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг “дайчилсан” холимог санхүүжилтийн арга (blended finance) ашиглах шаардлагатай юм. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 200 МВт-аар өсөж байгаа. Үйлдвэр, орон сууц барья, эрчим хүчний системд холбогдъё гэж буй хэрэглэгчдийг тооцвол дээрх тоо 300, 400 МВт-д хүрнэ. Эрчим хүчний салбарыг чадлын дутагдлаас гаргаж, түрүүлж хөгжүүлэхгүй бол яриад байгаа том бүтээн байгуулалтуудаа хийж чадахгүй. Энэ салбарын бүтээн байгуулалтад их хөрөнгө оруулалт шаарддаг гээд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлнэ гэдэг. Гэхдээ бага оврын эх үүсвэрийн, бага хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг төслүүдийг улсын төсвөөр хэрэгжүүлж болдоггүй юм уу. Эл салбарыг хөгжүүлэхийн тулд бид төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хөрөнгө оруулалт гээд бүхий л нөөцөө ашигламаар байна” гэж хэлж байсныг анхаарууштай. 

Нийгмийн дэд бүтцэд анхаарч ирэв

Манай улс сүүлийн 10 жилд нийгмийн дэд бүтцэд илүүтэй анхаарсныг статистикаас харж болно. Сургууль 600, цэцэрлэг 700, эмнэлэг 160, соёлын байгууламж 110, спортынх 80, инженерийн дэд бүтэц 200, авто зам 6100 километр гаруйг барьсан учраас ийн хэлсэн хэрэг. Энэ байдал цаашид ч үргэлжлэх нь. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтэд ирэх оны нэгдсэн төсвийн нийт зарлагад эзлэх төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцын (урсгал, хөрөнгийн, эргэж төлөгдөх цэвэр зээл, гадаад зээл, тусламж, сангуудыг нэгтгэсэн дүнгээр) хувийг тооцоход Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн, Боловсролын, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Зам, тээврийн сайдынх 82.7-г нь эзэлж байгааг тодотгожээ. 

2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар болон концессын эргэн төлөгдөх нөхцөлөөр 32 төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад ирэх жилээс эхлэн хэрэгжүүлэх 108, өмнөх оноос үргэлжлэн хэрэгжүүлэх 532 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан. Судлаач С.Баттулгын онцолсноор багцдаа хамгийн олон барилга байгууламж бүхий төсвийн ерөнхийлөн захирагчдын тоонд Боловсролын, Зам, тээврийн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын, Эрүүл мэндийн сайд багтаж байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад гэхэд Дундговь аймгийн Сайнцагаан сум дахь, 2011 оноос санхүүжилт тусгаж эхэлсэн “Төв халх” дуулалт жүжгийн театр багтаж буй. Санхүүжилтийг нь 2013-2018 онд төсөвт тусгаагүй бол 2019 оноос дахин батлагдаж эхэлжээ. Мөн Говьсүмбэрт 2020 онд ажлыг нь эхлүүлсэн, дуу бүжгийн “Боржигин” чуулгын барилгын төсөвт өртөг 3.6 дахин өсөж, 3.5 тэрбумаас 12.4 тэрбум төгрөгт хүрчээ. Бас Боловсролын сайдын багц дахь, Баянхонгорын Баянцагаан сумд 2019 онд эхлүүлсэн, 320 суудалтай сургуулийн барилгын өртөг 2.8 дахин нэмэгдэж, 3.4 тэрбум төгрөгөөс 9.5 тэрбум болсон гэхчлэн он дамжсан төсөл цөөнгүй. 

Харамсалтай нь, зураг төсөвгүй ажлууд хамгийн их батлагддаг салбарууд нь боловсрол, эрүүл мэнд, барилга, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин гэдгийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн нь тоогүй мэдээ. Дээрх зөвлөлөөс ч төсөвт тусгасан төслүүд нь нэн тэргүүнийх мөн эсэх, ямар эрэмбээр багтаасан нь тодорхойгүй байгааг анхааруулсан юм. Түүнчлэн 2025 оны төсөвт тоног төхөөрөмжийн шинэчлэлд 434.4 тэрбумыг зарцуулахаар тусгасан нь хөрөнгө оруулалтын хувьд “чухал, нэн тэргүүний” гэсэн бодлоготой нийцтэй, эсэхийг харах нь зүйтэйг ч сануулсан. Хөрөнгө оруулалт, хөгжлийн зарим төслийн хувьд ТЭЗҮ, зураг төслийн зардлаас гадна өртгийг нь ямар урьдчилсан судалгаа, тооцоонд үндэслэж гаргасан нь тодорхойгүй тул цаашид олон улсын нэршлээр “Цагаан заан” төслүүдийг бий болгох эрсдэлтэй юм. Барих, хойшид үйл ажиллагаа явуулахад их хэмжээний мөнгө зарцуулдаг ч үр ашиг муутай төсөл, хөрөнгө оруулалтыг ийн нэрлэдэг билээ. 

Үндэсний аудитын газраас ирэх оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтэд “Төсвийн төсөлд тусгах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ бүрийг журмын дагуу үнэлж эрэмбэлэн, үргэлжлэх хугацааг үндэслэлтэй төлөвлөх шаардлагатай”-г тэмдэглэжээ. Ерөөс манайд хөрөнгө оруулах төслийг сонгох, эрэмбэлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тулгарсан нь эндээс төвөггүй ойлгогдож буй биз ээ. Хэрэв үүнд анхаарсан бол цөөнгүй барилга байгууламжийн өртгийг эрчим хүчний эх үүсвэр барихад шилжүүлэх байсан болов уу. 

1650.9 МВт-ын цахилгаан, дулааны эх үүсвэр барьж чадах уу?

Манай улс цахилгааны үнийг энэ арваннэгдүгээр сард нэмлээ. Хөлдөх, харанхуй болох эрсдэлтэй гэж ард түмнээ айлгаж, амархнаар нь үнэ нэмэхээс өөрийг одоогоор хийгээгүй байна. Товчхондоо, энэ салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэхийг хичээхгүй атлаа хэрэглээг бууруулахыг зорьж буй нь эдийн засгийн өсөлтөд яавч сайнаар нөлөөлөхгүй. 

Эрэлтийн талаар зарим тоо дурдвал, Монгол Улсын эрчим хүчний системийн оргил ачаалал 2023 оны арванхоёрдугаар сарын 18-нд 1618 МВт-д хүрсэн нь эл үзүүлэлт түүхэнд анх удаа 1600 МВт-ыг давсан тохиолдол болж байв. ЭХЗХ-ноос гаргасан “Эрчим хүчний статистик үзүүлэлтүүд-2023” тайланд тэмдэглэснээр өнгөрсөн жилийн сүүлийн сард оргил ачаалал 1636 МВт-д хүрчээ. Энэ нь 2023 оны байдлаар суурилагдсан хүчин чадал 1564.4 МВт байснаас илүү юм. Манай улс өмнөх жилийн байдлаар цахилгааны хэрэглээнийхээ 22 хувийг импортолсон дүн бий. Үүнд багагүй мөнгө зарцуулсан нь мэдээж. Ирэх саруудад хэрэглээг 254 МВт хүртэл хязгаарлана гэсэн албан бус мэдээ ч байгаа юм.

Засгийн газар 2025-2028 онд хөгжлийг дэмжих эдийн засгийн дэд бүтцийг байгуулна, ингэхдээ хатуу хучилттай авто замыг 4440 километрээр нэмж, цахилгаан, дулааны 1650.9 МВт-ын эх үүсвэр бий болгож, 1519 километр цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулна гэсэн. Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийн тав нь эрчим хүчтэй холбоотой гэж буй ч одоогийн хурдаар ажиллаж, хөрөнгө мөнгө харамласан хэвээр байвал дээрх хэмжээний эх үүсвэрийг барьж чадах, эсэх нь эргэлзээтэй. Томоохон эх үүсвэр барих сураг одоогоор лав алга. Шийдээд барьж эхэллээ гэхэд багагүй хугацаа орох нь дамжиггүй. Манайх 1990-ээд онд эрчим хүчний хомсдолд орж, цахилгааныг өдөрт хоёр цагаар тасалдаг байсан гэдэг. Тийм гачлант байдлыг дахин туулах гээгүй л байлтай.

Энержи Инсайт сэтгүүл, 2024 №06 (007)